| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/1292/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1334 |
| Огноо | 2022-09-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1334
2022 09 14 2022/ШЦТ/1334
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүгдэгч Б.О,
нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,
улсын яллагч Ч.Батзориг нарыг оролцуулан эрүүгийн 2206 00000 1559 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Б.О, 1969 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бул 1, ганцаараа *** тоотод оршин суух хаягтай, урьд Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан /Регистрийн дугаар: ***/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Нарантуул худалдааны төв дээр 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч Б.Этай Дундговь аймаг явах зорчигчийг булаацалдан маргалдаж, улмаар зүүн шанаа хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт:
Дээрх шүүгдэгч Б.О нь хохирогч Б.Эы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
- Шүүгдэгч Б.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Дундговь аймаг руу явах гэж байгаад хүнээ булаацалдсаны улмаас Энхсайхантай маргалдаж цохисон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өчигдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж ирсэндээ шүүх бүрэлдэхүүнээс уучлалт гуйж байна. Миний биеийн байдлыг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,
- Гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дахь тал/,
- Хохирогч Б.Эы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Нарантуул олон улсын худалдааны төвийн орон нутаг явах унааны хэсэгт Дундговь аймаг явах хүн хайж байгаад нэг хүн олоод суулгасан байсан. Гэтэл Б.О миний таньдаг хүнийг машиндаа суулгасан байна би өөрөө авч явна эд зүйлийг нь өг гэхээр нь “би түрүүлээд уг хүнийг суулгасан өгөхгүй” гэтэл миний найз гээд уурлаад муудалцсан. Тэгтэл зүүн гараараа заамдаж байгаад баруун гараараа миний зүүн шанаа хэсэг рүү цохисон, тэгтэл миний зүүн талын нэг шүд хөдөлчихсөн. Хажууд байсан жолооч нар салгасан бөгөөд би шууд захын цагдаагийн хэсэгт очиж болсон зүйлийг хэлэхэд Б.Оыг дуудсан бөгөөд уг хүн цохиогүй харин намайг цохисон гэж хэлээд байсан боловч хяналтын камерын бичлэгт уг хүн намайг цохиж байгаа нь бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 дахь тал/,
- Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 5460 дугаартай: “...Дүгнэлт:
1. Б.Эы биед доод эрүүний зөөлөн эдийн няцрал, доод эрүүний зүүн хажуугийн 3-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 10-11 дэх тал/ зэргээр тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Б.Оыг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Нарантуул худалдааны төв дээр 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч Б.Этай Дундговь аймаг явах зорчигчийг булаацалдан маргалдаж, улмаар зүүн шанаа хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүх шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг гарсан, үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Б.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрт учирсан хохирлоо баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тул гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Оыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О нь 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Б.Э нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР