| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2018/0413/И |
| Дугаар | 343 |
| Огноо | 2018-05-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 343
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, М овогт Бий Рын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, С овогт Хын Хд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, хариуцагчийн өмгөөлөгч К.З, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдаж авсан орон сууцны үлдэгдэл үнэ 10280000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Б.Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Р иргэн Х.Хд орон сууцны захиалгын гэрээгээр 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шинээр барьж ашиглалтад оруулсан 15 айлын орон сууцнаас 2 өрөө бүхий 56 метр квадрат байрыг нэг метр квадратыг 900000 /Есөн зуун мянган/ төгрөгөөр нийт 50400000 /тавин сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн байрыг захиалгын дагуу хүлээлгэн өгсөн болно. Авах ёстой 50400000 /тавин сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөс 40120000 /дөчин сая нэг зуун хорин мянган/ төгрөгийг авсан боловч үлдэгдэл болох 10280000 /Арван сая хоёр зуун наян мянган/ төгрөгийг 2017 оны 10 дугаар сард барагдуулах баримт гаргаж, авсан байраа үл хөдлөхөөр бүртгүүлж байрныхаа гэрчилгээг авсан юм. Авах ёстой мөнгөө удаа дараа шаардсан боловч төлж өгөхгүй байгаа тул аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна. Иймд Ө сумын 11 дүгээр багийн иргэн Х.Хы худалдаж авсан хоёр өрөө байрнаас төлөгдөөгүй үлдэгдэл болох 10280000 /арван сая хоёр зуун наян мянган/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Р шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт 2016 оны 09 дүгээр сарын 01-нд ашиглалтад орсон 15 айлын орон сууцнаас хариуцагч орон сууц худалдаж авсан. Тэрээр надтай урьд нь орон сууц худалдаж авах талаар ярьж байсан. Бид 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэн хоорондын гэрээ хийсэн. 2 өрөө 56 мкв талбайтай орон сууц авахаар тохиролцсон. 1 м.кв-ийг нь 1 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Хариуцагч надад “бусад айлууд орон сууцанд орж байна, би урьдчилгаа мөнгөгүй байна, би байранд ормоор байна” гэхээр нь би “5600000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлээд 1 м.кв-ийг нь 900000 төгрөгөөр бодоод, 5400000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Хариуцагч 09 дүгээр сарын 23-ний өдөр 15120000 төгрөгийг шилжүүлсэн. Би байрны түлхүүрийг өгөөд хариуцагчийг байранд оруулсан. Би байрны гэрчилгээг олгоогүй байсан. Хариуцагч 2016 онд мөнгө өгөөгүй. Хариуцагч маргааш нөгөөдөр мөнгө өгнө гээд явсаар байгаад өгөөгүй. 2017 оны 01 дүгээр сараас эхэлж тооцоогоо хийгээд байраа авах хэрэгтэй байна гэж шаардсан. Хариуцагч “мөнгө байхгүй байна, хүнээс мөнгө авах ёстой, ипотекийн зээл бүтэхгүй байна, банкнаас зээл авах гэсэн ч бүтэхгүй байна” гээд 07 дугаар сарын 31-ны өдөр миний данс руу 15880000 төгрөг шилжүүлсэн гэж ярьсан. Мөнгө шилжиж ирсний дараа 5-10 минутын дараа над руу нэг хүн залгаад “Х тан руу мөнгө шилжүүлсэн үү” гэж асуусан. Би тэр хүнээс та хэн бэ гэж асуухад “би Х байна” гэж хэлсэн. Тухайн Х гэдэг хүн “Хы шилжүүлсэн мөнгө миний мөнгө, тэр мөнгийг буцаагаад өг” гэж хэлсэн. Би Х гэдэг хүнд “би таныг танихгүй, би Хаас байрны мөнгө авсан” гэж хэлээд утсаа тасалсан. Тэр үед хариуцагч над руу залгаад “би нэг хүнээс мөнгө авсан чинь мөнгө хэрэг болоод дахин асуугаад байна, би банкнаас 25 сая төгрөгийн зээл авахаар болсон, би тэр үед таны үлдсэн мөнгийг зээл гаргаж өгье, Хий мөнгийг буцаагаад өгөхгүй бол хэцүү боллоо” гэж хэлсэн. Би Г банканд очиход хариуцагч зогсож байсан. Би хариуцагчид ”хүнээс мөнгө авах ёстой байсан гэж хэлсэн биз дээ” гэхэд “тэр мөнгө бүтэхгүй боллоо, та тэр хүн дахин дахин мөнгөө шаардаж байгаа тул буцаагаад өгчих, би үлдсэн мөнгийг банкнаас гаргаж өгнө” гэж хэлсэн. Хариуцагч надад 15120000 төгрөг өгсөн. Банкнаас 25 сая төгрөгийн зээл гаргана гээд нийлээд 40120000 төгрөг болох гэ байна. байрны үнэ 54000000 сая төгрөгөөр 40120000 төгрөгийг хасахад 10280,000 төгрөг үлдэнэ. Би хариуцагчид “банк 25 сая төгрөгөөр илүү зээл гаргаж чадахгүй, банкны зээл гаргах хурлаар орсон тул байрны үлдэгдэл 10280000 төгрөгийг төлж өгөх тухай баримт бичиж өг, би баримт бичиж өгвөл тухайн хүний мөнгийг гаргаж өгнө” гэж хэлсэн. Хариуцагч тухайн үед баримт бичиж өгсөн. 2017 оны 08 дугаар сарын 03-ний өдөр банкнаас зээл гарсан гэж залгасан. 25 сая төгрөгийг тэр дор шилжүүлж өгсөн. Би хариуцагчийн орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг нь гаргаж банканд тушаасан. Банк байрны гэрчилгээг барьцаалсан. Би 08 дугаар сард Казахстан улс руу явсан. 10 дугаар сард хариуцагч байрны мөнгийг төлж өгнө гэж бичиг хийж өгсөн. Би 11 дүгээр сард хариуцагчаас мөнгөө нэхсэн. Хариуцагчаас үлдэгдэл мөнгөө асуухад “11 дүгээр сард нядалгаанд мах авч байгаа, хүнтэй хамтарч ажиллаж байна, хүлээж байгаарай” гэж хэлсэн. Би 1 дүгээр сард хариуцагчаас махаа тушаагаад мөнгө авсан байна шүү дээ, миний мөнгийг яасан бэ гэж асуухад “болоогүй байна, мах тушаасан газар мөнгө өгөхгүй байна” гэж хэлсэн. Би 2 сар хүлээгээд хариуцагчид шүүхэд өгнө гэж хэлэхэд “өгч л бай” гэж хэлсэн. Би иймд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Х.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ө сумын 11-р багт оршин суух, X.Х миний бие нэхэмжлэгч Б.Рын 10280000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. X.Х миний бие Б.Рын бариулсан Ө сумын 11-р байршилтай, "Бүркит" хөхтас 2-15 айлын орон сууцны 1-р орцын 102 тоот дугаартай, 56 м.кв байрыг 56000000 /тавин зургаан сая/ төгрөгөөр үнэлэн худалдан авч, Г банкны Б аймаг дахь салбараас X.Х миний бие "орон сууцны зээллэг" хэлбэрээр 25000000 /хорин таван сая/ төгрөг гаргуулж, 2017 оны 8-р сард нэхэмжлэгч Б.Рын Г банкны Б аймаг дахь салбарт байршилтай хувийн дансанд шилжүүлсэн юм. Б.Раас 56000000 /таван зургаан сая/ төгрөгөөр үнэлэн, худалдан авсан байрны үнээс үлдсэн 31000000 /гучин нэгэн сая/ төгрөгийг Г банкны Б аймаг дахь салбарт байршилтай X.Х миний хувийн данснаас бэлэн бус хэлбэрээр Б.Рын тус банканд байршилтай хувийн дансанд шилжүүлэн өгч төлбөрийн тооцоо дууссан юм. Энэхүү төлбөр төлөгдсөн явдал нь Г банкны Б аймаг дахь салбарт байршилтай X.Х, Б.Р бид хоёрын 2017 оны 08-р сарын Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдох юм.
2. Б.Р нь 2017 оны 08-р сарын үед орон сууцны үнээс 10280000 /арван сая хоёр зуун наян мянган/ төгрөг төлөгдөөгүй байхад өгсөн байсан бөгөөд, мөнгө бүрэн төлөгдсөн үед миний бие "Баримтыг устгаагүй" байдлыг овжин ашиглаж, нотлох баримт болгож байна. Харин 2018 оны 03-р сарын үед Б.Р нь надад ирж, өөрөө Тендер сонгон шалгаруулалтад оролцох гэтэл хөрөнгө мөнгөний баталгаа дутаж байна, чиний өмнө зээлтэй байгаа, баримтад нотариатын баталгаа гаргаж, батламжилж өгч тусал гэхээр би Б.Рад итгэж, 2017 оны 08-р сарын баримтыг 2018 оны 03-р сард нотариатаар баталгаажуулсан юм. Энэ нь баримт өгсөн огноо болон нотариатын баталгаажуулсан хугацааны зөрүүгээр батлагдаж байна. Иймд Б.Рад миний төлөх төлбөргүй, орон сууцны үнэ өртгийг бүрэн төлсөн тул Б.Рын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Р нь хариуцагч Х.Хаас худалдаж авсан орон сууцны үлдэгдэл үнэ 10280000 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хариуцагч Х.Хы 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр бичсэн “Ө сумын 1-р багийн иргэн Б.Р нь Ө сумын 11-р багийн нутаг дэвсгэрт баригдсан 15 айлын орон сууцнаас захиалгын гэрээгээр 56 м.кв талбайтай 2 өрөө байрыг үнэ тохиролцон авснаар үлдэгдэл болох 10280000 /арван сая хоёр зуун наян мянган төг/ 2017 оны 10 сард өгөх болно. Х.Х” гэх нотариатчаар гэрчлүүлсэн гарын баримтаар болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Х.Х нь орон сууц захиалж, худалдаж авсан, орон сууцны үлдэгдэл болох 10280000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Рад төлөх төлбөртэй болох нь нотлогдож байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн хариуцагч Х.Хы өөрийн гараар бичиж өгсөн нотариатчаар гэрчлүүлсэн баримтад: “Ө сумын 1-р багийн иргэн Б.Р нь Ө сумын 11-р багийн нутаг дэвсгэрт баригдсан 15 айлын орон сууцнаас захиалгын гэрээгээр 56 м.кв талбайтай 2 өрөө байрыг үнэ тохиролцон авснаар үлдэгдэл болох 10280000 /арван сая хоёр зуун наян мянган төг/ 2017 оны 10 сард өгөх болно” гэж бичиж өгсөн бичмэл нотлох баримтыг үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2016 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 09 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-гээр Б аймгийн Ө сумын 11 хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, К цогцолбор хорооллын 2 байрны 1 орцын 1 давхрын 56 метр квадрат талбайтай 2 өрөө бүхий 102 тоот орон сууцны гэрээнд заасны дагуу захиалагчид хүлээлгэн өгөхөөр Б.Р, Х.Х нар нь сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож гэрээ байгуулж, хоёр тал гарын үсэг зурснаар энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон байна.
Хариуцагч Х.Х нь “...Б.Раас 56000000 төгрөгөөр үнэлэн худалдан авсан байрны үнээс үлдсэн 31000000 төгрөгийг Г банкны Б аймаг дахь салбарт байршилтай Х.Х миний хувийн данснаас бэлэн бус хэлбэрээр Б.Рын тус банканд байршилтай хувийн дансанд шилжүүлэн өгч төлбөрийн тооцоо дууссан, Б.Р нь 2017 оны 08-р сарын үед орон сууцны үнээс 10280000 төгрөг төлөгдөөгүй байхад өгсөн байсан бөгөөд мөнгө бүрэн төлөгдсөн үед миний бие баримтыг устгаагүй байдлыг овжин ашиглаж нотлох баримт болгож байна, Б.Рад миний төлөх төлбөргүй, орон сууцны үнэ өртгийг бүрэн төлсөн тул Б.Рын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасан болно.
Хариуцагч Х.Х нь өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.
Хариуцагч Х.Х нь шүүхэд гаргасан тайлбартаа “... Б.Раас 56000000 төгрөгөөр үнэлэн худалдан авсан байрны үнээс үлдсэн 31000000 төгрөгийг Г банкны Б аймаг дахь салбарт байршилтай Х.Х миний хувийн данснаас бэлэн бус хэлбэрээр Б.Рын тус банканд байршилтай хувийн дансанд шилжүүлэн өгч төлбөрийн тооцоо дууссан, Б.Р нь 2017 оны 08-р сарын үед орон сууцны үнээс 10280000 төгрөг төлөгдөөгүй байхад өгсөн байсан бөгөөд мөнгө бүрэн төлөгдсөн үед миний бие баримтыг устгаагүй байдлыг овжин ашиглаж нотлох баримт болгож байна, Б.Рад миний төлөх төлбөргүй” гэж байгаа боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
Хариуцагч Х.Х нь “... хавтаст хэрэгт өгсөн баримтын баримт өгсөн огноо, нотариатчаар баталгаажуулсан хугацааны зөрүүгээр батлагдаж байна” гэх боловч нотариатч хуулинд заасан үүргийн дагуу уг баримтад бичигдсэн зүйл, зурсан гарын үсгийн үнэн зөвийг нотариатаар гэрчилсэн байна.
Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Б.Рын гаргаж өгсөн Г банкны 5805009926 дугаартай дансны хуулгаас үзэхэд хариуцагч Х.Х нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр орон сууцны урьдчилгаа төлбөрт 15120000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байрны үнэ 25000000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Б.Рад шилжүүлсэн байна.
Хариуцагч Х.Х нь шүүхэд гаргасан тайлбартаа “... орон сууцыг Б.Раас 56000000 төгрөгөөр үнэлж худалдаж авсан, худалдаж авсан байрны үнээс үлдсэн 31000000 төгрөгийг Г банкны Б аймаг дахь салбарт байршилтай Х.Х миний хувийн данснаас бэлэн бус хэлбэрээр Б.Рын тус банканд байршилтай хувийн дансанд шилжүүлэн өгч төлбөрийн тооцоо дууссан” гэх боловч энэ үндэслэлээ нотлох, нотлох баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгч чадаагүй учир нэхэмжлэгч Б.Рын дансанд 31000000 төгрөг шилжүүлснээр орон сууцны төлбөр тооцоо дууссан байна гэж үзэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч Б.Рын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд “... хариуцагч Х.Хтай орон сууц захиалгын гэрээгээр нэг метр квадрат талбайн үнэ 1000000 төгрөг гэж гэрээ хийсэн болохоос биш, бодит байдал дээрээ Х.Хтай харилцан тохиролцож нэг метр квадрат талбайн үнийг 900000 төгрөгөөр тохиролцож, 56 м.кв талбайтай байрыг 50400000 төгрөгөөр үнэлж өгсөн” гэснийг хариуцагч үгүйсгэж чадаагүй учир уг тайлбарыг үндэслэн орон сууцны үнийг тооцоход 15120000 + 25000000 = 40120000 төгрөг гарч байх ба үлдэгдэл нь 10280000 төгрөг болж байна.
Дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэхэд нэхэмжлэгч Б.Р хариуцагч Х.Х нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, талууд тус тус үүрэг хүлээсэн байна.
Нэхэмжлэгч Б.Р нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу худалдан авагчийн өмчлөлд биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, эд хөрөнгө буюу орон сууцыг шилжүүлж, худалдан авагч Х.Х нь орон сууцыг хүлээн авч, амьдарч байгаа тул худалдагч гэрээнд заасан үүргээ биелүүлсэн учир гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзлээ.
Хариуцагч Б.Х нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргийг хүлээсэн байх ба орон сууц худалдан авсан үнийн үлдэгдэл 10280000 төгрөгийг төлөх үүрэгтэй тул хариуцагч Х.Хаас орон сууцны үлдэгдэл үнэ 10280000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Рад олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Х.Х нь нэхэмжлэгч Б.Ртай харилцан тохиролцсоноор орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулан орон сууцыг /байрыг/ худалдаж авсан талаар зохигчид маргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар” нөхөн төлүүлэхээр заасан байх тул нэхэмжлэгч Б.Рын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179430 төгрөгийг улсын орлого болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч Х.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 179430 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Х.Хд шүүх хуралдааны товыг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч С овогт Хын Хаас 10280000 /арван сая хоёр зуун наян мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М овогт Бий Рад олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Рын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Хаас 179430 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Рад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН