Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 184

 

“Баянмараат” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00944

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1149 дүгээр шийдвэртэй,

          Нэхэмжлэгч “Баянмараат” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч “Сүлд ивээл констракшн” ХХК-д холбогдох

          “Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 63.752.030 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбишийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболдоос:

Манай компани нь “Сүлд ивээл констракшн” ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж хамтран ажиллахаар болсон билээ. 2014 оны 05 дугаар сард барилгын ажлаа эхлүүлж 2 орцтой 5 давхар орон сууцны барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн дуусгаж хүлээлгэн өгсөн юм. Тухайн үед байгууллага хоорондын тооцоо нийлээгүй бөгөөд “Сүлд ивээл констракшн” ХХК-аас санал болгосны дагуу манай компаний барьж байсан барилгаас 2015 оны 01 дүгээр сард 3 өрөө 59.41 м.кв орон сууцыг барилгын ажлын үлдэгдэл хөлсөнд тооцож өгч авахаар харилцан тохирсон. Манай компани нь ажлын хөлсөнд нийт 160.452.000 төгрөг авахаас 114.800.000 төгрөгийг авсан бөгөөд үлдэгдэл болох 45.652.000 төгрөгнөөс 35.000.000 төгрөгийг  орон  сууцны  урьдчилгаанд  суутгуулан  “Сүлд ивээл констракшн” ХХК-ийн толгой компани болох “Минж Проперти” ХХК-тай байгуулсан №35/14 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлснөөс хоорондын тооцооны үлдэгдэл болох 71.985.400 төгрөгнөөс өөрсдийн охин компани болох “Сүлд ивээл констракшн” ХХК-руу 18.100.030 төгрөгийг мөн байрны тооцоонд оруулан шилжүүлснийг бид хүлээн зөвшөөрсөн ба хамтарсан комисс ажиллуулахгүйгээр дур мэдэн дангаар шийдвэр гаргаж гэрээгээр хийгдсэн ажлын хөлснөөс 10.652.000 төгрөгийг суутгаж одоог болтол үлдэгдэл төлбөр тооцоог барагдуулахгүй гэрээний үүргээ зөрчиж байна. Уг 3 өрөө орон сууц нь нийт 74.262.500 төгрөгний үнэтэй бөгөөд үүнээс бид толгой компани болох “Минж проперти” ХХК-ийн ажлын хөлснөөс 18.100.030 төгрөг охин компани болох “Сүлд ивээл констракшн” ХХК-ийн ажлын хөлснөөс 35.000.000 төгрөг нийт 53.100.030 төгрөг төлсөн бөгөөд 21.162.470 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас ажлын хөлснөөс хасагдсан 10.652.000 төгрөгийг хасаад нийт 10.510.470 төгрөгийн үлдэгдэлтэй байна. “Иймд Сүлд ивээл констракшн” ХХК-аас ажлын хөлснөөс суутгасан 45.652.000 төгрөг “Минж проперти” ХХК-аас шилжүүлсэн 18.100.030 төгрөг нийт 63.752.030 төгрөгийг “Сүлд ивээл констракшн” ХХК-аас гаргуулж эсвэл байрны үлдэгдэл болох төлбөрийг төлөнгүүт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөхийг “Сүлд ивээл констракшн” ХХК-нд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбишээс:

Т.Пүрэвдорж нь манай компаниас Дархан-Уул аймаг, Дархан сум 13 дугаар баг 3 дугаар баг 1 дүгээр орц 4 давхар 59.41 мкв талбай бүхий 3 өрөө байрыг дараа төлбөрийг нь төлөхөөр харилцан тохиролцож авсан болно. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Бид гэрээтэй холбоотой төлбөрийг төлөөд дууссан. Гэрч Х.Эрхэмбаяр тухайн барилгын талбайн инженер байсан. Бетон цутгах болгондоо графикийн дагуу мөнгөө төлж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1149 дүгээр шийдвэрээр:

            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Сүлд ивээл констракшн” ХХК-аас  61.952.030 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Баянмараат” ХХК-д олгож, 1.800.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

          Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 476.711 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдэж, хариуцагчаас 467.710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Баянмараат” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг бүхий л талаас нь үнэлж, шинжлэн судлахгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Нэхэмжлэлийг хариуцагчид гардуулахдаа гардаж авах эрхгүй этгээдэд гардуулсан. Мөн Улаанбаатар хотод байрлах “Сүлд ивээл констракшн” ХХК-д холбогдох Иргэний хэргийг шүүхийн харьяаллыг зөрчиж Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэсэн гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлхэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч “Баянмараат” ХХК, хариуцагч “Сүлд ивээл констракшн” ХХК-д холбогдуулан “Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 63.752.030 төгрөг гаргуулах, эсхүл байрны үлдэгдэл болох төлбөрийг төлөнгүүт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөхийг “Сүлд ивээл констракшн” ХХК-нд даалгаж өгөхийг хүссэн шаардлагыг нэхэмжлэлдээ заажээ.  

  Хариуцагч “Сүлд ивээл констракшн” ХХК  нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж маргасан байна.

  Нэхэмжлэгч 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх мөн өдөр хүлээн авч Н.Тэрбишийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж түүнд 2017 оны 09 дүгээр сарын 19-ний  өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулжээ.

  Хавтаст хэргийн 33 дугаар талд авагдсан “Сүлд ивээл констракшн” ХХК-аас олгосон итгэмжлэлийн огноо нь дээрх нэхэмжлэл гаргахаас өмнө буюу 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Н.Тэрбишд олгогдсон байх ба энэ хэрэгт Н.Тэрбиш хариуцагчийг төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй, итгэмжлэлийн он, сар, өдөр болон агуулгаас үзвэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно” гэж заасны дагуу энэ хэргийн хувьд хариуцагчийг төлөөлөх тухай итгэмжлэл олгогдоогүй гэж үзнэ.

  Хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээдэд шүүх нэхэмжлэлийг хувийг гардуулсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

  Хавтаст хэргийн 34, 47, 48, 55, 56, 67 дугаар талд авагдсан нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т  “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...” гэж заасан шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүх хүлээн авсан байна.

  Түүнчлэн 47 дугаар талд авагдсан харилцагчийн гүйлгээ гэх баримтын доод хэсэг дутуу хэвлэгдсэн тул баримтын агуулга бүрэн бус байгааг анхаараагүй байна.

  Нэхэмжлэгч “Баянмараат” ХХК, хариуцагч “Сүлд ивээл констракшн” ХХК-д холбогдуулан “Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 63.752.030 төгрөг гаргуулах, эсхүл байрны үлдэгдэл болох төлбөрийг төлөнгүүт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөхийг “Сүлд ивээл констракшн” ХХК-нд даалгаж өгөхийг хүссэн шаардлага гаргаснаас зөвхөн ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 63.752.030 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн ба байрны үлдэгдэл төлбөрийг төлөнгүүт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөхийг “Сүлд ивээл констракшн” ХХК-нд даалгаж өгөхийг хүссэн шаардлагыг шийдвэрлээгүй байна.

   Үүнээс үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

   Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1116 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 476.711 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

                                     

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.АМАРСАНАА

                                                ШҮҮГЧИД                                                 С.ЭНХЖАРГАЛ                

                                                                                                                  С.ОЮУНЦЭЦЭГ