Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1091

 

 

2022          09          06                                   2022/ШЦТ/1091

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Г.Хулан,

улсын яллагч: Б.Чинзориг,

хохирогчийн өмгөөлөгч: П.Алтанчимэг,

хохирогч: Т.О,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2203000000000 тоот хэргийг 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хархорин суманд 1994 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл-3, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Зүүн Ард-Аюушийн 00-00 тоотод оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй /РД:**0000000/ Боржигон овогт Эяын М нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын зам “Арвай үндэс” үйлдвэрийн хойд талын гэх засмал зам дээр 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 00 цаг 05 минутын шүүгдэгч *******-ын жолоодож явсан “Тоёота Приус-20” маркийн 00-00 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд явган зорчигч Т.О мөргүүлсний улмаас түүний бие махбодод хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан зам тээврийн осол гарсан  болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-10/,

- Ослын үеийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэг /хх-12-13/,

- Хохирогч Т.Огийн: “2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр би гэртээ харих гээд Их Нарангийн эцсээс хойноосоо урагшаа явган явж байгаад “Арвайн үндэс” ХХК-ийн хойд зогсоол дээр байхдаа гар утсаараа эхнэр рүүгээ ярих гэтэл очсон айлдаа гар утсаа мартчихсан байсан тул гар утсаа авах санаатай “Арвайн үндэс”-ийн хойд талын замыг урдаасаа хойшоо чиглэлтэй Толгойтоос 21-р хороолол орох замын машинуудыг өнгөрөөгөөд 21-р хорооллоос Толгойт ордог ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явдаг автомашин нь 30-40 метрийн зайтай харагдахаар нь амжаад гарна гэж бодоод гүйгээд 1 дүгээр эгнээнд зам гарах гээд явж байтал автомашин ирээд мөргөсөн. Тэгээд юу болсноо мэдэхгүй байна. Нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэг дээр ухаан орсон” гэх мэдүүлэг /хх-31-32/,

- Гэрч Б.Баярмаагийн: “2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооллын хойд талд байрлах “Тэс петролиум”-ын ойролцоогоос 23 цаг өнгөрч байхад хар өнгийн “Тоёота Приус-20” маркийн 00-00 УНО улсын дугаартай автомашиныг ******* унаад “МТ” колонкоос ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд 1 дүгээр эгнээнд “Арвайн үндэс”-ийн уулзвар орох гээд явж байсан. Би тухайн үед гар утсаа оролдоод явж байсан тул сайн анзаарч хараагүй. Нэг мэдсэн автомашины урд талд тас хийх чимээ гараад урд салхины шил хагартал хүн байхаар нь автомашинаа ******* зогсоогоод ******* түрүүлээд буусан. Би араас нь буутал замынхаа хойд талд явган хүний зам дээр 50 гаран насны согтуу, эрэгтэй хүн байсан. Би 103-т дуудлага өгсөн. ******* өөрийнхөө утсаар 102-т дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-34/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 8504 дугаартай “Т.Огийн биед баруун богтос ясны хугарал, тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун гуянд шарх, нуруу, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн зүйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-69-70/,

- Мөрдөгчийн магадлагаа /хх-109-110/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******-ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******-ын зам тээврийн осол гаргах үедээ жолоодож “Тоёота Приус” маркийн 00-00 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй, зүүн талын ойрын гэрлийн тусгалын хүч 100000-2250000cd байх ёстойгоос 6800 кандел, баруун талын хол ойрын гэрлийн тусгалын хүч 100000-2250000cd байх ёстойгоос тус тус 0 кандел байгаа нь стандартын шаардлага хангахгүй байсан ба ар талын оврын гэрэл болон дугаарын гэрлүүд асахгүй, зүүн талын ойрын гэрлийн хүч стандартын шаардлага хангахгүй байгаа нь ашиглалтын үеийн хуучин эвдрэл гэмтэл байсан болох нь Техникийн хяналтын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2022.06.22-ны өдрийн 999332 дугаартай  дүгнэлтээр /хх-101-105/ тогтоогдож байна.

Дээрх эвдрэл, гэмтэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт буюу Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалтын 5 дугаар зүйлийн 5.2, 5.3-т тус тус заасан зөрчилд хамаарч байна.

Мөн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр хийсэн акт, хяналтын камерын бичлэг зэрэг баримтыг /хх-4-13/ судалж үзэхэд тухайн үед замын байдал нойтон, халтиргаатай, шулуун тэгш зам дээр тухайн осол гарсан болох нь тогтоогдож байна 

Жолооч ******* нь эзэмшигчийнх нь гуйлтаар техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй, ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл бүхий тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, харанхуй болон бороо орж байсны улмаас үзэгдэлт хангалтгүй нөхцөлд, нойтон, халтиргаатай зам дээр тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүйн улмаас явган зорчигч Т.Ог харалгүйгээр мөргөсөн нь тухайн зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон нь дээрх баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд жолооч ******* нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” гэх заалт, 13.2 дугаар зүйлийн 13.2.1-д “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй” гэх заалт, Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” мөн дүрмийн 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Т.Ог мөргөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч *******-ын хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас иргэн Т.Огийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч Т.О нь ГССҮТөвд 2022.06.11-ний өдөр баруун богтос ясны гандан хэсэг хугарах оношоор 7 хоног хэвтэж эмчлүүлж, мэс заслын эмчилгээ хийлгэсэн болох нь шинжээчийн 2022.06.16-ны өдрийн 8504 дугаартай дүгнэлт /хх-69-70/, өвчний түүх /хх-72-84/ зэрэг баримтаар, мөн иргэн Б.Ад мөнгөн дүнгээр 900000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022.06.15-ны өдрийн 14832/ДД23536383 дугаартай дүгнэлт /хх-47-50/, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг /хх-41/, техникийн хяналтын шинжээчийн 2022.06.22-ны өдрийн 999332 дугаартай  дүгнэлтээр /хх-101-105/ тус тус тогтоогдож байна.

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаасаа өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь өөрийн хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Т.О нь өөрийн эрүүл мэндэд, иргэний нэхэмжлэгч Б.А нь өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд заасан арга хэлбэрээр арилгахыг шүүгдэгч *******ос тус тус шаардах эрхтэй байна.

          Хохирогч Т.О нь нийт 5300000 төгрөгийг *******ос нэхэмжилсэн ба тухайн төлбөрийг ******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэг дуусах шатанд хохирогчтой харилцан тохиролцож 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Т.Од нөхөн төлөхөө бичгээр илэрхийлсэн тул хохирогчийн иргэний нэхэмжлэлийг өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхилоо. Шүүгдэгч ******* нь дээрх тохиролцоогоо биелүүлээгүй тохиолдолд хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг энэхүү тогтоолын тогтоох хэсэгт дурьдах нь зүйтэй байна.

          Хохирогч Т.Огийн эмчилгээний зардалд нийт 1802800 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн төлбөрийн мэдээлэл /хх-124/ баримтаар тогтоогдож байна.

          Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д “бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж, мөн зүйлийн 513.2-т “гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус заажээ.

          Мөн иргэн Б.А нь өөрийн эзэмшлийн, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй “Тоёота Приус” маркийн 00-00 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шалтгаанаар гэртээ хүргүүлэхээр шүүгдэгч *******д шилжүүлэн өгч замын хөдөлгөөнд оролцуулсан болох нь иргэний нэхэмжлэгч Б.Агийн мэдүүлэг/хх-41/, гэрч *******ын мэдүүлэг /хх-37-38/, гэрч Б.Бгийн мэдүүлэг/хх-34-35/ зэрэг баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч болох Б.А болон гэм буруутай этгээд болох ******* нарын хэн аль нь хариуцан арилгах үүрэгтэй байна.

           Гэхдээ гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогч Т.О нь явган хүний гарц зам тээврийн осол болсон цэгээс 37 метр буюу үзэгдэх хүрээнд байсаар атал явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарсан хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн байх тул тухайн нөхцөл байдлыг харгалзан Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 1802800 төгрөгийг гуравны нэгээр багасган үлдэх 1201867 төгрөгийг шүүгдэгч *******, иргэний хариуцагч Б.А нараас хувь тэнцүүлэн гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхээр шийдвэрлэв.

          Шүүгдэгч ******* нь урьд шүүхээр 2 удаа ял шийтгүүлж байсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд: Сонгинохайрхан дүүргийн 2012 оны 12 дугаар сарын 04- ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ял дээр 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 249а шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан 2 жил 7 сарын хорих ялын зарим хэсэг болох 1 жилийн хорих ялын нэмж нэгтгэж, 6 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 402-Ө шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдсан болох нь эрүүгийн хариуцлагыг хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-146/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-147-150/, ялаас өршөөн хэлтрүүлэх тухайн шүүгчийн захирамж /хх-150-151/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78.2.4-т заасан ялгүй болох найман жилийн хугацаа дуусаагүй байхад гэмт хэрэг шинээр үйлдэж шийтгүүлж байгаа болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байх боловч Эрүүгийн хуулийн /2015 оны/ ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд урьд ял шийтгэлтэй байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор заагаагүй тул тухайн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

          Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг гарсан даруйд эмнэлгийн тусламж дуудаж тусгай дугаарт дуудлага өгсөн, мөн гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдэл /Замын хөдөлгөөний дүрмийн 5.6, 5.12-ыг тус тус зөрчсөн/ нөлөөлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

          Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотоос гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” саналыг, хохирогчийн өмгөөлөгчөөс “хохирол төлбөр төлөх талаараа шүүгдэгч хохирогчтой тохирсон байгаа. Иймд шүүгдэгчийг ажил хийлгэх боломжтой байдлыг хангах нь зүйтэй байх, мөн иргэний хариуцагчийн зүгээс хохирол төлбөр төлөх нь зүйтэй тул хохирогчийг цаашид гарах хохирол төлбөрийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэх дүгнэлтийг, шүүгдэгч “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус гаргаж оролцсон болно.

          Дээрх нөхцөл байдлыг болон шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн ба түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэж, ял эдлэх хүрээг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Эын М-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Эын Мд 6 /зургаан/ сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, хот хооронд зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч *******-ын хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, ******* нь хохирогчтой 5 сая 300 мянган төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 513 дугаар зүйл, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ос 600933 төгрөг, иргэний хариуцагч Б.Агаас 600993  төгрөг тус тус гаргуулж нийт 1201866 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Т.Огийн нийт 5300000 төгрөгийг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******, иргэний хариуцагч Б.А нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг дискийг *******д холбогдох эрүүгийн 2200000000000 тоот хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

9. Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                С.СЭРЖМЯДАГ