Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хонгорийн Нямдэлгэр |
Хэргийн индекс | 128/2020/0740/З |
Дугаар | 128/ШШ2021/0214 |
Огноо | 2021-03-24 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2021/0214
2021 оны 03 сарын 24 өдөр | Дугаар 128/ШШ2021/0214 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: А Э ХХК,
Хариуцагч: Ашигт малтмал, Газрын тосны газар,
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 196 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Пүрэвханд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А Э ХХК нь Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 6-1054 дугаар шийдвэрээр Төв аймгийн А, Б, Э сумдын нутагт орших А нэртэй газар ашигт малтмал хайгуулын ХV-015499 тоот тусгай зөвшөөрлийг анх авч байсан.
Өнөөдрийг хүртэл тус хайгуулын лицензийг зохих хууль тогтоомжид заасны дагуу хайгуулын ажлыг хийн гүйцэтгэж, холбогдох төлбөр тооцоо буюу тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлж байсан билээ. Энэхүү хугацаанд бид хайгуулын талбайд эрлийн маршрут, талбайн зураглал, талбайн сорьц, уул өрмийн ажил, геофизикийн судалгаа, археологи-палентологийн судалгаа,
лабораторийн ажлуудыг хийж гүйцэтгэн холбогдох байгууллагуудад тайлан
төлөвлөгөөгөө хүргүүлдэг байсан бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 29-ны өдөр
Австрали улсын Б Р М Э Э компанитай гэрээ байгуулан хөрөнгө оруулалт татахаар болж холбогдох гэрээ, хэлцлийг байгуулан хамтран ажиллаж эхэлсэн.
Ийнхүү хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хөрөнгө оруулагч талаас холбогдох мэргэжилтнүүд Монгол улсад хүрэлцэн ирж ажиллахаар төлөвлөж байсан боловч дэлхий дахинд тархаад буй Ковид-19 цар тахлын улмаас хорио цээрийн дэглэм тогтож, хилийн боомтууд хаагдаж эхэлсэн бөгөөд хөрөнгө оруулагч талаас холбогдох хүмүүс манай улсад ирж чадахгүй болсноос үүдэн гэрээний хэрэгжилт түр хугацаанд зогссон.
Манай компани хайгуулын тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг хөрөнгө оруулагчдын төлбөрөөс тооцохоор төлөвлөж байсан боловч дээрх нөхцөл байдлын улмаас хайгуулын тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Манай зүгээс энэхүү давагдашгүй хүчин зүйлийн улмаас хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж чадахгүй байх тул хугацааг сунгаж өгөх тухай 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02/20 дугаартай албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж хүсэлт гаргаж байсан.
Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны З дугаар сарын 04-ний өдрийн 8/1105 дугаартай албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг төлөх тухай мэдэгдэж байсан. Манай зүгээс дээрх албан бичгийн хариуд 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 3/24 дугаартай албан бичгээр хүсэлт гаргаж, хорио цээрийн дэглэм цуцлагдаж, хилийн хориг нээгдтэл төлбөр төлөх хугацааг хойшлуулж өгөхийг хүссэн байдаг.
Ийнхүү Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр сонсох ажиллагаа хийгдэж, сонсох ажиллагааны хүрээнд бид хөрөнгө оруулагч талтай байгуулсан гэрээ хэлцлийг болон холбогдох бусад бичиг баримтуудаа гарган өгч, төлбөр төлөх хугацааг хөрөнгө оруулагч талыг хүлээн авах хүртэл хойшлуулж өгөхийг хүссэн боловч, хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг 1 сарын хугацаанд төлөхийг бидэнд мэдэгдсэн юм.
Улсын онцгой комиссын хуралдаанаас Ковид-19 цар тахлын хүрээнд авч буй өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлаар сар бүр хуралдаж байсан хэдий ч өнөөдрийг хүртэл хилийн боомтуудыг нээх шийдвэрийг гаргаагүй байгааг хүн бүр мэдэж байгаа.
Ийнхүү манай компани Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн
гэрчилгээ-г гаргуулахаар Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимд хандаж хүсэлт гаргасан бөгөөд А Э ХХК-ийн хөрөнгө оруулалтын дараагийн шатны хэлэлцээрээ хийж чадаагүйгээс санхүүгийн хүнд нөхцөл байдал үүссэн нь гэрээ байгуулах үед урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг нотолж гэрчилгээ олгосон байдаг.
Гэвч Ашигт малтмал, газрын тосны газраас дээрх нөхцөл байдлуудыг
харгалзан үзэлгүйгээр 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 196 дугаартай
шийдвэрээр манай хайгуулын ХУ-015499 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан
болохыг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 8/3157 дугаартай Шийдвэрийн
дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр бидэнд мэдэгдсэн.
Манай зүгээс дээрх шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 20/18 дугаартай Гомдол гаргах тухай албан бичгийг хүргүүлсэн боловч Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгээр гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэх хариуг бидэнд өгсөн юм.
Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 196 Дугаар шийдвэрийг хүчингүй болгож, манай компанийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, Газрын тосны газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны дугаар сарын 08-ны өдрийн 196 дугаар шийдвэрийн А Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.
Төв аймгийн А, Б сумдын нутаг А нэртэй 7696.11 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-15499 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга /хуучин нэрээр/-ын 2010 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 203 дугаар шийдвэрээр А Э ХХК-нд олгосон байна
Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан.
А Э ХХК-ийн хувьд ашигт малтмалын хайгуулын XV-15499 дугаартай тусгай зөвшөөрлийн 11 дэх жилийн ээлжит жилийн төлбөр төлөх хугацаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д заасны дагуу 2020 оны 02 дугаар сарын 23, алдангийн хамт төлөх хугацаа нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр дуусахаар байсан.
Гэтэл А Э ХХК-аас 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02/20 д
хүсэлт гаргах тухай албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлжээ.
Тус албан бичигт дэлхий дахиныг хамарсан Ковид-19 вирусийн халдварын
улмаас манай компани санхүүгийн хүнд нөхцөлтэй байгаа учир тусгай зөвшөөрлийн талбайн жилийн төлбөрийг 2020 оны 05 дугаар сарын 23 хүртэл 3 сарын хугацаагаар сунгаж өгнө үү гэжээ.
Төрийн захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, 4.2.8 хууль ёсны итгэлийг хамгаалах" гэсэн зарчмуудыг баримтлан мөн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал өгөх боломж олгоно гэж заасныг үндэслэн А Э ХХК-д 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр сонсох ажиллагаа хийж тус компанийн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх хугацааг 1 сараар хойшлуулсан.
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө., 34 дүгээр зүйлийн 34.7.Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасны дагуу А Э" ХХК-ийн хувьд ашигт малтмалын хайгуулын Х\/-15499 дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй учир Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 196 дугаар шийдвэрээр А Э ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-15499 дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дах хэсгийг үндэслэн цуцалж, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 8/3157 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.
Төрийн захиргааны байгууллагаас А Э ХХК-ийн нөхцөл байдлыг судлан үзэж тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх хугацааг 1 сараар сунгасан. Өөрөөр Хэлбэл албан бичигт дурдсан хугацаагаар нь төлбөр төлөх хугацааг хойшлуулсаар байтал тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй тул Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн тусгай зөвшөөрөл цуцлах тухай шийдвэр гарсан нь хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 196 дугаар шийдвэрийн А Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А Э ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагаа Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 196 дугаар шийдвэрийн А Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон дараах үйл баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга /хуучин нэрээр/-ын 2010 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 203 дугаар шийдвэрээр Төв аймгийн А, Б сумдын нутаг А нэртэй 7696.11 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-15499 дугаартай тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч А Э" ХХК-д анх олгожээ.
Тус компанийн ашигт малтмалын хайгуулын ХV-15499 дугаартай тусгай зөвшөөрлийн 11 дэх жилийн ээлжит жилийн төлбөр төлөх хугацаа нь 2020 оны 02 дугаар сарын 23, алдангийн хамт төлөх хугацаа 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болжээ.
Нэхэмжлэгч А Э ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтсийн даргад хандан 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 02/20 дугаар албан бичгээр ... дэлхий дахиныг хамарсан COVID-19 вирусийн халдварын улмаас манай улс 1-р зэргийн онц байдал зарлаж, гаднаас чиглэсэн зорчих хөдөлгөөн хязгаарлагдаж, хөрөнгө оруулалт саатаж, манай компани санхүүгийн хувьд хүнд нөхцөлтэй байгаа учир А тусгай зөвшөөрлийн талбайн жилийн төлбөрийг 2020 оны 05 дугаар сарын 23 хүртэл 3 сарын хугацаагаар сунгаж өгнө үү гэж, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 03/24 албан бичгээр ... А Э ХХК нь санхүүгийн хувьд хүнд нөхцөл, байдалтай болж, тусгай зөвшөөрлийн 11 дэх жилийн төлбөрөө хугацаанд нь төлөх боломжгүй болсон учир COVID-19 вирусын халдварын хорио, цээрийн дэглэм цуцалтал төлбөр төлөх хугацаа олгож өгнө үү гэсэн хүсэлтүүдийг тус тус явуулж байсан байна.
Уг хүсэлтийн хариуд Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 8/2320 албан бичгээр ... танай компаниас ирүүлсэн албан бичгийг хүлээн авч Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр сонсох ажиллагаа явуулж, тусгай зөвшөөрлийн төлбөрийг, алдангийн хамт 1 сарын хугацаанд буюу 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дотор бүрэн төлөхийг, заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасны дагуу цуцлах болохыг анхаарна уу гэсэн мэдэгдэл хүргүүлжээ.
2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч А Э ХХК-аас 05/19 албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх хугацааг нэмж олгож өгөх хүсэлтийг гаргажээ.
Нэхэмжлэгч А Э ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг, алдангийн хамт хуульд заасан хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 196 дугаартай шийдвэрээр тус компанийн хайгуулын ХV-015499 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалж, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 8/3157 дугаартай албан бичгээр мэдэгдсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд бүрэн төлөөгүй бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулжээ.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 196 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч А Э ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-015499 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.
Учир нь, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, 34.6-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна, 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч А Э ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-015499 дугаартай тусгай зөвшөөрлийн 11 дэх жилийн /2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх/ төлбөрөө 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой, энэ хугацаанд төлөөгүй бол нэмж 30 хүртэл хоног буюу 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дотор төлбөрийг алдангийн хамт төлөх үүрэгтэй боловч ээлжит жилийн төлбөрөө дээрх хуульд заасан хугацаанд болон хариуцагчаас сунгасан 1 сарын хугацаанд төлөөгүй, энэ үйл баримтын талаар маргаангүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т ийнхүү цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан энэ талаарх мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэхийг хариуцагчид үүрэг болгосны дагуу хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 8/2320 албан бичгээр нэхэмжлэгч А Э ХХК-нд мэдэгдэл хүргүүлж байсан болох нь тогтоогдож байна.
Энэ нь төрийн захиргааны төв байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, 56.4, 56.5-д заасан журмыг хангаж ажилласан тухайлбал нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлөө хүчинтэй байлгах хуулиар олгогдсон эрхийг хангажээ гэж шүүх дүгнэв.
Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 196 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч А Э ХХК-аас гомдол гаргасныг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1/3798 дугаар албан бичгээр гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгсөн үйл баримтууд тогтоогдов.
Нэхэмжлэгч А Э ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 196 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэлээ ... дэлхий нийтэд тархаад буй Ковид-19 цар тахлын улмаас тогтоосон хорио цээрийн дэглэм, хилийн нэвтрэх хөдөлгөөнийг зогсоосноос үүдэн хөрөнгө оруулалтын хэлэлцээрүүд хойшлогдсон нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж тайлбарлан маргадаг.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ... 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Австрали улсын Б Р М Э Э компанитай гэрээ байгуулан, хөрөнгө оруулалт татахаар болж холбогдох гэрээ, хэлцлийг байгуулан хамтран ажиллаж эхэлсэн, ... манай компани хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хөрөнгө оруулагчдын төлбөрөөс тооцохоор төлөвлөж байсан боловч дээрх нөхцөл байдлын улмаас төлж чадахгүй нөхцөл, байдалд хүрсэн гэх тайлбараар нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж дүгнэх боломжгүй байна.
Тухайлбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр нэг талаас нэхэмжлэгч А Э ХХК (компани), нөгөө талаас Австрали улсын Б Р М (БРД) компанийн хооронд А төслийн хүрээнд байгуулагдсан Урьдчилсан гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.2-т Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноор урьдчилсан судалгааны хугацаа эхлэх бөгөөд нийт 120 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Талууд харилцан тохиролцсоноор хугацааг сунгаж болно, 9 дүгээр зүйлийн 9.1-т Энэхүү гэрээг байгуулснаар БРД-ээс Компанид 150,000 ам.долларын буцалтгүй дэнчинг төлөхийг зөвшөөрч байна. Гэрээнд гарын үсэг зурснаас 7 хоногийн дараа эхний хагас болох 75,000 ам.долларыг, Албан ёсны гэрээ байгуулснаас хойш 7 хоногийн дотор сүүлийн 75,000 ам.долларыг төлнө, 9.2-т Гэрээний нөхцөлийн дагуу хийх урьдчилсан судалгааны явцад гарах өртөг, төлбөрийг талууд өөрсдөө хариуцна. Гэрээнд оролцогч талуудын аль нь ч өөрсдийн хийх урьдчилсан судалгааны зардлыг нөгөөдөө хариуцуулахгүй гэж тус тус заажээ.
Талуудын хооронд байгуулагдсан Урьдчилсан гэрээний дээр дурдсан холбогдох заалтуудаас үзвэл Австрали улсын Б Р М компаниас нэхэмжлэгч А Э ХХК-ийн хайгуулын ХV-015499 тусгай зөвшөөрлийн 11 дэх жилийн төлбөрийг төлөх талаар тусгагдаагүй, талууд холбогдох судалгааг хийж Албан ёсны гэрээ байгуулснаас хойш 7 хоногийн дотор үлдэгдэл 75,000 ам.долларыг шилжүүлэхээр тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсан ... хил нээлттэй байсан бол манай компанийн зүгээс гэрээнд заасан судалгааны ажлыг бүрэн хийж дуусгаад Албан ёсны гэрээг байгуулан улмаар холбогдох хөрөнгө оруулалт хийгдэх боломжтой байсан гэдэг нь тогтоогдохгүй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч А Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Б-Ээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст удаа дараа явуулсан албан бичигт ... миний бие эрүүл мэндийн шалтгаанаар (миний бие сахарын хүнд хэлбэрийн өвчтэй тул эмчийн хяналтад байдаг. БНХАУ-аас тогтмол эм авч хэрэглэдэг байсан ба вирусын халдварын улмаас эмээ авах боломжгүй болж өвчин хүндэрсэн) гэрээсээ гарах боломжгүй болсны дээр... гэж тайлбарласан нь түүнийг компанийн үйл ажиллагааг огт явуулах боломжгүй байсан бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд тасралтгүй хүнд өвчтэй байсныг нотлохгүй байна.
Тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзвэл тус компанид зөвхөн гүйцэтгэх захирал Ш.Б-Э бус, хувьцаа эзэмшигчээр нэр бүхий 8 хувьцаа эзэмшигч, 1 хуулийн этгээд бүртгэгдсэн болох нь тогтоогдож байх бөгөөд тусгай зөвшөөрлийн төлбөрийг зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн гүйцэтгэх захирал биечлэн төлөх ёстой гэсэн хуулийн зохицуулалт байхгүй, компанийг төлөөлөн хэн ч, хаанаас ч банкаар дамжуулан гүйлгээ хийж төлөх боломжтой байсан гэдгийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгийг нотлохоор Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 02/575 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /FORCE MAJ-URE/-ийн гэрчилгээг ирүүлсэн байдаг.
Уг гэрчилгээнд А Э ХХК-аас ирүүлсэн баримт материалыг судлан үзээд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 сарын 12-ны өдрийн Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 62 дугаар тогтоолын 1, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 63 дугаар тогтоолын 1, 03 дугаар сарын 22-ны өдрийн Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай 102 дугаар тогтоолын 3 дугаар зүйлүүдийг тус тус үндэслэн А Э ХХК-ийн хөрөнгө оруулалтын дараагийн шатны хэлэлцээрээ хийж чадаагүйгээс санхүүгийн хүнд нөхцөл байдал үүссэн нь гэрээ байгуулах үед урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл (force majeure) мөн болохыг нотолж энэхүү гэрчилгээг олгож байна гэж дурджээ.
Шүүхээс уг гэрчилгээнд дурдсан нөхцөл байдал, хүчин зүйлүүдийн улмаас нэхэмжлэгч компанийг тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Иймээс нэхэмжлэгч А Э ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХV-015499 дугаартай тусгай зөвшөөрлийн 11 дэх жилийн төлбөрийг хариуцагч байгууллагаас 1 сарын хугацаагаар сунгасан хэдий ч сунгасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуульд заасан хугацаанд төлөөгүй нь баримт, тайлбараар тогтоогдож байх тул тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 196 дугаар шийдвэрийн А Э ХХК-нд холбогдох хэсэг хуульд нийцсэн, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болох нь тогтоогдож байна.
Шүүхээс дээрх үндэслэлүүдээр А Э ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А Э ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 196 дугаар шийдвэрийн А Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А Э ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР