| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2018/0379/И |
| Дугаар | 573 |
| Огноо | 2018-08-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 573
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, шүүгчид Б.Мангилик, К.Бүлдирген нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух, Н овогт Бын Аийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух, С овогт Мн Ат холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А, хариуцагч М.А, иргэдийн төлөөлөгч А.М, орчуулагч Ж.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Хохирлын үнэ 5175000 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 12 дугаар сарын 31-ний орой буюу он гарсны маргааш өдөр 11 цагийн үед би дэлгүүрээ хаагаад машинтайгаа гэр лүүгээ явж байсан. Тухайн үед хариуцагч хуртай ирж миний 5811 БӨА дугаартай "Тоуоtо сrown" маркийн машиныг 2018 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр Ө сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Бетон гүүрийн хойд замд хариуцагч М. А нь 4323 БӨА улсын дугаартай "Тоуоtа Наrriеr" маркийн машиныг жолоодож явахдаа мөргөж зам тээврийн осол гарсан юм. Би хариуцагч машинтай хурдтай ирж байсныг харсан ба би машинтайгаа зогсож байсан. Хариуцагч миний машиныг урдаас нь мөргөсөн. Ослыг аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн албаны а/х Б.М шалгаж М.Аын буруутай үйл ажиллагаанаас болж осол гарсан гэж тогтоож М.Аыг 100000 төгрөгийн шийтгэврээр торгох арга хэмжээ авсан юм. Тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 95 дугаартай захирамжаар Аймгийн Цагдаагийн газраас М.Ат 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 000102 дугаартай шийтгэврээр 100000 төгрөгөөр торгосныг баталгаажуулсан юм. Авто тээврийн шинжээч машинуудыг үзэж хараад “миний машины моторыг үзэх хэрэгтэй байна. Гадаа хүйтэн тул асах боломжгүй байна, дулаан газар аваачина” гэхээр нь Х авто засварын граашт аваачсан. Машиныг дулаан граашт 2 хоног байлгаад машиныг асаахад ассан. Шинжээч машины мотор эвдэрсэн байна гэж хэлсэн. Энэ үед хариуцагч байхгүй байсан. Хариуцагч адуу малаа хайж байна гээд 7 хоног байхгүй байсан. Цагдаа нар хариуцагчийг олж чадаагүй. Би хариуцагчийн эхнэрт зоогийн газарт сууж байхад нь тааралдаад “машины моторыг шалгах хэрэгтэй байна, нөхөр чинь хэрэгтэй байна” гэж хэлэхэд “нөхөр маань мал хайгаад 7 хоног хөдөө явсан, 7 хоногийн дараа ирнэ” гэж хэлсэн. Би энэ үед “тэгвэл та ч гэсэн байлцаач ээ” гэж хэлэхэд “за” гэж хэлчхээд машинтайгаа зугтаад яваад өгсөн. Хариуцагчийн эхнэр нь найз нартайгаа хамт явж байсан. Шинжээч Ж машины моторыг хараад “тос сийлдэхгүй байна, машины хөдөлгүүрт дуу чимээ орсон байна, радиотар нь хүртэл мөргөлдсөн машины мотор эвдрээгүй гэж байхгүй” гэх дүгнэлт гаргасан.
Энэ ослын улмаас миний машины эд анги, хэрэгсэл гэмтэж 7130000 төгрөгийн хохирол учирсан юм. М.А нь цагдаагийн ажилтанд мэдүүлэг өгөхдөө учирсан хохирлыг өгнө гэж байснаа дараа нь өгөхгүй гэдгээ эвлэрүүлэн зуучлагчид ч хэлж төлбөрийг барагдуулахгүй байна. Би анх шүүхэд хариуцагч М.Ааас хохирлын үнэ болох 7130000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Харин шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага багасгаж баруун урд далавч карлон 115000 төгрөг, урд салхины шил 200000 төгрөг, зуун урд айрбак 450000 төгрөг, копод 250000 төгрөг, усны радиатор 230000 төгрөг, тосны радиотар 180000 төгрөг, баруун талын их гэрэл 180000 төгрөг, зүүн талын их гэрэл 180000 төгрөг, урд гупер 250000 төгрөг, урд нүүр 230000 төгрөг, хонхойж хэв гажсан зүүн урд далавч крилог засаж бүтэн будахад 80000 төгрөг, зүүн урд хаалга хонхойж хэв гажсаныг засаж бүтэн будахад 80000 төгрөг, зүүн хойд далавч корла дотогш хонхойж орсон хэсгийг засаж бүтэн будах 100000 төгрөг, рамны зүүн урд үзүүр мушгирч урагдсаныг засах 50000 төгрөг, хөдөлгүүр мотор дуу чимээ орсон тос сэлэхгүй байгааг засахад 1 сая төгрөг, зассан эд ангиудыг баталгаат засварын газар засах ажлын хөлс 500000 төгрөг, нийт 5175000 төгрөг гарч байгаа тул нэхэмжлэлийн шаардлага 5175000 төгрөг болгож байна гэв.
Хариуцагч М.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М.А тус шүүхэд 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Б.Аийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад доорх тайлбарыг гаргаж байна. 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр аймгийн хэмжээнд их хэмжээний цас орсноос болж Ө сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарсан. Тухайн өдөр миний унаж байсан машин халтирч эргэхэд Б.А хурдтай ирж бид хоёрын машин мөргөлдсөн үнэн. Гэхдээ Б.А тухайн үед "аюул тулгарсан үед зогсоох арга хэмжээ аваагүй" хурдтай ирсэн. Осол болсноос болоод бид хоёрын машины гадны зохих эд ангийн эвдэрсэн, эвдэрсэн эд ангийг тухайн үед зах зээлийн ханшнаас хэт их өндөр тогтоолгосон байна, би үүнийг зөвшөөрөхгүй байгаа тул цагдаагийн байгууллагаас материал нь шүүхэд ирсэн дараа дахин шинжээч тогтоолгох хүсэлтээ гаргах болно. Үйлдвэрээс гараад арван хэдэн жил болсон сrоwn маркийн машины үнэ нь 4-5 сая төгрөг байхад эвдэрсэн эд ангийн үнэ 7130000 төгрөг гэж нэхэмжилж байгаа нь арай зах зээлд, нийгэмд нийцэхгүй байна. Харин би хүн чанар гаргаж гадны эвдэрсэн эд ангийн үнэ 1500000 гаруй төгрөг төлж өгөх бодолтой. Нэхэмжлэгч тал үүнд эвлэрэхгүй бол цагдаагийн байгууллагаас материал нь ирсний дараа танилцаж шинжээч тогтоолгох хүсэлтээ тухайн үед гаргах болно гэжээ.
Хариуцагч М.А шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Би үнэлгээг тогтоосон асуудлын хувьд зах зээлийн үнэлгээнээс хэт өндөр үнэтэй тогтоосон гэж үзэж байна. Би машины сэлбэгийн үнийг судалж үзсэн. Нүүр 280000 төгрөгөөр үнэлсэн ба Улаанбаатар хотод 40000 төгрөг гэж байна. Би сэлбэгийн талаар судалж мэдсэн. Тухайн машины 5100000 төгрөг авсан гэж байна. Нэхэмжлэгч тал надаас тус машины үнийг гаргуулахыг хүсэж байна. Би машины сэлбэгийг авчирч засаж өгье гэж хэлсэн. Би үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч М.Ааас гэм хорын хохирол 7130000 төгрөг гаргуулахыг хүссэн ба шүүх хуралдааны шатанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан эрхийн дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж хариуцагчаас гэм хорын хохирол 5175000 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Хариуцагч М.А нь Ө сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт Бетон гүүрийн хойд замд 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 4323 БӨА улсын дугаартай Toyoto Harrier маркийн машиныг жолоодож яваад Б.Аийн 5811 БӨА улсын дугаартай Toyoto crown маркийн машиныг мөргөж зам тээврийн осол болсон үйл баримтын талаар талууд маргаагүй ба хариуцагч М.А нь “... Б.Аийн шүүхэд гаргасан гэм хорын хохирол 5175000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, эвдэрсэн машины эд ангийг зах зээлийн ханшнаас хэт өндөр тогтоосон, үүнийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
Хариуцагч М.Ат Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүргийг танилцуулж, нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээсэн боловч, татгалзлын үндэслэлээ нотлох баримт гаргаж өгч маргааны үйл баримтаар нотолж чадаагүй болно.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Ө сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Бетон гүүрийн хойд замд 58-11 БӨА улсын дугаартай Toyoto crown маркийн машиныг 43-23 БӨА улсын дугаартай Toyoto Harrier маркийн машин мөргөж зам тээврийн осол гарсан болох нь Б аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, Цагдаагийн ахлах дэслэгч Б.Мын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлээр тогтоогдож байна.
Уг ослын улмаас Б.Аийн эзэмшлийн 58-11 БӨА улсын дугаартай Toyoto crown маркийн машины эд ангиуд эвдэрч, гэмтэл үүссэн болох нь Б аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженер У.Жы 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн гаргасан “1.Toyoto crown-171 маркийн 5811 БӨА улсын дугаартай суудлын автомашиныг Б аймгийн Цагдаагийн түр саатуулах хашаанд шалгаж үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь 2001 онд ашиглалтад орсон, арлын дугаар JZS1710064724, зам тээврийн ослоос болж эвдэрсэн эд анги байна. 2. Ослын улмаас дараах эд ангиудад эвдрэл гэмтэл үүссэн байна. Үүнд: -хонхойж хэв гажсан зүүн урд крылог засах, баруун урд крылог солих, -урд салхины шил хагарсан, зүүн урд аэробак буудсан солих, -капот мушгирч гажсан солих, -зүүн хойд хаалга гажиж хонхойсон, зүүн хойд крыло дотогш хонхойж орсныг засах, -радиатор, тосны радиатор хагарсан солих, урд баруун оврын гэрлийн суурь хугарсан, зүүн гэрэл бүхэлдээ хагарсныг солих, -урд буфер хугарсныг солих, нүүр солих, -рамны зүүн урд үзүүр мушгирч урагдсан засах, 3. Уг тээврийн хэрэгслийн эвдэрч гэмтсэн эд ангийг сольж, засварлаж хэвийн байдалд оруулж болно. 4. Toyoto crown-171 маркийн 5811 БӨА улсын дугаартай автомашины эвдэрч гэмтсэн эд ангиудыг засварлаж цаашид ашиглах боломжтой” гэх ослын дүгнэлт гаргасан ба улмаар нэмэлт дүгнэлтээр зам тээврийн ослоос болж автомашины хурдны хайрцаг эвдэрч гэмтсэнийг хөдөлгөөнд оруулж шалгаж тогтоох боломжгүй. 2. Toyoto crown-171 маркийн 5811 БӨА улсын дугаартай суудлын автомашины хөдөлгүүрт дуу чимээ орсон, хөдөлгүүрийн тос сэлэхгүй байна. 3. Уг суудлын автомашины цахилгаан тоноглол бүрэн ажиллаж байна. 4. Toyoto crown-171 маркийн 5811 БӨА улсын дугаартай автомашины дотор салонд эвдэрч гэмтсэн эд анги байхгүй” гэх ослын нэмэлт дүгнэлтээр нотлогджээ.
Б аймгийн Ө Сумын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн төлөөлөгч Х.Ыдырышын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Эд зүйлд шинжилгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлтэд: “1. 2001 онд ашиглалтад орсон мөнгөлөг өнгийн 58-11 БӨА улсын дугаартай Toyoto crown маркийн суудлын автомашины баруун урьд далавчийг 115000-120000 төгрөгөөр, урьд салхины шилийг 200000-210000 төгрөгөөр, зүүн урьд аэробакыг 450000-500000 төгрөгөөр, капотыг 250000-300000 төгрөгөөр, усны радиаторыг 230000-250000 төгрөгөөр, тосны радиаторыг 180000-200000 төгрөгөөр, баруун талын их гэрлийг 180000-200000 төгрөгөөр, зүүн талын их гэрлийг 180000-200000 төгрөгөөр, урьд буферыг 250000-300000 төгрөгөөр, урьд нүүрийг 230000-250000 төгрөгөөр тус тус тогтоов. 2.Дээрх эд ангиудыг баталгаат засварын газарт сольж угсрах ажлын хөлсийг 600000-800000 төгрөгөөр тогтоов. 3. Дээрх эд ангиудыг УБ хотоос Ө чиглэлд тээвэрлэх үеийн замын зардлыг 500000-600000 төгрөгөөр тус тус тогтоов. 4. Хонхойж хэв гажсан зүүн урьд далавч засаж бүтэн будахыг 80000-100000 төгрөгөөр, зүүн урд хаалга гажиж хонхойсон засаж бүтэн будахыг 80000-100000 төгрөгөөр, зүүн хойд далавч хонхойж дотогш орсныг засаж бүтэн будахыг 100000-120000 төгрөгөөр, рамны зүүн урд үзүүр мушгирч урагдсаныг засахыг 50000-80000 төгрөгөөр, хөдөлгүүрт дуу чимээ орсон тос сэлэхгүй байгааг засварлахыг 1000000-2000000 төгрөгөөр тус тус тогтоов. Дээрх эд ангиудыг баталгаат засварын газарт засах ажлын хөлсийг 500000-800000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлтээр болон 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Зөрчлийн 1813000023 тоот хэргийн хохирогч Б.Аийн 58-11 БӨА улсын дугаартай Toyoto crown маркийн суудлын автомашинд учирсан хохирлын хүснэгт зэрэг бичгийн нотлох баримтуудаар гэм хор учирсан болох нь нотлогдон тогтоогдож байна.
Зөрчлийг Б аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.М шалгаж, хуульд заасны дагуу М.Ат 100000 /нэг зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэснийг зөрчил үйлдсэн М.А нь хуулиар тогтоосон хугацаанд торгох шийтгэврийг биелүүлээгүй учир торгосон шийтгэврийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг Б аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 95 дугаартай “Шийтгэврийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг хангах тухай” шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Б.А нь Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандахад өргөдөл гаргагч Б.А, уригдах тал М.А нар хоорондоо харилцан тохиролцож чадаагүй, хоёулаа эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзаж, шүүхээр шийдвэрлүүлэх санА байгаа тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн 2018 оны 04 дүгээр арын 16-ны өдрийн 19 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болсон тухай тэмдэглэл”-ээр дуусгавар болсон байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “... эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 499 дүгээр зүйлийн 499.1-т “... тээврийн хэрэгслийг ашиглах явцад эд юмс нь эвдэрч гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан ба дээрх хуулийн заалтаар нэхэмжлэгч Б.А нь хариуцагч М.Ааас машинд учирсан гэм хорыг шаардах эрхтэй гэж үзэж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч М.А нь “... Б.Аийн машины эд ангийг зах зээлийн үнээс хэт их өндөр үнэлсэн” гэж маргаж байгаа боловч энэ талаарх үгүйсгэсэн нотлох баримтаа шүүхэд гарган өгч нотолж чадаагүй учир шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Б.Аийн машинд учирсан хохирлыг тооцож гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Б аймгийн Ө Сумын Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн төлөөлөгчийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Эд зүйлд шинжилгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Б.Аийн Toyoto crown маркийн 5811 БӨА улсын дугаартай суудлын автомашины баруун урьд далавч крыло буюу 115000 төгрөг, урд салхины шил буюу 200000 төгрөг, зүүн урд аэробак буюу 450000 төгрөг, капот буюу 250000 төгрөг, усны радиатор буюу 230000 төгрөг, тосны радиатор буюу 180000 төгрөг, баруун талын их гэрэл буюу 180000 төгрөг, зүүн талын их гэрэл буюу 180000 төгрөг, урд буфер буюу 250000 төгрөг, урд нүүр буюу 230000 төгрөг, крыло засах, бүтэн будах буюу 80000 төгрөг, зүүн урд хамгаалагчийг засах будах буюу 80000 төгрөг, зүүн хойд далавч засах, бүтэн будах буюу 100000 төгрөг, рамны зүүн урд үзүүр мушгирч урагдсаныг засах буюу 50000 төгрөг, мотор дуу чимээ орсныг засварлах буюу 1000000 төгрөг, баталгаат засварын газрын ажлын хөлс буюу 500000 төгрөг, бүгд 4075000 төгрөгийн эд ангид учирсан хохирлыг М.Ааас гаргуулан нэхэмжлэгч Б.Ат олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1100000 /5175000-4075000/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд тэр хэмжээгээр хариуцагчаар” нөхөн төлүүлэхээр заасны дагуу Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 80150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ат олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.Ааас баруун урьд далавч крыло буюу 115000 төгрөг, урд салхины шил буюу 200000 төгрөг, зүүн урд аэробак буюу 450000 төгрөг, капот буюу 250000 төгрөг, усны радиатор буюу 230000 төгрөг, тосны радиатор буюу 180000 төгрөг, баруун талын их гэрэл буюу 180000 төгрөг, зүүн талын их гэрэл буюу 180000 төгрөг, урд буфер буюу 250000 төгрөг, урд нүүр буюу 230000 төгрөг, крыло засах, бүтэн будах буюу 80000 төгрөг, зүүн урд хамгаалагчийг засах будах буюу 80000 төгрөг, зүүн хойд далавч засах, бүтэн будах буюу 100000 төгрөг, рамны зүүн урд үзүүр мушгирч урагдсаныг засах буюу 50000 төгрөг, мотор дуу чимээ орсныг засварлах буюу 1000000 төгрөг, баталгаат засварын газрын ажлын хөлс буюу 500000 төгрөг бүгд 4075000 /дөрвөн сая далан таван мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ат олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1100000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129030 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.Ааас 80150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ат олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ
ШҮҮГЧИД Б.МАНГИЛИК
К.БҮЛДИРГЕН