| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2018/0429/И |
| Дугаар | 515 |
| Огноо | 2018-07-10 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 515
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Д сумын 9 дүгээр багт оршин суух, Ж овогт Хы Дын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль /захирал Х.Е/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А, хариуцагч Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал Х.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Еркегүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн дотуур байрны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.
Нэхэмжлэгч Х.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Д би Х Их сургуулийг "Биеийн тамирын багш" мэргэжлээр 2017 оны 6 дугаар сарын сүүлээр төгсөж Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Х.Е гуайд "Намайг тус сургуульд багш, жижүүрийн ямар нэгэн ажилд оруулж өгнө үү? гэж холбогдох баримтын хамт өргөдлөө өгөхөд намайг 2017 оны 9 дүгээр сарын 01 ний өдөр тус сургуулийн дотуур байрны сурагчдын жижүүрийн ажилд бүр томилон ажиллуулахаар боллоо гэж Х.Е захирал надад хэлж ажилд авч ажиллуулсан юм. Гэтэл 2018 оны 5 дугаар сарын 21 ний өдрийн 1/14 тоот тушаалаар захирал Х.Е гуай намайг ажлаас чөлөөлсөн тухай тушаалын хуулбарыг нотариатаар батлуулж өгч шүүхэд гомдол гаргах эрхтэйг минь тайлбарласан. Би тушаалын үндсэн эх хувийн нэгийг авмаар байна гэж хэлэхэд "Тушаал 2% гарсан, нэг хувь нь санхүүд нөгөө нь надад байх болно. Шүүх нэхвэл нэг үндсэн хувийг өгнө" гэж хэлж өгөөгүй юм. Захирал 1/14 тушаалд намайг удаа дараа зөрчил гаргасан гэсэн байгааг нь уншаад би гайхаж эсэргүүцэж байна. Би зөрчил гаргаагүй, арга хэмжээ авахуулж байгаагүй юм. Иймд захирлын 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1/14 тоот намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүйд тооцож миний урьд эрхэлж байсан Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Х.Д шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би ажлаас зөрчил гаргаж, ямар нэгэн сануулга авч байгаагүй. Тиймээс Д сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны жижүүрийн ажилд эгүүлэн томилж өгнө үү гэв.
Хариуцагч Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал Х.Е шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д сумын 9-р багийн иргэн Х.Дын шүүхэд гаргасан гомдолд тайлбар хийхэд:
Х.Д нь Х Их сургуулийг биеийн тамирын багш мэргэжлээр төгсөж ирсэн, дээд боловсролтой залуу боловсон хүчин. 2017 оны 09 дүгээр сард гарсан сул орон тоонд Дотуур байрны жижүүрээр ажилд авч ,хөдөлмөрийн гэрээ хийсэн. 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Х.Д нь шөнийн 02:40 цагийн үед өөрийн ажлын байраа орхиод охидын дотуур байранд очсон талаар мэдээлэл ирсэн. Захирал миний бие Улаанбаатар хотод сургалтаар явж байсан болохоор тухайн үед газар дээр нь очиж танилцаж чадаагүй. Шөнө дунд гадны хүн тасалгаанд байгааг харж, айж цочирдсон хүүхдүүд хашхиран шуугилдаж, улмаар 108 руу утастсан байна. 108 аймгийн цагдаагийн газарт мэдэгдэхийг зөвлөсөн. Хүүхдүүд Цагдаагийн газарт холбогдсоноор сумын хэсгийн төлөөлөгч ирж шалгалт хийсэн. Тэр хооронд 2-3 цаг өнгөрсөн болохоор сумын хэсгийн төлөөлөгч тухайн хэрэгтэй холбоотой нотлох баримт олж илрүүлээгүй талаар мэдэгдсэн. Хүүхдийн 108-д утастсан асуудлаар аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтнүүд 5 дугаар сарын 07-ны өдөр Д сумд очиж ажилласан. Холбогдох хүүхдүүдтэй уулзан ярилцаж нөхцөл байдлын үнэлгээ хийсэн. Сумын Засаг дарга /хамтарсан багийн ахлагч/ болон сургуулийн захиралд 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 246 албан тоот явуулсан. Сумын хүүхэд хамгааллын баг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж,болсон үйл явдлын талаар дахиад тодруулга хийж, шийдвэр гаргасан. Эцэст Х.Д нь ажлын байранд ноцтой зөрчил гаргасан гэсэн дүгнэлтэд хүрч, холбогдох хууль дүрмийн дагуу сургуулийн захирлын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/14 тоот тушаал гарч, иргэн Х.Дтай хийсэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас гаргасан гэжээ.
Хариуцагч Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал Х.Е шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ цуцлах ямар ч үндэслэлгүйгээр гараагүй. 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр би Улаанбаатарт сургалтад оролцож байсан. Энэ үед охидуудын дотуур байрны хүүхдүүд хүүхэд хамгаалах утас буюу 108 руу шууд залгаснаар, сумын төлөөлөгчид аймгийн Цагдаагийн газарт мэдэгдсэн Д сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч ярихдаа хүүхдийн 108 руу залгаж ярьсан шигээ нотлох баримт олоогүй гэсэн тайлбар өгсөн. Энэ асуудлаар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэргэжилтнүүд очиж, хүүхдүүдтэй ярилцаж нөхцөл байдлын шинжилгээ гаргасан. Би сургуульд очсоны дараа хүүхдүүдтэй ярилцаж, тухайн үеийн жижүүртэй бас болсон явдлын талаар ярилцсан. Сумын хүүхэд хамгаалах баг хуралдаж Х.Дыг ажлын байранд ноцтой зөрчил гаргасан байна гэсэн шийдвэр гаргаж, холбогдох хуулийн заалтуудын дагуу хөдөлмөрийн гэрээ цуцлах шийдвэр гаргасан юм. Та шүүхэд хандаж болно шүүх ямар шийдвэр гаргана, тэр шүүхийн шийдвэрээр болно гэж хэлсэн. Шүүх таныг гэм буруугүй гэсэн шийдвэр гаргавал ажилд эргээд орж болно. Гэхдээ тухайн үед дотуур байрны жижүүр биш, өөр ажилд шилжүүлэн ажиллуулах болно гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Х.Д нь Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.
Нэхэмжлэгч Х.Д нь ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн тушаалыг гардан авч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хуулийн хугацаанд гомдлоо шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч Х.Дыг Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1/14 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалаар Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Хүүхэд хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 7-гийн 7/В хэсгийг, Аймгийн ГБХЗХГ-ын дүгнэлт, Сумын хүүхэд хамгааллын хамтарсан багийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн дотуур байрны хүүхдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, ажлын байранд ноцтой зөрчил гаргасан дотуур байрны жижүүр ажилтай Х.Дын хөдөлмөрийн гэрээг 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн цуцалсугай гэсэн тушаал гаргаж Х.Дыг дотуур байрны жижүүрийн ажлаас чөлөөлсөн байна.
Хариуцагч Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг түр орлон гүйцэтгэгч Х.Е нь “... ажилтан Х.Д нь ажлын байранд ноцтой зөрчил гаргасан гэсэн дүгнэлтэд хүрч, хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн” гэж нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан болно.
Хариуцагч Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг түр орлон гүйцэтгэгч Х.Ед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.
Ажилтныг ажилд авсан болон ажлаас халсан /чөлөөлсөн/ тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, ажлаас халсан буюу чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан /чөлөөлөгдсөн/, хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлтэй тохирсон, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай юм.
Ажил олгогч Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1/14 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалаар Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Хүүхэд хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 7-гийн 7/В хэсгийг, Аймгийн ГБХЗХГ-ын дүгнэлт, Сумын хүүхэд хамгааллын хамтарсан багийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн дотуур байрны жижүүр ажилтай Х.Дтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн цуцалж, ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.
Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримтлах, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр гаргах, ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалт бөгөөд энэ үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зохицуулсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэж заасан байна.
Ажил олгогчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1/14 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалдаа үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэл нь ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байх, зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байхыг ойлгоно. Мөн гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцож тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.
Ажил олгогчоос гаргасан дүрэм, журам, зааварт тусгагдсан ажлын байрны тогтоосон горим, журмыг ажилтан ноцтой байдлаар зөрчсөн ч тухайн актыг хөдөлмөрийн гэрээтэй адилтган үзэх боломжгүй, мөн ажил олгогч, ажилтан нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй тохиолдолд ажилтны гаргасан зөрчил нь дээр дурдсан ноцтой зөрчлийн хэмжээнд байгаа хэдий ч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох” үндэслэлд хамаарахгүй бөгөөд ажил олгогчийн Хөдөлмөрийн дотоод журмын 7-гийн 7/В хэсгийг баримталсан нь үндэслэлгүй болсон байна.
Хариуцагчийн ажилтныг ажлаас чөлөөлсөн буюу хөдөлмөрийн гэрээг цуцлахад үндэслэл болгосон Б аймгийн Г газрын 2018 оны 05 дугаар сарын 15-нб өдрийн 246 дугаартай “Д сумын сургуулийн захирал Х.Е танаа. дүгнэлт хүргүүлэх тухай” гэх албан бичигт :... 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр тус газрын ахлах мэргэжилтэн, сэтгэл зүйчтэй хамт газар дээр нь очиж ажилласан. Асуудлыг тодруулах зорилгоор ..., Хүүхдүүд шөнө дунд шуугилдаж нойрноос сэрсэн шалтгаан нь хөвгүүдийн байрны жижүүр 23 настай, эрэгтэй Д нь өөрийнхөө ажлын байраа орхиод охидын байранд шөнө дунд цонхоор орж, 2 тасгаар орсон нь нөхцөл байдлын үнэлгээгээр тогтоогдсон. ... 2. Хөвгүүдийн байрны жижүүр Д нь өөрийн ажлын байраа орхин өөр ажлын охидын байранд шөнө дунд цонхоор орж байгаа нь ажлын хариуцлага алдагдаж байгаа учраас ажлаас нь гаргах хүртэлх арга хэмжээ авах” гэсэн агуулга бүхий албан бичгийг хүргүүлсэн байна.
Б аймгийн Г газрын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 246 дугаартай “дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичигт ... “нөхцөл байдлын үнэлгээгээр тогтоогдсон” гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байхад ажил олгогч нь ажилтан Х.Дтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй болсон байна.
2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Д сумын хамтарсан багийн хурлын тэмдэглэлийн хурлаас гарсан шийдвэрлэсэн гэх хэсгийн 2-т “хөвгүүдийн байрны жижүүр М.Дыг аймгийн мэргэжлийн байгууллагын дүгнэлтийн дагуу ажлаас халах арга хэмжээ авах” гэж тэмдэглэсэн байна. Тухайн өдрийн сумын хамтарсан багийн хуралд зөрчил гаргагч Х.Дын гаргасан зөрчлийг авч хэлэлцэж ажлаас халах дүгнэлтэд хүрсэн гэж тайлбарлаж байгаа боловч хуралд зөрчил гаргагчийг оролцуулаагүй, зөрчил гаргагчийн тайлбарыг авч хэлэлцээгүй, биечлэн оролцуулахгүйгээр хамтарсан багийн хурлаар ажлаас нь халах шийдвэр гаргасан нь хөдөлмөрийн хуулийн дээрх заалтыг зөрчсөн байх тул тушаалын үндэслэлийг хариуцагчийн тайлбар бүрэн нотолж чадахгүй байна гэж үзлээ.
Хэргийн оролцогчдын аль аль нь хөдөлмөрийн гэрээг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгч чадаагүй учир ажилтан Х.Д нь ажлын байранд ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэх боломжгүй байна.
Ажил олгогч ажилтныг ажилд томилох, чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулинд заасан үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй байна.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн 6 дугаар зүйлд Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал талаар зохицуулсан байх ба мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “сургалтын байгууллагад суралцаж байгаа хүүхэд бүрийг тухайн орчинд бие махбодын шийтгэл, сэтгэл зүйн болон үе тэнгийнхний дарамт, үл хайхрах байдал, гэмт хэрэг, зөрчил, хорт зуршилд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэжээ.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлд Хүүхдийн эрх, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг буюу хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийн талаар зохицуулсан байх ба мөн хуулийн 5 угаар зүйлийн 5.2-т “Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй” гэжээ.
Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийг гэрээг цуцалсан эрхийн актыг гаргахад Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулийг тус тус үндэслэл болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулинд нийцээгүй байна. Учир нь, ажил олгогч ажилтныг ажлын байранд ноцтой зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байгаа бөгөөд дээрх хуулийн заалт нь ажилтан Х.Дыг ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй.
Хариуцагч Б аймаг Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 05 сарын 21-ны өдрийн 1/14 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалын үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Х.Дыг Б аймаг Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч Х.Дын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б аймаг Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүүгээс 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Ж овогт Хы Дыг Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн дотуур байрны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Дын энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН