| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2018/0341/И |
| Дугаар | 493 |
| Огноо | 2018-07-04 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 493
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, С овогт Тн Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймаг дахь М төв /захирал И.Ж/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин 9285570 төгрөг, төрийн албан хаагчид олгох урамшууллын мөнгө 300000 төгрөг тус тус гаргуулах, ажилгүй байсан хугацаанд ноогдох нийгмийн даатгалын шимтгэл 1059415 төгрөгийг Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын санд төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид үүрэг болгох тухай.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Т.А нь Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байхад тус төвийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн. Т.А нь энэ шийдвэрийг эс зөвшөөрч танай шүүхэд хандсан ба 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 493 дугаар шийдвэрээр Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгож Т.Аийг мөн төвийн тооцооны нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоосон. Энэ шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 212/МА2017/00108 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон. Энэ магадлалыг хариуцагч мөн эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасныг Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 001/ХТ2018/00183 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон. Ажил олгогч Т.Аийг ажлаас буруу чөлөөлсөн учир шүүхийн шийдвэрийг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар мөн өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон. Т.А нь 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл нийтдээ 54 долоо хоног ажилгүй байсан. Үүнийг ажлын 5 өдрөөр үржүүлж тооцвол нийтдээ ажлын 270 хоног ажилгүй байсан. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 7-д зааснаар дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тогтоох бөгөөд Т.А нь ажилгүй болохоос өмнөх 3 сард буюу 2017 оны 01 дүгээр сард ажлын 22 хоног ажиллаж 760571 төгрөгийн, 02 дугаар сард ажлын 20 хоног ажиллаж 760571 төгрөгийн, 03 дугаар сард ажлаас чөлөөлөгдөх хүртэл ажлын 13 хоног ажиллаж 370365 төгрөгийн, нийтдээ 1891507 төгрөгийн цалин авсан. Үүнийг ажилласан 55 хоногт /22+20+13=55/ хуваавал ажлын нэг өдөрт 34391 төгрөгийн /1891507 : 55 = 34391/ цалин авсан байна. Үүнийг ажилгүй байсан ажлын 270 хоногоор тооцвол ажилгүй байсан хугацаанд нийтдээ 9285570 төгрөгийн /270 x 34391 = 9295570/ олговор олгох хууль зүйн үндэстэй байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар ажил олгогч нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх ёстой. Т.А нь 2017 онд нийтдээ ажлын 205 хоног ажилгүй байсан ба энэ хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл 775518 төгрөг /205 х 34391= 76050.155 x 11% = 775518 төгрөг/, 2018 онд нийтдээ ажлын 65 хоног ажилгүй байсан ба энэ хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл 283897.70 төгрөг/ 65 x 34391 = 2235.415 х 12.7% = 283897.70/ бүгд 1059415.70 төгрөгийг ажил олгогч төлөх ёстой. Иймд энэ нэхэмжлэлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хянан шийдвэрлэж Т.Аийн ажилгүй байсан хугацааны олговор 9285570 /есөн сая хоёр зуун наян таван мянга таван зуун далан/ төгрөгийг хариуцагч байгууллага болох Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн санхүүгээс гаргуулж Т.Ад олгож, ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл 1059415.70 төгрөгийг нийгмийн даатгалын сангийн дансанд нөхөн төлж Т.Аийн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад: Нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын 8 дугаар баг "Ах хустау"-гийн 22 дугаар гудамжны 31 тоотод оршин суух, БЮ70112901 тоот регистрийн дугаартай С овогт Тн Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш овогт Хы Б би танай шүүхэд "Т.Аийн ажилгүй байсан хугацааны олговор 9285570 /есөн сая хоёр зуун наян таван мянга таван зуун далан/ төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл 1059415.70 /нэг сая тавин есөн мянга дөрвөн зуун арван таван төгрөг далан мөнгө/ төгрөг 70 мөнгийг нөхөн төлж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах" шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Одоо энэ нэхэмжлэл хэрэг хянан шийдвэрлэх шатанд явж байна. Би нэхэмжлэлийн дээрх шаардлага дээр "УИХ-ын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолын дагуу төрийн албан хаагчид олгосон 300000 төгрөгийн ажлын ур дунгийн урамшуулал гаргуулах" гэж нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна. Үндэслэл нь УИХ-ын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолын дагуу төрийн албан хаагчид 300000 төгрөгийн ажлын үр дүнгийн урамшуулал олгосон.Т.А нь тухайн үед ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдөж энэ нь анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолоор баталгаажиж ажилд эргэж томилогдсон. Тухайн үед ажил олгогч ажлаас үндэслэлгүй чөлөөлөөгүй байсан бол дээрх урамшууллыг авах байсан. Иймд 300000 төгрөгийн ажлын үр дүнгийн урамшууллыг өмнөх шаардлага дээр нэмж гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие Т.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Т.Аийг Б аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Уг шийдвэрийг Т.А эс зөвшөөрч шүүхэд хандаад анхан болон давж заалдах шат, хяналтын шатны 3 шатны шүүхээр хянагдаад ажилд нь эгүүлэн тогтоосон эцсийн шийдвэр гарсан. Т.Аийг Б аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Б/42 дугаар тушаал гаргаж урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоосон. Т.А нь 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл нийт 54 долоо хоног ажилгүй байсан. Үүнийг ажлын хоногоор тооцвол 270 хоног болж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилсон бол ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар зохицуулсан. Иймд тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Т.А нийтдээ 2017 оны 01 дүгээр сард 22 хоног, 2 сард 20 хоног, 3 дугаар сард 13 хоног нийт 55 хоног ажилласан ба энэ хугацаанд 1891507 төгрөгийн цалин хөлс авсан. Үүнийг Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яамны сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлсон журмын 7-д зааснаар тооцсон. 1 өдөрт ногдох цалин 34391 төгрөг болж байгаа. Үүнийг 270 хоногийн үржүүлж ажилгүй байсан хугацааны цалин 9285570 төгрөг нэхэмжилсэн. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч хариуцан төлөх ёстой. Үүнийг тооцож гаргасан. 2017 онд 270 хоногийн 205 хоногт ажилгүй байсан. Энэ хугацаанд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15-т зааснаар 2017 онд ажил олгогчийн төлөх хувь 11 хувь байсан ба үүгээр тооцсон. Т.А нь 2018 онд 65 хоног ажилгүй байсан. 2017 оны 04 дүгээр 14-ны өдөр Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулсан ба 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл 12,7 хувь байгаа. Үүнийг тооцоход 1594157 төгрөгийг ажил олгогч төлөх ёстой. Үүнийг нэхэмжилж, ажил олгогчид Т.Аийг хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ны 67 дугаар тогтоолоор төрийн албан хаагчид ажлын үр дүнгийн урамшуулал 300000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Уг мөнгийг төрийн бүх албан хаагч авсан. Т.А ажил олгогчийн буруутай үйл ажиллагааны улмаас ажлаас чөлөөлөгдөж, ажилгүй байсан тул 300000 төгрөгийг авах ёстой. Иймд Т.Аийн ажилгүй байсан хугацааны цалин 9285570 төгрөг, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд ажил олгогчийн төлөх 1594157 төгрөг, төрийн албан хаагчийн үр дүнгийн урамшуулал 300000 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж өгөхийг хүсэж байна. Мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Холбогдох бүх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн гэв.
Хариуцагч Б аймаг дахь М төвийн захирал И.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Аийг 2017 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн Б/26 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн.
Мөн Т.А нь байгууллагын хөрөнгө мөнгийг хариуцан ажилладаг албан тушаалтны хувьд албан тушаалаа ашиглан өөртөө давуу байдал олгож туслах нягтлан бодогчийн эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж зөрчил дутагдал гаргасан нь хөндлөнгийн хяналтаар буюу Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын танилцуулгаар нотлогдон тогтоогдож ажлаас нь чөлөөлсөн боловч, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 001/ХТ2018/00183 тоот дугаартай шийдвэр нь илт нэг талыг баримталж шийдвэрлэсэн байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж Т.Аийг 2018 оны 04-р сарын 02-ны өдөр урд эрхэлж байсан Тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилсон болно. Мөн нэхэмжлэгч Т.А нь Туслах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтод эрх үүрэг биелүүлж байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтад үзлэг шалгалт хийж, зөрчил дутагдлыг арилгуулж байх, эд хариуцагчийн хөтөлж байгаа анхан шатны болон агуулахын бүртгэлийг шалган заавар зөвлөгөө өгөх, баталгаажуулахыг хариуцан ажиллах нь түүний үүрэг байвал өөрийн хариуцлагагүй байдлын улмаас ажлаас чөлөөлөгдсөн байх тул Т.Аийн нэхэмжилж буй ажилгүй байсан хугацааны цалин болон нэмэгдлүүдийг олгох боломжгүй болно. Мөн ЗГ-аас олгогдсон 300000 мянга төгрөг нь тухайн албан тушаалтны ажлын үр дүнгийн урамшуулал тул Т.Ад олгох боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Т.А нь Б аймаг дахь М төвийн санхүүгээс ажилгүй байсан хугацааны цалин 9285570 төгрөг, төрийн албан хаагчид олгох урамшууллын мөнгө 300000 төгрөгийг тус тус гаргуулах, ажилгүй байсан хугацаанд ноогдох нийгмийн даатгалын шимтгэл 1059415 төгрөгийг Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын санд төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид үүрэг болгохыг хүсжээ.
Хариуцагч Б аймаг дахь М төв нь нэхэмжлэгч Т.Аийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан ба хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүргийг танилцуулж, нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээсэн боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх маргааны үйл баримтыг нотолж чадаагүй болно.
Нэхэмжлэгч Т.Аийг Б аймаг дахь М төвийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/26 дугаартай “Ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалаар тооцооны нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч Т.А нь эс зөвшөөрч Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар тус шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 493 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Т.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаснаар Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 212/МА2017/00108 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисныг хариуцагч эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаснаар Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 001/ХТ2018/00183 дугаартай тогтоолоор Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 493 дугаар шийдвэр, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 212/МА2017/00108 дугаартай магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисон байна.
Дээрх хавтаст хэрэгт авагдсан Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 493 дугаартай шийдвэр, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 212/МА2017/00108 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 001/ХТ2018/00183 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Т.Аийг Б аймаг дахь М төвийн тооцооны нягтлан бодогчийн ажилд нь эгүүлэн томилсон болох нь тус тус нотлогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т зааснаар ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй гэж зохицуулсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т энэ хуулийн 36.1.2-т зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэсний дагуу нэхэмжлэгч Т.Аийн шаардах эрх нь үүсэж байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Т.А нь 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл ажилгүй байсан нь зохигч нарын шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Т.А нь ажиллаж байх хугацаанд сард 760571 төгрөгийн цалинтай болох нь Б аймаг дахь М төвийн ерөнхий нягтлан бодогч Х.Бы 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тодорхойлолт болон №0017258 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилтээр тус тус тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “дундаж цалин хөлстэй тэнцэх олговор”-ыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэсний дагуу нэхэмжлэгч Т.Аийн дундаж цалин хөлсийг 760571 төгрөгөөр тооцож 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 9285570 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Т.А нь 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байсан бол Монгол улсын Их хурлын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 67 дугаар тогтоолд зааснаар 2017 оны төсвийн жилд төрийн албан хаагчид олгогдох 300000 төгрөгийн ажлын үр дүнгийн урамшууллыг авах эрхтэй байсан буюу ажилтны буруутай үйл ажиллагаа байхгүй гэж үзэж уг мөнгийг ажил олгогчоос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т зааснаар “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө”, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1-т “ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1-т “энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж тус тус заасны дагуу ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд ноогдох нийгмийн даатгалын шимтгэл 1059415,70 төгрөгийг Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгож, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг тус тус дурдаж, ажилтны Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид үүрэг болгох нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч Т.Аийн ажилгүй байсан хугацаанд ногдох дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 9285570 төгрөг, төрийн албан хаагчид олгогдох ажлын үр дүнгийн урамшуулал 300000 төгрөгийг тус тус Б аймаг дахь М төвөөс гаргуулан олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ноогдох нийгмийн даатгалын шимтгэл 1059415,70 төгрөгийг Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын санд шилжүүлж, ажилтны Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч Б аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захиралд үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Т.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Б аймаг дахь М төвийн санхүүгээс 185270 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Б аймаг дахь М төвийн захирал И.Жад шүүх хуралдааны товыг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хариуцагчийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаартай албан бичгээр “... ээлжийн амралттай байгаа учир шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүсье” гэж Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/175 дугаартай “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тушаал болон 2-р хавсралтыг ирүүлсэн боловч хариуцагч ээлжийн амралттай байгаа нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй учир нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан саналыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Аийн ажилгүй байсан хугацаанд ноогдох дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 9285570 /есөн сая хоёр зуун наян таван мянга таван зуун тавин/ төгрөг, төрийн албан хаагчийн ажлын үр дүнгийн урамшуулал 300000 /гурван зуун мянган/ төгрөгийг тус тус Б аймаг дахь М төвийн санхүүгээс гаргуулан олгож, ажилтан Т.Аийн ажилгүй байсан хугацаанд ноогдох нийгмийн даатгалын шимтгэл 1059415,70 /нэг сая тавин есөн мянга дөрвөн зуун арван таван төгрөг 70 мөнгө/ төгрөгийг Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын санд шилжүүлж, Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид үүрэг болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймаг дахь М төвийн санхүүгээс 185270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН