Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 120/2023/0028/З |
Дугаар | 221/МА2024/0120 |
Огноо | 2024-02-21 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2024/0120
|
|
|
Т.А*******ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, гуравдагч этгээд Л.Б*******
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Т.А*******
Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг дарга
Гуравдагч этгээд Л.Б*******
Нэхэмжлэлийн шаардлага: Өмнөговь аймгийн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/1667 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 36 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Т.А*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******
Гуравдагч этгээд Л.Б*******
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Г*******, Д.М*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүжин
Хэргийн индекс: 120/2023/0028/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т.А******* Өмнөговь аймгийн Засаг даргад холбогдуулан “Өмнөговь аймгийн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/1667 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2.Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 36 дугаар шийдвэрээр:
“Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Т.А*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/1667 дугаар захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “…Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах бөгөөд 66.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгох талаарх зохицуулалт нь Засаг даргаас шийдвэрлэж буй тухайн асуудал нь хуульд зааснаар өөрийнх нь эрх хэмжээнд хамааралтай байгаа тохиолдолд үйлчилнэ", "Засаг даргаас чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хүлээх үүрэг, бүрэн эрхийг хууль тогтоомжид тусгайлан зааж өгснөөр дээрх зохицуулалтыг хэрэгжүүлэх хууль зүйн шаардлага хангагдана", "Ханбогд сумын Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/10 дугаар захирамж нь багийн Засаг даргыг чөлөөлсөн хүний нөөцийн удирдлагатай холбоотой шийдвэр бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсгийн зохицуулалтад хамаарахгүй..." гэж тус тус дүгнээд Ханбогд сумын Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн "Л.Б*******ийг багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай" Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгох эрх аймгийн Засаг даргад олгогдоогүй мэтээр тайлбарласан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлд хамаарах юм.
Учир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргын хүний нөөцийн асуудлаар гарсан захирамжийг хүчингүй болгох эрхийг хязгаарлаагүй, хүчингүй болгох захирамжид зөвхөн "хууль тогтоомжид нийцээгүй байх" шалгуурыг тавьсан.
3.2. Ханбогд сумын Засаг даргад холбогдуулан түүний “2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулах" шаардлага бүхий Л.Б*******ийн гомдлыг шийдвэрлэх ажиллагааны хүрээнд сумын Засаг дарга нь шийдвэр гаргахын өмнөх хуульд заасан ажиллагааг гүйцэтгээгүй, багийн Засаг даргыг чөлөөлөх, огцруулах талаарх хуульд заасан үндэслэлийг хэрэглээгүй, нотлоогүй болохыг тогтоож, маргаан бүхий акт болох аймгийн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/1667 дугаар захирамжийг гаргасан байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-т ...нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн зүгээс дээрх захиргааны акт /Ханбогд сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Б/10, Б/11 дүгээр захирамж/-уудтай тусгайлан маргаж, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж зааснаар гуравдагч этгээдийн зүгээс гаргасан маргаагүй захиргааны актад холбогдох тайлбар, баримтад дүгнэлт хийх боломжгүй ...” гэсэн нь маргаан бүхий акт гарах болсон үндэслэл, үйл баримт, түүнд хамаарах нотлох баримтыг үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй, улмаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасан зохицуулалтыг хэрэглэлгүй, 106 дугаар зүйлийн 106.5-д заасан "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэсэн тухайн үйл баримтад хамааралгүй зохицуулалтыг хэрэглэсэн гэж үзэж байна.
Дээрх үндэслэлүүдээр Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 36 дугаартай шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэх хуулийн шаардлагыг зөрчиж байгаа тул уг хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Л.Б******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1.“...Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5-д "Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах бөгөөд 66.3-т заасан Засаг даргын захирамж хуульд нийцээгүй бол өөрөө эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгох талаарх зохицуулалт нь Засаг даргаас шийдвэрлэж буй тухайн асуудал нь хуульд зааснаар өөрийнх нь эрх хэмжээнд хамааралтай байх тохиолдолд үйлчилнэ" гэж дүгнэснээрээ хуулийг буруу хэрэглэсэн байна.
Учир нь Ханбогд сумын Засаг даргын Л.Б*******ийг багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн 2023 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн Б/10 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны акт мөн. Захиргааны акт мөн учраас дээд шатны буюу аймгийн Засаг дарга доод шатны Засаг даргын захирамж хуульд нийцсэн эсэхийг судалж шийдвэрлэх эрх нь Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно" гэж заасанд нийцсэн.
Нөгөө талаас тухайн захиргааны акттай маргаж буй, ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн багийн Засаг дарга Л.Б******* нь өөрийн эрхээ хамгаалахын тулд Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана" гэж заасны дагуу аймгийн Засаг даргад гомдол гаргаж урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрүүлсэн байна.
4.2.Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. Маргаан бүхий захиргааны акт болох Өмнөговь аймгийн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/1667 дугаар захирамжид Багийн Засаг даргыг чөлөөлөх, огцруулах талаар хуульд заасан үндэслэлийг хэрэглээгүй, түүнчлэн нотлоогүй, шийдвэр гаргахын өмнөх хуульд заасан ажиллагааг гүйцэтгээгүй гэсэн 3 үндэслэлийг заасан.
Хавтаст хэргийн баримтаас үзэхэд:
Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна” 64.2.1-т “Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон”, 64.2.2-т “хууль тогтоомж удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн”, 64.2.3-т “энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэлээр Хурал түүнийг огцруулах санал гаргасан”, 64.2.4-т “Засаг дарга өөрөө огцрох хүсэлтээ гаргасан”, 64.2.5-д “энэ хуулийн 65.1.3-т заасан үндэслэлээр” гэжээ.
Эдгээр нөхцөл байдлын аль нь болох талаар сумын Засаг даргын захирамжид тусгагдаагүй байхаас гадна Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэлд ч тусгагдаагүй байгаа учраас "нотлогдоогүй" гэсэн нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн Л.Б*******д ямар ч мэдээлэл өгөөгүй байсны эцэст Ханбогд сумын Засаг дарга үндэслэлгүйгээр ажил, албан тушаалаас нь чөлөөлжээ. Багийн Засаг даргыг чөлөөлнө гэдэг нь тухайн багийн Засаг дарга өөрөө эрүүл мэндийн эсвэл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөний үндсэн дээр шийдвэрлэгдэх талаар Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасан.
Огцруулах, чөлөөлөх хуулийн зохицуулалт нь ялгаатай болно. Энэ тохиолдолд Л.Б*******ийг Хайрхан багийн Засаг даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй байхад нь чөлөөлсөн тул үүнийг эсэргүүцэж урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргаж, аймгийн Засаг дарга гомдлыг нь хүлээн авчээ.
Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3-т гуравдагч этгээдийг "... дээрх захиргааны актуудтай маргаж, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй..." гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.
Учир нь гуравдагч этгээд Л.Б******* өөрийг нь үндэслэлгүй чөлөөлсөн талаар маргаж байна. Анхан шатны шүүх Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.6-д “Засаг даргыг хууль тогтоомжид заасан үндэслэлээр огцруулах санал гаргах", 56 дугаар зүйлийн 56.7-д “Дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайд тухайн нэр дэвшигчийг томилохоос татгалзаж болно" гэх зохицуулалтууд байхад аймгийн Засаг даргыг багийн иргэдийн Нийтийн Хурлын эрх хэмжээнд хөндлөнгөөс нөлөөлсөн мэтээр хэт явцуу дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болно.
4.3.Шүүх нотлох зарчмыг хангалттай хэрэгжүүлээгүй, хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасан. Энэ хүрээнд дараах нөхцөл байдлыг тогтоох нотлох баримтуудыг цуглуулж, дүгнэх ёстой байсан.
Тухайлбал шинээр томилогдсон багийн Засаг дарга Т.А*******ыг сонгосон гэх 2022 оны 12 дугаар сарын 27-ны Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын ирцтэй холбоотой баримт, хэлэлцэх асуудалтай холбоотой баримтууд тэр дундаа Л.Б*******ийн асуудалтай холбоотой ямар ямар баримт байсан эсэх, хурлын тэмдэглэлд тодорхой зүйл байхгүй байгаа энэ тохиолдолд хурлын бичлэгийг гаргуулах, нэр дэвших ажиллагаа хуульд нийцсэн эсэх, багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолоор 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Т.А*******ыг томилуулах санал ирүүлснийг 2023 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл 9 сар 9 хоногийн хугацаанд сумын Засаг даргаас захирамж гаргаагүй нөхцөл байдлыг тодруулж дүгнэх шаардлагатай байсан.
Нэхэмжлэгч Т.А*******ын нэхэмжлэлийг бүрэн хангах тохиолдолд шүүх гарцаагүй эдгээр байдлуудыг нягтлан үзэх, нотлогдох байдлыг харгалзах ёстой.
Түүнчлэн Өмнөговь аймгийн Ханбогд суман дахь сум дундын Прокурорын газрын Прокурорын 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 29 дугаартай тогтоолоос үзэхэд Т.А******* гэгч нь өөрийн нагац эгч Ц.Б*******гаар дамжуулан багийн иргэдэд 1 сая төгрөг, 2 тонн нүүрс өгч, багийн Засаг даргаар сонгоорой хэмээн мөнгө төгрөг өгсөн асуудлууд тогтоогдсон байна. Энэ баримтыг шүүх нотлох зарчмаараа гаргуулан авч, дүгнэлт хийх ёстой байсан.
Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум, дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд томилно”, 59.1-т “Сумын Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 59.1.2-т “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх”, 64 дүгээр зүйлийн 64.2-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна” гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1/15 дугаар тогтоолоор Л.Б*******ийг багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг баталж, уг саналыг дээд шатны Засаг даргад уламжилсан, мөн өдрийн 1/16 дугаар тогтоолоор Т.А*******ыг багийн Засаг даргад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэснийг тус тус үндэслэн Ханбогд сумын Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар Л.Б*******ийг үүрэгт ажлаас чөлөөлж, 6-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар Т.А*******ыг Хайрхан багийн Засаг даргаар томилжээ.
Гэтэл дээрх хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-т “Дээд шатны Засаг дарга, …энэ хуулийн 64.2.3-т заасныг баримтлан гаргасан тухайн Хурлын саналын дагуу Засаг даргыг огцруулах шийдвэрийг 14 хоногийн дотор гаргана. Хэрэв тухайн саналыг хүлээж аваагүй бол Хурал Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн хугацаанд дахин тавихгүй” гэж заасан байхад хугацааны хувьд Хайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлаас Л.Б*******ийг чөлөөлүүлэх /хууль зүйн утгаараа огцруулах/ саналыг хүргүүлснээс хойш 9 сар орчмын дараа түүнийг чөлөөлөх болсон шалтгааныг, мөн хуульд заасан хугацааг ийнхүү хэтрүүлсэн нь огцруулах саналыг тухайн үед хүлээж авахгүй байсантай холбоотой эсэхийг Ханбогд сумын Засаг даргаас тодруулах нь хэргийг нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдолтой.
Учир нь маргаан бүхий 2023 оны А/1667 дугаар захирамжаар сумын Засаг даргын “Л.Б*******ийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгосон нэг үндэслэлдээ “…Багийн Засаг даргыг чөлөөлөх, огцруулах талаар хуульд заасан үндэслэлийг хэрэглээгүй…”, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс ч “…14 хоногийн дотор огцруулах шийдвэр гаргах байсан…” гэсэн тайлбар гаргасан байхад шүүхийн шийдвэрт “…хуулийн 66.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгох талаарх зохицуулалт нь хүний нөөцийн удирдлагатай холбогдуулж гаргасан шийдвэрт хамаарахгүй…” гэх байдлаар талуудын маргаж буй үндэслэлд огт дүгнэлт өгсөнгүй.
2.Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас, 400-аас дээш өрхтэй багт таван өрх тутмаас, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд хорооны хэсэг тус бүрийн 20 өрх тутмаас тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно. Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө тухайн баг, хорооны оршин суугчдад мэдээлэх бөгөөд хуралдах байршил, цагийг тусгасан байна” гэж заасан.
Хэрэгт 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хийгдсэн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны ирц хуульд заасан дээрх шаардлагыг хангасан эсэх талаарх баримт хангалттай авагдаагүй, мөн өдрийн Хуралдааны тэмдэглэл, Хуралдааны дэг батлах тухай тогтоол, Багийн иргэдийн нийтийн Хурлын Хуралдааны дэг зэрэг хэргийн 4-17 дахь талд авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй, өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т “Төрийн байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэсэнтэй нийцэхгүй байна.
Харин гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд “...даргалагч шүүгчийг албажуулсан захирамж хэрэгт байхгүй” гэсэн боловч шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор хэргийг шүүгч М.Цэцэгмаад шилжүүлж, 11 дүгээр сарын 28-ны өдрийн 33 дугаар тогтоолоор шүүгч Ч.Баярмаад буцаан шилжүүлсэн, улмаар Ерөнхий шүүгчийн мөн оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 16 дугаар захирамжаар даргалагч шүүгчээр Ч.Баярмааг томилж албажуулсан байгааг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 36 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН