Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1330

 

 

 

 

 

 

 

 

 

     2022       09          13                                  2022/ШЦТ/1330

 

                                     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч П.Б,

нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат,

хохирогч Б.Б нарыг оролцуулан эрүүгийн 2206 02121 2116 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн П.Б, 1958 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Төв аймагт төрсөн, 64 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, ганцаараа Баянзүрх дүүргийн *** тоотод оршин суух хаягтай, урьд 1980 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Ардын армийн шүүхийн 03 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 886 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ял, 2003 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн шүүхийн 474 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2-2.1, 181.2-2.4 дэх заалтуудад зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнссэн /Регистрийн дугаар: ***/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр *** гэртээ, иргэн Б.Бтай газрын асуудлаас болж маргалдаж, улмаар түүнийг түлхэж унагаан, хөл рүү өшиглөж, эрүүл мэндэд нь “зүүн хацар, цээжний баруун талд зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Дээрх шүүгдэгч П.Б нь хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

- Шүүгдэгч П.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Б.Бг сайн танихгүй харин дүүг нь танина. Дүү нь манай дүүгийн найз. Намайг эмнэлгээс гарсны дараа 22 цагийн үед Б.Б манайд орж ирэхэд нь би орой болсон байна чиний асуудлыг дараа больё гэж хэлээд гаргах гэтэл гараагүй. Би гарахгүй болохоор нь түлхсэн чинь Б.Б шал нь дээр суучхаад орилоод байсан. Маргааш нь Б.Б хоёр залуугийн хамт маргаантай газар дээр мод тарьж байсан. Би метр хийж байсан утаснаас татахад Б.Б чирэгдээд унасан. Чирэгдэж байх үедээ гэмтсэн байж магадгүй. Тэрийг бол хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

- Хохирогч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 21 цаг 55 минутад П.Бын гэрт ороод надад үрсэлгээ байгаа газар дээр мод тарья дараа нь та газраа ав гэж хэлсэн. Тухайн үед энэ хүн уурлаад босож ирж намайг түлхэж унагаагаад хүчтэй өшиглөсөн. Би арай гэж босоод явах гэсэн чинь араас ирж цохисон. Намайг гадна гарахад хойноос ирээд намайг авч шидсэн. Би эмчилгээ хийлгэсэн зардлаа нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дахь тал/,

- Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туул зөрлөг 6-76 тоотод 2019 оноос төрсөн эхийн хамт амьдарч байгаа юм. Манай хашааны баруун талд хоосон газар байгаа юм. Уг хоосон газрыг П.Б гэдэг хүн кадастр хийлгээд манай газар гээд эзэмшдэг. Би П.Бын гэрт 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр очоод “хоосон газарт нь энэ жил мод тарьж болох уу” гэж асуусан. Тэгэхэд миний өөдөөс шууд уурлаад намайг түлхэж унагаагаад, миний гуя pyy П.Б нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дахь тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 6272 дугаартай: “...Дүгнэлт

1. Б.Бгийн биед зүүн хацар, цээжний баруун талд зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дэх тал/,

- Шүүгдэгч П.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр эмнэлгээс гараад Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 4-49 тоотод байхад манайхтай ойролцоо байдаг Б.Б оройн 22 цагийн үед санагдаж байна, манай гэрт орж ирээд надаас “газар дээр чинь мод тарьж болох уу” гээд байсан. Тухайн үед миний биеийн байдал тааруу, би унтаж амармаар байсан тул Б.Бд “гэрээс гарч яв” гэхэд үгэнд орохгүй байсан тул түлхсэн, тэгэхэд Б.Б газар унасан. Би резинэн углааштай хөлөөрөө нэг удаа сулхан өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дахь тал/,

- Шүүгдэгч П.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 дэх тал/,

- Шүүгдэгч П.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дахь тал/ зэргээр тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

Шүүгдэгч П.Бын өмгөөлөгч Н.Ганбат нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлд маргаагүй болно.

Иймд шүүгдэгч П.Быг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн *** тоот гэртээ, иргэн Б.Бтай газрын асуудлаас болж маргалдаж, улмаар түүнийг түлхэж унагаан, хөл рүү өшиглөж, эрүүл мэндэд нь “зүүн хацар, цээжний баруун талд зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүх шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг гарсан, үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар зэргийг харгалзан үзэж шүүгдэгч П.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Б нь 806.000 төгрөгийн хохирлоо баримтаар нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч П.Б нь хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй тул шүүгдэгчээс 806.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн тэтгэвэр орлого зэргийг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. П.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Быг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар П.Б нь 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар П.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар П.Баас 806.000 /найман зуун зургаан мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Б.Бд олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол П.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР