Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 368

 

Э.З, Э.Э нарт холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Э.З, түүний өмгөөлөгч Д.Тэнгис,

шүүгдэгч Э.Эгийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, Н.Цэцэгмаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Улсбаяр,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Р.Хонгорзул,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 311 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Эгийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, Н.Цэцэгмаа, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Р.Хонгорзул нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.З, Э.Э нарт холбогдох эрүүгийн 1803000080195А дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ..................., 1986 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Цаа Од” ХХК-нд нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 2-32а тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............./;

 

2. ...................., 1987 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, “Каритас Монгол” Олон улсын байгууллагад мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 19-108 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....................../;

 Э.З нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хужирбулангийн Гачууртын замд “Хюндай Аванте” маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас Э.Эгийн жолоодон явсан “Тоёота Приус” маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, улмаар өөрийн автомашинд зорчин явсан 7 настай У.Эрхцасын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Э.Э нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хужирбулангийн Гачууртын замд “Тоёота Приус” маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас Э.Зын жолоодон явсан “Хюндай Аванте” маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, Э.Зын эрүүл мэндэд хүнд хохирол, 7 настай У.Эрхцасын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Э.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Э.Эгийн үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Бөхөөнхөн овгийн Энхээгийн Золжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шарайд овгийн Эрдэнэцогтын Энхээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Зд холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх нэг жилийн хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Эд 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Э.Эд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Э.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Э.З, Э.Э нар урьд нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.Э нь 10.000.000 төгрөг хохирогч Э.Зд, 2.653.000 төгрөг насанд хүрээгүй хохирогч У.Эрхцасын хууль ёсны төлөөлөгч Б.Улсбаярт тус тус нөхөн төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан “Арвин” хүнсний дэлгүүрийн гадна хяналтын камерийн бичлэг бүхий мемори карт 1 ширхэг, Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтас хэрэгт тус тус үлдээж, хэрэгт хураан ирүүлсэн В ангиллын автотээврийн хэрэгсэлийн жолоочийн 381935 дугаартай үнэмлэх 1 ширхэг, 00721745 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ 1 ширхэгийг эзэмшигч Э.Зд буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Заас 2.653.307 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч У.Эрхцасын хууль ёсны төлөөлөгч Б.Улсбаярт, 9.695.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Р.Хонгорзулд, иргэний хариуцагч Р.Хонгорзулаас 19.813.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Зд тус тус олгож, иргэний нэхэмжлэгч Р.Хонгорзулын 10.305.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Э.З, насанд хүрээгүй хохирогч У.Эрхцасын хууль ёсны төлөөлөгч Б.Улсбаяр нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний хариуцагч Р.Хонгорзул, гэм буруутай этгээд болох Э.Э нараас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Зд авсан хувийн баталгаа гаргах, Э.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.    

Шүүгдэгч Э.Эгийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. Миний үйлчлүүлэгч Э.Эг Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзсэн ганцхан нотлох баримт л байна. Өөрөөр хэлбэл ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн 5 шинжээчийн бүрэлдхүүнтэй 12/27 дугаартай шинжээчийн дүгнэлтээр л 2 жолоочийг хоёуланг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзнэ хэмээн дүгнэж, уг дүгнэлтийнхээ талаар шинжээч Ц.Цэвээнжав мэдүүлэг өгсөн байна. Шийтгэх тогтоолын үндэслэл болгосон бусад нотлох баримтуудын аль нь ч миний үйлчлүүлэгч Э.Эг Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөнийг огт нотлохгүй байна. Шүүх, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч гэх /лабораторийн эрхлэгч/ Г.Цэндсүрэнгийн дүгнэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй байна хэмээн дүгнэж шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгожээ. Криминалистикийн шинжилгээний газрын автотехникийн лабораторийн эрхлэгч Г.Цэндсүрэнгийн гаргасан 2 удаагийн нэмэлт бүхий шинжээчийн дүгнэлтээр гагцхүү “хоёр тээврийн хэрэгслүүд зорчих хэсгийг голлосон байрлалтай мөргөлдсөн байх үндэслэлтэй” гэж тогтоосон болохоос биш тээврийн хэрэгслийн жолооч Э.Э, Э.З нарын хэн нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг хэрхэн зөрчсөнөөс шалтгаалж, замын зорчих хэсгийн голд мөргөлдсөнийг тогтоогоогүй байхад шүүх илт үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэр гаргасан байна. Мөн шүүгч 654 тоот дүгнэлт, 2566, 2567 тоот нэмэлт дүгнэлт, мөн 4099 тоот нэмэлт дүгнэлтээр жолооч Э.Эг Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасныг зөрчсөн гэж дүгнэсэн мэтээр худлаа дүгнэлт хийж /шийтгэх тогтоолын 27-р хуудас/, улмаар Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 255, мөн 3 шинжээчийн бүрэлдхүүнтэй 289 тоот дахин дүгнэлт, 7 шинжээчийн бүрэлдхүүнтэй 779 дугаартай дүгнэлтүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэй бодитой үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй байна. Мөн Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжилгээний 7 шинжээчийн бүрэлдхүүнтэй 779 дугаартай дахин дүгнэлт нь “...жолооч Э.Эгийн хувьд илт эргэлзээтэй дүгнэлт хийжээ” гэж дүгнээд, энэхүү дүгнэлтийнхээ үндэслэлийг шийтгэх тогтоолдоо тусгаагүй байна. Шинжээчийн дүгнэлт эргэлзээ бүхий байвал дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай. Миний үйлчлүүлэгч шүүгдэгч Э.Эг буруутгах үндэслэл болсон дээрх ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн 5 шинжээчийн бүрэлдхүүнтэй 12/27 дугаартай дүгнэлт нь Тээврийн цагдаагийн албаны шинжээч Шинэбаатарын гаргасан 255 дугаартай дүгнэлт, мөн 3 болон 7 шинжээчийн бүрэлдхүүнтэй гаргасан 289, 779 дугаартай дүгнэлтүүдээс юугаараа ялгаатай илүү шинжлэх ухааны үндэслэлтэй болсон гэж шүүх дүгнээд байгаа нь ойлгомжгүй, энэ талаараа шүүх огт дүгнэлт хийгээгүй байна. Энэхүү 12/27 дугаартай дүгнэлтийг хяналтын прокурор Б.Мөнгөншагай нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй хэмээн яллах дүгнэлтдээ тусгасаар байхад шүүх яллах талыг баримтлан нотлох баримтаар үнэлж Э.Эг гэм буруутайд тооцсоныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ. Мөн шүүх ...криминалистик шинжээч Г.Цэндсүрэнгийн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Х.Амартүвшин, Н.Шинэбаатар нарын өгсөн мэдүүлгүүд нь үгүйсгэж няцааж чадахгүй байна гэж буруу дүгнэлт хийсэн байна. Шинжээч Г.Цэндсүрэн нь авто машины техникийн бүрэн бүтэн байдлын талаар   дүгнэлт гаргасан, харин шинжээч Х.Амартүвшин, Н.Шинэбаатар нар нь жолооч нар Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргасан тул өөр өөрийн гаргасан дүгнэлтийн хэмжээнд л мэдүүлэг өгөх ёстой. Хэргийн газрын үзлэгт тусгагдсан Хьюндай Аванте маркийн машины тормозны мөр, жолооч Э.Эгийн мэдүүлэг, Тээврийн цагдаагийн албаны 3 шинжээчийн бүрэлдхүүнтэйгээр гаргасан 289 тоот дүгнэлтэд тусгагдсан “Хьюндай Аванте авто машиныг жолоодож явсан Э.З нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй” гэсэн дүгнэлт, мөн Тээврийн цагдаагийн албаны 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр гаргасан 779 тоот дүгнэлтэд тусгагдсан “Хьюндай Аванте маркын 44-55 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь эсрэг урсгал сөрснөөс уг осол гарахад нөлөөлсөн байна” гэсэн дүгнэлтүүдээс харахад зам тээврийн осол анх жолооч Э.Зын үйлдлээс болж гарсан болох нь нотлогдож тогтоогдсоор байхад шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг жолооч нар зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргасан 4 шинжилгээний дүгнэлтийн 3-д нь зам тээврийн осол нь “жолооч Э.Зын урсгал сөрснөөс гарсан” гэж дүгнэснийг шүүх ямар нотлох баримтуудаар хэрхэн үгүйсгэсэн нь тодорхойгүй байна. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтуудад “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан бол” хэмээн хуульчилсан ба бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор, харин өөрийн эрүүл мэндэд хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй байхаар хуульчлаагүй байна. Хэдийгээр мөрдөн байцаалтын ажиллагаа, шүүхийн практикт өөрийн эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд тухайн хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүхээс ял шийтгэл оногдуулахгүй байгаа боловч шүүх авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь 2 жолоочийн гэм буруутай үйлдлээс шалтгаалан үйлдэгдсэн гэсэн дүгнэлтийг хийсэн тохиолдолд гэм хорын асуудлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497, 499, 510 дугаар зүйлд заасныг баримтлан гэм хор учруулсан этгээдийн аль алинаас нь харилцан гаргуулж шийдвэрлэх ёстой. Тухайн хэргийн нөхцөл байдлын хувьд хэдийгээр шүүгдэгч Э.З өөртөө хүнд гэмтэл учруулсны тухайд яллагдагчаар татагдаагүй боловч өөрт болон бусдад учруулсан гэм хорыг Иргэний хуульд заасны дагуу хариуцан арилгах ёстой атал шүүх Э.Заас өөрийнх охин болох насанд хүрээгүй хохирогч У.Эрхцасын эмчилгээний зардлын тал хувь буюу 2.653.307 төгрөгийг гаргуулан хууль ёсны төлөөлөгч Б.Улсбаярт олгож, Э.Зын өөрийнх нь эмчилгээний зардлыг иргэний хариуцагч Р.Хонгорзулаас /Э.Эгийн эхнэр/ бүтэн гаргуулахаар, Р.Хонгорзулын нэхэмжилсэн автомашины үнэ болон хохирлын зөрүү 5.305.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх хохирогч Э.Заас шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг үзэж нягталж дүгнэлт хийлгүйгээр шууд нэхэмжилсэн үнийн дүнгийн хэмжээгээр нь иргэний хариуцагч Р.Хонгорзулаас гаргуулж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх шийдвэрлэсэнчлэн, зам тээврийн осол 2 жолоочийн хоёулангийнх нь буруугаас болж гарсан байна хэмээн давж заалдах шатны шүүхээс дүгнэхэд хүрвэл, бүх хохирлыг 2 талдаа тэнцүү хувааж төлөх ёстой. Миний үйлчлүүлэгч Э.Э өөрийн машинд учирсан хохирлын тал хувь буюу 4.847.500 төгрөгийг өөрөө хариуцаж, хохирогч Э.З өөрийн эмчилгээний зардлын тал хувь буюу 12.791.000 төгрөг, авто машины хохирлын тал хувь буюу 2.115.500 төгрөгийг өөрөө хариуцвал, Э.Э нь хохирогч Э.З, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Улсбаяр нарт нийт 17.559.500 төгрөг төлж, өөрийн авто машины хохиролд Э.Заас авах ёстой 4.847.500 төгрөгийг хасвал нийт 12.712.000 төгрөгийг хохирогч нарт төлөх ёстойгоос хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Улсбаярт 2.653.000 төгрөг, хохирогч Э.Зд 10.000.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 59.000 төгрөг гарч байгааг, давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө төлөх болно. Шүүх, зам тээврийн гэмт хэрэг, осол гарах шалтгааныг анх бий болгосон Э.Зд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа, гэм буруу нь нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй шүүгдэгч Э.Эд 2 жилийн хорих ялыг нэмэгдэл ялын хамт оногдуулж, Э.Э нь гэм буруугаа шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрөөгүй, учруулсан хохирол хор уршгийг бүрэн нөхөн төлж арилгаагүй, нөхөн төлөхөө бодитоор илэрхийлээгүй гэсэн дүгнэлтийг хийж хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг хүнлэг бус, гэм буруугийн хэр хэмжээнд тохироогүй, илт нэг талыг барьсан шийдвэр гаргаж хохироолоо гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Э.Э гэм буруугаа хүлээх нь байтугай, түүний гэм буруутай эсэх талаар хэргийн газрын үзлэг хийсэн техникийн шинжээч, криминалистикийн 3 шинжээч, Тээврийн цагдаагийн албаны 11 шинжээч, ШУТИС-ийн МИС-ийн 5 шинжээч нийт 20 мэргэжлийн шинжээч нар маргалдаад нэг мөр шийдвэрт хүрээгүй байхад өөрөө гэм буруугаа хүлээсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дэх заалтуудыг хэрэглэх боломжтой мэтээр шүүх дүгнэжээ. Анхан шатны шүүх, гэм буруугийн шүүх хуралдаанаар Э.Эг гэм буруутайд тооцсоны дараа Э.Э шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, хохирогчид хохирлыг төлж барагдуулсныг шүүх анхаарч үзээгүй /заавал шүүхийн хэлэлцүүлгийн үед гэм буруугаа хүлээнэ гэж үзэхгүй байна/, мөн хохирогч нарын зүгээс гомдол саналгүй, хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү хэмээн хүсэлт гаргасаар байхад шүүх илт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн гол буруутай үйлдэл байгааг тооцож үзэлгүй ял оноосон байна.

Дээрх үндэслэлүүдээр, миний үйлчлүүлэгч Э.Эг гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх дүгнэлт хийхэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд болох удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд харилцан зөрүүтэй байхад гагцхүү нэг талд ашигтай нотлох баримтуудыг үнэлж шийдвэр гаргаснаар шүүгдэгч Э.Эгийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлж түүнд хилсээр ял оногдуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй болоогүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Э.Э гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй хэмээн үзэж байгаа тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, иргэний нэхэмжлэлтэй холбогдох заалтуудыг хүчингүй болгож өгнө үү.

2. Давж заалдах шатны шүүх эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж дүгнэлт хийдгийн хувьд мөрдөн байцаалтын шат болон прокурорын яллах дүгнэлт үйлдэх шатан дахь дараах ажиллагаа хууль зөрчсөн хэмээн үзэж байгааг хянаж, дүгнэлт хийж өгнө үү. Ахлах мөрдөгч Ж.Бямбадорж нь кримналистикийн шинжээчийн 654, 655 дугаартай дүгнэлтүүд нь тодорхойгүй, бүрэн биш байх тул нэмэлт шинжилгээ хийлгүүлэх шаардлагатай гэж үзэн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр шинжээч томилж нэмэлт шинжилгээ хийлгэх тухай тогтоол үйлдэж, уг тогтоолыг шинжээч Д.Гантулга, С.Мөнхдалай нарт танилцуулж, Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлийг сануулж гарын үсэг зуруулсан байна. Уг тогтоолтой Г.Цэндсүрэн танилцаагүй боловч шинжээч нарын бүрэлдэхүүнд оролцож 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 2566, 2567 дугаартай нэмэлт, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг гаргажээ. Уг дүгнэлтийн шинжилгээнд ирүүлсэн эд зүйлсийн 1 дүгээрт Тоёота Приус 20 маркын автомашин 1 ширхэгийг ирүүлснээр бичсэн, мөн дүгнэлтийн үзлэг ба шинжилгээ хэсгийн Б-д Тоёота Приус 20 маркын автомашиныг бор шаргал өнгийн автомашины хучлагаар хучсан байгаа талаар дурьдсан нь шинжээч нарын баг иргэн Э.Эгийн унаж яваад осолд орсон Тоёота Приус 30 маркын 54-52 УНЯ автомашиныг энэхүү дүгнэлтийг гаргах явцдаа бодитоор үзэж шинжилж дүгнэлт гаргасан эсэх нь эргэлзээтэй байна. Нөгөөтэйгүүр нэг цаг хугацаанд нэг осолд орсон, эсрэг ашиг сонирхол бүхий 2 жолоочийн унаж явсан тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд үзлэг шинжилгээ хийж дүгнэлт гаргасан 2 шинжээч нарын багт оролцон бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг хамтран гаргаж, осол гаргасан байж болох А цэгийг санал нэгтэйгээр тогтоосныг үндэслэлгүй гэж үзэж байна. Энэхүү 2566, 2567 дугаартай дүгнэлтээр “хоёр тээврийн хэрэгслүүд зорчих хэсгийг голлосон байрлалтай мөргөлдсөн байх үндэслэлтэй” гэж дүгнэснээр Замын хөдөлгөөний дүрмийн аль заалтыг хэн нь хэрхэн зөрчсөнийг тогтоосон мэргэжлийн шинжээчдийн удаа дараагийн дүгнэлтийг шууд няцаах боломжгүй, нөгөөтэйгүүр шинжээч гэх Г.Цэндсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “котикийн аргаар” мөргөлтийн чиглэлийг тодорхойлдог гэж, мөн шүүхийн хэлэлцүүлгийн үед мэдүүлэхдээ “ер нь бол дүгнэлтийг гаргахдаа тооцоолол ашигладаг, дүгнэлт дээр бүх баримтаа тоочиж харуулах албагүй, ...Э.Зын машин Приус маркын машинаас бага жинтэй байсан учир шилжилт хөдөлгөөн, тухайн замын гадаргуу зэргээс хамаарч илүү их явагдсан байна. Тухайн машины байрлал, жин харилцан адилгүй учир харилцан адилгүй хөдөлгөөн хийгдсэн” гэж мэдүүлснийг шүүх бусад шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээс илүү нотолгооны ач холбогдолтойд тооцож үнэлсэн нь ойлгомжгүй байна. Ямар тооцооллоор яаж бодсон нь хэргийн оролцогч нарт чухал, мөн 2 машины жинг хэн хэзээ хэрхэн тогтоосон нь хэргээс харагдахгүй байна. Түүнчлэн, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд шинжилгээний объект, түүнд тавигдах шаардлагын талаар заасан байдаг бөгөөд шинжээч Г.Цэндсүрэнгийн мэдэлд Хьюндай Аванте маркын 44-55 СЭҮ улсын дугаартай автомашиныг хэргийн материалын хамт хүргүүлсэн тул тэрээр өөрт хүргүүлсэн шинжилгээний объектоос хальж, өөрийн нүдээр үзэж хараагүй Тоёота Приус маркын 54-52 УНЯ улсын дугаартай автомашины техникийн бүрэн бүтэн байдалд дүгнэлт хийж А цэгийг тогтоох боломжгүй гэж үзэж байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлд Криминалистикийн шинжилгээний онцлогийг заахдаа криминалистикийн шинжилгээнд шинжилгээний объект, бусад шаардлагатай баримт материалыг эх хувиар нь ирүүлэхээр заасныг ч анхаарах ёстой. Нөгөөтэйгүүр Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Шүүхийн шинжилгээний байгууллагад шинжээч, мэргэжилтэн ажиллана гэж заасан тул, лабораторийн эрхлэгч гэх албан тушаалтан Г.Цэндсүрэн шинжээчийн эрхтэй эсэх нь туйлын эргэлзээтэй байна. А цэгийг буруу, зөв тогтоосон талаар мөрдөн байцаалтын шатанд гомдол хүсэлт гарсаар байхад дахин шинжилгээ томилоогүй нь мөрдөн байцаалтын ажиллагаа хэт нэг талыг барьж явагдсан гэж үзэхээр байна. Хяналтын прокурор Б.Мөнгөншагай 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 473 тоот яллах дүгнэлтийнхээ тэмдэглэх хэсэгт “харин Тээврийн цагдаагийн албаны 255, 289 дугаартай дүгнэлтүүд, ШУТИС-ийн МИС-ийн шинжээч нарын 12/27 дугаартай дүгнэлт /улсын яллагч нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй гэсэн/, Тээврийн цагдаагийн албаны 779 дугаартай дүгнэлтүүд нь кримналистикийн шинжээчийн 654, 2566, 2567, 4099 дугаартай дүгнэлтүүдэд бодитой үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй, шинжээч нар нь дүгнэлтийнхээ үндэслэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй нь дээрх дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлэхгүй байх үндэслэл болж байна” гэж дүгнэсэн нь туйлын ойлгомжгүй байна.” гэв.

Шүүгдэгч Э.Эгийн өмгөөлөгч Ч.Болдбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн дүгнэлтийг авч үзвэл Э.Эгийн хувьд хэт нэг талыг баримталсан байна. Үүнд: Э.Эг буруутгасан баримтыг голчлон дүгнэсэн байдаг. Э.Зын мэдүүлгийг бодитой үнэлж дүгнээгүй бөгөөд тэрээр анхны мэдүүлэг буюу нотлох баримтын эх сурвалж болох мэдүүлэг нь “...Би осол болсон өдрийн явдлыг юуг ч санахгүй байгаа, ослын дараа ...болсон явдлыг санахгүй байгаа” гэсэн. Ослын газрын зургыг харахад нөгөө машин хурдтай намайг мөргөсний улмаас миний машин эргэж харж зогссон байх гэж бодож байна” гэжээ. Тэрээр тухайн осол болсон өдрийн явдлаа юу ч санахгүй байгаа гэдэг нь түүнд ямар нэг үйл явдал тохиолдсон байх магадлалтай ба сэтгэл санаа, бие эрүүл мэндийн хувьд хэвийн бус байснаа илэрхийлсэн байна. Энэ нь өөрийгөө эсрэг урсгалд явж байгаагаа мэдээгүй, өөртөө болон охиндоо хамгаалах бүс зүүх дүрмийг биелүүлээгүй байдлаар тогтоогдож байна. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 6-д заасан "... Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй, эсхүл ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэсэн заалтыг зөрчжээ. Харин тэр хэргийн материалтай танилцаад фото зурагнууд үзсэний дараа өөрийнхөө бодлыг илэрхийлж нөгөө машиныг хурдтай явж байснаас машин мөргөлдсөний дараа өөрийх нь машин эсрэг урсгалд орж эргэж зогссон гэж бодсон байна. Мөрдөн байцаалтанд гэрчээр хоёр дахь удаагаа 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр мэдүүлэхдээ /хх-74/ ...эсрэг урсгалд явсан машинууд зөрөөд өнгөрч явсан. Тэгтэл гэнэт эсрэг урсгалд явсан суудлын хар өнгийн автомашин өөдөөс урсгал сөрөөд ороод ирэхээр нь шууд тоормос гишгэсэн, би осол болох үед эсрэг урсгалд ороогүй, бид 2 хамгаалах бүс зүүгээгүй явсан" гэжээ. Үүнээс дүгнэвэл өөрийнхөө эгнээнд явж байхад нь өөдөөс нь машин урсгал сөрөөд ороод ирэхэд нь шууд тоормос гишгэсэн бол өөрийх нь эгнээнд нь тоормосны мөр гарах нь тодорхой. Гэтэл түүний автомашины тоормосны мөр эсрэг урсгалд байгааг шинжээч нар бүрэн тогтоосон байхад илт худал мэдүүлэг өгсөн байна. Энэ нь Эрүүгийн хуулийн 21.2 зүйлийн "Худал мэдүүлэх", 2-д заасан "Гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориүд худал мэдүүлсэн, гүтгэсэн бол ... нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэсэн заалтыг зөрчиж Э.Эг эсрэг урсгалд ороод өөдөөс нь ирсэн мэтээр гүтгэсэн байна. Мөн бүсээ зүүгээгүйгээ зөвшөөрсөн нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 2-д заасан Жолоочийн үүрэг. 2.3 б/ заалт "хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх" гэсэн заалтыг санаатай зөрчсөн болж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 20-д заасан "Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч, эсвэл зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэсэн заалтыг хэрэгжүүлэх болж байна. Харин энэхүү санаатай үйлдлийн улмаас өөрийнхөө болон бусдын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн 11.1-д "Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол... хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэсний дагуу хариуцлага хүлээх юм байна. Шүүхэд мэдүүлэхдээ "...Энхээг хараа муутай хүүхэд байхыг нь бага наснаас нь мэддэг байсан учраас өөдөөс ирж яваа машинаа хараагүй, мөн нар туссан учраас орчин тойрон харагдаагүй гэж бодсон гэж, мөн шүүх хурал дээр шүүгдэгч, хохирогчоор мэдүүлэхдээ "..Энхээгийн гүйцэж түрүүлэх үйлдлээс болж осол гарсан. Үүнийг Энхээ өөрөө мэдүүлсэн. Эрүүл мэндийн хохирол амссандаа гомдолтой байна" гэж мөн л гүтгэсэн нь дээрх хуульд заасан хариуцлага хүлээх ёстой болж байна. /шүүх хурлын тэмдэглэл 24 хуудас дээрээс 3-5 мөр/ Дээр дурдсанчлан Э.Зын мэдүүлэг нь үндэслэлгүй худал болох нь хэрэгт авагдсан нотлох баримтүудаар нотлогдож байхад энэ талаар шүүх ямар ч дүгнэлт хийлгүй Э.Эг буруутгаж байгаа нь нэг талыг баримталсан гэдэг нь харагдаж байна. Нөгөө талаар тэр бодож байсан бодол санааг нь мөрдөн шалгах, хянах, шүүх түүний бодолд нийцүүлсэн болох нь дахин шинжээч томилсон, дээд шатны прокурор доод шатны прокурорын шийдвэрийг хүчингүй болгосон, шүүх дээрхтэй холбоотой ямар ч дүгнэлт хийгээгүй зэрэг хэт нэг талыг баримталсныг илэрхийлж байна. 24-н нотлох баримт дурдсанаас 5 нь шинжээч Г.Цэндсүрэнтэй холбоотой, 1 нь уг хэргийг мөрдсөн мөрдөн байцаагч Ц.Ганболдын, 1-нь Шинжлэх ухаан Техникийн их сургуулийн Механик инженерийн сургуулийн шинжээч нарын гаргасан дүгнэлт, 1-нь шинжээч Ц.Цэвэгжавын, 1-нь гэрч Золжаргал нарын мэдүүлэг дүгнэлтээр Э.Эг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн байна. Үүнээс бусад үлдсэн 15 мэдүүлэг, баримт нь хэргийн газрын үзлэг, гэмтлийн дүгнэлт гэх мэт байна. Шинжээч Г.Цэндсүрэн нь 3 удаа дүгнэлт гаргахад оролцож, нэг удаа мэдүүлэг өгч, шүүхэд нэг удаа гэрчээр оролцсон байна. Түүний дүгнэлт болон мэдүүлэг дотор Нэгд: Э.Эг Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 8.2-т заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохролдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй байна. Хоёрд: Түүний гаргасан дүгнэлтийн гол ач холбогдол бол өмнө тавигдсан "А" цэг үндэслэлгүй, буруу тавигдсан гэдгийг л нотолсон. Гуравд: Түүний дүгнэлтээр Э.Зын автомашины техникийн байдлыг тодруулан накладны элэгдлийн зөрүү, дугуйн хээ, тоормосны мөр, зай хэмжээ, хурдны хэмжүүрийн гацсан байдал мөргөлдсөнөөс үүдсэн хүчний харьцаа, эргэлт зогсолт зэргийг сайн тодорхойлсон байдаг. Дөрөвд: Хэрэгт авагдсан баримт дотор шинжээч Г.Цэндсүрэнг хоёр удаа шинжээчээр ороцуулах асуудал хөндөгдөж, 3 удаа дүгнэлт гарахад оролцож, үйлдсэн гар зургаа нэгийг нь замын голын тасархай шугамтай, нөгөө нь шугамгүй үйлдэн, приусыг чиг явж байсан гэж байснаа голлосон болгож эргэлзээ төрүүлэх нөхцөл байдлыг бүрдүүлсэн нь түүний олон удаа шинжээчээр оролцох болсон шалтгааны илрэл гэж үзэхээр болж байна. Тавд: Шүүх Э.Эг буруутгах нотлох баримтаар шинжээч Г.Цэндсүрэнгийн оролцож гаргасан 654, 4099, 2566, 2567 тоот шинжээчийн дүгнэлтүүдийг яллах нотлох баримтанд тооцож оруулсан атлаа үүнийгээ шинжлэх ухааны үндэслэлтэй, бодитой үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй байна гэж үзэж үгүйсгэсэн байгаа нь шинжээч Г.Цэндсүрэнгийн дүгнэлтүүд бүхэлдээ шинжлэх ухааны үндэслэлтэй бодитой гараагүй болж байна.

Мөрдөн байцаагч Ц.Ганболдын магадлагаа нь нэгд: Шинжилгээ хийх үндэслэлээ "...Э.З нь авто машин жолоодож явахдаа Приус маркийн 54-52 УНЯ мөргөлдөж У.Эрхцасын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэрэгт ...гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоохын тулд явган зорчигч, жолооч нар нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн заалтыг зөрчсөн эсэхийг тогтоох" зорилго агуулжээ. Үүнээс дүгнэхэд өөрийгөө тусгай мэдлэг эзэмшсэн гэж үзсэн мэргэжилтэн наад зах нь магадлагаа үйлдэхдээ У.Эрхцасын эрүул мэндэд хүнд хохирол учруулсан гэж хаана ч байхгүй зүйлийг гаргаж тавьж магадлагаа үйлдсэн нь худал дүгнэлт гаргасан нэг баримт болж байна. Хоёрд: Г.Цэндсүрэнгийн гаргасан дүгнэлтүүдэд үндэслэн магадлагаа гаргасан. Гэтэл дээр дурдсан Г.Цэндсүрэнгийн дүгнэлт дотор Э.Эг Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 8.2-т заасан заалтыг зөрчсөн гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй дүгнэлтийг үндэслэн "Э.Э нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 8.2-т заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй" гэсэн нь өөрөө үндэслэлгүй магадлагаа гаргасан болж байна. Нөгөө талаар "байх" гэсэн тодотгол авсан байгаа нь таамагласан төдий зүйл болсон байна. Гуравд: мөрдөгчийн магадлагааны дугаарлалтыг авч үзвэл наад захын тоон эрэмбэлэлтийг хийж чадаагүй байгаа нь мэргэжилийн гэж тодотгох мэргэжилтэний үйлдэл бус байна. Дөрөвд: Ц.Ганболд нь өөрийгөө эрх зүйч мэргэжилтэй гэсэн байгаа ба тусгай мэдлэг эзэмшсэн гэх мэргэжил, мэргэшилийн талаар дурдаагүй байна. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5 дах заалтыг зөрчиж, шинжээчийн эрхийг хэрэгжүүлж магадлагаа гаргасан байна. Тав: Магадлагаа үйлдэхдээ удирдлага болгосон хуулийн заалтыг авч үзвэл шинжилгээг шинжээч томилж шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэсэн атлаа Мөрдөгчийн тогтоол үйлдэн шинжээч Г.Цэндсүрэнг өмнөх этгээдийн нэрийг штрикээр даран байж нэр зааж оруулан нэмэлт шинжилгээ хийлгэсэн байна. /2 хавтас ху 008/ Зургаа: Мөрдөгчийн магадлагаа үйлдэх гол зорилго нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах гэсэн агуулгатай байгаа байтал эрхээ хэтрүүлэн дүгнэлт маягийн зүйл үйлдэж дээрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5, 6 дах заалт, мөн хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг зөрчсөн байна. Шинжлэх ухаан Техникийн их сургуулийн Механик инженерийн сургуулийн шинжээч нарын гаргасан дүгнэлт нь 12/27 дугаартай Нэгд: дүгнэлтийн 3-д Энхээг буруутгахдаа "..."А" цэгээс үзэхэд Э.Э нь ЗХД-ийн 8.2-р заалт Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно " гэснийг зөрчсөн гээд 4-д нь Золжаргалыг буруутгахдаа "...тоормосны мөр зэргээс үзэхэд Э.З нь нь ЗХД-ийн 8.2-р заалт Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно " гэснийг зөрчсөн гэсэн. 5-д нь Энэ хоёрыг хоёуланг нь ЗХД-ийн 8.2-р заалт зөрчсөн учраас осол гарах нөхцөлийг үүсгэсэн байх магадалтай гэсэн маш эргэлзээтэй дүгнэлт хийсэн байдаг. Хоёрд: Энхээг буруутгах болсон "А" цэгийг шинжээч Г.Цэндсүрэн болон бусад 11 шинжээч буруу тавигдсан гэж үгүйсгэсэн байдаг тул "А" цэгийг баримтлан Энхээг буруутгаж байгаа дүгнэлт нь өөрөө буруу болж байна. Гуравд: Хэрэв хоёр жолооч хоёулаа ЗХД-ийн 8.2-р заалт зөрчиж Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарах үйлдэл хийж байгаа бол мөргөлдөх биш зөрөөд явчихна гэдгийг шинжээч нар бодож олоогүй, дүгнээгүй нь ойлгомжгүй болж байна. Дөрөвд: хэргийн газар дээр очсон бүрэлдэхүүн хоорондоо ярилцаж бодож байгаад тавьсан "А" цэг, зам дээр бодитоор үлдсэн автомашины мөр хоёрын аль нь үндэслэл бүхий нотлох баримт болох талаар шинжээч нар дүгнээгүй нь энэ хэрэгт ямар байдлаар оролцсон байгааг илтгэн харуулж байна. Тавд: Ийм дүгнэлт гаргасан шинжээч нар шүүх хуралд дуудахад ирээгүй шалтгаан нь үндэслэлгүй гаргасан дүгнэлтээ хамгаалж чадахгүйтэй холбоотой гэж үзэхээр байна. Зургаад: Энэ дүгнэлтийг гаргахад оролцсон шинжээч Ц.Цэвэгжав мэдүүлэхдээ Э.Эг Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн ямар нэг заалтыг зөрчсөн гэж огт хэлээгүй байдаг нь дээрх дүгнэлтээ үгүйсгэсэн байгаа нь тэдний гаргасан дүгнэлт үндэслэлгүйг нотолж өгсөн гэж үзэхээр байна. Долоо: шүүх энэ дүгнэлтийг Э.Эг буруутгах нотлох баримт болгосон атлаа эсрэгээр нь Э.Эг ЗХД-ийн 8.2-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь шинжлэх ухааны үндэслэлтэй, бодитой үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй байна гэж үзсэн нь шүүх яллах нотлох баримтаа үгүйсгэсэн байна. /шийтгэх тоггоолын 27-28 хуудас/

Шинжээч Ц.Цэвэгжавын мэдүүлгийг авахдаа Ц.Цэвээнжав гэж бичсэн нь ойлгомжгүй байна. Энэ шинжээчийн мэдүүлэгт "..."А" цэг Э.Эгийн эсрэг урсгалд байгаагаар тодорхойлогдсон учраас 54-52 УНЯ дугаартай автомашин эсрэг урсгалд орсон байна гэж тодорхойлсон" гэсэн байдаг ба Э.Эг Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн ямар нэг заалтыг зөрчсөн гэж огт хэлээгүй байдаг. Харин эсрэгээрээ "...жолооч Золжаргалын тоормосны мөр эсрэг урсгалд байгаа ослын үеийн автомашины эвдрэл гэмтлийн байдлаас үзэхэд жолооч Золжаргал нь Замын Хөдөлгөөний Дүрмийн 8.2-т заасан заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй" гэж мэдүүлсэн байна. Анхан шатны шүүх дээрхээс гадна Э.Эг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж үзсэн шинжээч нарын дүгнэлтүүдийг нотлох баримтанд тооцосон боловч бүгдийг нь шинжлэх ухааны үндэслэлтэй, бодитой үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй гэж үгүйсгэсэн нь хөдөлбөргүйгээр нотлож тогтоосон баримтгүй болсон байна. Энэ нь шүүгдэгч Э.Эгийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт байхгүй болсон байна. Шүүх Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан шинжлэх ухааны үндэслэлтэй, бодитой үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй гэж дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг заасан гэж ойлгогдож байгаа боловч мөн хууль, зүйлийн 5-д "Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ" гэсэн заалтыг баримтлаагүй байна. Шүүхийн тогтоолд Тээврийн Цагдаагийн Албаны Техникийн шинжилгээний 7 шинжээчийн бүрэлдхүүнтэй 2018.11.27-ны өдрийн 779 дугаартай дахин гаргасан дүгнэлтийг илт эргэлзээтэй дүгнэлт хийжээ гэсэн байна. Хэрвээ шүүх энэ дүгнэлтийг илт эргэлзээтэй гэж үзсэн бол Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2-д заасныг баримтлан дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгах хуулийн шаардлага байсан байна. Мөрдөн шалгах ажиллагаанд ... шүүхийн хэлэлцүүлэгт "...Хэргийн газрын анхны үзлэгээр тэмдэглэсэн "А" цэг дээрх эвдэрсэн эд ангиудын...зорчих хэсгийг голлосон байрлалтай мөргөлдсөн байх үндэслэлтэй байна..." гэсэн кримналистик шинжээч Г.Цэндсүрэнгийн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Х.Амартүвшин, Н.Шинэбаатар нарын өгсөн мэдүүлгүүд нь үгүйсгэн няцааж чадахгүй байна" гэсэн. Шүүхийн энэ дүгнэлт нь Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2-дах хэсэгт заасныг баримталах заалттай нийцэхгүй байна. Үүнийг няцаан үгүйсгэсэн болон хууль зүйн дүгнэлт гэж үзэх үндэслэл биш байна. Харин дээрх үйл баримтаас дүгнэн үзвэл шинжээч Г.Цэндсүрэнгийн Хэргийн газрын анхны үзлэгээр тэмдэглэсэн "А" цэг зөв тогтоогдоогүй гэдэг нь шүүхэд ослын газрын бүрэлдэхүүнд оролцсон гэрч Ш.Ариун-Эрдэнийн хэргийн газар дээр "А" цэгийг тэмдэглэсэн байрлалыг үгүйсгэн няцаасан зүйл юм. Нөгөө талаар шинжээч Г.Цэндсүрэн нь Э.Эг ЗХД-ийн 8.2-р заалт "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно " гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлт огт хийгээгүй, үүнийг шинжээч Х.Амартүвшин, Н.Шинэбаатар нар няцаах шаардлага байхгүй бөгөөд Э.Эг буруугүйг үндэслэл бүхий тайлбар хийж, хоёр холбогдогч хоёулаа ЗХД-ийн 8.2-р заалт "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно " гэснийг зөрчсөн бол зөрөөд өнгөрнө гэдгийг хэнд ч ойлгомжтой тайлбарласан.

Мөн Шийтгэх тогтоолд шүүхэд оролцсон гэрч, шинжээч нарын асуусан асуултанд хариулсан хариултыг бичихдээ асуултыг хариулт болгон нэгтгэж бичсэн нь тухайн оролцогч нарын мэдүүлэг тайлбарын санаа, үгийн утга, агуулгыг алдагдуулсан ойлгомжгүй байдлыг бий болгосон байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдал нь Э.Эг гэм буруугүй, түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байхад Анхан шатны шүүх түүнийг гэм буруутай гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 311 дугаартай шийтгэх тогтоолын Э.Эд холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, Э.Эг цагаатгаж өгнө үү.” гэв.

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Р.Хонгорзул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх 311 тоот шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт 29 дүгээр хуудсанд “Э.З, Э.Э нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна” хэмээн дүгнээд, мөн шүүгдэгч Э.Э нь хохирогч Э.Зын эмчилгээний зардал 25.582.000 төгрөгөөс 10.000.000 төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч У.Эрхцасын эмчилгээний зардлын 2.653.000 төгрөгийг түүний хууль ёсны төлөөлөгч Б.Улсбаярт тус тус нөхөн төлсөн байх тул шүүгдэгч Э.Заас насанд хүрээгүй хохирогч У.Эрхцасын эмчилгээний зардлын үлдэгдэл 2.653.307 төгрөгийг гаргуулж түүний хууль ёсны төлөөлөгч Б.Улсбаярт, автомашины хохирол 9.695.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Р.Хонгорзулд, иргэний хариуцагч Р.Хонгорзулаас эмчилгээний зардлын үлдэгдэл 15.582.000 төгрөг, автомашины хохирол 4.231.000 төгрөг, нийт 19.813.000 төгрөг гаргуулж
Э.Зд тус тус олгон, насанд хүрээгүй хохирогч У.Эрхцасын хууль ёсны төлөөлөгч Б.Улсбаярын нийт 5.306.307 төгрөгийн нэхэмжлэлийг бүрэн хангаж, хохирогч Э.Зын ажилгүй байсан 10 сарын цалин 7.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй учир хэлэлцэхгүй орхин, иргэний нэхэмжлэгч Р.Хонгорзулын автомашины үнэ болон хохирлын зөрүү 5.305.000 төгрөг, шүүгдэгч Э.Э, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Р.Хонгорзул нарын өмгөөллийн хөлс 5.000.000 төгрөг, нийт 10.305.000 төгрөгийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнээд, шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 9 дэх заалтаар дээрх дүгнэлтийнхээ дагуу шийдвэрлэсний иргэний нэхэмжлэгч, хариуцагч Р.Хонгорзул надад холбогдох хэсгийг үндэслэлгүй, буруу шийдвэр болсон гэж үзэж байна. Шүүхээс, зам тээврийн гэмт хэрэг нь 2 жолоочийн аль алиных нь гэм буруугаас үйлдэгдсэн гэсэн дүгнэлтийг хийсэн тохиолдолд гэм хорын асуудлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 497, 499, 510 дугаар зүйлд заасныг баримтлан гэм хор учруулсан этгээдийн аль алинаас нь харилцан гаргуулж шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Тухайн хэргийн нөхцөл байдлын хувьд хэдийгээр шүүгдэгч Э.З өөртөө хүнд гэмтэл учруулсны тухайд яллагдагчаар татагдаагүй боловч өөрт болон бусдад учруулсан гэм хорыг Иргэний хуульд заасны дагуу хариуцан арилгах ёстой атал шүүх Э.Заас өөрийнх охин болох насанд хүрээгүй хохирогч У.Эрхцасын эмчилгээний зардлын тал хувь буюу 2.653.307 төгрөгийг гаргуулан хууль ёсны төлөөлөгч Б.Улсбаярт олгуулж шийдвэрлэсэн атлаа Э.Зын өөрийнх нь эмчилгээний зардлыг иргэний хариуцагч Р.Хонгорзул надаас бүтэн гаргуулахаар, Р.Хонгорзул миний нэхэмжилсэн автомашины үнэ болон хохирлын зөрүү 5.305.000 төгрөг, өмгөөллийн зардал 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх хохирогч Э.Заас шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг үзэж нягталж дүгнэлт хийлгүйгээр шууд нэхэмжилсэн үнийн дүнгийн хэмжээгээр нь иргэний хариуцагч Р.Хонгорзул надаас гаргуулж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Уг баримтууд дотор нотлох баримтын шаардлага хангахгүй олон баримт байгаа бөгөөд шүүх нэгбүрчлэн нягтлан үзэх ёстой байсан. Давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүх шийдвэрийг хууль ёсны хэмээн үзэж, зам тээврийн осол 2 жолоочийн хоёулангийнх нь буруугаас болж гарсан байна хэмээн дүгнэхэд хүрвэл, бүх хохирлыг 2 талдаа тэнцүү хувааж төлөх ёстой. Миний нөхөр Э.Э болон би өөрийн машинд учирсан хохирлын тал хувь буюу 4.847.500 төгрөгийг өөрсдөө хариуцаж, хохирогч Э.З өөрийн эмчилгээний зардлын тал хувь буюу 12.791.000 төгрөг, авто машины хохирлын тал хувь буюу 2.115.500 төгрөгийг өөрөө хариуцвал, иргэний хариуцагч Р.Хонгорзул би Э.З, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Улсбаяр нарт нийт 17.559.500 төгрөг төлж, өөрийн авто машины хохиролд Э.Заас авах ёстой 4.847.500 төгрөгийг хасвал нийт 12.712.000 төгрөгийг хохирогч нарт төлөх ёстойгоос хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Улсбаярт 2.653.000 төгрөг, хохирогч Э.Зд 10.000.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 59.000 төгрөг гарч байгааг, давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө төлөх болно. Ер нь миний нөхөр Э.Э Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Р.Хонгорзул намайг хохирол төлбөрөөс чөлөөлж өгнө үү. Анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр, эхэлж Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн ослыг гарах нөхцөл байдлыг бий болгосон, суудлын бүсээ бүсэлж аюулгүй байдлаа хангаж яваагүйгээс /энэ талаар шинжээч нар дүгнэлтдээ огт тусгаагүй байдаг/ өөртөө болон өөрийн асрамжинд явсан бага насны хүүхдийнхээ эрүүл мэнд, өөрийн болон манай гэр бүлийн өмч хөрөнгөнд хохирол учруулсан Э.Зыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн атлаа гэм буруу нь нотлогдоогүй миний нөхөр Э.Эд хорих ял оноож, манай гэр бүл үр хүүхдүүдийн эрх чөлөө, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгөнд хохирол учруулсан хууль бус шийдвэр гаргасанд туйлын гомдолтой байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Улсбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээр уг хэргийг тогтоосон гэж үзэж байна. Шүүгдэгчийн тал хүний эрүүл мэндийг хэдээр үнэлчихээд дийлэнх хувийг төлчихсөн гэж үзээд байгаа юм бэ, гарандаа хадаас хадууллаа, хөл нь 2.5 см богино болчихлоо, тархиндаа гэмтэл авсан, охины шүд нь булгарсан, хөлөө хадуулсан, хамаг шүд нь унасан цаашид гарах эмчилгээний зардлууд байгаа. Үүнийг яагаад орхигдуулж байна вэ. 100 хувь хэвийн байдалд нь оруулчихсан бол хохирлоо барагдуулсан гэж үзэхээр байна. 100 хувь хэвийн байдалд орохын тулд цаг хугацаа, эмчилгээ хийх шаардлагатай байгаа. Цаашид эмчилгээ байгаа гэдгийг хэлмээр байна. Анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Цэцэгмаа өмгөөлөгч дахин үзлэгээр Цэндсүрэн шинжээчийг байсан гэж байна, тухайн үед байгаагүй, та өөрөө ч байгаагүй...” гэв.

Шүүгдэгч Э.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хүмүүс хоёр хүний эрүүл мэндээс илүү эд хөрөнгөд хохирол учирсаныг илүүд үзэж байгаа нь үнэхээр таалагдахгүй байна. Маш их гомдолтой байна. Эхнээсээ буруутай үйлдлээ надруу чихсэн. Өөрсдөө гэм буруугүй, төлбөр тооцоогүй гарахыг хичээсэн. Анхан шатны шүүх ажлаа дутуу хийсэн, нэг талыг барьсан гэсэн, бас л бусдад буруу тохсон гомдол гаргасан байна. Энэ байдал нь буруугаа ойлгохгүй, ухаарахгүй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралд гэрч, шинжээч, байцаагч нар гээд олон хүн ирсэн. Тэр үед гэрч хэлэхдээ гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд урдаас гэнэт машин гараад ирчихсэн гэдэг энэ мэдүүлгээр гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн гэдэг нь мэдэгдэж байгаа. Энэ хүн гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ урд талын машинаа хараад болгоомжтой явсан бол өөртөө болон надад ийм зүйл учруулахгүй байсан. Намайг худал мэдүүлэг өгсөн гэж байна. Хүн толгойндоо доргилт авахаар түр хугацаагаар юм санахгүй байдаг юм билээ. Хэсэг хугацааны дараа эмчилгээ хийлгээд санасан. Гэтэл хүний өвчинд тоглоом хийж байгаа юм шиг доромжилж байгаа нь таалагдахгүй байна. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Р.Хонгорзул баримтууд нь хүчин төгөлдөр биш байна гэж байна. Би өөрөө эмийн санд ажилладаг хүн. Эмийн сангаасаа хямдралтай, бөөний төвөөс захиж авхуулдаг байсан. Би аль болох хямд үнээр эмчилгээ хийлгэх гэж хямдралтай эмээ авдаг байсан. Эхний хоёр сарын эмчилгээний зардлыг оруулаагүй, баримт цуглуулах ёстой гэдгийг мэдээгүй явж байсан. Би амбулаторийн картаа аваад ирсэн байгаа итгэхгүй бол аваад үзэж болно...” гэв.

Шүүгдэгч Э.Зын өмгөөлөгч Д.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 311 дугаартай шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаагүй. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заагдсан, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-т заагдсан хэргийн үйл баримтад анхан шатны шүүх дүгнэлт өгсөн байдаг. Хэргийн үйл баримтад бүрэн хэмжээгээр дүгнэлт өгч шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5-т “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүхээс хохирлыг хувь тэнцүүлж тодорхой зааж шийдвэрлэсэн тул нэмж тайлбарлах шаардлагагүй. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гэрч Ариун-Эрдэнэ, Амартүвшин, Цэндсүрэн, Шинэбаатар гээд осолтой холбоотой асуудал дээр дүгнэлт гаргасан, тухайн үйл баримтыг харсан гэрчүүдийг шүүгдэгч Энхээгийн талаас тавьсан хүсэлтийн дагуу шүүх хуралд оролцуулсан. Анхан шатны шүүх хэргийг дэлгэрэнгүй, цагт баригдалгүй хэлэлцсэн. Мөн хавтаст хэрэгт авагдсан фото зургийн үзүүлэлтээр осол хаана болсон, хэн хэн нь буруутай вэ гэдгийг маш нарийн тодорхойлсон. Хэргийн үйл баримтад эдгээр улсууд үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх дүгнэлтийг үнэн зөв хийсэн гэж ойлгож байна. Шүүгдэгч Энхээ гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд, хохирлын асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ илэрхийлж байгаа бол болгоомжгүй, хайхрамжгүйгээр үйлдсэн хэрэгт заавал хорих шаардлага байхгүй гэх өөрийнхөө дүгнэлтийг анхан шатны шүүхэд хэлж байсан. 2 өмгөөлөгч процессийн алдаа зөрчсөнөөрөө 12 дугаар сарын 18-нд болсон үйл баримтыг, фото зураг, бусад шүүх хуралд орсон шинжээч нарын мэдүүлгийг яг ямар байдлаар үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашигтай шийдвэр гаргаж өгөөч гэх үйл баримтаар хандаж байгаа юм болуу гэж ойлгож байгаа. Миний үйлчлүүлэгч охиндоо гэм хор учруулсан энэ үйлдлээ хүлээн зөвшөөрч байдаг. Гэм буруугаа ойлгодог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар анхан шатны шүүх хурал дээр болон давж заалдах шатны шүүх хурал дээр шүүгдэгчийн гэм буруугийн тал дээр нэг байр суурьтай болж орж ирээгүй нь тодорхой харагдаж байна. Улсын яллагчийн зүгээс хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас ямар нотлох баримтыг үнэлэх вэ гээд үнэлэлт дүгнэлт өгөөд, Цэндсүрэн шинжээчийн гаргасан дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн. Цэндсүрэн шинжээч тухайн тээврийн хэрэгсэл ямар байрлалаар осол гарсан, хаана гарсан гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлаж дүгнэлтээ гаргасан гэж үзсэн. Техникийн шинжээчийн хувьд 1.3.5.7 гээд 4 удаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Эдгээр шинжээчийн дүгнэлтээр Шинэбаяр шинжээчийн дүгнэлт, мөн гурван шинжээчийн дүгнэлтээр Энхээг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэж буруутгаагүй. Харин 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй механик инженерийн шинжээчийн дүгнэлтээр Энхээг Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэж үзсэн. Мөн Золжаргалыг Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дугаар зүйл заасныг зөрчсөн гэж дүгнэж бичсэн. Ингэж дүгнэхдээ үндэслэл нь хэргийн нөхцөл байдалтай тохироогүй байна гэж үзсэн. 7 шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлт мөн хэргийн нөхцөл байдалд таараагүй байна. Учир нь долоон шинжээч дүгнэхдээ Цэндсүрэн шинжээчийн 4099 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзсэн. Хэрвээ Цэндсүрэн шинжээчийн дүгнэлт хоёр жолоочийг зам голлосон байдалтай мөргөлдсөн байна гэж дүгнэсэн. Цэндсүрэн шинжээч хоёр жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасныг зөрчсөн гэдгийг дүгнэдэг шинжээч биш. Харин осол ямар нөхцөлд гарсан, А цэг ямар байрлалтай байсан гэдгийг тодорхой харуулж чадсан дүгнэлт гэж үзэж байна. Бусад шинжээчийн хувьд хэргийн нөхцөл байдал өмнөх шинжээч Цэндсүрэнгийн дүгнэлтийг үндэслэл бүхий дүгнэлтээ гаргаж чадаагүй, өөр өнцгөөс харж дүгнэсэн байна гэж үзсэн. Техникийн шинжээчийн дүгнэлтүүдийг прокурорын зүгээс аваагүй, Цэндсүрэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Шүүх ямар нотлох баримтыг ямар хэмжээнд үнэлэх вэ гэдэг нь шүүхийн эрх мэдлийн асуудал юм. Анхан шатны шүүх хохирол төлбөрийг гаргуулахдаа Золжаргалыг гэм буруутайд тооцож хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон ч гэсэн Золжаргалаас насанд хүрээгүй хүүхдийн эмчилгээний зардлыг хувь тэнцүүлэн гаргасан. Мөн Энхээгийн автомашинд учруулсан 9.695.000 төгрөгийг бүрэн гаргуулахаар заасан. Эсрэгээрээ Энхээгээс Золжаргалын автомашинд учруулсан 4.238.000 төгрөгийг гаргуулж Золжаргалд олгохоор даалгасан. Хохирол төлбөрийг анхан шатны шүүх үндэслэлтэй тооцсон гэж үзэж анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Э.З нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хужирбулангийн Гачууртын замд “Хюндай Аванте” маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас Э.Эгийн жолоодон явсан “Тоёота Приус” маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, улмаар өөрийн автомашинд зорчин явсан 7 настай У.Эрхцасын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Э.Э нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хужирбулангийн Гачууртын замд “Тоёота Приус” маркийн 54-52 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас Э.Зын жолоодон явсан “Хюндай Аванте” маркийн 44-55 СЭҮ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, Э.Зын эрүүл мэндэд хүнд хохирол, 7 настай У.Эрхцасын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Э, Э.З нар нь зам тээврийн осол гарсан нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлдэг бөгөөд тэдний мэдүүлэг нь насанд хүрээгүй хохирогч У.Эрхцас /1хх 42/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Р.Хонгорзул /1хх 46-48/, гэрч Х.Эрдэнэтогтох /1хх 55-56/, гэрч Л.Наранбаатар /1хх 58-59/, гэрч Б.Дэчинжамц /1хх 61-62/, гэрч Ш.Ариун-Эрдэнэ /1хх 71/, гэрч Б.Амарсанаа /1хх 72/, шинжээч Г.Цэндсүрэн /1хх 233-234/, Ц.Цэвээнжав /2хх 234-236/ нарын мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 13-21, 24-29/, автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлт /1хх 182-186/, 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн шнжээчийн дүгнэлт, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 204-218/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын автотехникийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2566, 2567 дугаартай дүгнэлт, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 222-227/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын автотехникийн шинжээчийн 4099 дугаартай дүгнэлт, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 10-17/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Ц.Ганболдын магадлагаа /1хх 166-171/, Шинжлэн ухаан техникийн их сургуулийн Механик инженерийн сургуулийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 12/27 дугаар дүгнэлт /2хх 109-112/ зэргээр нотлогдсон байна.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Э.Эг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйлд заасан ялын төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан байх боловч, давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө шүүгдэгч Э.Э нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тухай хүсэлт ирүүлсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэнтэй нийцэх юм.

Шүүгдэгч Э.Зд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг ялаас чөлөөлсөн нь хуулийн үндэслэлтэй байна.

Нөгөөтээгүүр гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хэн алиных нь гэм буруутай байдлаас үүдэж дээрх гэмт хэрэг гарсан байх тул гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг адил тэнцүү хувааж шүүгдэгч нараар төлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гэмт хэргийн улмаас Э.Зд эмчилгээний зардалд 18.800.000 төгрөгийн, түүний машинд 4.231.000 төгрөгийн, иргэний хариуцагч Р.Хонгорзулын машинд 9.695.000 төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс Э.Э нь Э.Зд эмчилгээний зардалд 10.000.000 төгрөг төлжээ. Хоёр машинд учирсан хохирлын зөрүү /9.695.000-4.231.000=5.464.000 төгрөг/ болж байх ба үүнийг адил тэнцүү хуваахад гарсан 2.732.000 төгрөг дээр эмчилгээний зардалд илүү төлсөн 600.000 төгрөгийг нэмж 3.332.000 төгрөгийг Э.Заас гаргуулж Э.Э, Р.Хонгорзул нарт олгохоор тооцоо гарч байгаа боловч энэ мөнгийг нэхэмжлэхгүй гэсэн болно.

Дээрх дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл тогтоогдсон тул хохирлыг тэнцүү хуваан гаргуулах нь зүйтэй гэж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Заас 2.653.307 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч У.Эрхцасын хууль ёсны төлөөлөгч Б.Улсбаярт олгосугай.” гэснийг хэвээр үлдээж, Э.Заас 3.332.000 төгрөг төлөхөөр тооцоо гарч байгаа боловч, шүүгдэгч Э.Э, иргэний нэхэмжлэгч Р.Хонгорзул нар нэхэмжлэхгүй гэснийг дурдаж шийдвэрлэлээ.   

 Иймд шүүгдэгч Э.Эгийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, Н.Цэцэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Р.Хонгорзулын гаргасан давж заалдах гомдлын “хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар” гаргасан хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 311 дугаартай шийтгэх тогтоолын:

 тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Э.Эд 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Эг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж,

9 дэх заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Заас 2.653.307 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч У.Эрхцасын хууль ёсны төлөөлөгч Б.Улсбаярт, 9.695.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Р.Хонгорзулд, иргэний хариуцагч Р.Хонгорзулаас 19.813.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Зд тус тус олгож, иргэний нэхэмжлэгч Р.Хонгорзулын 10.305.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “шүүгдэгч Э.Заас 2.653.307 төгрөг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч У.Эрхцасын хууль ёсны төлөөлөгч Б.Улсбаярт олгосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

 2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт нийт 59 хоног цагдан хоригдсоныг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ