| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2018/0332/И |
| Дугаар | 467 |
| Огноо | 2018-06-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 467
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х банкны Б аймаг дахь салбар /захирал Б.Б/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, Ш овогт Дын Бад холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 3905796 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 407187 төгрөг, нийт 4312983 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбарын захирал Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Б нь өөрийн эх болох Б.Ргийн хамт Б Х Банкны салбарын харьяа Б тооцооны төвөөс 2017 оны 07-р сарын 04-ний өдөр өмнөх тэтгэврийн зээлийн үлдэгдэл болох 4215856 төгрөг дээр нэмж 152500 төгрөг нийт 4368356 /Дөрвөн сая гурван зуун жаран найман мянга гурван зуун тавин зургаа/ төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлээр авсан. Зээлдэгч Д.Б нь зээлийн барьцаанд өөрийн эх болох Б.Ргийн тэтгэврийн санхүүжилтийг барьцаалсан боловч эх нь нас барж тэтгэврийн санхүүжилт зогссоны улмаас зээлээ хугацаанд төлөхгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөхгүй /204 хоног/ хугацаа хэтрүүлж байна. Иймд банк зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг үндэслэн Д.Баас 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар тэтгэврийн зээлийн төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Үндсэн зээлийн үлдэгдэл 3905796 төгрөг
Зээлийн хүүгийн төлбөр 407187 төгрөг нийт зээлийн үлдэгдэл, хүүгийн хамт 4312983 /Дөрвөн сая гурван зуун арван хоёр мянга есөн зуун наян гурав/ төгрөгийг гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Зээлдэгч Д.Б өөрийн эх болох Ргийн хамт Х банкны салбарын харьяа Б тооцооны төвөөс 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өмнөх тэтгэврийн зээлийн үлдэгдэл болох 4215865 төгрөг дээр нэмж, 152500 төгрөгийг нийт 3668350 төгрөгийг 24 сарын хугацаагаар жилийн 18 хувийн хүүтэй зээлээр авсан. Зээлийн барьцаанд өөрийн эх болох Ргийн тэтгэвэр санхүүжилтийг барьцаалсан боловч, эх нь нас барьж төрийн санхүүжилт зогссоны улмаас зээлээ төлөхгүй хүлээсэн үүргээ биелүүлээгүй билээ. Удаа дараа шаардсан боловч өнөөдрийн хүртэл 204 хоног хугацаа хэтрүүлж байна. Банкны зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг үндэслэн Баас 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар тэтгэврийн зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл бол 3905766 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 407180 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д овогтой Б 26 настай. Миний Ы овогтой Д 4-5 жилийн өмнө нас барсан ба төрсөн ээж Бн Р нь өнгөрсөн жил нас барсан ба тэр хүн банканд тэтгэврийн зээлтэй байсан байна. Миний бие муутайгаас болж ямар ч сургууль соёлоор яваагүй бичиг үсэг мэдэхгүй хүн юм. Тэгээд ганц бие одоо намайг ээжийн тэтгэврийг төл гэж банкнаас болон шүүхээс шаардаад байгаа юм. Надад болон ээжийн эд хөрөнгө, мал өөрийн гэсэн гэр оронгүй. Би өдөрт хар бор ажил хийж өдрийн хоолоо арай гэж олж амьдарч байна. Ийм учраас төлөх чадваргүй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж, дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбар нь хариуцагч Д.Баас үндсэн зээлийн үлдэгдэл 3905796 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 407187 төгрөг, нийт 4312983 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Зээлдэгч Б.Р, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Б нар нь Х банкны Б аймаг дахь салбарын Б тооцооны төвөөс 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 01 дугаартай “Тэтгэврийн зээлийн гэрээ”-гээр өмнөх зээлийн үлдэгдэл 4215856 төгрөг дээр нэмж 152500 төгрөг, нийт 4368356 /дөрвөн сая гурван зуун жаран найман мянга гурван зуун тавин зургаан/ төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар, зээл авсан болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №01 дугаартай “Тэтгэврийн зээлийн гэрээ”-гээр болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн тайлбараар тус тус нотлогдож байна.
Хариуцагч Д.Б нь “...Надад болон ээжийн эд хөрөнгө, мал өөрийн гэсэн гэр оронгүй. Би өдөрт хар бор ажил хийж өдрийн хоолоо арай гэж олж амьдарч байна. Ийм учраас төлөх чадваргүй байна” гэж зохигчид маргасан боловч хариуцагч Д.Б нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нотлох баримтаа хавтаст хэрэгт нотлох баримтаа гаргаж өгөөгүй байна.
Хариуцагч Д.Бад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.
Зээлдэгч Б.Р нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр нас барсан бөгөөд 2017 оны 10 дугаар сарын байдлаар 3905796 төгрөгийн үлдэгдэлтэй байсан нь №01 дугаартай “Тэтгэврийн зээлийн гэрээ”-ний 1.2-т заасан зээл олголт, эргэн төлөлтийн хуваар, зээлийн бүртгэлийн картаар тус тус нотлогдож байна.
Нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбар нь хариуцагч Д.Быг тэтгэврийн зээлийг хугацаандаа төлөөгүйн улмаас 204 хоног хугацаа хэтрүүлсэн гэх боловч Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нас барсан бол үүрэг дуусгавар болохоор заасан ба зээлдэгч Б.Р нь нас барснаар үүрэг дуусгавар болсон байхад хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Баас тэтгэврийн зээлийг 204 хоног хугацаа хэтрүүлсэн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацааны хүүд нь 407187 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2017 оны 07 сарын 04-ний өдрийн 01 дугаартай “Тэтгэврийн зээлийн гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар хариуцагч Д.Б нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд гэрээний дагуу хүлээсэн үүргээ зөрчиж, банкнаас авсан тэтгэврийн зээлээ хугацаандаа төлж чадаагүй болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байна.
Иймд хариуцагч Д.Баас үндсэн зээлийн үлдэгдэл 3905796 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт нь 59642 төгрөг, нийт 3965438 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбарт олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 343545 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баас 78397 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбарт олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Д.Бад 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг /баримт №8/ мэдэгдсэн боловч нь хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул хэргийг нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 240 дүгээр зүйлийн 240.1.2, 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг тус тус баримтлан хариуцагч Дын Баас үндсэн зээлийн үлдэгдэл 3905796 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт нь 59642 төгрөг, нийт 3965438 /гурван сая есөн зуун жаран таван мянга дөрвөн зуун гучин найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбарт олгож, илүү нэхэмжилсэн 343545 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баас 78397 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банкны Б аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН