Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2625

 

2018 оны 08 сарын 20 өдөр

  Дугаар 102/ШШ2018/02625

Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

  

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,  дүгээр хороо,  дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, гааль  байр,  тоотод оршин суух, Д  овогтой С.М/РД:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,  дугаар хороо,  дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж,  дүгээр байр,  тоотод байрлах, “НТББ” Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага /РД:/-д холбогдох,

 

“НТББ” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаартай хурлын протокол, үүсгэн байгуулагчдын 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

                                                                                              

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

  

Нэхэмжлэгч С.М  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.М  нь С.А , Л.О  нартай хамтран хүүхдийн оюун ухаан хөгжүүлэх түр сургалт явуулах, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор “НТББ” гэсэн нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан. С.М г удирдах зөвлөлийн даргаар томилж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн нийт гурван гишүүнтэйгээр 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээг авсан. Улсын бүртгэлд бүртгүүлж, үйл ажиллагаа явуулж эхэлсний дараа С.М  нь Л.О  болон С.А  нарт итгэн байгууллагын тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар үлдээж түр хугацаанд байгууллагын дотоод ажлаас хөндийрсөн. Гэтэл дээрх хугацаанд буюу 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Л.О , С.А , мөн бусад гишүүд болох Д.Н , М.М , Г.С  нар нь С.М д мэдэгдэлгүйгээр үгсэн хуйвалдаж, С.М г байлцуулсан мэтээр хурлын протокол, тогтоол гаргаж, хуурамчаар гарын үсэг зурж, “НТББ” ХҮТББ-ын үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн даргын үүрэгт ажлаас нь хууль бусаар чөлөөлж, улсын бүртгэлд 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бүртгүүлсэн байна. Дээрх 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаартай “НТББ” НҮТББ-ын удирдах зөвлөлийн протокол, 01 дугаартай үүсгэн байгуулагчийн тогтоол зэрэгт зурагдсан С.М гийн гарын үсэг нь уг өөрийн гарын үсэгтэй харьцуулахад өөр байгаа. Энэхүү хууль бус үйлдлийн талаар олж мэдээд “НТББ” НҮТББ-ын удирдах зөвлөлийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилохыг шаардаж Л.О  болон С.А  нартай удаа дараа утсаар болон биечлэн уулзсан боловч тодорхой үр дүнд хүрэлгүй нилээдгүй хугацаа өнгөрлөө. Иймд зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар танай шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч “НТББ” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагаас шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн удирдах зөвлөлийн хуралдаанд С.М  нь оролцсон. Тус өдрийн хуралдаанд “НТББ” НҮТББ-ын үүсгэн байгуулагчид /удирдах зөвлөл/-ийн хуралд гишүүн Л.О , С.А , Д.Н , М.М , Г.С , С.М  нарын оролцож хуралдсан. Тус хуралдааны тэмдэглэл болон хурлын тогтоолыг гарын үсэг зуруулах болон улсын бүртгэлийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхтэй холбоотой ажлыг С.М  нь өөрөө биечлэн гүйцэтгэсэн болно. Гэтэл одоо ийм нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эхлээд тус хуралд оролцсон гишүүдээр гарын үсэг зуруулж, тамга даруулсан. Мөн хожим нь өөрийн гарын үсэггүй хурлын тэмдэглэл болон тогтоолыг “НТББ” НҮТББ-д өгсөн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн удирдах зөвлөлийн хуралд нэхэмжлэгч С.М  өөрөө оролцож байсан бөгөөд өөрөө төрийн бус байгууллагын үйл ажиллагаанаас гарах санал гаргаж байсан. Энэхүү нөхцөл байдал нь түүний өөрийнх нь бичсэн нэхэмжлэлд “...түр хугацаанд байгууллагын дотоод ажлаас хөндийрсөн” гэсэн тайлбар, гэрч С.А ийн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдоно. Нэгэнт өөрөө гарах хүсэлтийг тавьж хуралд оролцсон тул удирдах зөвлөл хуралдаж тогтоол гаргасан, улмаар энэ талаарх бүртгэлийг хуулийн дагуу хийлгэсэн. Уг үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. “НТББ” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагчдийн хурал, уг хурлаас гарсан тогтоол нь өөрөө тус байгууллагын дүрмийн 10.1, 11.1, 12.1, 12.2 дахь хэсгүүдэд нийцсэн байгаа.  Нэхэмжлэгч тал ганц шинжээчийн дүгнэлтийг л ярьдаг. Гэтэл уг шинжээчийн дүгнэлт нь тухайн хүний гарын үсэг зурсан эсэхийг шинжлэх бөгөөд тухайн хуралд С.М  оролцсон эсэхийг шинжлэн дүгнэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                            

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

  

С.М  нь С.А  болон Л.О  нарын хамт “НТББ” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага /НҮТББ/-ыг үүсгэн байгуулсан ба С.М г удирдах зөвлөлийн даргаар сонгож, С.А , Л.О , М.М , Д.Н  нарыг удирдах зөвлөлийн гишүүнээр томилснийг 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр улсын бүртгэлд бүртгэн авсан байна /хх 190-210 хуудас/. 

 

“НТББ” НҮТББ-ын үүсгэн байгуулагч нарын 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар С.М г “НТББ”-ийн тэргүүний үүрэгт ажил болон удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлж, тус төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагчаас хасч шийдвэрлэсэн байна /хх 182, 183 хуудас/.

 

Нэхэмжлэгч С.М  нь хариуцагч “НТББ” НҮТББ-д холбогдуулан тус байгууллагын удирдах зөвлөлийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаартай хурлын протокол болон үүсгэн байгуулагч нарын 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Тэрээр энэхүү нэхэмжлэлийн үндэслэлээ “...миний эзгүйд намайг байсан мэтээр хурлын протокол үйлдэн, тогтоол гаргаж, гарын үсгийг дуурайлган зурж, намайг хууль бусаар уг байгууллагын үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн үйлдлээ улсын бүртгэлд бүртгүүлсэн” гэж тайлбарласан.  

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн ба өөрийн татгалзлаа “...С.М  нь 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр өөрөө хуралдаа оролцсон, түүний саналыг үндэслэж хурлаас шийдвэр гаргасан” гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

 

Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Учир нь “НТББ” НҮТББ-ын дүрмийн 9.1-д “Удирдах зөвлөлийн гишүүнийг үүсгэн байгуулагчийн шийдвэрээр сонгож батлана”, 9.1.1-д “Удирдах зөвлөлийн дарга, гишүүнээс сайн дураараас чөлөөлөгдөх хүсэлтээ удирдах зөвлөлийн хуралд оруулж гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлүүлнэ” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч С.М  өөрийн эрхэлж байсан удирдах зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг бичгээр гаргаагүй, өөрөө сайн дурын үндсэн дээр ажлаа өгсөн нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.  

 

Эсрэгээрээ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 4006 дугаар дүгнэлтээр хэргийн 6-7 дугаар талд авагдсан ”НТББ” НҮТББ-ын 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаар удирдах зөвлөлийн хурлын протокол болон 01 дүгээр үүсгэн байгуулагчдын тогтоолууд дээр нэхэмжлэгч С.М  гарын үсэг зураагүй болохыг тогтоосон. Энэ нь “...С.М г 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн үүсгэн байгуулагч нарын хуралд биечлэн оролцсон” гэх хариуцагчийн тайлбарыг няцааж байна гэж шүүхээс үзлээ  /хх 43-46 тал/.

 

2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаартай удирдах зөвлөлийн хурлын протокол, мөн өдрийн 01 дугаартай үүсгэн байгуулагчдын тогтоолуудыг үндэслэж “НТББ” НҮТББ-ын бүртгэлд өөрчлөлт орсон ба энэ талаар зохигчид маргаагүй болохыг дурдах нь зүйтэй /хх 6,7, 181-183 хуудас/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт заасныг баримтлан ”НТББ” НҮТББ-ын 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаартай удирдах зөвлөлийн хурлын протокол, 01 дугаартай үүсгэн байгуулагчдын тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.М гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                              Н.ХАНГАЛ