Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 457

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б аймгийн А сумын 3 дугаар багт оршин суух, И овогт Мын Тн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х банкны Б аймаг дахь салбар /захирал Б.Б/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагч Х банкны Б аймаг дахь салбарын захирал Б.Б, орчуулагч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Х банкнаас 5527781 төгрөг авсан гэх мэдээллийг зээлийн мэдээллийн сангаас хасуулахыг Х банкны Б аймаг дахь салбарт үүрэг болгох тухай.

 

Нэхэмжлэгч М.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.Т нь тус аймгийн А сумын 3 дугаар багт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Миний эхнэр 2015 оны сүүлд Т банкнаас цалингийн зээл авах гэж очтол Зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн муу зээлтэй байна. Тодруулбал Х банкнаас авсан зээлийн үлдэгдэл 5527781 төгрөгийг төлөөгүй тул зээл олгох боломжгүй гэж татгалзсан юм. Өөр бусад арилжааны банкнуудад хандахад мөн адилхан Х банканд төлөх зээлийн үлдэгдэл төлбөртэй тул зээл олгох боломжгүй гэсэн хариу өгдөг. Миний бие Х банкнаас урьд өмнө огт зээл авч байгаагүй ба аль ч банканд хугацаа хэтэрсэн зээлийн төлбөргүй юм. Уг нь миний бие Х банканд өгөх өглөгтэй нь үнэн гэхдээ энэ бол зээл биш юм. Миний бие тус аймгийн А суман дахь Х банкны салбарын нярав /теллер/-аар ажиллаж байхдаа бусдад гэм хор учруулсан тул 2004 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Б аймаг дахь Сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сар15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, уг ялаа биечлэн эдэлж суллагдсан юм. Уг шийтгэх тогтоолоор М.Т надад Х банкны тус аймаг дахь салбарт 5527781 төгрөгийн хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Би уг хохирлоо нөхөн төлж чадаагүй юм. Миний нэрийг зээлийн мэдээллийн санд оруулснаас болж эхнэрийнхээ нэр дээр ч зээл авч чадахгүй болж байна Х банк нь гэмт хэргийн улмаас учирсан дээрх хохирлыг миний нэр дээр муу зээлийн санд бүртгэсэн байх юм. Дээрх мөнгө нь зээлийн ангилалд орох ёсгүй юм. Энэ нь манай гэр бүлийнхэн бүх банкнуудаас төрөл бүрийн зээл авах үед саад болж, бидний эрх зүйн байдлыг доордуулж байна. Иймд Х банкны зээлийн мэдээллийн сангаас дээрх 5527781 төгрөгийг хасахыг Х банкны Б аймаг дахь салбарын захиралд даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч М.Т шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: 1993-2003 онуудад Х банканд нярвын ажил хийж байсан. Тухайн үед 114 хүний тэтгэврийн мөнгийг завшсан гэх хууль зүйн үндэслэлээр хэрэгт холбогдож шалгагдаж  нотлогдож, 2004 оны  11 дүгээр сарын 24-ны өдөр шүүхээр 3 сар 15 хоногийн хугацаатай баривчлах ял шийтгэл авч ялаа эдэлсэн. Одоо тэр мөнгийг төлөх хүсэлттэй байна, боломж гарсан үедээ төлнө гэж хэлсэн. Малчдын зээл хөнгөлөлттэй бусад зээлийг авч тухайн мөнгийг төлөх гэсэн боловч миний нэр мэдээллийн санд Муу зээл гэж бүртгэгдсэн байсан учраас ямар ч банк зээл олгохгүй байгаа. Тийм учраас муу зээл гэдэг нэрийг мэдээллийн сангаас хасуулах тухай нэхэмжлэл гаргаж байгаа юм гэв.

Хариуцагч Х банкны Б аймаг дахь салбарын захирал Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч М.Т нь Х банкны Б салбарт холбогдуулан "Х банкнаас зээлээр 5527781 төгрөг авсан гэх мэдээллийг зээлийн мэдээллийн сангаас хасуулахыг Х банкны Б салбарт даалгах" тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй тул банк дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч М.Т нь 2003 онд Б аймгийн А сум дахь Х банкны тооцооны төвд мөнгөний нярваар ажиллаж байхдаа 2003 оны 1 дүгээр сараас 2003 оны 10 дугаар сар хүртэл тус банкны салбараас тэтгэвэр авагч нэр бүхий 114 хүний авах тэтгэврийн мөнгөнөөс 5627781 төгрөгийг давтан үйлдлээр хувьдаа завшсан гэмт хэрэг үйлдэж, уг нэр бүхий 114 иргэнд учруулсан гэм хорын хохирлыг тус аймаг дахь Х банк төлж хохиролгүй болгож Б аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №84 дугаартай шийтгэх тогтоолоор М.Тгаас 5627781 төгрөгийг гаргуулж Б аймаг дахь Х банканд олгохоор шүүх шийдвэрлэсэн боловч М.Т нь шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн тул 2005 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 82 дугаар тогтоолоор тус аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах тухай гэрээ байгуулж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлсэн боловч төлбөрийн чадваргүй үндэслэлээр 2005 оны 11 дүгээр сарын 24-иий өдрийн №18 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Банк М.Тн банканд учруулсан хохирлыг шүүхээр шийдвэрлэсэн уг шийдвэрийн дагуу төлбөрөө төлөөгүй тул Монгол Банкны зээлийн мэдээллийн санд дараах үндэслэлээр авлагаар бүртгүүлсэн байна. Үүнд:

Монгол Банкны зээлийн мэдээллийн санд 2006 онд М.Тг "авлагаар" гэж мэдээллийг нийлүүлсэн бөгөөд Зээлийн мэдээллийн тухай хууль нь 2011 оны 10 дугаар сарын 20-ний өдөр УИХ-аар батлагдаж, улмаар 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн ба М.Тн мэдээллийг уг хууль батлагдахаас өмнө нийлүүлсэн байна. Энэ үед Монгол Банкны Ерөнхийлөгчийн 2005 оны №131 дүгээр тушаалаар батлагдсан "Зээлийн мэдээллийн сангийн журам" хэрэгжиж байсан ба уг журмын дагуу мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд "авлагаар" нийлүүлсэн. Зээлийн мэдээллийн тухай хуулийг буцаан хэрэглэхээр хуульчлагдаагүй байна. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д "...зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд" гэж Монгол банкнаас зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан ашгийн төлөө хуулийн этгээдийг ойлгоно" гэж хууль санаачлагчийн зүгээс хууль баталсан. Гэтэл өнөөдрийг хүртэл дээрх хуульд заасан Монгол Банкнаас "зээлийн мэдээллийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл авсан ашгийн төлөө хуулийн этгээд" огт байгуулагдаагүй бөгөөд Монгол Банк нь өөрөө дангаараа зээлийн мэдээллийн санг бүрдүүлж байгаа. Энэ нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д "...Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, санхүүгийн түрээс /лизинг/-ийн компани, Т байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс зөвшөөрөлд авсан эсэхээс ул хамааран Монгол банкны мэдээллийн санд зээлийн мэдээллийг тогтмол өгнө" гэж заасан байна. Энэ нь банк Монгол Банкны зээлийн мэдээллийн санд зээлийн мэдээллийг тогтмол өгөхийг үүрэгжүүлсэн зохицуулалт учраас банк харилцагчийн зээл авлагын мэдээллийг тогтмол Монгол Банкны мэдээллийн санд мэдээлэхдээ тухайн харилцагчаас заавал зөвшөөрөл авах шаардлагагүй болохыг хуулиар зохицуулсан байна. Зээлийн мэдээллийн тухай хуулийн холбогдох зохицуулалтаас үзэхэд "хууль, гэрээгээр аливаа этгээдийн өмнө хүлээсэн зээл, төлбөрийг тус хуулийн хүрээнд хамааруулан ойлгохоор заасан" байна. Хууль, гэрээний дагуу нэг этгээдээс төлбөр шаардах эрх нь үүсэж, нөгөө этгээдээс төлөх үүрэг хүлээж байгааг Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх зааснаар "төлбөр" гэж ойлгохоор хуульчлагдсан. Нэхэмжлэгч М.Т нь гэмт хэргийн улмаас банканд "төлбөр" төлөх үүрэгтэй болохыг Б аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №84 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоосон нь М.Т банкны өмнө хуулийн дагуу "төлбөр" төлөх үүрэг хүлээсэн болохыг харуулж байна. Мөн нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "...Х банк нь гэмт хэргийн улмаас учирсан дээрх хохирлыг миний нэр дээр муу зээлийн санд бүртгэсэн байх юм. Дээрх мөнгө нь зээлийн ангилалд орох ёсгүй юм. Энэ нь манай гэр бүлийнхэн бүх банкнуудаас төрөл бүрийн зээл авах үед саад болж, бидний эрх зүйн байдлыг дордуулж байна" гэжээ. Тус банкны хувьд Зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэх чиг үүргийнхээ хүрээнд төлбөрийг "авлагаар" анх мэдээллэсэн бөгөөд харин Монгол Банкны зээлийн мэдээллийн сан нь авлагыг "зээл" гэж бүртгэж байгаа нь тус банкны буруутай үйлдэл биш, нөгөө талаас зээл гэж лавлагаагаар гарч ирж байгааг банк Монгол банкны өмнөөс тайлбарлах эрхгүй, уг мэдээллийг банк бүртгэдэггүй зөвхөн Монгол банкны Зээлийн мэдээллийн санд нийлүүлдэг болохыг шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна. ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д "...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх" үүрэгтэй. Гэтэл М.Тн уг авлагын мэдээлэл нь муу зээлийн ангилалд бүртгэгдсэнээр гэр бүлийнхэн бүх банкнуудаас төрөл бүрийн зээл авах үед саад болж, тэдний эрх зүйн байдлыг дордуулж байгаагаа нотолсон ямар нэгэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Банк зөвхөн М.Тн "төлбөрийн" мэдээллийг л Зээлийн мэдээллийн тухай хуульд заасан чиг үүргийнхээ дагуу "авлагаар" мэдээллэсэн бөгөөд харин түүний гэр бүлийн талаарх мэдээллийг огт нийлүүлээгүй болохыг мэдэгдэж байна. Иймд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, эрх ашиг зөрчигдсөн гэх үйлдэлд манай банк буруутай гэдэг нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х банкны Б аймаг дахь салбарын захирал Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Муу авлага гэж бүртгэгдсэн. Муу авлага гэдэг нь өөрөө банкны балансаас гадуур  бүртгэгддэг. Үүнийг  манай  Х банкны төвөөс Монгол банкны  төв рүү нийлүүлдэг систем байгаа. Бид нараас хамааралгүй. Монгол банкны систем рүү нэвтрэхдээ авлага гэж нийлүүлсэн, мэдээллийн программын онцлогоос шалтгаалаад зээл гэж харагдаж байгаа. Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн дагуу банк харилцагчаас зөвшөөрөл авахгүйгээр мэдээллийг  нийлүүлэх ёстой. Энэ хууль 2010 онд гарсан. 2004 онд мэдээллийн сангийн зохицуулах журмаар зохицуулж ажиллаж байсан. Энэ хариуцлагыг биелүүлэхгүй  бол Монгол банкны эрх үүргийн дагуу үйл ажиллагааг нь зогсоох, эрхийг нь хаах бүрэн боломжтой. Бид нар шууд хяналт тавьж байгаа удирдлагатай удирдагдаж, дүрэм журмаа мөрдөж ажиллаж байгаа. Төлөх боломжтой байсан бол 2004 оноос хойш 14 жилийн хугацаанд бага багаар төлөх боломжтой  байсан гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч М.Т нь Х банкнаас 5527781 төгрөг авсан гэх мэдээллийг зээлийн мэдээллийн сангаас хасуулахыг Х банкны Б аймаг дахь салбарт үүрэг болгохыг хүсжээ.

Хариуцагч Х банкны Б аймаг дахь салбар нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч хариуцагч Х банкны Б аймаг дахь салбарын захирал Б.Б нь нэхэмжлэгч М.Тн тус банкнаас 5527781 төгрөгийн зээл авсан эсэхийг нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

Нэхэмжлэгч М.Т нь А сум дахь Х банкны мөнгөний нярваар ажиллаж байхад 2003 оны 01 дүгээр сараас 2003 оны 10 дугаар сар хүртэл тус банкны салбараас тэтгэвэр авагч нэр бүхий 114 хүний авах тэтгэврийн мөнгөнөөс 5627781 төгрөгийг давтан үйлдлээр завшиж хохирол учруулж, Х банканд 5627781 төгрөгийн төлбөртэй болох нь Б аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байна.

Т банкны Б салбарын А тооцооны төвийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн тодорхойлолтод “Б аймаг дахь А сумын 3-р багийн иргэн М овогтой Т /БА71101318/ нь эхнэр Харжаубай овогтой Жайна /БЭ73051826/-д Т банкнаас цалингийн зээл олгох боломжгүй байна. Учир нь хамтран зээлдэгч М.Т муу ангилА болон үлдэгдэлтэй тул зээл олгох боломжгүй байна” гэжээ.

Зээлийн мэдээллийн тухай хуулийг 2011 оны 10 дугаар сарын 20-ний өдөр баталж, 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн ба уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Зээлдэгчийн сүүлийн зургаан жилийн зээлийн мэдээллийг зээлийн лавлагаанд тусгах бөгөөд зээлийн лавлагааг гагцхүү хэрэглэгчид өгнө” гэж заасан байхад нэхэмжлэгч М.Тн 2004 онд Х банканд төлөх төлбөрийг Зээлдэгчийн нэр: Т. Анх олгосон зээлийн хэмжээ: 5527781, Зээл олгосон огноо: 2006/03/10, Зээл төлөгдөх огноо: 2007/03/10, Валютын нэр: MNT, Зээлийн өрийн үлдэгдэл: 5775657, Зээлийн ангилал: Муу, Зээл олгосон банк: Х (05), гэсэн мэдээллээр Монгол банкны зээлийн мэдээллийн санд оруулснаар Зээлийн мэдээллийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч М.Тн Х банканд төлөх 5527781 төгрөгийг зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэхдээ Зээлийн мэдээллийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2.-т зээлдэгчийн зөвшөөрлийг заавал авсан байх гэж заасан байхад нэхэмжлэгч М.Тгаас мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллийг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд өгөхийг зөвшөөрсөн талаарх зөвшөөрөл аваагүйгээр мэдээллийг нийлүүлсэн нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2., 5.1.4., 7.1.1., 9.1.2.-д заасныг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч М.Т нь Х банканд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр төлбөртэй болохоос зээлийн мэдээллийн санд дурдсанчлан зээл аваагүй байхад Х банк нь Зээлийн мэдээллийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1., 20 дугаар зүйлийн 20.2.1.-д заасныг зөрчиж мэдээлэл нийлүүлсэн нь буруутай байна.

 

Иймд Х банкы Б аймаг дахь салбар нь мэдээлэл нийлүүлэхдээ Зээлийн мэдээллийн тухай хуулийг зөрчиж мэдээлэл нийлүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зээлийн мэдээллийн сангаас нэхэмжлэгч И овогтой Мын Тд холбогдох РД:БА71101318, Анх олгосон зээлийн хэмжээ: 5527781, Зээл олгосон огноо: 2006/03/10, Зээл төлөгдөх огноо: 2007/03/10, Валютын нэр: MNT, Зээлийн өрийн үлдэгдэл: 5775657, Зээлийн ангилал: Муу, Зээл олгосон банк: Х (05), гэсэн мэдээллийг хасуулахыг Х банкны Б аймаг дахь салбарт үүрэг болгож,  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Х банкны Б аймаг дахь салбараас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зээлийн мэдээллийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасныг баримтлан зээлийн мэдээллийн сангаас нэхэмжлэгч И овогтой Мын Тд холбогдох РД:БА71101318, Анх олгосон зээлийн хэмжээ: 5527781, Зээл олгосон огноо: 2006/03/10, Зээл төлөгдөх огноо: 2007/03/10, Валютын нэр: MNT, Зээлийн өрийн үлдэгдэл: 5775657, Зээлийн ангилал: Муу, Зээл олгосон банк: Х (05), гэсэн мэдээллийг хасуулахыг хариуцагч  Х банкны Б аймаг дахь салбарт үүрэг болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М.Тн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х банкны Б аймаг дахь салбараас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Тд олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          К.БҮЛДИРГЕН