Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 582

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 13 дугаар багт оршин суух, Ж овогт Сгийн Шын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн С ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл /дарга Х.Т/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгчид Х.З, К.Е, хариуцагч Б аймгийн С ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн өмгөөлөгч Ө.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн С ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаартай “С.Шыг ажлаас чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгож, Б аймгийн С ХХК-ийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэгч С.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гомдол гаргагч С.Ш би С ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад үүрэгт ажлаас аймгийн засаг даргын захирамжаар үндэслэлгүй халагдсан тул эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсанаар Б аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07-р сарын 03-ний өдрийн 110/ШШ2017/0051 дугаар бүхий шийдвэрээр намайг С ХХК-ийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон билээ. Уг шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан боловч энэхүү дээд шатны шүүхүүд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсон хэдий ч хариуцагч аймгийн Засаг дарга А.Гылымхан шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй жил гаран явсны эцэст шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт татагдахын даваанд 2018 оны 05-р сарын 02-ны өдрийн Б/18 дугаар бүхий захирамжаар намайг С ХХК-ийн захирлын албанд эгүүлэн томилсон бөгөөд өнөөдрийг хүртэл ажлаа хэвийн гүйцэтгэж ирсэн. Гэтэл өнөөдөр буюу 2018 оны 05-р сарын 23-ний өдөр ТУЗөвлөл хуралдаж намайг үндэслэлгүй шалтгаан зааж дахин үүрэг ажлаас маань чөлөөлсөн 2017 оны 05-р сарын 23-ний өдрийн 06 дугаар бүхий тогтоол гаргасан Энэхүү тогтоолд дурдсан намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн үндэслэл болох компанид үр ашиггүй гэрээ байгуулсан гэх үндэслэл нь надад огт хамааралгүй бөгөөд ерөнхий инженер өөрийн эрхийн хэмжээний дагуу техник хөлсөлсний гэрээ бөгөөд энэхүү гэрээнээс болж компанид ямар нэг хохирол учраагүй, надад хамааралгүй болохыг хуулийн байгууллага шалгаж тогтоосон шийдвэр, тогтоол байгаа билээ. Ажилчдыг сэлгэн ажиллуулсан гэх үндэслэл нь компанийн дотоод асуудал бөгөөд гүйцэтгэх захирлын эрх хэмжээнд хамаарахаас гадна ажилчдыг ажлаас үндэслэсүгэй чөлөөлж шилжүүлснийг тогтоосон ямар ч шүүхийн шийдвэр гараагүй байгаа ба ТУЗ нь ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг, шилжүүлснийг тогтоох эрх бүхий субъект биш байх ба энэ нь зөвхөн шүүхийн эрхэд хамаарах асуудал юм. Иймд байдлаар намайг ажилд эгүүлэн томилсноос хойш 20 хоногийн дараа дахин ажлаас үндэслэлгүй чөлөөлж байгаа нь хууль болон шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж байгаагийн тод жишээ юм. Иймд миний хөндөгдсөн эрхийг хамгаалан Б аймгийн С ХХК-ний ТУЗ-ийн 2018 оны 05-р сарын 23-ний өдрийн 06 дугаар бүхий тогтоолыг хүчингүй болгож, намайг Б аймгийн С ХХК-ний захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Ш шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би 2013 оны 06 дугаар сарын 03-аас эхлээд С ХХК-ны захирлаар томилогдсон. Намайг ажлаас гаргахад Хөдөлмөрийн тухай хуулийн ямар нэгэн заалтыг ашиглаагүй. Компанийн дүрэмд тодорхой зүйл заалт байгаа. 2 сарын дараа томилогдсон Ж.Атэй аймгийн Засаг дарга зөвшилцсөн байна. Би ямар нэгэн хууль дүрэм зөрчөөгүй, ажлаа хэвийн явуулж байсан. Гол асуудал 3 хүнийг дунд нь сольж шилжүүлэн ажиллуулсан тушаал байсан. Яагаад гэвэл би очоод бүх судалгааг хийлгэсэн бүх шугам сүлжээ хөлдсөн. Тухайн үед Төлөөлөн удирдах зөвлөл ямар ч арга хэмжээ аваагүй, олон хэрэглэгч хохирсон байсан. Гэтэл олон хэрэглэгч гомдол өгч, судалгааны явцад нэр бүхий хэрэглэгч бичгээр гомдол гаргасан. Намайг 2 жил хохироож миний амь амьдралаар тоглоом хийсэн. Зарим ажилчид хэлэхдээ бид нар шахалтаар гарын үсэг зурсан гэж хэлсэн. Тухайн 3 хүн ажлаас халагдаад, шүүхэд хандах хугацаа нь байсан. Энэ асуудалд Төлөөлөн Удирдах Зөвлөл өөрөө оролцоод олон хүмүүсийг чирэгдүүлж, ийм юм хийсэнд харамсаж байна. Би шударгаар ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэрт гарах ёстой. Эвлэрэх асуудлын бас ярьж байна л ээ. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргад 4-5 удаа очсон. Ажилгүй байсан хугацааны 29 сая төгрөгөө нэхэмжилж очиж байсан. Тэр үед нэг ч юм дуугараагүй мөртлөө өнөөдөр хэдийд олон мөнгөтэй болсон. Тэгээд ч зөвшилцөх хүн нь Ө.Б биш. Тийм учраас би зөвшилцөх боломжгүй гэж хэлж байгаа. Миний тэтгэвэрт гарах асуудал миний эрхийн асуудал. Төлөөлөн Удирдах Зөвлөл надтай хариуцлага ярьж байна л даа. Ажилчдыг зөвхөн шилжүүлж ажиллуулсны төлөө С.Ш буруутан болдог. Бас миний оронд өөр хүн томилохгүй. Олон хүнийг ажлаас гаргасан Ж.Аийг дахин дахин томилж байгаад нь гомдолтой байна. 2 дахь асуудал бол албан тушаал ашиглаж гэрээ хийсэн гэж хэлсэн. Огт тийм юм байгаагүй гэдгийг Аймгийн Прокурор, хууль хяналтын байгууллагаар бүгдийн шалгуулсан. Надад ямар ч холбоогүй гэж тогтоол гарсан. Уг тогтоол хавтас хэрэгт байгаа. Намайг чөлөөлсөн хурлын тэмдэглэлд би албан ёсоор танилцаад, миний гарын үсэг байх ёстой. Гэтэл би тэмдэглэлийг сая л харж байна. Гэхдээ Цийн 5 тэрбумын тендерт ялсан компани “А” компани байсан. Зөвшилцөх асуудалд тодорхой ярьлаа. Төлөөлөн Удирдах Зөвлөл, Аймгийн Засаг  дарга зөвшилцөх ёстой. Тэд нар намайг үзэл бодлоор ялгаварлан гадуурхаж ирсэн. Тийм учраас би тодорхой ярьсан. Би ямар ч хүмүүсийг хохироож ажлаас халаагүй. Тэр хүмүүс ч шүүхэд хандаагүй. Тиймээс миний  шүүхэд гаргасан С ХХК-ийн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.

Б аймгийн С ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Х.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.Шын С ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1. 1999 онд Б аймгийн Н газрыг төрийн өмчит хуулийн этгээд буюу ХХК хэлбэрээр зохион байгуулж улмаар эд хөрөнгө захиран зарцуулах эрхийн хамт төрийн өмчөөс аймгийн өмчлөлд шилжүүлснээр С ХХК нь 100%-ийн орон нутгийн өмчит хуулийн этгээд болсон байна. Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5-д "төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт оруулан өөрчлөн зохион байгуулах замаар үүссэн төрийн болон орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулна" гэж заасан тул орон нутгийн өмчит С ХХК-ийн үйл ажиллагаа нь Компанийн тухай хуулиар зохицуулагдах юм. Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-д зааснаар компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх эрхийг компанийн Төлөөлөн Удирдах зөвлөлд олгосон билээ. 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр С ХХК-ийн ажилчид гүйцэтгэх захирлаар томилогдсон С.Ш нь албан тушаалаа авангуут ажилчдыг үзэл бодлоор ялгаварлан гадуурхаж, шинээр ажилд орсон ажилчдыг ажлаас чөлөөлнө хэмээн дарамтлан, айлган сүрдүүлсэн, зарим ажилтныг өөрийнхөө зөвшөөрөлгүйгээр өөр ажилд үндэслэлгүйгээр шилжүүлэн ажиллуулсан ажилчдыг ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжийг алдагдуулсан тул цаашид ажиллах боломжгүй, гүйцэтгэх захиралд арга хэмжээ авч түүний хууль бус үйлдлийг таслан зогсоож албан тушаалаас нь өөрчилж өгөхгүй бол ажил хаялт зохион байгуулах хүртэл хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдэж аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг дарга, компанийн Төлөөлөн Удирдах зөвлөлд тус тус хандаж өргөдөл гаргасан. С ХХК нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд учраас гүйцэтгэх захирлын алдаатай шийдвэр, ашиггүй нөхцөлөөр байгуулсан гэрээ, хэлцэл нь компанид хохирол учруулах эрсдэлтэй бөгөөд үүгээрээ төрийн бусад байгууллагуудаас онцлогтой. Олон жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай ажилчид   гүйцэтгэх   захирлын   алдаатай   бодлогоос   болж   ажил   хаялт   зохион байгуулбал аймгийн төвд хэрэгжүүлж буй цэвэр усны магистраль шугамын угсралтын тендерийн ажил болон гэрээний дагуу хийж гүйцэтгэх бусад ажлууд зогсонги байдалд орж улмаар гэрээний хугацаанд үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрэх, аваар осол гарах, цэвэр усны ханган нийлүүлэлт доголдох цаашид компани алдагдалд орж хохирол учрах эрсдэл хүлээх учир компанийн үйл ажиллагааны хэвийн, тогтвортой байдлыг хангах үүднээс шуурхай арга хэмжээ авах, нөхцөл байдалтай танилцах зорилгоор компанийн эрх барих дээд байгууллага болох Төлөөлөн Удирдах зөвлөлийн 5 гишүүн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гүйцэтгэх захирал С.Шын албан өрөөнд түүнийг оролцуулан хуралдсан. Хурлын явцад өргөдөл гаргасан ажилчдын төлөөлөл болох А, Б нартай уулзаж өөрсдөөс нь нөхцөл байдлыг тодруулах явцад Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж ажилтны хөдөлмөрлөх эрхэд ноцтой халдаж тэдний зөвшөөрөлгүйгээр 3 ажилтныг өөр ажилд шилжүүлсэн нь тогтоогдсон бөгөөд тэд гүйцэтгэх захирал С.Шт хариуцлага тооцохгүй бол ажил хаялт зохион байгуулах болно гэдгээ мэдэгдсэн. Ажил олгогч болон Төлөөлөн Удирдах зөвлөл нь ажилтны эрх ашгийг хамгаалах, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангах нь Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд гүйцэтгэх захирлын буруутай үйлдлээс болж компанийн ажилчдын эрх ашиг хохирох ёсгүй.

2. Б аймгийн Ц сумын Бохир усны гол магистраль шугамын угсралтын ажлыг захиалагч Агайн ХХК нь гүйцэтгэгч М ХХК-тай түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр гэрээ байгуулжээ. М ХХК нь гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэхдээ өөрт нь машин, техник байхгүй байсан тул тус компанийн захирал Шын А нь орон нутгийн өмчит С ХХК-ий техник хэрэгслийг ашиглан үйл ажиллагаа явуулжээ. Компанийн тухай хуулиар компанийг төлөөлж бусадтай гэрээ байгуулах эрхийг зөвхөн гүйцэтгэх захирал эдлэх бөгөөд мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д "гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна." 84.4.4-т "шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлөөс зайлсхийж сонирхлын зөрчил үүсэхээр бол энэ тухайгаа тухай бүр мэдэгдэх" үүрэгтэй мөртлөө тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Ш нь энэхүү хуульд заасан үүргээ биелүүлэхгүй хүү болох Ш.Аын эзэмшдэг М ХХК-тай орон нутгийн өмчийн автомашин техникийг давуу эрхээр түрээслэх гэрээ байгуулж түрээсийн төлбөрийг тухайн үед мөрдөгддөг тарифаас доогуур үнээр тогтоосон байна. Тухайн үед 2008-2016 онд мөрдөгдөж байсан С ХХК-ийн дотоод тарифаар тооцоход М ХХК нь техник хэрэгсэл ашигласны нийт түрээсийн төлбөрт 29230000 төгрөг төлөхөөр тооцоо гарсан байна. Мөн түрээсийн гэрээнд тусгаагүй мөртлөө компанийн өмчлөлийн ND 120 маркийн машиныг М ХХК ашиглаж 300 м далан босгох 100 рейс шороог зөөсөн бөгөөд компанийн тарифаар 3500000 төгрөг төлөх байтал энэхүү мөнгийг ч төлөөгүй, гэрээнд оруулаагүй байна. Өөрөөр хэлбэл М ХХК нь С ХХК-ийн техникийг ашигласны төлбөрт 32730000 төгрөгийн төлбөр төлөх байтал С.Ш нь компанид хохиролтой гэрээ байгуулж бүхэл бүтэн 3 техникийг 50 хоногийн турш ажил гүйцэтгүүлэхэд 3185000 төгрөг түрээсийн төлбөрт өгөхөөр гэрээ байгуулсан нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг компанид илт ашиггүй, хохиролтой гэрээ гэж үзэхээс өөр аргагүй. Түрээсийн гэрээний дагуу төлөх 3185000 төгрөгөөс М ХХК нь одоо болтол тус компанид нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд С.Ш нь хуулиар олгосон эрх мэдлээ ашиглан, зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр бусдад давуу байдал олгож, орон нутгийн өмч техникийг дураараа ашиглаж М ХХК-тай сонирхлын зөрчилтэй хэлцэл байгуулж С ХХК-нд их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг зөвтгөх үндэслэлгүй байна. Энэ талаар компанийн дотоод аудитын дүгнэлтэд тодорхой тусгагдсан болно. С.Шын энэ үйлдэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан "Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэх заалтыг зөрчсөн гэж үзэж 2018 онд компанийн зүгээс Авлигатай Тэмцэх Газарт хүртэл гомдол гаргаж байсан.

Цаашид С.Шын компанид учруулсан хохирлыг жич нэхэмжлэх болно. Иймээс гүйцэтгэх захирал С.Ш нь компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж түүнд нийцүүлэн шийдвэр гаргах ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх үүргээ биелүүлээгүй компанид үр ашиггүй гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн, ажилчдын ажил үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцөлийг хангаж ажиллаагүй зэрэг хариуцлага алдсан үйлдэл гаргаж цаашид гүйцэтгэх захирлаар ажиллуулах боломжгүй байдал үүссэн тул Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.15 "гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл хэдийд ч гаргах эрхтэй." гэснийг үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийн 100%-ийн саналаар 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг зогсоосон тогтоол гаргасан. Иймд Төлөөлөн Удирдах зөвлөл гүйцэтгэх захирал С.Шын бүрэн эрхийг хууль бусаар зогсоогоогүй бөгөөд компанийн дүрэм, холбогдох хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нөхцөл байдалд нийцүүлэн шийдвэр гаргасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Ш нь Б аймгийн Н “С” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаартай “С.Шыг чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгож, Б аймгийн С ХХК-ний захирлын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч С.Ш нь Б аймгийн С ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаартай “С.Шыг чөлөөлөх тухай” тогтоолыг хүлээн авч, 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд гаргасан байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч С.Шыг Б аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/18 дугаартай “С.Шыг ажилд томилох тухай” захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалт, Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 110/ШШ2017/0051 дүгээр шийдвэрийг тус тус үндэслэн “С” ХХК-ийн захирлаар томилсон байна. 

Хавтаст хэрэг авагдсан Б аймгийн С ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаартай “С.Шыг чөлөөлөх тухай” тогтоолоор Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 76.1.18, 83 дугаар зүйлийн 83.15 дахь хэсэг, Компанийн дүрмийн 6.1.4 дэх заалт, Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн Компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж түүнд нийцүүлэн шийдвэр гаргах ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх үүргээ биелүүлээгүй компанид үр ашиггүй гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн, зарим ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, ажилчдын ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжийг бүрдүүлэн ажиллаагүй тул 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тус компанийн гүйцэтгэх захирал С.Шын бүрэн эрхийг зогсоож, албан тушаалаас нь чөлөөлсүгэй гэсэн эрхийн актыг гаргаж ажлаас нь чөлөөлсөн үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж “... С.Ш нь Компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж түүнд нийцүүлэн шийдвэр гаргах ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх үүргээ биелүүлээгүй компанид үр ашиггүй гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн, зарим ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, ажилчдын ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжийг бүрдүүлэн ажиллаагүй зөрчсөн” гэж маргасан боловч хариуцагчид хуулинд заасан эрх, үүргийн танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ өөрөө нотлох үүргийг хүлээсэн боловч хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нотлох баримтаа гарган өгч нотолж чадаагүй болно.

Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т зааснаар ...Төлөөлөн удирдах зөвлөлтэй байх талаар дүрэмдээ заасан байх ба энэ талаар зохигчид маргаагүй болно.

Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, С ХХК-ийн дүрмийн 6.1.4-т компанийн гүйцэтгэх захирлыг томилох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох нь Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх гэжээ. Компанийн гүйцэтгэх захирлыг томилох, өөрчлөх, түүний бүрэн эрх нь Төлөөлөн удирдах зөвлөлд байгаа хэдий ч ажил олгогчийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулинд заасан ажилтныг ажилд томилох ажлаас чөлөөлөх хуулийн заалттай нийцсэн байх учиртай юм. 

Энэ нь ажилтныг ажилд авсан болон ажлаас чөлөөлсөн тушаал /тогтоол, захирамж/ нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил буюу ажлаас чөлөөлөх болсон үндэслэлтэй тохирсон, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай боловч ажил олгогчийн нэхэмжлэгч С.Шыг ажлаас чөлөөлсөн тогтоол нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлүүдэд нийцэхгүй байна.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталж, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримтлан тушаал /захирамж, тогтоол/ гаргасан байх учиртай юм. Гэтэл хариуцагч Б  аймгийн С ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор нэхэмжлэгч С.Шыг ажлаас чөлөөлсөн тогтоолдоо ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэснээс үзэхэд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг нь ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй байна.

Ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажилтныг ажил, үүрэг гүйцэтгүүлсэн бол тухайн ажилтны эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтны нэгэн адил гэж үзнэ.

Хариуцагч ажилтныг ажлаас чөлөөлсөн тогтоолд заасан зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг ажил олгогч гаргаж өгөөгүй тохиолдолд тогтоолын үндэслэлийг хариуцагчийн тайлбар бүрэн нотлохгүй бөгөөд  хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар гаргаж өгөөгүй учир энэ талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Б аймгийн С хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийн 7.1-т “Компанийн гүйцэтгэх захирал нь аймгийн Засаг даргатай ажил үйлчилгээний гэрээ байгуулж хоёр тал мөрдөж ажиллана” гэсэн мөртлөө дүрмийн 7.1-т зааснаар хоёр тал ажил үйлчилгээний гэрээ байгуулан ажилласан байна гэж үзэх боломжгүй байна.  

Хариуцагчийн гаргаж өгсөн Б аймгийн Н “С” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны дугааргүй хурлын тэмдэглэлээр “С” ХХК-ийн ажилчид гомдол гаргасныг газар дээр очиж шалгаж асуудлыг шийдвэрлэж, С.Шыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан  нь учир дутагдалтай болсон байх ба энэ тэмдэглэлээр захирал С.Ш нь ажилчдыг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн нь, ажилчдын ажил үүрэг хэвийн гүйцэтгэх боломжийг бүрдүүлэн ажиллаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Компаний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-т ... Компанийн дүрэмд заасан бусад этгээдийн санаачилга, шаардлагаар хуралдана гэж зохицуулсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдолтой бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэснийг, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна”, 27 дугаар зүйлийн 27.5-т “сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна”, 27.6-т “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн өмгөөлөгч нь "... компанид үр ашиггүй гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлж 2015 оны 02 дугаартай Автомашин түрээслэх тухай гэрээ байгуулсан, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б аймгийн С ХХК-ийн дотоод аудитын дүгнэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарлаад байгаа боловч энэ үндэслэлийг Б аймгийн Прокурорын газрын 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 5/34 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоолоор С.Ш нь албан тушаалаа урвуулан ашигласан гэх гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байх ба мөн тогтоолын үндэслэх хэсэгт С ТӨХК-ийн дотоод аудитын эдийн засагч, дотоод аудитор Б.Айымгүлийн гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гарсан эсэх нь “С” ХХК-ийн аудитор Б.Айымгүлийн мэдүүлгээр бүрэн нотлогдохгүй байна гэснийг дурдсан байна.

Хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгч С.Шийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн С ХХК-ийн захирлын зөвлөлийн гишүүдийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэлийг нотлох баримтаас хасаж өгөхийг хүссэнийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3-т заасан нотлох баримтаас хасаж өгөхийг хүссэн тухайгаа нотлох баримтаар нотлох үүрэгтэй ба хариуцагчаас энэ талаар нотолж чадаагүй учир нотлох баримтаас хасах боломжгүй байна.

С ХХК-ийн захирал С.Ш нь дүрэмд заасан эрхийн хүрээнд 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэлээр ажилтан Т.Б, Д.А, А.Ж, С.Б, Х.Т, С.Ж, Х.А нарыг өөрчлөн ажиллуулахаар шийдвэрлэсэн байх ба энэ талаар С ХХК-ийн захирлын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 44 дугаартай тушаал гарсан байх бөгөөд энэ тушаалд хавсралтад дурдсан нэр бүхий ажилчид хууль хяналтын байгууллагад /шүүхэд/ гомдол гаргаж байгаагүй юм байна.

Нэхэмжлэгч С.Шыг Б аймгийн Засаг даргын “С.Шыг ажилд томилох тухай” 2018 оны 05 сарын 02-ний өдрийн Б/18 дугаартай “С” ХХК-ийн захирлаар томилсон захирамжийн 3 дахь заалтад тус компанийн захирлаар ажиллаж байсан Ж.Аийг ажлын байраар хангахыг захирал /С.Ш/-д үүрэг болгосугай гэснээр  нэхэмжлэгч С.Ш нь “... энэ тухай надад үүрэг болгосон учир Ж.Аийг ажлын байраар хангахын тулд 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 43 дугаартай тушаалыг гаргаж ажлын байраар хангасан” гэж тайлбарлаж байгаа бөгөөд хариуцагчаас Төлөөлөн удирдах зөвлөлөөс тогтоосон орон тооноос илүү шинээр орон тоо бий болгож, ажилтныг ажилд томилсон гэж маргасан боловч С.Ш нь ажил олгогчоос өгсөн үүргийн дагуу С ХХК-нийн дүрмийн 7.5-д зааснаар тушаал гаргаж, ажилтныг ажилд томилсон байх тул Б аймгийн С ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаартай тогтоолыг зөрчсөн үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд Б аймгийн С ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаартай “С.Шыг чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгож, С.Шыг Б аймгийн С ХХК-ний захирлын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Шын энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн Б аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 110/ШШ2017/0051 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0695 дугаартай магадлал,  Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 7 дугаартай тогтоол, К.Нийн нэхэмжлэлтэй, Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 130/ШШ2018/00418 дугаартай шийдвэр зэрэг нотлох баримтууд нь нэхэмжлэгч С.Шын “Б аймгийн С ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаартай “С.Шыг чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгож, Б аймгийн Н “С” ХХК-ний захирлын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримт байна гэж үзлээ.

Хариуцагч Б аймгийн С ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Х.Тд шүүх хуралдааны товыг шүүхээс 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дэх хэсэгт зааснаар Б аймгийн С ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаартай “С.Шыг чөлөөлөх тухай” тогтоолыг хүчингүй болгож, С.Шыг Б аймгийн С ХХК-ийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б аймгийн С ХХК-ийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.БҮЛДИРГЕН