Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2024/0159

 

 

 

 

 

 

 

 

              Ш.Б*******ийн нэхэмжлэлтэй

               захиргааны хэргийн тухай

  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С***

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Ш.Б*******

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга  

 

Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Ш.Б*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 128/ШШ2023/0821 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ш.Б*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Б*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч О.Г*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин

Хэргийн индекс: 128/2023/0557/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ш.Б******* Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/178 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 128/ШШ2023/0821 дүгээр шийдвэрээр: 

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 35 дугаар зүйлийн 35.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан иргэн Ш.Б*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/178 дугаар захирамжийн Ш.Б*******эд холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С**** дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь:

3.2.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10 дугаар талд "...2 жил дараалан ашиглаагүй... гэх зэрэг... хүчингүй болгох зохицуулалтай байхад шалгаж тогтоож үндэслээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан "хуульд үндэслэх" захиргааны тусгай зарчим хангагдаагүй гэж үзнэ" гэжээ.

Энэхүү үндэслэлийн тухайд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/178 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан "Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмын хүрээнд Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд хуульд үндэслэсэн захирамж гаргасан.

Тухайлбал Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т "... өөрийн эрх хэмжээний хүрээнд захирамж гаргана...", Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т "Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хүчингүй болгоно", 48.2.2-т "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, түүнийг зайлуулахын тулд Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэн захирамж гаргасан.

3.3.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10 дугаар талд "...газар эзэмших эрхээ хэрэгжүүлж байсан... нэхэмжлэгчтэй нэгэн адил газар эзэмших эрхийг хэрэгжүүлж, хөрш зэргэлдээ... бусад газар эзэмшигч нарын газар эзэмших эрхийг хэрхсэн бэ гэх асуултад хариуцагчийн төлөөлөгч нар хангалттай тайлбарлаагүй, мэтгэлцээгүйг тэмдэглэж байна" гэжээ.

Энэ үндэслэлийн тухайд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий асуултыг асуугаагүй атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийг тайлбарлаагүй гэх үндэслэлээр хийсвэр нотолгоонд тулгуурласан, илтэд нэг талыг барьж дүгнэсэн гэж үзэхээр байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 122 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ш.Б*******эд одоогийн маргаан бүхий газрын эзэмших эрх анх үүссэнээс хойш өнөөдрийг хүртэл 20 орчим жил уг газрыг гэр бүлийн хэрэгцээнд зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа, хариуцагчаас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоос 1 жил орчмын өмнө буюу 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/213 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн нэгж талбарын 1501613337 дугаар бүхий 698 м.кв газрын эзэмших эрхийг 15 жилээр сунгаж, мөн хугацаагаар газар эзэмшүүлэх гэрээ байгуулагджээ.

2.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг”, 37.5-д “сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг” тус тус ойлгоно гэж зааснаас үзэхэд дээрх захирамжууд нь нэхэмжлэгчийн хувьд газар эзэмших эрх олгосон, эрхийн хугацаа сунгасан эерэг нөлөөлөл бүхий захиргааны актууд байх тул хариуцагчаас уг хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасан хугацааг шийдвэр гаргахдаа баримтлах ёстой.

Учир нь захирамжид хуулийн 48.2.2 буюу “…эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэснийг баримталсан, гэтэл 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн … 48.2.2, …-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж зохицуулсаныг харгалзан үзэлгүйгээр 20 орчим жилийн өмнө гарсан эерэг нөлөөлөл бүхий акт, түүний үр дагаврыг хууль бусаар хүчингүй болгосон байна.

Хариуцагч Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, …уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэснийг захирамждаа үндэслэл болгосон ч нэхэмжлэгчид газар эзэмшүүлснээр нийтийн ашиг сонирхолд ямар ноцтой сөрөг нөлөө үзүүлсэн, магадгүй үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг зайлуулах зайлшгүй шаардлага үүсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар төдийгүй бодит байдлаар тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эзэмшил, хөрш зэргэлдээ эргэн тойрны газар бүхэлдээ суурьшлийн бүс болж иргэд зуслангийн зориулалтаар ашиглаж байгаа нь нийтэд илэрхий үйл баримт болно.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан бичгийн хариу тайлбараар “…Байгаль орчны газраас 2023 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр дүүргийн Засаг даргад ирүүлсэн “Ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, холбогдох асуудлыг шийдвэрлэж арга хэмжээ авна уу” гэсэн албан бичгийн хүрээнд хийгдсэн хяналт шалгалтаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэнтэй холбоотой зөрчлийг илрүүлсэн…” гэх боловч чухам ямар зөрчил илэрсэн болох, тэр нь нийтийн ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн болоод газар эзэмших эрхийн гэрчилгээг, хугацаа сунгасан захирамжийн хамт хүчингүй болгох болсон нь баримтаар нотлогдохгүй байна.

Гэтэл нэхэмжлэгчийн тухайд анх газар эзэмшүүлснээс хойш өдийг хүртэлх хугацаанд зөвхөн зуслангийн зориулалтаар газраа эзэмшиж байгаагаас гадна газрын төлбөрийг бүрэн төлсөн болох нь 2018 оныг дуустал төлбөрийн тооцоогүй талаарх байцаагчийн цохолт, мөн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн 01125-2022/01108 тоот актаар тус тус тогтоогддог, 2004 онд анх газар эзэмшүүлэхэд гаргасан Нийслэлийн Байгаль орчны газрын 53 дугаар дүгнэлтээр тухайн газарт зуслангийн зориулалтаар байшин барихад байгаль орчинд нөлөөлөх байдлаар онц уршигтай бус тул газар олголт хийх боломжтой гэж үзсэн, нэхэмжлэгч 2021 онд газрын харилцааны үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн хувийн байгууллага болох “А*******” ХХК-тай Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, өөрийн эзэмшлийн 700 м.кв газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг хийлгэсэн, 2022 онд “Ц*******” ХХК-тай Захиалгаар ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж 84 м.кв талбай бүхий байгалийн дүнзэн амины орон сууц барьсан зэргийг үл харгалзан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус болжээ.

4.Захирамжийн нэг үндэслэл болсон Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан нь нэхэмжлэгчийн зуслангийн зориулалтаар газар эзэмших эрхийг хязгаарлах шууд үндэслэл болохгүй, магадгүй хариуцагчаас анхнаасаа олгогдох ёсгүй газар байсан гэж үзвэл 2022 онд нэхэмжлэгчийн хүсэлтээр газар эзэмших эрхийг сунгахгүй байх эрхтэй байсан ч хэрэгжүүлээгүй байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдлуудыг нэг бүрчлэн тоочсон, хариуцагч уг хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.9-т зааснаар “газар эзэмшигч нь хууль тогтоомж, гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлснээс байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа тухай ...мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах хүсэлтээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргах”, мөн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулага хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.18-д зааснаар “...байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах” тус тусын эрхээ хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг хуульд заасан ямар шаардлагыг хэрхэн биелүүлээгүй, эсхүл зөрчсөн болохыг тогтоосонгүй.

5.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдлын шаардлагаа “шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгах” гэж өөрчилсөн ч нэгэнт маргааныг шийдвэрлэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдсан байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 821 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонгын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                                    Т.ЭНХМАА

 

                        ШҮҮГЧ                                                      Н.ХОНИНХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                                       Э.ЛХАГВАСҮРЭН