Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 367

 

Д.О, Б.Ц нарт холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эсэн,

шүүгдэгч Д.О, Б.Ц, тэдгээрийн өмгөөлөгч Я.Баатар,

хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цасчихэр,

иргэний хариуцагч Х.Оюундалай, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.О, Б.Ц нарын өмгөөлөгч Я.Баатар, иргэний хариуцагч Х.Оюундалай, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.О, Б.Ц нарт холбогдох эрүүгийн 201726030703 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ..................., 1972 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Мянган суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураг, хөдөлмөрийн багш мэргэжилтэй, “Топ Рууф” ХХК-д дээвэрчин ажилтай, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 21 дүгээр гудамжны 845 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..................../;

2. ...................., 1995 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Уран дарханы мэргэжилтэй, “Топ Рууф” ХХК-д дээвэрчин ажилтай, ам бүл 8, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, 49 дүгээр гудамжны 1177 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................./;

 Д.О, Б.Ц нар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Говь” ХК-ийн үйлдвэрийн цехийн барилгын дээврийг нөхөх засварын ажил хийж байхдаа буюу 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гал алдан болгоомжгүйгээр бусдын эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.О, Б.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хиргис овгийн Доржоогийн Отгонсүрэн, Та овгийн Бат-Эрдэнийн Цэрэнчимэд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Доржоогийн Отгонсүрэн, Бат-Эрдэнийн Цэрэнчимэд нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Toп Рууф” ХХК /Х.Оюундалай/-иас 431.696.504,30 төгрөгийг гаргуулж, хохирогч “Говь” ХК /Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Говь ХК-ийн байр, ТТН2998, 2076357/-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн “Юнифайд файнаншл солюшнс аудит” ХХК-ийн аудиторын 4 хавтас тайлан материалыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч “Говь” ХК-д буцаан олгож, эрүүгийн 201726030703 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.О, Б.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О, Б.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.О, Б.Ц нарын өмгөөлөгч Я.Баатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс Д.О, Б.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийтгэх тогтоолд Д.О, Б.Ц нар нь 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагаас “Говь” ХК-ийн үйлдвэрийн барилгын дээврийн хэсэгт 30 см-ын өргөнтэй, 6 орчим метр урттай хуучин хар цаасыг байгалийн +27 хэмийн халуунд ил галаар халааж наасан, үйлдвэрийн барилгын дээвэр дээр наасан хар цаасын доогуурхи модон банз болон бусад шатамхай хөөсөнцөр зэрэг нь уугиж “Говь” ХК-ийн үйлдвэрийн барилгын дээвэр шатах үндэслэл болжээ” гэж дүгнэлт өгсөнөөр шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон. Гэвч уг дүгнэлт нь хэрэгт авагдсан дараахи нотлох баримтаар үгүйсгэгддэг. Өөрөөр хэлбэл хар цаасыг ил галаар хайлуулж наасан нь гэм буруутай гэж үзэж байна. Гэтэл 2 дугаар хавтас хэргийн 42 дугаар талд Аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага гэсэн журмын 2.14-т заасан дээврийн хар цаасыг хайлуулж наах үед ашиглагдах хийн баллон, хийтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагааг мөрдөх дүрмийн заалт байдаг. Шинжээч Баян-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт “...тухайн хар цаасыг ашиглахдаа аюулгүй байдлыг хангаж ашиглах ёстой, стандарт болон аюулгүй ажиллагааг зөрчсөн тохиолдолд юунаас ч гал гарах боломжтой...” гэсэн тайлбарыг гаргасан. Гэтэл Отгонсүрэн, Цэрэнчимэд нар хар цаас наах үйл ажиллагааг тогтоосон ямар ч баримт хэрэгт байхгүй, шүүх хуралдааны үеэр ч тогтоогоогүй. Дээр дурдсан аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчсөн гэсэн ямар нэгэн зүйлийг шүүх тогтоогоогүй. Мөн мөрдөн байцаах ажиллагаагаар ч тогтоогоогүй. Иймд шинжээчийн хэлж байгаагаар нэгэнт стандартын болон аюулгүй ажиллагааны журмыг зөрчсөн үйлдэл тогтоогдоогүй учраас шүүгдэгч нарыг буруутай гэж үзсэн нь буруу юм. Хар цаасыг халааж наах ажиллагаа нь албан ёсны зөвшөөрөгдсөн ажиллагаа. Зөвшөөрөгдсөн ажил гэж үзээд “Toп Рууф” ХХК-д зөвшөөрөл өгсөн. Хууль ёсны ажил хийснийг гэм буруутай үйлдэл гэж үзэх үндэслэл шүүхэд байхгүй. Бат-Эрдэнэ гэх шинжээчийн шүүхэд өгсөн тайлбар, дүгнэлтэд “...хар цаасны доогуурх модон банзнууд, шатамхай хөөсөнцөр нь уугиж шатсан...” гэдэг, уг хар цаас нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, ОХУ-аас нийлүүлсэн байдаг. Олон улсын хэмжээнд хэрэглэгдэж байгаа хар цаас нь шатах, аюулгүй ажиллагааг зөрчих үндэслэл болохгүй, уугиж шатах материал биш юм. Шинжээч Бат-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт “...хар цаасыг наах явцад хайлмаг нь урсаж уугисан шаталтыг үүсгэдэг...” гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Гэтэл хар цаасны өнгөн хэсгийг газын ил галаар халаагаад хайлмагтдаг, хайлмаг цаашаа урсдаггүй. Шүүгдэгч Отгонсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт “...хар цаасыг бээлий хийж байгаад наасан, наалдахаас биш шатахгүй, мөн тэр дороо хөрчихдөг...” гэж мэдүүлсэн байдаг. Энэхүү мэдүүлгийг Оюундалай баталдаг. Бодит ажиллагаан дээр хөрдөг гэдгийг мэддэг учраас халалт нь шаталт болохгүй, бусад бодисыг шатаадаггүй. Хар цааснаас үүссэн температур нь бусад эд материалыг шатаахгүй. Шинжээч Бат-Эрдэнийн “хар цаас урсдаг” гэх дүгнэлт нь амьдрал дээр байхгүй. Хар цаасыг хайлуулахад урсдаггүй. Шинжээчийн буруу дүгнэлтэд үндэслэн анхан шатны шүүх “уугиж шатсан” гэж дүгнэснийг буруу гэж үзэж байна. Шинжээч Бат-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт “...газан хошуу нь 1200-1500 градусын дулаан ялгаруулдаг. Хар цаасны шатах температур нь 380-397 градус байдаг...” гэсэн. Гэтэл газан хошуугаар хар цаасыг хайлуулж байхад гал гараагүй, тэнд ажил хийж байсан хүмүүс ямар нэгэн ил гал гараагүй гэдгийг нотолдог. Иймд шинжээчийн “уугиж үүссэн” гэх дүгнэлт нь мөн Цагдаагийн ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 370, 371 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн гаргасан “ил галаар үүснэ” гэдэг дүгнэлттэй, шинжээч Бат-Эрдэнийн “уугиж шатана” гэсэн дүгнэлт хоорондоо зөрчилддөг. Онолын хувьд ч, практикийн хувьд ч зөрчилдөж байна. Иймд анхан шатны шүүхээс хийсэн “уугиж шатна” гэх дүгнэлт үндэслэлгүй болж байна. Галын голомт хаана байсныг зайлшгүй тогтоох шаардлагатай. “Говь” ХК-ийн дээвэр дээр ажиллаж байсан хүмүүсийн газраас гал гарсан уу, өөр газраас гал гарсан уу гэдгийг шалгасан байдаг. Хавтас хэргийн 59 дүгээр хуудсанд гэрч Энхболдын мэдүүлэгт “...орой 20 цаг 40 минутын үед “Говь” ХК-ийн хашаанд гал гарч байна гэсэн дуудлагыг хүлээж авсан. Ингээд очоод үзэхэд барилгын гол хэсэгт, агааржуулалтын хоолойгоор утаа гарч байсан. Бид нар галын голомт олох зорилгоор дулаан мэдрэгчээр хайгуул хийхэд салхивчнаас 3 метрийн зайд үзэхэд галын голомт мэдрэгдэхгүй байсан. Харин салхивчны баруун хойд талд 2,5 метрийн зайд үзэхэд халаалт ихтэй байсан...” гэдэг. Гэтэл шүүгдэгч нар дээврийн зүүн талд ажиллаж байсан гэдгийг олон баримтуудаар нотлогддог. Мөн хэргийн 67 дугаар хуудсанд гэрч Барсхүүгийн мэдүүлэгт “...галын голомт нь “Говь” ХК-ийн үйлдвэрийн дээврийн гол хэсэг агааржуулалтын сувгаас өндөр температур илэрч байсан. Дээвэр дээр хар цаас нааж байсан гэх газарт очиж дулаан мэдрэгчээр шалгаж үзэхэд ямар нэгэн өндөр температур мэдрэгдээгүй...” гэсэн байдаг. Барсхүүг шалгахад шүүгдэгч нарын ажиллаж байсан газраас дулаан илрээгүй. Эсрэгээрээ баруун талд 30 метрийн зайд төв хэсэгт яндангийн орчмоос гал гарч байсан гэж мэдүүлдэг. Галын голомт эдгээр хүмүүсийн ажиллаж байсан газраас биш өөр газарт гарсан гэдэг нь дээрх баримтуудаар тогтоогдож байна. 279, 371, 1513 дугаартай дүгнэлтүүдэд “хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, зураг зэргээс үзэхэд объектын дээврийн төв хэсгээр хялбар шатах материалаар дамжин гал тархсан байна. Гал гарах болсон шалтгаан нь дээвэр дээр ил галаар хар цаасыг хайлуулж нөхөөс хийсэн нь гал гарах шалтгаан болсон...” гэсэн байдаг. Энэ дүгнэлт нь уг хэргийг мөрдөж байсан Өлзийтогтох гэх мөрдөгчийн хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтийг үндэслэж гарсан гэдгийг шинжээчийн дүгнэлтэд тусгасан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “...хөтөлж тулгаж асуухыг хориглоно.” гэсэн заалтыг мөрдөгч Өлзийтогтох зөрчиж, гэрч Очирхуягийг өглөө ирэхэд нь нөхөөс хийсэн газраа зааж өг гэж заалгаад тэнд нь тэмдэглэгээ хийсэн байдаг. Тэр газрыг нь гал гарсан газар гээд тэмдэглэсэн. Урьд нь мэргэжлийн хүмүүс гал гарч байх явцад нь дулаан мэдрэгчээр тогтоосон байхад хамаг юм шатсан хойно ямар ч баримтгүй зөвхөн тэнд ажиллаж байсан хүмүүсийн мэдүүлгийг өөрөө хөтөлж тулгаж аваад энэ газар гал гарсан газар мөн байна гээд тогтоосон. Илт хууль зөрчсөн мөрдөгчийн ажиллагааг үндэслэж дүгнэлт гаргасан нь шүүгдэгч нарыг буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Барилгад 20 цаг 40 минутын үед гал гарсан гэдгийг гэрч Сэлэнгэмөрөн, Түвшинтөгс, Жавзмаа нар нотолдог. Шүүгдэгч нар ажлаа 17 цагт хийгээд дууссан байдаг. Ажлаа хийгээд 3 цаг өнгөрсний дараа утаа гарсан байдаг. Ил галаар гал гарсан гэж дүгнэлт гарсан боловч тэр дороо дүрэлзэж асаагүй байсан. Ил галаас болж гал гараагүй гэдэг нь харагдаж байна. Эдгээр байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсоныг цагаатгаж өгнө үү гэх саналыг гаргаж байна...” гэв.

Иргэний хариуцагч Х.Оюундалай давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмнөх шүүх хуралдаанд оролцсон шинжээч, сүүлд шүүх хуралдаанд оролцсон шинжээч нарын мэдүүлэг хоорондоо зөрдөг. Нэг шинжээч нь гал гарсан голомтыг манай хүмүүсийн ажиллаж байсан газраас 1 метрийн зайд тогтоосон байдаг. Хар цаасыг шатаасан гэдэг. Хар цаасыг хайлуулж, хайлмагтуулж наадаг бүтээгдэхүүн. Хэрвээ олон улсад зөвшөөрөгдөөгүй байсан бол манай компани хэрэглэхгүй байсан. “Говь” ХК-ийн дээврийг хүлээж авахад улсын хяналтын комисс хүлээж авдагтай адил дээврийн ямар нэгэн ажиллагааг хийсэн тохиолдолд тэрийг хүлээж авах ёстой. “Говь” ХК-иас комисс томилогдох ёстой байсан. Зөвшөөрөгдсөн норм дүрмийнх нь дагуу байна уу,  үгүй юу гэдгийг шалгах ёстой. Шатамхай гэж үзээд байгаа моднууд дээр хар цаас наах нь зөв юм уу, буруу юм уу гэдгийг тогтоох юм бол хүлээж авсан Онцгой байдал ч юм уу, зөвшөөрөл өгсөн байгууллага, шатах нөхцлийг бүрдүүлсэн “Говь” ХК өөрөө буруутах ёстой. Дээврийн хийцлэлийг би хамгийн сүүлд мэдсэн. Дээврийн доор юу байгааг бид нарт тайлбарлаагүй. Дээр нь гишгэхэд доошоо хотолзоод банз шиг мэдрэгдэж байсан. Олон жил давхарласан хар цаасны доор банз л байсан гэж бодож байсан болохоос биш гал гарахад нөлөөлөх шатамхай бодис хөөсөнцөр байгааг хэн ч хэлээгүй. “Говь” ХК нь өөрсдөө мэдэж байсан үгүй нь ч эргэлзээтэй байдаг. Дээврийн ажлыг гүйцэтгэж байх явцдаа болгоомжгүйгээс болж гал алдсан гээд буруутгагдаж байна. Би иргэний хариуцагч гээд их мөнгөн дүнтэй хохирол дээр буусан. Үүнийг эс зөвшөөрч байна. Энэ асуудалд аль аль талын буруу байгаа...” гэв.

Иргэний хариуцагч Х.Оюундалайгийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний гол байр суурь бол галын голомт юм. Гал түймрээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Гамшигаас урьдчилан сэргийлэх тухай хуулиуд дээр галын шаталт явагдаж буй тухайн орчныг галын голомт гэдэг. Шүүх дүгнэхдээ галын голомтыг миний үйлчлүүлэгч нарын хар цаас нааж байсан газрыг гэж үзээд байгаатай огт санал нийлэхгүй байна. Шинжээч Баян-Эрдэнэ өөрийнхөө дүгнэлтэд “...хамгийн удаан шаталт 7-8 цаг, хамгийн хурдан шаталт 30 минутаас 1 цагийн хооронд болдог...”,  мөн “...хар цаас наасан газрыг голомт гээд түүнээс 30 метрийн зайд хүчилтөрөгч ихтэй орчинд гал дэлгэрэн ассан...” гэж дүгнэлт гаргасныг шүүх шийтгэх тогтоолдоо үндэслэл болгосонтой санал нийлэхгүй байна. Учир нь тухайн галыг унтраах үйл явцыг даргалж ажилласан Онцгой байдлын офицер Барсхүү мэдүүлэг өгсөн байдаг. Тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “...галын удирдагчийг иртэл дулаан мэдрэгчээр хэмжилт хийсэн. Гэтэл галын голомтоос аль аль талруугаа 4 метрийн зайд дулаан хэмжигч багажаар үзэхэд 0 зааж байсан...” гэж, мөн “...дээвэр дээр ажиллаж байсан газраас огт дулаан илрээгүй, дулаан агааржуулалтын хоолойноос илэрч байсан...” гэдэг. Агааржуулалтын хоолой эдгээр хүмүүсийн хамгийн сүүлд ажиллаж байсан газраас 10 гаруй метрийн зайтай байсан. Мөн мөрдөгч Өлзийтогтохын мэдүүлэгт “...Энхбаяр, Лхагважаргал нар хэргийн газарт очоод галын голомтыг заасан...” гэдэг. Энэ мэдүүлэг нь гэрч Энхбаярын мэдүүлгээр няцаагддаг. Учир нь гэрч Энхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт “...гал гарсны дараа, та нарын ажиллаж байсан газар хаана вэ гэж хэлээд намайг мод бариад зогсож бай гээд бидний зургийг авсан. Тэрнээс биш бид нараас гал гарсан голомтыг зааж өг гэж хэлээгүй...” гэдэг. Үүгээр миний үйлчлүүлэгчийн ажилчдын ажиллаж байсан газарт галын голомт байгаагүй гэдэг нь нотлогдож байна. Гал гарахдаа яагаад банзнуудын чиг шугамаар яваад шатаж байгаа вэ, яагаад гэрийн буйрын хэмжээтэй гал тойрч шатаагүй юм бэ гэх асуултад хариулт өгч чадаагүй. Үүнийг хавтаст хэрэг цугларсан нотлох баримтын хэмжээнд биш энгийн логик байдлаас авч үзэхэд хөндлөн байгаа модны хаагуур нь яваад тэнд очиж гал дүрэлзэж асах нөхцөл байдал бий болсон нь эргэлзээтэй. Шинжээч өөрөө “...гал гэрийн буйрын хэмжээтэй тархана...” гэсэн. Гэтэл гал гарсан газар 30 метрийн зайтай хүчилтөрөгчийн орчинд очиж тархсан гэж байгаа нь эргэлзээтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан шинжилгээг шүүхийн байгууллагаас гадуур хийх журмыг ноцтой зөрчсөн гэж ойлгож байна. Гамшиг судлалын үндэсний төвийн Гамшгийн шинжилгээний төвийн шинжээчийн гаргасан дүгнэлт нь нэг албан газрын, нэг дор ажилладаг, захиран шатлах тогтолцоотой хүмүүсээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлт гаргуулахаар томилохдоо өөрийнх нь ажил албан тушаал, нэг сургууль төгссөн байдал, бусад харилцан эсрэг сонирхолтой байгаа эсэх, ажлын туршлага зэргийг харгалзах ёстой байтал зөрчиж шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал бий болсон. Мөн шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй. 30 метр орчим газрыг галын голомт гэж үзсэн нь нэг талыг барьсан дүгнэлт болсон. “Хүчилтөрөгч ихтэй орчинд гал дүрэлзэн шатна” гэх дүгнэлт, шүүх хуралдаанд оролцсон шинжээчийн мэдүүлгээс зөрдөг. Хар цаас шатаана, хар цаас наана гэдэг ойлголт өөр өөр юм. Гаазан хошуунаас гарч буй дулааны температур 1200-1500 градус гэдэг. Үүнийг удаан бариад зогсоогүй 1-2 секунд бариад авахад хар цаас хөлдөх явц бий болдог тул оч, дөл, шатаах процесс явагддаггүй. Ийм нөхцөл байдал тогтоогдож байхад анхан шатны шүүх галын голомтыг 1200 градуст халж гал оволзож шатсан гэх дүгнэлт гаргасан нь шинжээч нарын дүгнэлтийг үгүйсгэсэн дүгнэлт болсон. Гал гэрийн буйрын хэмжээтэй тархан шатаагүй шалтгааныг хариулж чадаагүй. Миний үйлчлүүлэгч “Говь ХК”-д учирсан эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцах этгээд биш болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд иргэний нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Д.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбаргүй.” гэв.

Шүүгдэгч Б.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбаргүй.” гэв.

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цасчихэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хар цаас ил галаар төөнөж наах асуудал олон яригдсан. Хар цаасыг галаар халаадаг талаар бүгд мэдэж байгаа. Шинжээч галын голомтыг тодорхой тайлбарласан. Доогуураа төөнөж уугиж хүчилтөрөгч ихтэй орчинд очихоороо ил гал болно гэдэг. Ямар хугацаагаар очиж шатахыг шинжээч хариулах боломжгүй. Хүчилтөрөгчийн орчин нь ямар байсан, дээврийн хийц нь ямар байсныг хариулах боломжгүй гэж шинжээч хэлж байсан. Мөн газын хошуунаас гарч буй галын температур, хар цаас шатах температураас өндөр байна гэдгийг шинжээч хэлсэн. Хар цаасыг халаахдаа хэр зайнаас, яаж бууруулж халаах нь тусгай ажиллагаатай байх. Яг гарч байгаа температурыг хэлсэн болохоос шатах температурыг хэлээгүй. Барсболд гээд гэрч 7-8 сарын дараа гэнэт гарч ирсэн. Би тухайн үед багажаараа хэмжсэн гээд эргэлзээтэй нөхцөл байдал төрүүлсэн. Тухайн багажаа хаанаас авсан, хэн шалга гэх үүрэг өгсөн юм. Энэ гэрчийн мэдүүлэг их эргэлзээтэй байгаа. Шүүгдэгч нар, иргэний хариуцагч, өмгөөлөгч нар нь ёс зүйтэй байх хэрэгтэй. “Toп Рууф” ХХК нь “Говь” ХК-ийн дээврийг 7-8 жил нөхсөн байдаг. Тухайн эрсдлийг мэдэх боломжтой байсан. Доор нь ямар материал байгааг мэдэж байсан гэж үзэж байна. Мэдэх боломжгүй байсан гэдгийг хүлээж авах боломжгүй. Хохирогчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

Прокурор Г.Эсэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...өмгөөлөгч нарын гаргаж буй гомдол үндэслэлгүй байна. Тэдгээрийн үйлчлүүлэгч нарыг цагаатгах нотлох баримт хавтас хэрэгт байхгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж тогтоогдсон зүйлийг дахиж ярьж байна. “Говь” ХК-ийн барилгын дээврийн бүтэц ганц банз байгаагүй мод, хөөсөнцөр, хөвөн зэрэг байсан нь тогтоогдсон. “Говь” ХК болон “Toп Рууф” ХХК хоёрын хооронд 1900 метр квадрат талбайн дээврийн хар цаасыг наах гэрээ байгуулагдсан байдаг. Энэ гэрээний дагуу хар цаасыг наахдаа “Toп Рууф” ХХК-ийн ажилчид “Говь” ХК-ийн цайны газрын дээврийн хэсгийн хуучин хар цаасыг хуулж авчирч сольсон байдаг. Энэ нь гал гарах үндсэн шалтгаан болсон бол уу гэж бодож байна. Тусгай мэдлэгтэй шинжээчийн дүгнэлтэд шинэ хар цаас, хуучин хар цаас хоёрын чанар байдал болоод галд тэсвэртэй байдал зэрэг бүгд өөрчлөгдөнө гэдгийг хэлсэн байгаа. Хуучин Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар шаардлагатай гэрч нарыг оролцуулсан. Дээвэр дээр ажилласан хүмүүсээр өөрсдөөр нь ажил хийсэн цэгийг тодорхойлуулсан байгаа. Мод бариулаад нэг газар очоод зогсоосон зүйл байхгүй. Иргэний хариуцагчийн өмгөөлөгч хог хаясанаас болж гал гарах боломжтой гэж байна. Тааз руу хог хаях боломжгүй байхаа. Галын голомтыг 12 дугаар сарын 8-ны өдрийн дүгнэлтээр 2017 оны 6 сарын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж гаргасан. Уг дүгнэлтэд “...“Говь” ХК-ийн үйлдвэрийн дотор талын тоног төхөөрөмж тавилга, хана, тааз, цонх, хаалга, өрөө тасалгаанаас шаталт явагдаагүй зэргээс харахад галын голомт үйлдвэрийн гадна дээврээс үүссэн байна. Барилгын дээврийн хөндийн дотор талд цахилгаан дамжуулах утасны угсралт хийгдээгүй байна...” гэсэн байдаг. Галын голомтыг 30 метрийн зайтай тодорхойлсон нь “уугисан шаталт” гэдгийг нотолдог. Иргэний хариуцагчийн хувьд аюулгүй ажиллагааны зааварчилгааг өглөө өгсөн гэж яригддаг. Энэ гал нь ажлаа эхэлсэн эхний өдөр нь гарсан байдаг. “Toп Рууф” ХХК-ийн захирал Оюундалай дээвэр ямар бүтэцтэй байсныг мэдэхгүй гэж байна. Гэтэл хэрэгт авагдсан нөхцөл байдал эсрэгээрээ байдаг. “Toп Рууф” ХХК-ийг сонгох болсон шалтгаан бол урьд нь харилцаж байсан, дээврийн ажлыг хийж байсан тул шууд сонгож гэрээ хийсэн нь харагддаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж тогтоолгүй орхигдуулсны гадна, прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 1.6 дахь заалтад заасан нотолбол зохих асуудлууд буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг эргэлзээгүй нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн буруу байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Нэгдүгээр бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчмыг хуульчилан тодорхойлсон ба энэ хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж заасан.

Хэргийн материалыг судлахад, “Говь” ХК-ийн үйлдвэрийн барилгын дээвэрт гарсан галын улмаас тус барилгыг сэргээн засварлах ажилд гарсан зардал буюу хохирлын хэмжээг тогтоосон “Юнифайд Файнаншл Слоюшнс Аудит” ХХК-ийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн аудитын тайлан болон түүнд шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 53 дугаартай дүгнэлтэд тусгагдсан дүн харилцан зөрүүтэй байх бөгөөд прокурор яллах дүгнэлтдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тодорхой тусгаагүй байна.

Иймээс “Юнифайд Файнаншл Слоюшнс Аудит” ХХК-ийн аудитын тайлан гаргахад үндэслэсэн баримтуудыг санхүүгийн анхан шатны холбогдох баримтуудтай харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, шатсан барилгын дээврийг ижил төстэй материалаар шинэчлэн засварлахад ямар хэмжээний бодит зардал гарахыг тогтоох нь зүйтэй.

Мөн шатсан дээврийг тухайн үед хэдэн төгрөгийн зардал гаргаж тавьсан, түүний элэгдэл хорогдлыг хасаж тооцоход уг дээвэр шатах үедээ хэдэн төгрөгийн өртөгтэй болсон байсныг тогтоох шаардлагатай.

Түүнчлэн барилгын дээвэрт гал гарах болсон шалтгаан нөхцлийг тогтоохоор дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах, барилгын дээврийн засварын ажлыг гүйцэтгэгч “Топ Рууф” ХХК буюу иргэний хариуцагч хуулийн эдгээдийн удирдах албан тушаалтнуудын үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд явуулах шаардлагатай гэж үзэв.

Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэхээр зохицуулсан.

Иймд дээр дурьдсан нөхцөл байдлуудыг шалгаж тогтоосны эцэст прокуророос Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх эсэх асуудалд дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчлэн, яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлэн үйлдэж ирүүлвэл зохих тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.О, Б.Ц нарт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх болсонтой холбогдуулан гэм буруу, хохирол хариуцах талаар маргасан шүүгдэгч Д.О, Б.Ц нарын өмгөөлөгч Я.Баатар, иргэний хариуцагч Х.Оюундалай, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын давж заалдах гомдлуудад энэ удаад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.О, Б.Ц нарт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар тухайн шүүхэд буцаасугай.

2. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүртэл Д.О, Б.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ