Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1303

 

 

 

 

 

 

 

 

 

     2022        09          07                                  2022/ШЦТ/1303

 

                                     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч Б.З,

нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батнасан нарыг оролцуулан эрүүгийн 2206 01161 1704 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.З, 1996 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ***тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /Регистрийн дугаар: ***/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.З нь 2022 оны 02 дугаар сарын 09-ний шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сүнжин Гранд” зочид буудлын 306 тоотод ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.З нь ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь тооцоолох боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйл баримт нь:

- шүүгдэгч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-26 дахь тал/,

- Гэрч Ш.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би уг өрөөнд ороод шууд теллер хийсэн ба ширээнд 7 хүн сууж нэг тоглоомд оролцохдоо 50.000 төгрөг 10 ширхэг хясаа худалдан авч орж тоглодог. Тоглож дуусаад хожсон хүндээ бусад хүмүүс нь данс руу нь мөнгөө шилжүүлдэг. Уг тоглоомыг Б.З зохион байгуулсан. Бүтэн тоглоомын теллер хийхэд 150.000 төгрөгийг зохион байгуулж байгаа хүнээс авдаг. Мөнгө олохын тулд уг ажлыг хийсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дахь тал/,

 - Гэрч О.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...10 гаруй хүмүүс байсан. Би бэлнээр 60.000 төгрөг өгч 6 ширхэг 10.000 төгрөгийн үнэтэй четон авч тоглож эхэлсэн. Тоглоод байж байтал цагдаа нар ирсэн. Б.З залгаж дуудсан учир Б.З зохион байгуулсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дахь тал/,

- Гэрч Б.Шийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...10 ширхэг четон 50.000 төгрөгөөр худалдаж аваад тоглоход алдсан учир дахин 50.000 төгрөгөөр 10 четон худалдаж аваад тоглоод алдсан. Тэгээд тоглохгүй сууж байтал цагдаа нар орж ирсэн. Би анх удаа сонирхоод тоглож үзсэн. Мөнгө хожоогүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дахь тал/,

- Гэрч Г.Эийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр найз Б.Зтай утсаар ярьтал орой мөрийтэй покер тоглох уу гэхээр нь орой 22 цагийн уед байгаа газрыг нь заалгаад очсон. Би 50.000 төгрөгөөр тоглосон…” гэх мэдүүлэг /xx-ийн 55-56 дахь тал/,

- Гэрч О.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би найз Хэнтийгээс сонсоод сонирхоод үзье гэж бодоод очсон. Би 50.000 төгрөгөөр тоглосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дахь тал/,

- Гэрч Ж.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Бааскатай Хоёрдугаар эмнэлгийн урд уулзаад манай найз Бааска нь ийшээ хамт явъя гэхээр нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Сүнжин Гранд зочид буудалд очоод Tiger нэртэй нэг шил пиво уусан... Би тоглоогүй. Надад гар утас, мөнгө юу ч байхгүй... Би тэнд байгаа хүмүүсийг ихэнхийг нь харсан үзсэн хүмүүс байсан. Ихэвчлэн манай Хэнтийгийн залуус байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дэх тал/,

- Гэрч С.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Шагайтай ярьж байгаад 16 цагийн үед Сүнжин Гранд зочид буудлын 306 тоот өрөөнд орсон... Би уг газар мөрийтэй тоглоом зохион байгуулж байгааг мэдээгүй.... Би тоглоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 дэх тал/,

- Гэрч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 00 цагийн үед Б.Зтай холбогдоход чи ирж хоол идэхгүй юм уу гэсэн. Тэгээд Сүнжин Гранд зочид буудалд очиход 10 гаруй залуучууд байсан. Тал нь наад талын том өрөөнд том ширээ тойроод суучихсан мөрийтэй покер тоглож басан ба тал хүмүүс наад талын жижиг өрөөнд хоол задлаад идэж байсан... Би тоглоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 дахь тал/,

- Гэрч М.Уийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...21 цагийн үед нутгийн ах Зулхүү ирж аваад уг газар луу очсон. Тэгээд 22 цагийн үед том ширээ тойроод хүмүүс мөрийтэй тоглож эхэлсэн. Тэгж байтал цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 77 дахь тал/,

- Гэрч О.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг ороход 10 гаруй залуучууд бөөрөнхий ширээ тойроод зарим нь хавтгай ширээн дээр хоол идээд сууж байсан. Тэгээд хоолоо идчихээд бөөрөнхий ширээн дээр мөрийтэй покер тоглож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 81 дэх тал/,

- Гэрч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 09-ний 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Сүнжин Гранд зочид буудалд очоод ширээн дээр нь гахайн мах захиалж идсэн. Хүмүүс тоглож л байсан. Долоон читон, долоон хүний суудал хоосон яг тоглолт эхлэх гэж байсан чинь цагдаа нар ирээд биднийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 85 дахь тал/,

- Гэрч А.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би ширээн дээр хамт суугаад цэнхэр өнгийн хясаа 1 ширхгийг нь 1.000 төгрөгөөр, улаан өнгийн хясаа 1 ширхгийг нь 5.000 төгрөгөөр бодож нийт 50.000 төгрөгийн бэлнээр өгөөд хясаа аваад тоглосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 87 дахь тал/,

- Гэрч Г.Гйн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...өрөөнд ороход хэсэг хүмүүс дугуй ширээнд тойроод суусан покер тоглоод сууж байхаар нь хажуугийн залгаа өрөөний ширээн дээр хоол идээд найзыгаа хүлээгээд сууж байхад цагдаа нар ороод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 89 дэх тал/,

- Гэрч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...шинэ сарын азаа үзэх болоод покер тоглоё гэхээр нь би нэг үзчихье гээд ширээн дээр нь очиж суугаад ширээн дээр тараагаад тавьсан байсан задгай хясаанаас нь аваад сууж байхад гаднаас цагдаа нар орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 91 дэх тал/,

- Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 27-40 дэх тал/,

- Хаан банкны *** тоот дансны хуулга /хх-ийн 168-183 дахь тал/,

- Эд мөрийн баримтаар 85 ширхэг хясаа, 3 ширхэг шоо, “Poker Stars” гэсэн бичигтэй хөзөр 1 хайрцгийг тус тус тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 152 дахь тал/,

- Шүүгдэгч Б.Згийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...Зохион байгуулах ажлыг би өөрөө зохион байгуулсан... Ашиг олсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дахь тал/,

- Шүүгдэгч Б.Згийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Сонсгосон ялыг ойлгож мэдлээ, хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 160 дахь тал/,

- Шүүгдэгч Б.Згийн хувийн байдлыг харуулсан нотлох баримтууд /161-166 дахь тал/ зэргээр тус тус тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

Шүүгдэгч Б.Згийн өмгөөлөгч С.Батнасан нь шүүгдэгч Б.Згийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй бөгөөд түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

 

Иймд шүүгдэгч Б.Зг 2022 оны 02 дугаар сарын 09-ний шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сүнжин Гранд” зочид буудлын 306 тоотод ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.Зд хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно. Шүүх шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв. 

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Б.З нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд бусдад төлөх төлбөргүй гэж шүүх шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 473 ширхэг читон буюу хясаа, 3 ширхэг шоо, 1 ширхэг хар өнгийн хөзрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б.Зг ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Зг 1.000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Б.З нь 1.000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 473 ширхэг читон буюу хясаа, 3 ширхэг шоо, 1 ширхэг хар өнгийн хөзрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР