Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 102/2020/00715/И |
Дугаар | 001/ХТ2021/00511 |
Огноо | 2021-05-25 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2021/00511
Б.Хүрэлшагайн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/01343 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1489 дүгээр магадлалтай,
Б.Хүрэлшагайн нэхэмжлэлтэй,
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Хүрэлшагай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б.Хүрэлшагай миний бие Улаанбаатар төмөр замын Зорчигчийн вагон депод тасралтгүй 27 жил ажилласан, ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, олон жил үр бүтээлтэй ажилласан. Нэхэмжлэгч нь өмнө гаргаж байсан зөрчлөө буруу гэдгийг өөрөө ухаарч түүнийгээ зассан байхад 2020.01.10-ны өдөр Б-29 дугаартай тушаалаар шууд ажлаас халсан нь хууль бус учир ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч нь уг тушаалыг 2020.01.10-ны өдөр гаргасан гэх боловч нэхэмжлэгчид 2020.02.04-ний өдөр гардуулсан байдаг. Б-29 дугаартай тушаалыг нэхэмжлэгч талаас хууль бус гэж үзэж дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. Б-29 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэснийг, мөн тус хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т Ажлаас халах гэснийг, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.3-т Төмөр замын хөдөлгөөний бус ажилд 1 жил хүртэл хугацаагаар шилжүүлэх гэснийг тус тус үндэслэсэн боловч эдгээр заалтууд буюу тушаалын хууль зүйн үндэслэл нь өөр хоорондоо зөрүүтэй байгаа нь уг тушаалыг илт хууль бус тушаал гэдгийг нотолж байна. Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж ажлаас халах заалтууд байгаа боловч Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.3-т Төмөр замын хөдөлгөөний бус ажилд 1 жил хүртэл хугацаагаар шилжүүлэх гэсэн ажлаас халахаас өөр сахилгын шийтгэл ногдуулах тухай заалт байгаа нь тушаал хууль бус болохыг нотолж байна. Хөдөлмөрийн тухай хууль болон Төмөр замын тээврийн тухай хуульд заасан сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах зэрэг сахилгын шийтгэлийн шат дараалсан арга хэмжээнүүд байхад тэднийг авч хэрэгжүүлэлгүйгээр шууд ажлаас халсан нь дээрх тушаалыг үндэслэлгүй болохыг давхар нотолж байна. Нэхэмжлэгч нь урд гаргаж байсан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн, тэрийгээ дахин гаргахгүйгээр ажиллаж байсан, тухайн үед шалгалтаар уг зөрчил илрээгүй зэрэг нөхцөл байдлыг хариуцагч тал харгалзаж үзэлгүйгээр шууд ажлаас халсан нь үндэслэлгүй байна. Урьд нь гаргаж байсан зөрчилтэй холбогдуулан ирсэн гомдлыг үндэслэн шууд халахгүйгээр өөр сахилгын шийтгэл ногдуулсан бол нэхэмжлэгч маргахгүй байсан. Харин ижил болон хамаарал бүхий албан тушаалтай хэд хэдэн хүн дээр нэгэн зэрэг адил гомдол ирэхэд урьд өмнө нэг ч сахилгын шийтгэл авагдаж байгаагүй, олон жил үр бүтээлтэй ажилласан хүнийг хуульд заасан шат дараалсан сахилгын шийтгэл ногдуулахгүйгээр шууд ажлаас халж сахилгын шийтгэл ногдуулж, арай цөөн жил ажилласан нөгөө ажилчдад хөнгөн сахилгын шийтгэл ногдуулсан байгаа нь ашиг сонирхол бүхий хууль бус тушаал гэж үзэж гомдолтой байна.
Шүүхээс гэрчүүдийг асуухад тээшийн вагон тавих нь пүүлэгч нарын тухайн өдрийн ажлыг 2-оос 3 дахин хөнгөвчилж өгдөг гэх тайлбарыг өгсөн. Б.Хүрэлшагайтай холбоотой гаргасан асуудлаас болж технологийн дүрэм, төлөвлөгөө, журамд өөрчлөлт орсон талаар гэрчүүд мэдүүлсэн байдаг. Гурван ээлжийн диспетчер байсан бөгөөд пүүлэгч, ачигч нарын гуйлтаар ээлж болгон дээр тээшийн вагон тавьдаг байсан гэдгийг н.Төр-Энх мэдүүлсэн. Б.Хүрэлшагайг амарч байх хугацаанд нөгөө ээлжийн диспетчер нар уг асуудлыг шийддэг байсан. Ганцхан Б.Хүрэлшагайгийн ээлжинд ийм зүйл болдоггүй байсан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно. Б.Хүрэлшагайг зохион байгуулсан гэж ярьдаг, гэвч Б.Хүрэлшагай юуг, яаж зохион байгуулсан талаар хариуцагч тал нотолж чадаагүй бөгөөд тухайн үед ачаа ачихаа больсон үед гаргасан хүмүүсийн гомдлыг үндэслэж уг тушаалыг гаргасан юм. Хөдөлмөрийн тухай нарийвчилсан хуулиар шийддэг гэж хариуцагчийн төлөөлөгч ярьж байна. Хөдөлмөрийн тухай хууль нь ерөнхий хууль, Төмөр замын тээврийн тухай хууль нь төмөр замын салбарын тухайд бол нарийвчилсан хууль нь болж байгаа юм. Тушаалд техник алдаа гаргасан гэж тайлбарлаж байна. Захиргааны ерөнхий хуульд зааснаар илт хууль бус акт гэж байдаг. Б-29 дугаартай тушаал нь 2 агуулга бүхий захиргааны илт хууль бус акт байгаа тул шүүх үүнийг анхаарч үзээсэй. Нэхэмжлэгч Б.Хүрэлшагайгийн гаргасан зөрчлийг хэзээ хэрхэн гарсан гэдгийг нотлох баримтаар тогтоогоогүй, мөн тухайн үед Б.Хүрэлшагай тийм үйлдлийг хийхээ болчихсон байсан үе байгаа. Хөөн хэлэлцэх 6 сарын хугацаа хэзээ дууссан гэдгийг хариуцагч тал тодорхойлоогүй. Б.Хүрэлшагайгийн гаргасан үйлдэл төмөр замын ажилчдын ажлыг хөнгөвчилж байсан. Тухайн үед Б.Хүрэлшагай зөрчил гаргаж байсан тул сануулах, сахилгын шийтгэл ногдуулах, хөдөлгөөний бус ажилд нэг жилийн хугацаатайгаар шилжүүлэх зэрэг сахилгын шийтгэл ногдуулсан бол хүлээн зөвшөөрөх байсан. Иймд нэхэмжлэгчийг ажлаас халсан Б-29 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ээлжийн диспетчерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхсүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Б.Хүрэлшагайд сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсан Б-29 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хууль хэрэглээний ямар нэгэн алдаагүй. Хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг илүү нарийвчилсан хууль болох Хөдөлмөрийн тухай хуулиар дагнаж шийдвэрлэдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд тодорхой заасан. Хариуцагчийн Б-29 дүгээр тушаалд Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.3-т Төмөр замын хөдөлгөөний бус ажилд 1 жил хүртэл хугацаагаар шилжүүлэх гэх заалтыг үндэслэсэн нь буруу заалт мөн бөгөөд гагцхүү техникийн алдаа буюу хэлбэрийн алдаа гарсан. Гэхдээ техникийн алдаа гарсан нь уг тушаалыг үндэслэлгүй гарсан гэж буруутгах үндэслэл болохгүй. Учир нь илүү нарийвчилсан хууль болох Хөдөлмөрийн тухай хуулийн зохих холбогдох зүйл, заалтыг үндэслэлээ болгосон. Б.Хүрэлшагай гаргасан зөрчлөө өөрөө ойлгож, бусад нөгөө ээлжийн диспетчер нарын үйлдлийг таслан зогсоосон гэдэг нь Б.Хүрэлшагайгийн өөрийн тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Тухайн байгууллагад Б.Хүрэлшагайг 27 жил ажилласан гэж байна. Тухайн байгууллагад 27 жил ажилласан хүнд сахилгын шийтгэл ногдуулахгүй гэх хуулийн заалт байхгүй. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн өөрийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зааврыг зөрчсөн. Түүний хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын чиг үүргийг заасан хэмжээгээр тэрээр биелүүлээгүй. Нэхэмжлэгч Б.Хүрэлшагай нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлэг, өөрийнхөө гаргасан тайлбараар ч тээшийн вагоныг орой хөдөлгөөн эхлэхээс өмнө 20-30 минутын өмнө зам дээр тавьж, ачааг ачих ёстой байтал ачигч нар гуйсан гэх үндэслэлээр өдрийн цагаар вокзал дээр аваачиж ачаа ачаад байгаа нь технологи зөрчсөн асуудал юм.
Тухайлбал Сайншанд, Эрдэнэт, Сүхбаатарын тээшийн вагоныг Улаанбаатар өртөөний 19, 20 дугаар зам руу өдрийн цагаар оруулах хориотой байдаг. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуульд заасан аль нэг үндэслэлүүдийг баримтлахыг шаарддаг. Б-29 дугаар тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасныг баримталсан байгаа. Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр ажилтан, ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж заасан, мөн 5.3-т хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох дор дурдсан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцална, 5.3.8-д Өөрт нь дүрмээр болон итгэмжлэлээр олгосон эрх хэмжэээнд заагдаагүй эрхийг эдэлсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн эрхэлсэн ажил, албан тушаалын байдлаа хувийн зорилгоор урвуулан ашигласан, албан тушаалаа урвуулан ашиглаж ажил олгогчид илтэд хохиролтой үйл ажиллагаа явуулсан ажил олгогч болон бусдад мөнгө эд хөрөнгийн хохирол учруулсан гэж заасан. Нэхэмжлэгч технологи зөрчиж, тавих ёсгүй вагоныг тавих ёсгүй замд тавьж ачаа ачуулж, хөлс авч байгаа нь хөдөлмөрийн гэрээний 5.3.8-д заасан эрхэлсэн ажил үүргээ хувийн байдлаар урвуулан ашигласан гэдэгт нийцэж байгаа юм. Энэ үйлдлийг хийснээр нэхэмжлэгч өөртөө давуу байдал бий болгож өөртөө шан харамж авсан байдаг. Бусад ээлжийн диспетчер нар ингэж ажилласан. Гэхдээ өнөөдөр бусад ажилчдад ямар шийтгэл ногдуулсан талаар маргаагүй. Шат дараалсан арга хэмжээ аваагүй гэж байна. Б-29 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг шууд зогсоох ноцтой зөрчлийг нэхэмжлэгч Б.Хүрэлшагай гаргасан. Б-29 дүгээр тушаал нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчилтэй тохирч байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сар байдаг. Нэхэмжлэгч Б.Хүрэлшагай нь хамгийн сүүлд уг асуудлыг 2019.10-р сард болсон гэдэг. Захиргаа уг асуудлыг 2020.01.08-ны өдөр мэдсэн. Захиргаа мэдээд 1 сарын дотор арга хэмжээ авсан тул хөөн хэлэлцэх хугацааны талаар яригдахгүй. Хэрвээ шийтгэл ногдуулсан тохиолдолд хүлээн зөвшөөрөх байсан гэж байгаа нь нэхэмжлэгч тал гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/01343 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Хүрэлшагайн ажлаас халсан 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Б-29 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ээлжийн диспетчерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7,035,027 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар Б.Хүрэлшагайн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1489 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/01343 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар Б.Хүрэлшагайн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.03-ны өдрийн 1489 дугаартай магадлалыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
1. Нэхэмжлэгч Б.Хүрэлшагайг ажлаас халсан Б-29 дугаартай тушаал нь дараах үндэслэлүүдээр хууль бус тушаал юм.
Тушаалын хууль зүйн үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3 болон Төмөр замын тээврийн тухай хуулийн 30.2.3 дахь заалтууд нь өөр хоорондоо зөрчилтэй өөр өөр хууль зүйн үр дагавартай байхад Хөдөлмөрийн тухай хуулийг барьсан нь хууль бус. Тушаалд заагдсан Төмөр замын тээврийн тухай хуулийн заалт хэрхэн хэрэгжих эсэх нь тодорхой бус. Хариуцагч тал үүнийг техникийн алдаа гэж тайлбарлах боловч утга, агуулгын хувьд илт хууль бус тушаал гэдгийг хүлээн зөвшөөрч, эсрэгээр нотолж чадаагүй.
Хариуцагч тал ажлаас халсан хууль зүйн үндэслэлээ тайлбарлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн заалтын баримталдаг. Нэхэмжлэгч нь энэ байгууллагад 27 жил ажиллахдаа сахилгын шийтгэл авч байгаагүй, харин хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг нь талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 5.3.8-д заасан өөрт нь дүрмээр болон итгэмжлэлээр олгосон эрх хэмжээнд заагдаагүй эрхийг эдэлсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн эрхэлсэн ажил албан тушаалын байдлаа хувийн зорилгоор урвуулан ашиглаж ажил олгогчид идтэд хохиролтой үйл ажиллагаа явуулсан, ажил олгогч болон бусдад мөнгө эд хөрөнгийн хохирол учруулсан гэсэн заалтаар тодорхойлж байгаагаа хариуцагч тайлбарласан. Гэвч хэргийг бодит байдал, хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Хүрэлшагай нь ажил олгогчид илтэд хохиролтой ямар үйл ажиллагааг явуулсан, ажил олгогч болон бусдад эд хөрөнгийн ямар ноцтой хохирол учруулсан гэдэг нь тодорхой бус, Хүрэлшагай зохион байгуулдаг байсан зэрэг асуудлыг хариуцагч тал баримтаар нотлоогүй. Нэхэмжлэгч Б.Хүрэлшагай болон бусад 2 ээлжийн диспитчерүүдийн тухайн үед хийж байсан үйлдэл нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдээс харахад Хүрэлшагай нарт гэхээсээ илүү ачигч, пүүлэгч нарын ажлыг хөнгөвчлөх, эрсдэл гаргуулахгүй байх хүмүүсийн ачааг гэмтээхээс сэргийлэх, төмөр замын ажлыг зөв зохион байгуулж байсан илүү давуу талууд олон байсан. Хариуцагч байгууллага ийм асуудлыг шат шатандаа шийдэж зөв зохион байгуулаагүйгээс ийм нөхцөл байдал үүссэн байсан ба энэ асуудлаас болоод хуралдаж ажлын талбарт үүсдэг энэ асуудлыг зөв зохион байгуулах шийдэл гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог.
2. Хэрэгт авагдсан гэрч Төр-Энхийн мэдүүлгээр ачаа ачуулах энэ явдал нь зөвхөн Хүрэлшагайд биш 3 ээлжинд бүгд ийм ажиллагааг хааяа явуулдаг байсан, өгсөн 15,000 төгрөгийг тухайн ээлжийн 3 ажилтан хувааж авдаг байсан талаар мэдүүлсэн байдаг. Хүрэлшагайг амарч байх үед нөгөө ээлжүүд ч мөн адил ийм асуудал гаргадаг байсан нь нотлогддог. Мөн яг адил асуудал гаргасан байхад шуурхай хурал хийхдээ Төр-Энхийг явуулаад зөвхөн Хүрэлшагайг авч хэлэлцэж, Төр-Энх /гэрчийн мэдүүлэгтээ дарга Гантулгын хамаатан гэдгээ мэдүүлсэн нь ашиг сонирхол байгааг илтгэж байна/ болон бусад хүмүүсийн цалинг тодорхой хувиар хассан сахилгын шийтгэл авсан нь энэ байгууллагад хууль, шударга ёс үйлчлэхгүй, харин ч хувийн ашиг сонирхол үйлчилж байгааг нотолж байгаа ба нэхэмжлэгч нь ийм хууль бус үйл ажиллагааны золиос болсныг анхан шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.
3. Мөн ачаа ачуулж байсан вагонд нь тухайн үедээ мөрдөх ёстой технологийн дүрэм нь гараагүй байсан нь хариуцагч болон нэхэмжлэгч нарын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон бөгөөд нэгэнт мөрдөгдөх технологи гараагүй байсан нь Хүрэлшагайг технологи зөрчсөн, өөрт нь дүрмээр болон итгэмжлэлээр олгосон эрх хэмжээнд заагдаагүй эрхийг эдэлсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн эрхэлсэн ажил албан тушаалын байдлаа хувийн зорилгоор урвуулан ашиглаж ажил олгогчид илтэд хохиролтой үйл ажиллагаа явуулсан, ажил олгогч болон бусдад мөнгө эд хөрөнгийн хохирол учруулсан гэж үзэхээргүй хэргийн бодит нөхцөл байдал байна.
4. Хуульд заасны дагуу тухайн этгээдийн гаргасан зөрчил, түүний хэр хэмжээ, хохирол, учруулсан нөхцөл байдалд тохирсон хуулийн хариуцлага, сахилгын шийтгэл ногдуулах ёстой боловч хариуцагч тал сахилгын шийтгэлийн шат дараалсан арга хэмжээг авах, эсвэл Хүрэлшагайгийн гаргаж байсан үйлдэлтэй тохирох сахилгын шийтгэл оноогоогүйг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэж, гомдлыг шийдэхийг хүсч байна. Мөн давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв, бодитой талаас нь үнэлж дүгнээгүй гэж үзэж гомдолтой байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.03-ны өдрийн 1489 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангажээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Б.Хүрэлшагай Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч Б.Хүрэлшагайг Сэлгээний цехийн ээлжийн диспетчерээр ажиллаж байхад нь Улаанбаатар төмөр замын зорчигчдын вагон депогийн даргын 2020.01.10-ны өдрийн Б-29 тушаалаар хөдөлмөрийн гэрээний 5.3.8.-д заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж, зохигчийн хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.3.8.-д өөрт нь дүрмээр болон итгэмжлэлээр олгосон эрх хэмжээнд заагдаагүй эрхийг эдэлсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил, албан тушаалын байдлаа хувийн зорилгоор урвуулан ашигласан, албан тушаалаа урвуулан ашиглаж ажил олгогчид илтэд хохиролтой үйл ажиллагаа явуулсан, ажил олгогч болон бусдад мөнгө, эд хөрөнгийн хохирол учруулсан зөрчил гаргасныг ноцтой зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар харилцан тохиролцжээ.
Б.Хүрэлшагай нь Зорчигчийн вагон депод Сэлгээний цехэд ээлжийн диспетчерээр ажиллаж байхдаа 2018.03 сараас 2019.11 сарын хугацаанд технологийн дагуу ачаа ачих, буулгах ажилбарыг зааврын дагуу гүйцэтгээгүй, Улаанбаатар өртөөний замд зорчигчийн галт тэрэг төлөвлөгөөний дагуу тавигдаагүй байхад ачаа ачигч нараас төлбөр авч тээшийн вагоныг өртөөний 19, 20 дугаар замуудад тавьж өгч, ачаа ачих, буулгах ажлыг хийлгэж байсан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч зөрчлийг үгүйсгээгүй, энэ алдаа дутагдлаа ухаарч, түүнийгээ зассан байхад хариуцлага ногдуулсан гэж маргажээ.
Ажилтны гаргасан дээрх зөрчил хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд тооцогдох үндэслэлээр ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажилтныг ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалтыг зөрчөөгүй гэж үзэн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн Б.Хүрэлшагайн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, өөрийн эрх хэмжээний хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1.-д нийцжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т зааснаар сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.
Нэхэмжлэгч Б.Хүрэлшагай нь 2018.03 дугаар сараас хойш дээрх зөрчлийг удаа дараа гаргаж байсан тул түүний үйлдлийг үргэлжилсэн үйлдэл гэж үзэж, дуусах хугацааг хамгийн сүүлийн үйлдлээр тооцно. Шалгалтаар зөрчил 2018.03.09-ний өдрөөс эхэлж 2019.11.02-ны өдөр хүртэл үргэлжилсэн болохыг тогтоосон, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн үйлдлийг ажил олгогч 2020.01 дүгээр сард гаргасан ажилчдын гомдлоор илрүүлжээ.
Ажил олгогч ажилтанд 2020.01.10-ны өдөр хариуцлага тооцсон, ажилтны гаргасан зөрчил хамгийн сүүлд 2019.11 дүгээр сард үйлдэгдсэн нь тогтоогдсон тул сүүлийн зөрчил гаргаснаас хойш 6 сарын хугацаа дуусаагүй, ажил олгогч илрүүлснээс хойш 1 сарын дотор хариуцлага ногдуулсан байх тул хариуцлага тооцох хуульд заасан хугацаа өнгөрсөн... талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.
Түүнчлэн ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалд Төмөр замын тээврийн тухай хуулийн 30.2.3. дахь заалтыг удирдлага болгосон байх бөгөөд хуулийн дээрх заалт нь зөрчил гаргасан ажилтныг төмөр замын хөдөлгөөний бус ажилд 1 жил хүртэл хугацаагаар шилжүүлэх хариуцлагыг тодорхойлсон байна.
Ажил олгогч буюу хариуцагч дээрх заалтыг техникийн алдаа гэж тайлбарласан, ажлаас чөлөөлсөн тушаалд хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан болохыг тухайлан заасан тул хуулийн дээрх зохицуулалтыг тушаалд давхардуулан бичсэн нь тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй, ажил олгогчийн тушаалыг илт хууль бус гэж үзэхгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/01343 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1489 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэгийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР
Б.УНДРАХ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД