Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 570

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ц сумын 8 дугаар багт оршин суух, С овогт Ры Дий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ц сумын Сум дундын эмнэлэг /Ерөнхий эмч К.Ө/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Тилеуберди, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ц сумын Сум дундын эмнэлгийн Ерөнхий эмчийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 23 дугаартай “Үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, урд эрхэлж байсан дүн бүртгэлийн бага эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Р.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ры Д 54 настай, өрх толгойлсон эмэгтэй, амь бүл 7 хүүхдүүдийн хамт амьдардаг, хүүхдүүд бүгд миний цалингаар амьдарч байна. Б аймгийн Ц сумын Сум дундын эмнэлэгт 1987 оноос хойш тасралтгүй 34 жил ажиллаж байгаа билээ. Гэвч тухайн Сум дундын эмнэлгийн эрхлэгч, их эмч К.Ө нь 2018 оны 06-р сарын 11-ний өдөр 23 тоот "Үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" тушаал гаргасан бөгөөд уг тушаалд намайг өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул өөрийн хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэж гаргасан байгаа. Миний бие ямар ч тэтгэвэрт гарах тухай хүсэлт өргөдөл өгөөгүй бөгөөд ирэх жил тэтгэврийн насанд хүрэх тул тэтгэмжид эрт захиалга өгсөн хүсэлт гаргасан болохоос биш албан ёсны тэтгэвэрт гарах тухай өргөдөл, хүсэлт гаргаагүй болно. Намайг ажлаас гаргах тохиолдолд хуульд зааснаар 1 сарын өмнө ажил олгогч надад мэдэгдэх хуудас өгч тушаалыг танилцуулах ёстой гэж үзэж байна. Гэтэл эрхлэгч эмч К.Ө надад ямар ч мэдэгдэх хуудас өгч албан. ёсоор мэдэгдээгүй болно. Ажлаас гарсан тушаалыг өөрөө танилцуулж тушаал хүлээлгэн өгөх актад гарын үсэг зуруулж гардан өгөх ёстой байтал уг тушаалыг эмнэлгийн ня-бо Б.Хд хүүхдээр дамжуулан өгүүлсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтыг үндэс болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Би 1964 онд төрсөн одоо 54 настай уг заалтад 60 нас хүрсэн бол тэтгэвэрт гарна гэж заасан байгаа. Хөдөлмөрийн дотоод журмыг хамт олноор хэлэлцэн баталгаажуулаагүй бөгөөд 3 дугаар зүйлийн 3.13.2 гэсэн заалт байхгүй. Иймд Сум дундын эмнэлгийн эрхлэгч К.Өийн 2018 оны 06-р сарын 11-ны өдрийн 23 тоот тушаалыг хүчингүй болгож намайг эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Р.Д шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Намайг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас гаргасан. Намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж  өгөхийг хүсэж байна. Би 54 настай, өрх толгойлсон эмэгтэй. Би өндөр настны тэтгэвэрт гарах өргөдөл өгөөгүй. Зөвхөн тэтгэмжид хамруулж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан. Тушаалд бол “Дүн бүртгэлийн бага эмч Дийг өндөр настны тэтгэвэрт гарах болсон тул өөрийн хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхэлнэ ажлаас чөлөөлсүгэй” гэсэн байна. Би тэтгэвэрт гарах өргөдөл өгөөгүй. Намайг ажлаас ямар ч үндэслэлгүйгээр буруу халсан гэж бодож байна. Хэрвээ ажлаас халах юм бол надад 1 сарын өмнө мэдэгдэх ёстой. Мэдэгдэх хуудас өгч, амаар ч хэлж байгаагүй. Тушаалыг хүүхдээр өгөөд явуулсан байсан. Би шалтгааныг асуух гэж утастахад утсаа авахгүй байсан. Эхлээд надад амралт олгосон учраас амралтад байгаа гэж бодоод Казакстанд хамаатан маань хүнд өвчтэй байгаа учраас би Казакстан улс руу явсан. Сум дундын эмнэлгийн эрхлэгч К.Өийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 23 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг урьд ажиллаж байсан Дүн бүртгэлийн бага эмчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Б аймгийн Ц сумын Сум дундын эмнэлгийн Ерөнхий эмч К.Ө шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б аймгийн Ц сумын Сум дундын хүн эмнэлгийн Ерөнхий эмч К.Ө би нэхэмжлэгч Р.Дий тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй хавтаст хэрэгтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1. Ц сум дундын эмнэлгийн эрхлэгч К.Ө би 2017 оны 6 дугаар сард эмнэлгийн ажилчдаас 2018 онд тэтгэвэрт гарах ажилчдын захиалга авч, бичиг баримтыг бүрдүүлэн ЭМГ-д хүргүүлэн 2018 оны төсвийн төсөлд өндөр насны тэтгэвэрт гаргахад олгодог мөнгөн тэтгэмжийн захиалгыг оруулан батлуулсан. /2018 оны 7 дугаар сараас мөнгөн тэтгэмж авах боломж бүрдсэн/. Тухайн үед Р.Д 53 настай боловч өндөр насны тэтгэвэрт 50 нас олон хүүхэд төрүүлж өсгөсөн гэсэн НДТ хуулийн заалтын дагуу өөрийн хүсэлтээр өргөдөл өгч, хүсэлт гаргасан. 2018 оны 6 дугаар сард хагас жилийн тайлан өгсний дараа ажлаас чөлөөлөгдөнө гэж байсан. Нэг жилийн өмнө захиалга өгч. өргөдөл гаргасан тул сарын өмнө мэдэгдэх шаардлагагүй. Ажлаас удирдлагын санаачилгаар бус өөрийн хүсэлтээр гарч байгаа тул нэг сарын өмнө мэдэгдэх шаардлагагүй. Би эмнэлгийн ажилчдын хурлын үеэр ээлжийн амралт олгосны дараа ажлаас чөлөөлнө гэж удаа дараа мэдэгдэж байсан.

2. Р.Дийг чөлөөлөхдөө цалинг 8 дугаар сарын 14 хүртэл ээлжийн амралт тооцож бүрэн урьдчилж олгосон болно. Иймд 8 дугаар сарын 14-ний хүртэл цалин нэмж олгох шаардлагагүй.

3.   Ц Сум Дундын хүн эмнэлгийн Хөдөлмөрийн дотоод журмыг ажилчдын хурлаар баталсан. Ажилчдаар хэлэлцүүлэв батлав гэж Р.Д өөрөө хурлын протоколд тэмдэглэснийг хуулбарлаж хавтаст хэрэгт хавсаргав. /Эмнэлгийн хурлын протоколыг Д хөтөлдөг/. Өөрийнхөө бичсэн бүх зүйлээ үгүйсгэж шүүхэд өргөдөл өгснийг ойлгохгүй байна.

4. Ц СДЭ дотоод журмыг хоёр удаагийн хурлаар бүх ажилчдад танилцуулж, баталж баталгаажуулсан. Хоёр удаагийн ажилчдын хурлын тэмдэглэлийг Р.Д өөрийн гараар хөтөлж бичсэн хэсгийг хуулбарлаж хавтаст хэрэгт хавсаргав. ЦСДЭ-ийн Дотоод журмын 3.13.2 заалтад 20-иос доошгүй жил ажилласан дөрөв ба түүнээс олон хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн эмэгтэй 50 нас хүрч өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгож болно гэж заасан байгаа. Уг заалтаар ажилтныг ажлаас өөрийн хүсэлтээр гаргасан гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Р.Д нь Б аймгийн Ц сумын Сум дундын эмнэлгийн Ерөнхий эмчийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” 23 дугаар тушаалыг хүчингүй болгож, урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг тус тус гаргуулахыг хүсжээ. 

Хавтаст хэрэгт авагдсан Б аймгийн Ц сумын Сум дундын эмнэлгийн Ерөнхий эмчийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” 23 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.13.2 дахь заалтыг тус тус үндэслэн 1. Дүн бүртгэлийн бага эмч Ры Д өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул өөрийн хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн чөлөөлсүгэй. 2. Р.Д 2018 оны ээлжийн амралтыг биеэр эдэлж чадаагүй тул ажлын 35 хоногийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгосугай. 3. Р.Дтэй холбогдолтой цалин болон бусад тооцоог хийж дуусгахыг ня-бо Б.Х, нярав Т.Б нарт тус тус үүрэг болгосугай гэж нэхэмжлэгч Р.Дийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Хариуцагч Б аймгийн Ц сумын Сум дундын эмнэлгийн Ерөнхий эмч нь “...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, 2017 оны 6 дугаар сард эмнэлгийн ажилчдаас 2018 онд тэтгэвэрт гарах ажилчдын захиалга авч, бичиг баримтыг бүрдүүлэн ЭМГ-д хүргүүлэн 2018 оны төсвийн төсөлд өндөр насны тэтгэвэрт гаргахад олгодог мөнгөн тэтгэмжийн захиалгыг оруулан батлуулсан. Тухайн үед Р.Д 53 настай боловч өндөр насны тэтгэвэрт 50 нас олон хүүхэд төрүүлж өсгөсөн гэсэн НДТ хуулийн заалтын дагуу өөрийн хүсэлтээр өргөдөл өгч, хүсэлт гаргасан. Ажлаас удирдлагын санаачилгаар бус өөрийн хүсэлтээр гарч байгаа тул нэг сарын өмнө мэдэгдэх шаардлагагүй. Р.Дийг чөлөөлөхдөө цалинг 8 дугаар сарын 14 хүртэл ээлжийн амралт тооцож бүрэн урьдчилж олгосон болно. 8 дугаар сарын 14-ний хүртэл цалин нэмж олгох шаардлагагүй. Ц Сум дундын эмнэлгийн дотоод журмыг хоёр удаагийн хурлаар бүх ажилчдад танилцуулж, баталж баталгаажуулсан. Ц Сум дундын эмнэлгийн дотоод журмын 3.13.2 заалтад 20-иос доошгүй жил ажилласан дөрөв ба түүнээс олон хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн эмэгтэй 50 нас хүрч өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгож болно гэж заасан байгаа. Уг заалтаар ажилтныг ажлаас өөрийн хүсэлтээр гаргасан” гэж маргасан болно.

Хариуцагч Б аймгийн Ц сумын Сум дундын эмнэлгийн Ерөнхий эмч К.Өд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүргийг танилцуулж, хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээсэн боловч хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэс болж байгаа үйл баримтыг нотолж чадаагүй болно.

Хариуцагч Б аймгийн Ц сумын Сум дундын эмнэлгийн Ерөнхий эмч нь ажилтан  Р.Дийг өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул өөрийн хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан 2017.06.29. Б аймгийн Эрүүл мэндийн газарт өргөдөл гаргах тухай Ц сумын сум дундын эмнэлгийн дүн бүртгэлийн эмч Р.Д гэх өргөдөлд: “Миний бие Р Д 1964.03.14-нд төрсөн. Улсад тасралтгүй 1984 оноос одоог хүртэл Ц сумын Сум дундын эмнэлэгт 33 дахь жилдээ ажиллаж байна. Иймд эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг үндэслэн 2018 онд багтаан өндөр насны тэтгэмжид хамааруулж өгнө үү ” гэснийг нэхэмжлэгч Р.Д нь  Б аймгийн Эрүүл мэндийн газарт буюу Эрүүл мэндийн тухай хуулинд заасны дагуу авах нэг удаагийн тэтгэмжид хамруулж өгөхийг хүсэж өргөдөл гаргасан байх тул энэхүү өргөдөл нь өндөр насны тэтгэвэрт гарах талаар гаргасан өргөдөл гэж үзэх боломжгүй байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан журмыг баримтлан тогтооно. Мөн хуулийн 29.3-т энэ хуулийн 29.2, 29.5-д заасан нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоход шаардагдах зардлыг тухайн байгууллага төсөвтөө тусгасан байна, хуулийн 29.9-т Энэ хуулийн 29.2, 29.5-д заасан мөнгөн тэтгэмжийг олгох журмыг санхүү, төсвийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” гэж тус тус заасан байна.

Хариуцагч Б аймгийн Ц сумын Сум дундын эмнэлэг нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан заалтын дагуу Б аймгийн Ц сумын Сум дундын эмнэлэг нь 2018 онд тэтгэвэрт гарах ажилтнуудын судалгааг гаргаж байсан байна.

Ажилтан өөрийн санаачилгаар өндөр насны тэтгэвэрт гарах тухай хүсэлтийг гаргахад ажил олгогчийн шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр өргөдөл гаргасан эсэхийг тогтоох, тэтгэвэрт гарах болзол хангасан нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгох үндэслэл болохгүй юм.

Ажил олгогч Б аймгийн Ц сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгч 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажилтан Р.Дтэй хэлэлцэн тохиролцож, Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д зааснаар “хугацаагүй” хөдөлмөрийн гэрээ байгуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7, Хөдөлмөрийн гэрээний 7.3-т тус тус зааснаар хөдөлмөрийн гэрээнд талууд гарын үсэг зурснаар энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон хугацаагүй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлгүй болсон байна.  

Ажил олгогч ажилтан Р.Дийг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.13.2 дахь заалтыг тус тус үндэслэл болгосон байх ба энэхүү үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг үндэслэл болгож ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажилтан Р.Дийг ажлаас чөлөөлсөн нь хөдөлмөрийн тухай хуулинд нийцэхгүй байна. 

Ажилтан Р.Дтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.4-т “талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд зөвхөн бичгээр нэмэлт, өөрчлөлт оруулах бөгөөд энэ тохиолдолд талууд тэгш эрх эдэлнэ” гэж тусгасан мөртлөө гэрээнд талууд өөрчлөлт оруулах талаар ажил олгогч болон ажилтнаас ямар нэгэн санал гаргаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй гэх заалтыг ажил олгогч зөрчсөн байна.

Хариуцагч Б аймгийн Ц сумын Сум дундын эмнэлгийн Ерөнхий эмч нь “... Хөдөлмөрийн дотоод журмыг ажилчдын хурлаар баталсан, Р.Д нь өөрөө хурлын протоколд тэмдэглэснийг хуулбарлаж хавтаст хэрэгт хавсаргав, өөрийнхөө бичсэн бүх зүйлээ үгүйсгэж шүүхэд өргөдөл өгснийг ойлгохгүй байна” гэж шүүхэд тайлбар хүргүүлсэн боловч хөдөлмөрийн дотоод журмыг хариуцагч хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй учир энэ талаар дүгнэлт хийх боломжгүй байна. Хавтаст хэрэгт өгсөн дотоод журамд нэмж оруулах санал бодлоо хэлэлцэх, дотоод журам батлав гэж тэмдэглэл үйлдсэн байх ба дотоод журамд ямар өөрчлөлт оруулах саналыг авч хэлэлцсэн болох нь тодорхойгүй байна.

Хавтаст хэрэгт гаргаж өгсөн нотлох баримт болох нэхэмжлэгч Р.Дий Монгол улсын Иргэний цахим үнэмлэхээр Р.Д нь 1964 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, БЛ64031460 гэх регистрийн дугаартай одоогийн байдлаар 54 нас 5 сартай буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн байна гэж үзэх боломжгүй байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж заасан  байна.

Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг ажил олгогч гаргаж өгөөгүй тохиолдолд тушаалын үндэслэлийг хариуцагчийн тайлбар бүрэн нотлохгүй гэж үзлээ.  

Хариуцагч Б аймгийн Ц сумын Сум дундын эмнэлгийн Ерөнхий эмч ажилтан Р.Дийг үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 23 дугаар тушаалын 2 дахь заалтаар ажилтан Р.Д нь  2018 оны ээлжийн амралтыг биеэр эдэлж чадаагүй тул ажлын 35 хоногийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулинд нийцээгүй байна.    

Нэхэмжлэгч Р.Д нь одоогийн байдлаар ээлжийн амралтаа эдэлж байгаа буюу тушаалын 2 дахь заалтад дурдсан ёсоор ажлын 35 хоногийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг авсан болох нь өөрийнх нь шүүх хуралдааны шатанд өгсөн тайлбараар нотлогдож байгаа ба ажилтан 2 сарын ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Ажилтан Р.Д нь ажлын 35 хоногт ноогдох цалин хөлсөө авсан байх тул дахин ажилгүй байсан хугацаанд ногдох дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах боломжгүй гэж үзлээ.

Ажилтан Р.Д нь сард 587927 төгрөгийн цалинтай болох нь Хөдөлмөрийн гэрээний 1.3 заалт, хариуцагчийн шүүхэд гаргасан өгсөн Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан заалтын дагуу 2018 онд тэтгэвэрт гарах ажилтнуудын судалгаанд ажилтан Р.Дий үндсэн цалин 587927 төгрөг болохыг тодорхойлсон байдлаар ажилгүй байсан хугацаанд ногдох дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцоход Р.Д нь 2 сарын цалин 1175854 төгрөг /2 сар х 578927 төгрөг/ үүнээс 35 хоногт ноогдох 935305 төгрөгийг нэхэмжлэгч Р.Д авсан болох нь өөрийнх нь тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 1175854 төгрөгөөс 935305 төгрөгийг хасаж, ажилгүй байсан хугацаанд ногдох дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 240540 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ. 

Иймд Б аймгийн Ц сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 23  дугаартай “Үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Р.Дийг Ц сумын Сум дундын эмнэлгийн Дүн бүртгэлийн бага эмчийн ажилд нь эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Дий ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол тэр хэмжээгээр хариуцагчид хариуцуулах тухай хуулийн заалтын дагуу хариуцагч Б аймгийн Ц сумын Сум дундын эмнэлгийн санхүүгээс 78065 /70200+7865/ төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Хариуцагч К.Өд шүүх хуралдааны товыг шүүхээс 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр /баримт №9/ мэдэгдэхэд “шүүх хуралдааны товыг мэдлээ, намайг байлцуулахгүйгээр буюу хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэхийг зөвшөөрч байна” гэсэн хүсэлтээ бичгээр хүргүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар гаргасан хүсэлт болон бусад нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг тус тус баримтлан Б аймаг Ц сумын Сум дундын эмнэлгийн Ерөнхий эмчийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 23  дугаартай “Үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Р.Дийг Б аймгийн Ц сумын Сум дундын эмнэлгийн дүн бүртгэлийн бага эмчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч Р.Дий ажилгүй байсан хугацаанд ногдох дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 240540 төгрөгийг Б аймгийн Ц сумын Сум дундын эмнэлгийн санхүүгээс гаргуулан олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 935305 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б аймаг Ц сумын Сум дундын эмнэлгийн санхүүгээс 78065 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.БҮЛДИРГЕН