| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2018/0381/И |
| Дугаар | 517 |
| Огноо | 2018-07-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 517
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, Р ХХК /захирал Н.Б/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух, Х овогт Тын Нд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Еркегүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 3936550 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 1968275 төгрөг, нийт 5904825 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Р ХХК-ийн захирал Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.Н нь 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр манай компанитай 6 сар 21 хоногийн хугацаатай "Нефть бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах" гэрээ байгуулж, уг гэрээний дагуу манай компанийн агуулахаас нефтийн бүтээгдэхүүнүүдийг зээлээр худалдаж авч эхэлсэн. Гэрээний талууд 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ нягтлан бодохын дэлгэрэнгүй хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд Т.Н нь манай компанид нийт 3936550 төгрөгийн төлбөр төлөх үлдэгдэлтэй гарсныг талууд харилцан баталж тооцоо нийлсэн акт үйлдэж энэхүү үлдэгдэл мөнгийг банкны шилжүүлэг тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиролцсон. Гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч Т.Н уг 3936550 төгрөгийг одоо болтол манай компанид төлж өгөөгүй. Нэгэнт хариуцагч Т.Н гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр гэрээгээр тохиролцсон алдангыг нэмж нэхэмжилнэ. Гэрээний 4.3-т зааснаар зээлдэгч буюу хэрэглэгч /хариуцагч/ нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр заасан. 2016 оны 08-р сарын 10-ны өдрөөс 2018 оны 05-р сарын 16-ны өдөр хүртэл 644 хоног хэтрүүлсний алдангыг тооцоолоход /3936550 төг х 0.5%= 19682.75 х 644 хоног/ = 12675691 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т"...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж заажээ. 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 3936550 төгрөг байсан ба тухайн өдөр хүртэл бодогдсон алдангийн хэмжээ 12675691 төгрөг болж тухайн үед гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн учраас алдангийг Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үүргийн үнийн дүн болох 3936550 төгрөгийн 50%-иар тооцоход алданги нь 1968275 төгрөг болж байна гэжээ.
Нэхэмжлэгч Р ХХК-ийн захирал Н.Б нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад: Хариуцагч Т.Н нь 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр манай компанитай 10 хоногийн хугацаатай Нефть бүтээгдэхүүн зээлээр худалдан авах тухай товч гэрээ байгуулж, уг гэрээний дагуу мөн өдөр нөөцийн агуулахаас Ай-80 маркийн 121100 /100 литр х 1550 төг/ төгрөгийн үнэ бүхий бензинийг хүлээж авсан. Гэрээнд заасан хугацаа дуусаж манай компанийн зүгээс зээлдэгч Т.Нгаас зээлээр худалдаж авсан бензиний үнийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Ингэснээр тус компани нь багагүй хэмжээний алдагдал хүлээж байна. Гэрээнд зааснаар зээлдэгч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дунгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон. 2015 оны 10-р сарын 17-ны өдрөөс 2018 оны 05-р сарын 30-ны өдөр хүртэл 956 хоног хэтрүүлсний алдангыг тооцоход (121100 төг х 0,5%=606 х 956 хоног = 578858 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-иар тооцоход алданги нь 60550 төгрөг болж байна. Иймд Т.Нгаас нийт 6086475 /5904825 + 181650/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Р ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Иргэн Т.Н 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Р ХХК-тай 6 сар 21 хонгийн хугацаатай нефтийн бүтээгдэхүүний дараа төлбөрт тооцооны гэрээ байгуулж, уг гэрээний дагуу Р ХХК-иас нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдаж авч эхэлсэн байдаг. Гэрээний талууд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс, 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг дуустал өгч авсан зүйлээ нягтлан бодох дэлгэрэнгүй хураангуй бүртгэлийн бичилтээс нийлж үзэхэд Т.Н нь Р ХХК-д нийт 3936550 төгрөгийн төлбөр төлөх үлдэгдэлтэй гарсныг талууд харилцан баталж тооцоо нийлсэн акт үйлдэж, үлдэгдэл мөнгийг банкны шилжүүлэг тооцооны хэлбэрээр шилжүүлэхээр тохиролцсон байдаг. Гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч Т.Н уг 3936550 төгрөгийг одоо болтол Р ХХК-д төлж өгөөгүй. Хариуцагч Т.Н гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн учраас гүйцэтгээгүй үүргийн дүнгийн үнийн дүн дээр гэрээгээр тохиролцсон алдангийг нэмж нэхэмжилж байгаа. Гэрээний 4.3-т зааснаар зээлдэгч буюу хэрэглэгч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр заасан байгаа. 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс, 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл буюу шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 644 хоног хэтрүүлсэн алдангийг тооцоход 11675691 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийт дүнгийн гүйцэтгээгүй үүргийн нийт дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан. 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 3936550 төгрөг байсан. Тухайн өдөр хүртэл бодогдсон алдангийн 11675991 төгрөг тухайн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрсэн учраас алдангийг Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үүргийн үнийн дүн болох 3936550 төгрөгийн алдангийг 50 хувиар тооцоход алданги нь 1968275 төгрөг болж байна. Дараа нь нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн байгаа. Энэ талаар тайлбар хэлэхэд хариуцагч Т.Н 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Р ХХК-тай 10 хоногийн хугацаатай нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдан авах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 121100 төгрөгийн бензин хүлээж авсан. Гэрээний хугацаанд төлөхийг Р ХХК-ний зүгээс зээлдэгч Т.Нгаас удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Ингэснээр тус компани багагүй хэмжээний алдагдал хүлээж байна. Гэрээнд зааснаар төлбөрийг хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон байсан. Энэхүү алдангийн хэмжээг өнөөдрийн хүртэл тооцоолж үзэхэд 956 хоног хэтрүүлсэн байдаг. Энэ нь 578858 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ үндсэн төлбөрөөс хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцоход алдангийн 60550 төгрөг болж байгаа. Өмнөх гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн хэмжээний шаардлага болон алдангийг тооцоолсон хэсгийн бүгдийн нэмж нэгтгэхэд нийттэй 6086475 төгрөг болж байгаа. Хариуцагч Т.Нд нэхэмжлэлийн нэг хувийг гардуулсан. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тайлбар гаргах хугацаа тогтоосон асуудлыг шүүгч танилцууллаа. Үүнд нэмэлт тайлбар хэлэхэд Р ХХК-иас Т.Нд холбогдох 6086475 төгрөг гаргуулж өгөхийг хүсэж байна. Шүүхээс тус нэхэмжлэлийн нэг хувийг хариуцагчид гардуулсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын зарчмаас гадна шуурхай байх, арвин хэмнэлтийн зарчим үйлчилдэг, тийм учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хугацаа тогтоож зарим ажиллагааны хувь онол гаргах, цаг хугацаа алдахгүй байх, зохицуулалтыг хуульчилсан байдаг. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд хариу тайлбар ирүүлэх үүрэгтэй боловч, хуульд заасан үүргээ хугацаандаа биелүүлэхгүй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт хуулиар тогтоосон хугацаанд хариу тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасан хариу тайлбар хугацаандаа ирүүлээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх заалт нь хариуцагч нэхэмжлэлд хариу тайлбар гаргахтай холбоотой зохицуулалт бөгөөд агуулгаараа адилхан. Хариу тайлбар гаргах хугацаандаа хариу тайлбар гаргаагүй бол нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцох ба хэргийг шууд шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой билээ. Өөрөөр хэлбэл маргааны талаар хариуцагч байр сууриа илэрхийлэхгүй бол эсэргүүцэхгүй зөвшөөрсөн гэх үндэслэлтэй. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад хуулиар тогтоосон хугацаанд хариу өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 зааснаар нэхэмжлэлийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэж болох үндэслэл байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч “Р” ХХК нь хариуцагч Т.Нгаас үндсэн зээлийн үлдэгдэл 3936550 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 1968275 төгрөг, нийт 5904825 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, үндсэн зээлийн үлдэгдэл, хугацаа хэтрүүлсний алданги нийт 6086475 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Хариуцагч Т.Нд 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн нэг хувийг болон нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг тус тус гардуулж, хуулинд заасан эрх, үүргийн танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа үндэслэлээ өөрөө нотолж, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргийг хүлээсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т дугаар зүйлд зааснаар хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэг талаас “Р” ХХК-ийг төлөөлж захирал Нури овогтой Б нөгөө талаас Нг төлөөлж, БуянТ овогтой Хорлоо нар нь харилцан тохиролцож, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 47 дугаар “Нефтийн бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах гэрээ”-г, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тус компанитай 10 хоногийн хугацаатай Ай-80 маркийн 121100 /100 литр х 1550/ төгрөгийн нефтийн бүтээгдэхүүнийг зээл авч “Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдан авах тухай товч гэрээ”-г тус тус байгуулсан байна. Энэхүү “Нефтийн бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах гэрээ”-ний 5.1-д “Гэрээ нь 2016 оны 06-р сарын 10 өдрөөс 2016 оны 12-р сарын 31 өдөр хүртэл хугацаанд хүчинтэй” буюу мөн гэрээний 8.1-д “энэхүү гэрээг 2 % үйлдэж нийлүүлэгч хэрэглэгч нар гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэснээр хоёр тал харилцан тохиролцож, талууд тамга тэмдгээ дарж, гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.
Тооцоо нийлсэн 18 дугаартай актаар “Р” ХХК, Т.Н нарын хоорондын тооцооны үлдэгдлийн баталгааг тооцоо нийлэгч “Р” ХХК-ийн өмнөөс нягтлан бодогч У.Х, мөн Т.Н нар тус хоёр байгууллагын хооронд 2016 оны 06-р сарын 10-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодохын дэлгэрэнгүй хураангуй бүтээлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд Тын Н нь хоорондын тооцоогоор 3936550 төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг харилцан баталж, энэхүү үлдэгдлийг /гурван сая есөн зуун гучин зургаан мянга таван зуун тавин төгрөг/-ийг тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиролцож, тооцоо хийсэн нягтлан бодогч У.Х, төлөгч байгууллагын нягтлан бодогч Т.Н нар нь тус тус гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Нэхэмжлэгч “Р” ХХК нь зээлээр авсан шатахууны үлдэгдэл үнэ 3936550 төгрөгийг хариуцагч Т.Н нь хугацаандаа төлөөгүйн улмаас гэрээний 4.3-д заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 1%-тай тэнцэх алдангийг нийлүүлэгч байгууллагад төлнө гэж гэрээгээр хоёр тал харилцан тохиролцсон байх тул зохих алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гүйцэтгэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 % хувиас хэтрэхгүй байна гэсний дагуу нэхэмжлэгч “Р” ХХК нь Т.Нгаас алданги 1968275 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар алдангийн хэмжээг хариуцагч Т.Нгийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 3936550 төгрөгийн 50 хувь болох 1968275 төгрөгөөр тооцсон нь дээрх хуулийн заалтад нийцэж байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заажээ. Талууд гэрээндээ алданги тооцохоор хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан тохиролцож 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 47 дугаар “Нефтийн бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах гэрээ”-г байгуулсан байна.
Нэхэмжлэгч “Р” ХХК нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзлээ.
Иймд Т.Нгаас үндсэн зээлийн үлдэгдэл, хугацаа хэтрүүлсний алданги нийт 6086475 төгрөгийг гаргуулан “Р” ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “Р” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлэхээр заасны дагуу хариуцагч хариуцагч Т.Нгаас 112334 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Р” ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Т.Нд шүүх хуралдааны товыг шүүхээс 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр /баримт №9/ мэдэгдэхэд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар гаргасан хүсэлт болон бусад нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг тус тус баримтлан Т.Нгаас үндсэн зээлийн үлдэгдэл, хугацаа хэтрүүлсний алданги нийт 6086475 /зургаан сая наян зургаан мянга дөрвөн зуун далан таван/ төгрөг гаргуулан “Р” ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Р ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112334 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Нгаас 112334 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Р” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН