Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 518

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 9 дүгээр багт оршин суух, Ж овогт Ры Еы итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Е бүрэн дунд сургууль /захирал Х.Х/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагч Б аймгийн Е бүрэн дунд сургуулийн захирал Х.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 2906740 төгрөг гаргуулан, ажилгүй байсан хугацаанд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгох тухай.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Еыг Б аймгийн Е Бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн "Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай" 89 тоот тушаалаар тус сургуулийн хичээлийн зохицуулагчаар томилогдсон юм. Б аймгийн Е Бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 25-ний өдөр 109 тоот тушаалаар Р.Е намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Ингээд Р.Е би уг асуудлыг эс зөвшөөрч шүүхэд хандсанаар Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 130\ШШ208\00 175 дугаартай шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон юм. Ажил олгогч Р.Еыг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан хичээлийн зохицуулагчийн ажилд эгүүлэн томилсон юм. Р.Еаас ажил олгогчид ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговрыг байгууллагын санхүүгээс нөхөн төлүүлэх, түүнд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд нөхөн шилжүүлэхийг шаардсан боловч сургуулийн захирал Х.Х нь татгалзсан хариу өгсөн юм. Р.Еы нэг сарын үндсэн цалин хөлс бол 560950 төгрөг.  Иймд Р.Еы 2017 оны 12 дүгээр сарын 25-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ныг хүртэл ажилгүй байсан 4 сар 5 хоногийн цалин хөлсний нөхөн олговор 2906740 төгрөг, ажилгүй байсан 4 сар 5 хоногт ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгох   тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Нэхэмжлэлд тодорхой бичсэн. Нэхэмжлэгчийг Б аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 175 дугаар шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 44 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. Магадлал бичгийн хэлбэрээр гараагүй байхад ажил олгогч 05 дугаар сарын 01-ний өдөр урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн томилсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар  ажил олгогч нь ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гаргасан тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалинг төлөх үүрэг хүлээсэн. Шийдвэр гэдгийг анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг ойлгоно. Нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолтыг гаргаж өгсөн. Нэхэмжлэгч 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ТҮЦ машинд гарын хээгээ уншуулж дээрх лавлагааг гаргаж авсан. Ажилгүй байсан хугацаанаас цалинг 3 сарын цалин хөлсний дунджаар бодох ёстой. Нэхэмжлэгч 2017 оны 10 дугаар сард 416521 төгрөг, 2017 оны 11 дүгээр сард  416521 төгрөг, 2017 оны 12 дугаар сард  849808 төгрөгийн цалин авч байсан ба дундаж 560950 төгрөг болж байна. Энэ нь 4 сар  5 хоногийн цалинг үржүүлэхэд 2906740 төгрөг болж байна. Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэгчийн цалинг 416521 гэж байгаа ч 6 дугаар сард 602000 төгрөгийг цалин авсан. Мөн 7 дугаар сард 868000 төгрөгийн цалин авсан. 2017 оны 08 дугаар 246000 төгрөг, 9 дүгээр сард 470000 төгрөгийн цалин авсан. Энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан. Нэхэмжлэгчийн цалинг 416521 төгрөг гэж тогтоох нь эргэлзээтэй байна. Хөтөлбөргүй тогтоох боломж байхгүй. Тийм учраас дундаж цалин тодорхойлох журмын дагуу ажилгүй байсан хугацаанаас өмнөх 3 сарын цалингийн дундаж нь 560950 төгрөг байгаа.  2017 оны 12 дугаар сарын 25-наас 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 4 сар 5 хоногийн 2906740 төгрөг нэхэмжилж байна. Мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгох тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл цалингаа авсан. 2018 оны 1-4 дүгээр сар хүртэл 4 сарын цалингаа нэхэмжилж байна.  1 сарын дундаж цалин нь 560950 төгрөг байгаа. 560950 төгрөгийг ажилгүй байсан  4 сарын хугацаанд үржүүлээд нэхэмжилж байна.  Иймд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байгааг тодруулж хэлмээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Б аймгийн Е бүрэн дунд сургуулийн захирал Х.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б аймгийн Ө сумын 9-р багийн иргэн Р.Еы нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.Үүнд:

1. "Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай" 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тушаалаар хичээлийн зохицуулагчаар томилогдсон Р.Е шүүхэд хандсанаар анхан шатны шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс томилсон. Томилогдсон хугацааны өмнөх 12 дугаар сараас үлдсэн 5 хоногийн цалин хөлсний мөнгийг бүрэн бүтэн авсан тул 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний хоорондын цалин хөлсийг бүрэн бүтэн авсан болно.

2. Иргэн Р.Е нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговрыг сургуулийн захиргаа, санхүүгээс нөхөн төлүүлж, ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд нөхөн шилжүүлэх талаар шаардлага тавиагүй Өмгөөлөгч Я.С нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэрийдлээр шаардсан байгаа юм. Өмгөөлөгч Я.С нь Р.Еы урьд эрхэлж байсан сургуулийн нярвын ажлаас чөлөөлөгдөхөд Х.Жы өмгөөлөгчөөр ажиллаж гар бие оролцож иргэн Р.Еыг энэхүү байдалд хүргэсэн. Учир иймээс Я.С иргэн Р.Еы өмнөөс цалин хөлсний нөхөн олговрыг зохих журам, зааврын дагуу хуулийн үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байна.

3. Иргэний хэрэгт шүүхэд төлөөлөх 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн тоот итгэмжлэлд зурсан гарын үсэг Р.Еы гарын үсэг биш. Р.Е нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Монгол улсын Улаан байшинтын боомтоор Бүгд Найрамдах Казахстан улсын иргэн болохоор хил давсан юм.

4. Р.Еы хичээлийн зохицуулагчийн албан тушаалын сарын үндсэн цалин 416521 төгрөг Монгол улсын Засгийн газрын 2014 оны 75 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт /ТҮБД-1-1 шатлал/ 2018 оны 01 дүгээр сараас 5 дугаар сарын 01 хүртэлх ажилгүй байсан 4 сарын цалин хөлсний нөхөн олговор нийгмийн даатгалын шимтгэлийн хамт 1666084 төгрөг болно. Тус сургуулийн захиргааны санхүү төсвийн боломж 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар хүнд хэцүү байна. Багш, ажилчдын улирлын  байдалтай ээлжит ээлжийн амралтын мөнгө олгож байгаа учраас аймгийн Нийгмийн даатгалын газар, татварын хэлтэст НДШ болон ХАОАТ дутуу төлөлттэй өр үүсч байна. Иймд Р.Еы цалин хөлстэй холбоотой нөхөн олговор болох 1666084 төгрөгийг хэсэгчлэн төлөх улмаар аймгийн Санхүү, төрийн рангийн хэлтэст танилцуулж шийдвэрлүүлэх арга хэмжээ авах болно гэжээ.  

Хариуцагч Б аймгийн Е бүрэн дунд сургуулийн захирал Х.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч 2017 оны 10 дугаар 02-ны өдрийн нярвын ажлаас чөлөөлөгдөж, хичээлийн зохицуулагчийн ажилд эгүүлэн томилогдсон.  Мэргэжлийн хяналтын газраас мэргэжлийн бус хүн тул ажлаас чөлөөл гэсэн шаардлага ирсэн. Нэхэмжлэгч 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхэлж хичээлийн зохицуулагчаар ажиллаж байхдаа 416521 төгрөгөөр цалинжиж байсан.  Тэрээр 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэлх цалингаа авсан. Тэрээр цалингийн талаар ямар нэгэн маргаан үүсгээгүй. Би тайлбартаа дурдсан. Нэхэмжлэгч 12 дугаар сарын 5 хоногийн цалинг нэхэмжлэх боломжгүй.  Нэхэмжлэгч 12 дугаар сарын цалингаа бүтэн авсан. Шүүхийн шийдвэрийн дагуу Еыг 2018 оны 05 дугаар сарын 01-нд хичээлийн зохицуулагчийн ажилд эгүүлэн томилсон. Нэхэмжлэгч “би уг ажлыг хийхгүй, тэнцэхгүй” гэж өөрөө хүсэлт гаргаад ажлаас чөлөөлөгдсөн. Тэрээр Казахстан  улсад цаашид амьдарч магадгүй, ирж ч магадгүй, тодорхой бус, ажил олдохгүй байгаа тул Казахстан улсад очиж ажиллана,  хамаатан садан байгаа” гэж байсан. Хичээлийн эрхлэгчийн сарын үндсэн цалин 416521 төгрөг байгаа. Энэ нь нотлох баримтаар нотлогдож байгаа үндсэн цалин байгаа.  Засгийн газрын  2017 оны 75 дугаар тогтоол байгаа. 1668400 төгрөг байгаа. 3 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний цалин хөлсийг тооцох аргачлалыг гаргаж өгсөн. Тооцох аргачлал буруу. Би Засгийн газрын тогтоолын дагуу 4 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгохоос биш 3 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний мөнгийг олгох гэсэн журмыг нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүй тул ойлгохгүй байна.  6, 7, 8 сарын багш нарын амралтыг 12 сарын цалингийн  дундажтай тэнцэх хэмжээнд хувааж 48 хоногоор үржүүлээд цалин хөлсийг нь  олгодог.  Хичээлийн зохицуулагчийн хувьд дээрхтэй адилхан аргачлал байхгүй. Би олон жил боловсролын салбарт ажилласан тул аргачлалыг ойлгохгүй байна.  Багш нарын амралтыг тооцох 3 сайдын хамтарсан тушаал байгаа. Үүнд хичээлийн зохицуулагч, үйлчилгээний ажилчид хамаарахгүй. Тийм учраас ажилгүй байсан хугацааны 4 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1666084 төгрөгийг олгох шийдвэр гаргаж өгнө үү. Ингэхдээ уг мөнгийг хэсэгчилж төлөх талаар шийдвэр гаргаж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Р.Е нь Б аймгийн Е бүрэн дунд сургуулийн санхүүгээс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 2906740 төгрөг гаргуулан, ажилгүй байсан хугацаанд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Б аймгийн Е бүрэн дунд сургууль нь нэхэмжлэгч Р.Еы шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан ба хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүргийг танилцуулж, нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээсэн боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх маргааны үйл баримтыг нотолж чадаагүй болно. 

Нэхэмжлэгч Р.Еыг Б аймгийн Е бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 119 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар хичээлийн зохицуулагчийн үүрэгт ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч Р.Е нь эс зөвшөөрч Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар тус шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2018/00175 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Р.Еы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б аймгийн Е бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 109 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Ры Еыг тус сургуулийн хичээлийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоосон байна.

 Б аймгийн Е бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 37 дугаартай “Р.Еыг ажлаас чөлөөлсөн тухай 109 тоот тушаалыг хүчингүйд тооцох тухай” тушаал гаргаж, Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2018/00175 дугаартай шийдвэрийг үндэслэл болгож  2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 109 дугаартай Р.Еыг ажлаас чөлөөлсөн тухай гаргасан тушаалыг хүчингүйд тооцсон эрхийн актыг гаргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т зааснаар ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй гэж зохицуулсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т энэ хуулийн 36.1.2-т зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэсний дагуу нэхэмжлэгч Р.Е шаардах эрх нь үүсэж байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Р.Е нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажилгүй байсан нь зохигч нарын шүүхэд гаргасан тайлбар, Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2018/00175 дугаартай шийдвэр, Б аймгийн Е бүрэн дунд сургуулийн захирлын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 37 дугаартай “Р.Еыг ажлаас чөлөөлсөн тухай 109 тоот тушаалыг хүчингүйд тооцох тухай” тушаал, 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №02 дугаартай мэдэгдэх хуудсаар тус тус тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч Р.Е нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байгаа бөгөөд хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 12 сарын цалингийн хүснэгт, хариуцагчийн тайлбараар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны шатанд багасгасан тайлбараар тус тус нотлогдож байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Р.Еы №0017258 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилт болон Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “дундаж цалин хөлстэй тэнцэх олговор”-ыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэсний дагуу нэхэмжлэгч Р.Еы дундаж цалин хөлсийг 560950 /416521 + 416521 849808 = 1682850 : 3 /  төгрөгөөр тооцож 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2243800 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 662940 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т зааснаар “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө”, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1-т “ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1-т “энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж тус тус заасны дагуу ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгох нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч Р.Еы 2018 оны 01 дугаар сарын 01-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 2243800 төгрөгийг Б аймгийн Е бүрэн дунд сургуулиас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 662940 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогч Б аймгийн Е бүрэн дунд сургуулийн захиралд үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Р.Еы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Б аймаг дахь Б аймгийн Е бүрэн дунд сургуулийн санхүүгээс 50851 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.Еы ажилгүй байсан хугацаанд ноогдох дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 2243800 /хоёр сая хоёр зуун дөчин гурван мянга найман зуун/ төгрөгийг Б аймгийн Е бүрэн дунд сургуулийн санхүүгээс гаргуулан олгож, ажилтан Р.Еы ажилгүй байсан хугацаанд ноогдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Нийгмийн даатгалын санд шилжүүлэхийг ажил олгогчид үүрэг болгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 662940 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Еы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн Е бүрэн дунд сургуулийн төвийн санхүүгээс 50851 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Ед олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          К.БҮЛДИРГЕН