Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 42

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                          

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Ж.Батаад холбогдох 201601070112 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд:

           Нарийн бичгийн дарга:                            Л.Отгончимэг

           Улсын яллагч:                                          Х.Эрдэнэтуяа

            Шүүгдэгчийн өмгөөлөгч:                             Ж.Цэцэгээ 

           Хохирогч:                                                  Б.Бямбажав

           Шүүгдэгч:                                                         Ж.Батаа нар оролцов.    

Монгол улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 21 настай, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 4 дүгээр гудамжны 14 тоот хашаанд оршин суух, ял шийтгэлгүй, ЕВ95020712 дугаарын регистертэй, Боржигин  овгийн  Жаргалсайханы  Батаа.

         Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

         Яллагдагч  Ж.Батаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2016 оны 5 дугаар сарын 3-ны шөнө 01 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 16 дугаар гудамжинд иргэн Б.Бямбажавыг ямар ч шалтаг шалтгаангүйгээр нүүр рүү нь нэг удаа мөргөж, тонгойход хөлөөрөө нүүр рүү нь өшиглөсний улмаас биед нь хамрын ясны шинэ хугарал, зүүн дээд 21 дүгээр шүдний ганхалт, дээд уруулд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Батаагийн шүүх хуралдаанд өгсөн: “2016 оны 5 сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Нарийны гудамжинд Бямбажавтай таарч, гал асууж, түүнтэй хамт явж байсан Төмөрбаатар миний мөрнөөс барьж аваад бид хоёр хоорондоо маргалдсан. Гэтэл хажуу талаас Бямбажав намайг цохьсон, би зөрүүлээд түүнийг 1 удаа мөргөсөн, өшиглөөгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, өөр надад нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бямбажавын өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө найз Төмөр-Очирынд очсон. Тэгээд шөнө 00 цагийн үед Төмөр-Очир нь дүү Жавзандуламын хамт намайг гэрт дөхүүлж өгөхөөр Нарийны 16 дугаар гудамжны үзүүрт явж байтал цаанаас гэрэл тусгаад Батаа найзтайгаа хамт ирсэн. Гэтэл Батаа нь Төмөр-Очироос юм асууж байснаа тэр хоёр ноцолдож барьцалдаж эхлэхээр нь би салгах гээд голоор нь ороход Батаа миний хамар руу мөргөсөн. Миний хамраас цус гарсан тул доошоо суугаад байж байтал нүүр рүү өшиглөсөн. Батаа надад эхлээд 75.500 төгрөг бэлнээр өгсөн, дараа нь 1.000.000 төгрөг өгсөн. Мөн 5 тооны хонийг 500.000 төгрөгт тооцож авсан. Ингээд нийт 1.575.500 төгрөгийн хохирол авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би өмнө нь 2.100.000 төгрөг нэхэмжилж байсан боловч үлдэх 524.500 төгрөгөөс татгалзаж байна. Миний хувьд гэм хор арилсан гэж үзэж байгаа. Батаагийн өгсөн мөнгөөр шүдээ бүрэн янзлуулах боломжтой” гэв.

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Д.Жавзандуламын өгсөн: “Манай гэрт Бямбажав ах ирсэн бөгөөд  шөнө 00 цаг өнгөрч байхад харихаар гарахад нь ах бид хоёр гэр рүү нь дөхүүлж өгөхөөр хамт гарсан. Тэгээд Нарийны 16 дугаар гудамжны буланд салах гээд зогсож байтал Батаа Дамдиндорж нар ирээд Батаа нь Төмөр-Очир ахын нүүр рүү тамхины асаагуурын гэрэл тусгасан. Тэгэхэд манай ах “хэн бэ” гэхэд юу ч хэлэлгүй Батаа шууд манай ахын цээж рүү цохиж, тэр хоёр газар унаж ноцолдож эхэлсэн. Тэгэхэд Бямбажав ах салгах гэж дундуур нь орсон. Тэгтэл Бямбажав ах шүд уначихлаа гэж хэлэхэд ахтай маргалдсан залуу асаагуурын гэрэл тусгаж харахад, Бямбажав ах доошоо тонгойчихсон хамраас нь юм уу, амнаас нь цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-н 26, 71/

Мөрдөн байцаалтад гэрч Д.Төмөр-очирын өгсөн: “… 2016 оны 5 дугаар сарын 2-ны шөнө найз Бямбажав, охин дүү Жавзандулам нарын хамт Нарийны 16 дугаар гудамжны үзүүрт зогсож байхад 4 замын орчмоос асаагуурын гэрэл тусгаад 2 залуу хүрч ирээд миний нүүр рүү гэрэл тусгасан. Тэгэхээр нь би “хэн бэ” гэж асуугаад харахад Батаа зогсож байсан. Тэгээд Батаа надад юу ч хэлэлгүй миний цээж рүү нэг удаа цохьсон. Батаа бид хоёр ноцолдоод Батаа миний дээр гарчихсан байхад Бямбажав салгасан. Би газраас босч ирээд хувцас хунараа гөвөөд харахад Бямбажав доошоо тонгойгоод зогсож байсан. Тэгээд яасан гэхэд хамраас цус гарч байна гэж хэлсэн. Намайг босоход Батаа Бямбажавын толгой руу мөргөсөн гээд сууж байсан. ...Тухайн үед Батаа бид хоёр хэрэлдэж маргаагүй, Батаа юу ч хэлэлгүй шууд ирээд нүүр рүү гэрэл тусгаад цээж рүү цохьсон” гэх мэдүүлэг /хх-н 28, 70/

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Дамдиндоржийн өгсөн: “...Батаа бид 2 Нарийны 16 дугаар гудамжинд  зүс таних Төмөр-Очир, Бямбажав нартай таараад Батаа Төмөр-Очироос гал байна уу? гэхэд Төмөр-Очир байхгүй гэж хэлж байгаа сонсогдсон. Би тухайн үед Бямбажавтай юм яриад зогсож байсан. Батаа Төмөр-Очир нар хоорондоо хэрэлдэж маргаад заамдалцаад авсан. Энэ үед Батаа түүнийг хавсарч унагаад дээр нь гарч суугаад одоо болъё гэж хэлэхэд Бямбажав очсон. Бямбажав Батаагийн нүүр рүү гараараа 2 удаа цохиход Батаа нь зөрүүлээд Бямбажавыг нэг удаа мөргөсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 69/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 5 сарын 3-ны өдрийн 09шэ/216 тоот актын “Б.Бямбажавын биед хамар ясны шинэ хугарал, зүүн дээд 21 дүгээр  шүдний ганхалт, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо нэг ба түүнээс дээш удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Ө.Шаарийбуу гэх дүгнэлт /хх-н 32/

Согтуурал шалгасан тухай “Жаргалсайханы Батаа нь 0.055 хувийн согтолттой” гэсэн мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх-ийн 7 /,

Ж.Батаа нь “Цагдаагийн ерөнхий газрын МССТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 46/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/216 дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

              Шүүгдэгч  Ж.Батаа  согтуугаар 2016 оны 5 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 01 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 16 дугаар гудамжинд иргэн Д.Төмөр-Очирын нүүр рүү нь асаагуурын гэрэл тусгаж, ямар ч шалтаг шалтгаангүйгээр түүнтэй маргалдаж ноцолджээ. Улмаар Д.Төмөр-Очиртой хамт явж байсан Б.Бямбажав нь дээрх үйл явдал буюу хэрүүл маргааныг салгах зорилгоор очтол Ж.Батаа нь иргэн Бямбажавын нүүр рүү нь нэг удаа мөргөж, тонгойгоод сууж байхад нь хөлөөрөө нүүр рүү нь өшиглөсний улмаас биед нь хамрын ясны шинэ хугарал, зүүн дээд 21 дүгээр шүдний ганхалт, дээд уруулд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Батаагийн хэргээ хүлээн мэдүүлсэн “би Бямбажавыг нэг удаа мөргөсөн” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Бямбажавын “зодооныг салгах гээд голоор нь ортол Батаа нь намайг нэг удаа мөргөсөн. Миний хамраас цус гараад тонгойгоод сууж байтал дахин өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад гэрч Ж.Дамдиндоржийн “Батаа Бямбажавын нүүр рүү нэг удаа мөргөсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 69/, насанд хүрээгүй гэрч Д.Жавзандуламын “манай ах Төмөр-Очир болон Батаа хоёр ноцолдож байхад Бямбажав ах дундуур нь орж салгасан. Нэг харахад Бямбажав ах шүд уначихлаа гээд ам хамраас нь цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 26,71/, гэрч Д.Төмөр-Очирын “Батаа миний дээр гарчихсан байхад Бямбажав салгасан. Би газраас босоод ирэхэд Бямбажав нүүрээ дарчихсан хамраас нь цус гарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 28,70/, хохирогчийн биед үзлэг хийж учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн “Б.Бямбажавын биед хамар ясны шинэ хугарал, зүүн дээд 21 дүгээр  шүдний ганхалт, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 32/, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэх үедээ 0.055 хувийн согтолттой болохыг тогтоосон мөрдөн байцаагчийн “Согтуурал шалгасан тухай“ тухай тэмдэглэл /хх-ийн 7/зэрэг бичгийн баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Батаа нь гудамжинд шөнийн цагаар бусдын нүүр рүү асаагуур тусгаж, ямар ч шалтаг шалтгаангүйгээр иргэн Төмөр-Очиртой ноцолдож, уг үйлдлийг таслан зогсоохоор очсон хохирогч Б.Бямбажавыг мөргөх, өшиглөх зэргээр зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсныг догшин авирлаж танхайрсан гэж үзсэн болно.

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Ж.Батааг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэнтэй холбоотой гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Батаа нь гэмт хэргийн улмаас Б.Бямбажавын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд эмчилгээний зардалд бэлнээр 1.075.500 төгрөг, 5 тооны хонийг 500.000 төгрөгт тооцож, хохирлыг барагдуулсан болох нь хэрэгт авагдсан хохирлын мөнгө хүлээлцсэн баримтаар тогтоогдож байна. /хх-н 15, 99-100/

Мөн шүүх хуралдаанд хохирогч Б.Бямбажав нь “шүдний эмчилгээний зардалд нийт 1.575.500 төгрөг авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, энэ мөнгөөр шүдээ бүрэн эмчлүүлэх боломжтой тул анх нэхэмжилж байсан 2.100.000 төгрөгөөс үлдэх 524.500 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж байна” гэж мэдүүлснээс дүгнэхэд шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй, гэм хорыг арилгасан гэж үзлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдах ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-н 46 хуудас/ тогтоогдсон болно.    

Шүүхээс Ж.Батаад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээж үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцож, хуульд заасан хорих ялын доод хэмжээг баримтлан ялыг оногдуулах нь зүйтэй.

Ж.Батаа нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйл,  290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигин  овгийн  Жаргалсайханы  Батааг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Боржигин  овгийн  Жаргалсайханы  Батаад 3 /гурван/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ял  шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ж.Батаагийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.   
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд заасныг журамлан Ж.Батаад оногдуулсан 3 /гурван/ жил, 1/нэг/ сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Багануур дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгасугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Батаа нь хохирогч Б.Бямбажавын эрүүл мэндэд учирсан гэм хорын зардалд нийт 1.575.500 /нэг сая таван зуун далан таван мянга таван зуун төгрөг/ төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч Б.Бямбажав нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  6. Энэ тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Батаад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Ж.Батаад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Батаад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.БАЙГАЛМАА