| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2022/0270/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/259 |
| Огноо | 2022-08-29 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/259
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч М.Бамбадорж
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Бамбадоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 2221002770291 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 26-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, эмэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* сумын гоо сайхны дэлгүүрт худалдагч ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг ******* ******* тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД: *******/.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 2-р баг “” сувиллын газарт 2022 оны 06 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө өөрийн охин 3 сартай унтаж байхдаа хөхөөрөө дарж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ : “...2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр эхнэр маань 3 охиноо аваад ******* сумын 2 дугаар баг сувилалын газарт очсон. Тухайн үед сувилалын газрын байшин дотор нь могой үүрэлчихсэн байсан учраас сувилалд очсон ээжүүд зөөврийн вагончикт унтаж байхаар болсон бөгөөд манай эхнэр маань ганцаараа 3 хүүхэдтэй байсан учраас бусад ээж нарын унтах зайнаас хороож, хүндрэл учруулаад яахав гэж бодоод сумын төвөөс хадам аавын Истана маркийн машиныг сувилал дээр авчирсан. Уг истана маркийн машины ар талын зааланд нь эхнэр хүүхдүүд маань оройдоо унтаж амардаг байсан. 2022 оны 06 дугаар сарын 23-ны орой 18 цагийн орчимд би өөрийн төрсөн дүү хамтаар эхнэр хүүхдүүдээ эргэхээр ойр зуурын хүнсний зүйлс аваад сувилал дээр очсон. Тухайн үед ******* маань нэлээн ядарсан байсан бөгөөд надад хэлэхдээ “Өглөө оройны элсний эмчилгээнд хүүхдүүдээ өргөөд явахад хэцүү байна, хүүхдүүдээ хооллож, унтуулах бие засуулахаас авахуулаад гурван охиноо нэгэн зэрэг асрахад хэцүү байна, чи дүү энд үлдээчих, ядаж дунд охиноо асруулах хэрэгтэй байна, би хоёр хөхүүл хүүхэдтэй ганцаараа их ядарч байна” гэж хэлсэн. Ингээд би өөрийн дүү тухайн орой сувилал дээр үлдээсэн бөгөөд маргааш өглөө нь буюу 06 дугаар сарын 24-ний өглөө эхнэр маань надруу уйлчихсан байдалтай утсаар яриад “би охин аа хөхөөрөө дараад алчихлаа” гэж хэлсэн ... буяны ажилд 10 сая төгрөг зарцуулагдсан. Дээрх 10 сая төгрөгийг бүгдийг нь манай хадам аав, ээж нар төлсөн. Би эхнэртэйгээ нэг гэрт амьдардаг дундаа нэг санхүүтэй учраас эхнэрээсээ өөр илүү дутуу мөнгө нэхэмжлэхгүй. ... гомдол санал байхгүй тул эхнэрт минь хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсч байна ... гэжээ. /хх-ийн 22-23 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тухайн үед би зөвшөөрч сувилал дээр үлдсэн ба ах сумын төв рүү яваад өгсөн. Тухайн сувилалын газрын байшин доор нь могойн үүртэй байсан учраас тэнд очсон ээжүүд вагончик дотор болон машиндаа ор засаад унтаж байсан. Орой 21 цагийн орчим хадам эгч маань 3 хүүхдээ машиндаа унтуулчихаад унтсан хойгуур нь надтай цуг хүүхдүүдийнхээ эд зүйлсийг сувилалын газраас түүж татаж аваад, цэвэрлэгээ хийж байсан. Орой 23 цагийн орчим эгчийн баг охин /3 сартай/ сэрээд уйлж эхэлсэн ба эгч маань охин дээрээ очоод охиноо хөхүүлж эхэлсэн. Би эгчийн араас удалгүй машин дотор ороод хамгийн зүүн захад нь гараад хэвтсэн. Бид нар толгойгоо машины ар тал руу харуулаад унтаж байсан бөгөөд миний баруун гар талд /6 настай/, түүний баруун гар талд /1 нас 6 сартай/, түүний баруун гар талд ******* эгч, эгчийн цаад талд буюу машины баруун захад унтаж байсан.Эгч эхлээд хүүхдээ хөхүүлээд сууж байгаад дараа нь хэвтээгээрээ хөхүүлж байгаад унтсан. Эгчийг унтсан хойгуур дунд охин сэрээд уйлаад байхаар нь би түүнд соосгыг нь хөхүүлж байгаад унтуулсан. Өглөө 06 цагийн орчим сувилалын тогооч эгч бид нарыг сэрээсэн. Би эхэлж сэрээд эгчийг дуудаж сэрээсэн. Тэр үед эгч сэрчихээд муухай бахирч эхэлсэн бөгөөд дараа нь “Хүүхдээ алчихлаа” гээд хүүхдээ тэврээд уйлаад байсан. Удалгүй сувилалын эмч ирээд хүүхдийг нь аваад хиймэл амьсгал хийсэн боловч ухаан ороогүй. ... эгчийг сэрээж байхад ******* эгчийн баруун талын хөх нь фудволкных нь доогуур ил гарчихсан байсан. Баруун хөхнийх нь цаад талд ногоон өнгийн цүнхэнд шахагдчихсан хэвтэж байсан. ийн зүүн талынх нь нүүр нь хөхөрчихсөн , баруун талынх нь хацар юманд дарагдсан мэт үрчийсэн хээ үүсчихсэн байсан ... гэжээ. /хх-ийн 26-27 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн цогцост хийсэн шинжилгээний 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 58 тоот дүгнэлтэд:
1.2.3. Амь хохирогч Э.ийн цогцост гэмтэл тогтоогдлоо.
4. Амь хохирогч нь ам, хамар дарагдах хэлбэрийн амьсгал бүтэлтийн улмаас нас баржээ. Нас бараад 12-16 цаг орчим болсон байх боломжтой байна. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй... гэжээ. /хх-ийн 44-45 тал/
-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 тал/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 13-16, 18 тал/
- Төрсний гэрчилгээ /хх-ийн 65 тал/
- Гэрч мэдүүлэг /хх-ийн 29-32 тал/
- Гэрч мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 61 тал/
-Шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг “” сувиллын газарт 2022 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө өөрийн охин 3 сартай унтаж байхдаа хөхөөрөө дарж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , гэрч , , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн цогцост хийсэн шинжилгээний 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 58 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, төрсний гэрчилгээний хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч ******* нь хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчийг оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргасныг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Г.*******гийн болгоомжгүй үйлдсэн гэмт хэргийн улмаас 03 сартай Б.ийн амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******гийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******г оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******гийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ