Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 564

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт оршин суух, Б овогт Зий А,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 13 дугаар багт оршин суух, Ж овогт Мын Т нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын “Э” цогцолбор сургууль /захирал К.Е/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчид З.А, М.Т нар, хариуцагч Б аймгийн Ө сумын “Э” цогцолбор сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ө сумын “Э” цогцолбор сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэгч З.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие З.А нь нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, улсад 24 жил хөдөлмөрлөсөн. Б аймгийн Ө сумын “Э” цогцолбор сургуулийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаартай тушаалаар томилогдсон бөгөөд зохих хуулийн хүрээнд хөдөлмөрийн гэрээг хэлэлцэн тохирч байгуулан, ажил үүргээ гүйцэтгэж байсан юм. Улмаар мөн оны 11   дүгээр сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан болно. Гэтэл тус сургуулийн захирлаар шинээр томилогдон ирсэн К.Е нь 2 хоногийн дараа намайг ажлаа аваад 7 хоног болоогүй байхад буюу 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр "З.Аыг ажлаас чөлөөлөх тухай" 17 дугаартай хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргаж, намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Би үүнийг дараах үндэслэлээр хууль бус болсон гэж үзээд шүүхэд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Тэрээр, намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай тушаалд, өөрөөр хэлбэл ажилтныг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлан эрхийн акт буюу тушаал, захирамж гаргах ёстой боловч хариуцагч 17 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл заалтыг хэрэглээгүй, мөн Захиргааны ерөнхий хуулийн хамааралгүй зохицуулалтыг тушаалдаа тусгаж өгсөн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Иймд, Ө сумын "Э" цогцолбор сургуулийн захирлын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаартай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Т би Б аймгийн Ө сумын Э сургуулийн захирлын 2009 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн "Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай" 16 дугаар тушаалаар тус сургуулийн нягтлан бодогчийн ажилд 2009 оны 09 дүгээр сарын 01-нээс бүр томилогдсон юм. М.Т би тус байгууллагад ажилдаа байх хугацаанд хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, ямар нэгэн санхүүгийн зөрчил дутагдал гаргаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд чанартай хэрэгжүүлж байсан юм. Өөрөөр хэлбэл хариуцсан үүрэгт ажлыг зохих түвшинд гүйцэтгэж ирсэн юм. Гэтэл тус сургуулийн захирлаар 2014 онд томилогдсон А.Б нь захирлын албан тушаалд томилогдсон цагаас хойш надад хандаж "М.Т Тантай би цаашид хамтран ажиллахгүй, Таныг ямар нэгэн аргаар ажлаас гаргана, Чамд ямар ч эрх мэдэл олгохгүй, санхүүгийн ажлыг ерөнхийдөө би мэднэ " гэж ажлын газарт байнга дарамт, шахалт үзүүлж эхэлсэн юм. Энэхүү нөхцөл байдлыг заримыг манай хамт олон мэдэж байгаа юм А.Б нь үүрэгт ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө тухайлбал 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 11 тоот тушаал гаргаж М.Т намайг ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр үүрэгт ажлаас гэнэт ажлаас чөлөөлсөн юм. Тус сургуулийн захирлаар шинээр томилогдсон К.Е нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн "М.Тг ажилд томилох тухай" 19 тоот тушаал гарган М.Т намайг тус сургуулийн нягтлан бодогчийн ажилд буцаан ажиллуулахаар шийдвэрлэн "Э" цогцолбор сургуулийн захирлаар ажиллаж байсан А.Бгын 2018 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 11 тоот тушаалыг хүчингүй болгосон юм. Гэтэл миний оронд нягтлан бодогчоор томилогдсон гэх З.А нь тус сургуулийн захирал К.Еийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн "З.Аыг ажлаас чөлөөлөх тухай" 17 тоот тушаалыг эс зөвшөөрч тус шүүхэд 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. Тус сургуулийн захирал К.Е нь З.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг гардан авсны дараа " М.Тг ажилд томилох тухай" 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 19 тоот тушаалыг 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тушаалаар хүчингүй болгосноор урьд тус сургуулийн захирлаар ажиллаж байсан А.Бгын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 11 тоот тушаалын үйлчлэл нь хэвээр үлдээж, улмаар М.Т миний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны маань ашиг сонирхол ноцтой зөрчигдөхөд хүрлээ. Ингээд М.Т би бодит байдалд 2018 оны 07 дугаар сарын 01-нээс ажилгүй үлдэж байна. М.Т би үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн гэж үзэж байна. Иймд Ө сумын "Э" цогцолбор сургуулийн захирлын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн "М.Тг ажлаас чөлөөлөх тухай" 11 дугаартай тушаалыг хүчингүй болгон намайг Ө сумын "Э" цогцолбор сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилох тухай шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч М.Т шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Би Э Цогцолбор сургуульд  2009 оны 09 дүгээр сарын  11 өдрийн тушаалаар тус сургуулийн нягтлан бодогчийн ажилд томилогдож ажиллаж байсан. Тэр сургуульд 10 дахь жилдээ ажиллаж байгаа. 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн М.Тг ажлаас чөлөөлөх тухай 11 тоот тушаалыг хүчингүй болгож, М.Тг Ө сумын Э сургуульд нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна.  2014 оноос Б захирлаар томилогдсоноос хойш надад би  тантай хамт ажиллахгүй, таныг ямар нэгэн байдлаар ажлаас гаргана. Танд ямар ч эрх мэдэл олгохгүй, санхүүгийн ажлыг би мэднэ гэж дарамт шахалт үзүүлж эхэлсэн. Уг нөхцөл байдлыг манай зарим ажилчид мэдэж байгаа. 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 11 дүгээр тоот тушаалаар намайг ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр үүрэгт ажлаас чөлөөлсөн. Тус сургуулийн захирлаар шинээр томилогдсон Е 05 дугаар сарын 18-ны өдөр намайг буцаан ажиллуулахаар шийдвэрлэсэн юм. Э цогцолбор сургуулийн захирлаар ажиллаж байсан Бгийн  2018 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 11 дүгээр тоот тушаалыг хүчингүй болгосон. Гэтэл миний оронд томилогдох З.А тус сургуулийн захирал Еийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн З.Аыг ажлаас чөлөөлөх тухай 14 дүгээр тушаалыг эс зөвшөөрч, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.Тус сургуулийн захирал Е  З.Аы нэхэмжлэлийн хувийг гардан авсны дараа М.Т намайг ажилд томилох тухай 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн тушаалыг 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүчингүй болгосон. Тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Бгийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн тушаалыг хэвээр нь үлдээж, улмаар миний хөдөлмөрлөх эрх хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөхөд хүрлээ. Иймээс би 2018 оны 07 дугаар сарын 01-ээс ажилгүй үлдэж байна. М.Т би ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн гэж үзэж байна гэв.

Хариуцагч Б аймгийн Ө сумын “Э” цогцолбор сургуулийн захирал К.Е нэхэмжлэгч З.Аы нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: Б аймгийн Ө сумын "Э" цогцолбор сургуулийн захирал К.Е би нэхэмжлэгч З.Ааас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг нэг хувийг хүлээн авч танилцаад түүний нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна.

1. К.Е би Б аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн К.Еийг ажилд түр томилох тухай" Б/15 дугаартай захирамжаар тус сургуулийн захирлын ажилд томилогдсон юм. Би тус цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд томилогдсон үеэс хойш З.Аыг тус цэцэрлэгт нягтлан бодогчоор ажиллах талаар хүсэлт гаргаагүй, надтай уулзаагүй юм. З.А нь тус сургуулийн нягтлан бодогчийн ажилд томилогдсон үйл баримтыг түүний нэхэмжлэлийн нэг хувийг шүүхээс надад гардуулах үед мэдлээ. Харин М.Т нь одоо нягтлан бодогчийн ажлыг хийж байгаа ба тэрээр 2018 оны 06 дугаар сард цалин хөлсөө бүрэн авсан юм. Урьд тус сургуулийн захирлаар ажиллаж байсан А.Б нь нягтлан бодогч М.Тг ажлаас чөлөөлөх болсон тухай нотлох баримтуудыг надад хүлээлгэн өгөөгүй учраас М.Т нь хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж байна.

2. Урьд тус сургуулийн захирлаар ажиллаж байсан А.Бг Б аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн "А.Бг ажлаас халах тухай" Б/24 дүгээр захирамжаар ажлын хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. А.Б нь тус сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж байгаа үед З.Аыг тус сургуулийн нягтлан бодогчоор нууцаар томилсон нь эргэлзээтэй гэж үзэж байна. Түүнчлэн А.Б нь З.Аыг нягтлан бодогчоор томилохдоо нягтлан бодогч М.Тг үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан байна.. Одоогийн байдлаар М.Т нь өмнөх захирлын түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд З.Аыг нягтлан бодогчийн ажилд томилсон явдал нь ихээхэн эргэлзээтэй, тэрээр нягтлан бодогчийн ажлыг хийх тухай надад хүсэлт гаргаж байгаагүй, М.Тгээс тус шүүхэд ажлаас буруу халагдсан асуудлаар нэхэмжлэл гаргасан байдлыг харгалзан З.Аы нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйг үндэслэлгүй нөхцөл байдал үүссэн тул З.Аы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б аймгийн Ө сумын “Э” цогцолбор сургуулийн захирал К.Е нэхэмжлэгч М.Тгийн нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: Б аймгийн Ө сумын "Э" цогцолбор сургуулийн захирал К.Е би нэхэмжлэгч М.Тгээс тус шүүхэд 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг нэг хувийг хүлээн авч танилцаад түүний нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр зөвшөөрч байна.

1. К.Е би Б аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн "К.Еийг ажилд түр томилох тухай" Б/15 дугаартай захирамжаар тус сургуулийн захирлын ажилд томилогдсон юм. Нэхэмжлэгч М.Т нь тус байгууллагад нягтлан бодогчоор 2009 оны 09 дүгээр сараас хойш ажиллаж байгаа юм. Тэрээр ажиллаж байгаа хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй юм байна. Түүнчлэн М.Т нь одоо нягтлан бодогчийн ажлыг гүйцэтгэж байгаа ба тэрээр 2018 оны 06, 07 дугаар саруудын цалин хөлсөө бүрэн авсан юм. Урьд тус сургуулийн захирлаар ажиллаж байсан А.Б нь нягтлан бодогч М.Тг ажлаас чөлөөлөх болсон тухай нотлох баримтуудыг надад хүлээлгэн өгөөгүй учраас М.Т нь хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж байна.

2. Урьд тус сургуулийн захирлаар ажиллаж байсан А.Бг Б аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн "А.Бг ажлаас халах тухай" Б/24 дүгээр захирамжаар ажлын хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. А.Б нь тус сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж байгаа үед З.Аыг тус сургуулийн нягтлан бодогчоор нууцаар томилсон нь эргэлзээтэй гэж үзэж байна. Түүнчлэн А.Б нь З.Аыг нягтлан бодогчоор томилохдоо нягтлан бодогч М.Тг үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь хууль бус гэж үзэж байна. Ер нь урьд захирлаар ажиллаж байсан А.Б нь З.Аыг нягтлан бодогчийн ажилд томилсон явдал нь ихээхэн эргэлзээтэй, тэрээр нягтлан бодогчийн ажлыг хийх тухай надад хүсэлт гаргаж байгаагүй, нягтлан бодогчийн ажлыг аваагүй байна гэжээ.

Хариуцагч Б аймгийн Ө сумын “Э” цогцолбор сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э Цогцолбор сургуулийн захирал Е Казакстан улсад явж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу надад итгэмжлэл олгосон байгаа. Е өөрөө Монгол улсад байхдаа иргэн З.А, М.Т нарын нэхэмжлэлийн хувийг хүлээн авч танилцаж, хуульд заасан хугацаанд тайлбар ирүүлсэн байгаа. Е өөрөө аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/15 дугаар захирамжаар тус сургуулийн захирлын ажилд томилогдож, захирлын ажлыг хийж байгаа. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараар нэхэмжлэгч М.Т бол 10 дахь жилдээ тус сургуульд ажиллаж байгаа. 2018 оны 6, 7 дугаар саруудын цалинг бүрэн авсан байна. Тус сургуулийн захирлаар ажиллаж байсан  Б бол 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн аймгийн Засаг даргын Б/23 дугаар захирамжаар ажлын хариуцлага алдсан гэсэн шалтгаанаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна. Б одоо хүртэл ажлаа Ед албан ёсоор хүлээлгэж өгөөгүй байгаа. Ажлаа хүлээлгэж өгөөгүй байгаа учраас З.Аыг ямар учраас ажилд авсан, М.Тг ямар учраас ажлаас чөлөөлсөн гэдэг нотлох баримтыг гаргаж өгөх боломж байхгүй. Ийм учраас М.Тг хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж үзэж байгаа. З.Аы хувьд тухайн үед Б захирал ажлаас гарахаас 1 хоногийн өмнө томилсон байсан. Уг томилгоо нь өөрөө эргэлзээтэй. Тус сургуулийн нягтлан бодогчоор ажиллах хүнийг аймгийн төрийн сангийн хэлтэстэй зөвшилцөж холбогдох 5 төрлийн материалыг бүрдүүлсний эцэст томилох ёстой. З.А өнөөдрийн хүртэл ажлаа хүлээж аваагүй, ажиллах боломж байхгүй байгаа. Тийм учраас Бгийн чөлөөлөгдөхөөс өмнө гаргасан З.Аыг ажилд томилох тушаал нь өөрөө бол хууль зүйн үндэслэлгүй гэж бодож байгаа. Энэ байгууллага өөрөө ганцхан орон тоотой байгууллага. Нэг орон тоонд 2 нягтлан бодогч ажиллах ёсгүй гэдэг нь илэрхий асуудал. Тийм учраас М.Тг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тухай өмнөх ажиллаж байсан захирал нотлох баримт гаргаж өгөөгүй байгаа учраас М.Тд гаргасан тушаал нь өөрөө эргэлзээтэй. Энэ 2 эргэлзээтэй байгаа учраас хариуцагч байгууллагын тушаалыг нэг удаа хүчингүй болгосон. Дараа нь З.А шүүхэд нэхэмжлэл гаргаснаар, анхны тушаал нь хэвээр үлдэж байгаа. Ийм учраас М.Тг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоохыг шүүхээс хүсэж байна. Энэ талаар нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан эрхийн дагуу хүлээн зөвшөөрч байгаа. М.Тг эгүүлэн тогтоосон тохиолдолд З.Аыг нягтлан бодогчийн ажилд тогтоох эрх зүйн үндэслэл байхгүй. З.Аыг ажилд томилж байгаа тушаал нь өөрөө бас биелэх боломжгүй эрх бүхий байгууллагаас биелүүлэх боломжгүй. Б захирлын ажлаас чөлөөлөгдөхөөс 1 хоногийн өмнө гаргасан тушаал байгаа учраас З.А бол тус байгууллагад ажиллаж байгаагүй. З.Аы нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл байхгүй гэж бодож байгаа гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгч М.Тгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч З.Аы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч З.А нь Б аймгийн Ө сумын “Э” цогцолбор сургуулийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаартай “З.Аыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай,

Нэхэмжлэгч М.Т нь Б аймгийн Ө сумын “Э” цогцолбор сургуулийн захирлын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 11 дугаартай “М.Тг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, Б аймгийн Ө сумын Э цогцолбор сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байна.  

Хариуцагч Б аймаг Ө сумын “Э” цогцолбор сургуулийн захирал нь шүүхэд гаргасан тайлбартаа “... А.Б нь тус сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж байгаа үед З.Аыг тус сургуулийн нягтлан бодогчоор нууцаар томилсон нь эргэлзээтэй гэж үзэж байна. З.Аыг нягтлан бодогчоор томилохдоо нягтлан бодогч М.Тг үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь хууль бус гэж үзэж байна. Ер нь урьд захирлаар ажиллаж байсан А.Б нь З.Аыг нягтлан бодогчийн ажилд томилсон явдал нь ихээхэн эргэлзээтэй, тэрээр нягтлан бодогчийн ажлыг хийх тухай надад хүсэлт гаргаж байгаагүй, нягтлан бодогчийн ажлыг аваагүй байна. Иймд нэхэмжлэгч М.Тгийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. З.Аы нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх  хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэж хариуцагч нэхэмжлэгч З.Аы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж, нэхэмжлэгч М.Тгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүссэн болно. 

Нэхэмжлэгч М.Т нь Б аймгийн Ө сумын Э сургуулийн нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан Б аймгийн Ө сумын Э сургуулийн захирлын 2009 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалаар, ажил олгогч ажилтантай байгуулсан хугацаагүй хөдөлмөрийн гэрээ /он, сар, өдөргүй/, мөн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр тус тус нотлогдож байна.

Нэхэмжлэгч М.Тг Б аймгийн Ө сумын “Э” цогцолбор сургуулийн захирлын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 11 дугаартай “М.Тг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар М.Т нь хөдөлмөрийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй ба төсвийн тухай хуулийг зөрчин төсвийн шууд захирагчийн эрхэд халдаж, төсвийг дур мэдэн зарцуулсан тул 2018 оны 05 дугаар сарын 08-наас эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэж үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.

Б аймгийн Ө сумын “Э” цогцолбор сургуулийн захирлын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаартай “З.Аыг ажилд томилох тухай” тушаалаар “Нягтлан бодогч-эдийн засагч мэргэжилтэй З.Аыг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тус сургуулийн нягтлан бодогчийн үүрэгт ажилд томилсугай” гэсэн эрхийн актыг тус тус гаргасан боловч ажил олгогч тушаалдаа З.Аыг Б аймгийн “Э” цогцолбор сургуулийн нягтлан бодогчийн ажилд томилсон бөгөөд тус сургуульд өмнө ажиллаж байсан нягтлан бодогч М.Тгээс ажлыг хүлээн авч, З.Ад ажлыг нь хүлээлгэн өгөх талаар тусгаагүй буюу ажил хүлээлцсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Мөн Б аймгийн Ө сумын Э цогцолбор сургуулийн захирлын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 11 дугаартай “М.Тг ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар М.Т нь хөдөлмөрийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй ба төсвийн тухай хуулийг зөрчин төсвийн шууд захирагчийн эрхэд халдаж, төсвийг дур мэдэн зарцуулсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Б аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/24 дугаартай захирамжаар Ө сумын “Э” цогцолбор сургуулийн захирал А.Бг үүрэгт ажлаас нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь халж, мөн өдөр тус Ө сумын “Э” цогцолбор сургуулийн захирлаар К.Еийг түр томилсон болох нь Б аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/25 дугаартай захирамжаар тус тус нотлогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэж заасан байх ба нэхэмжлэгч М.Т нь өнөөдрийг хүртэл ажлаа хүлээлгэн өгөөгүй, ажил үүргээ гүйцэтгэж байгаа болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчийн шүүх хуралдааны шатанд өгсөн тайлбараар тус тус нотлогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч З.Аыг 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаартай тушаалаар тус сургуулийн нягтлан бодогчийн үүрэгт ажилд томилон, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ажил олгогч ажилтантай хэлэлцэн тохирч хөдөлмөрийн гэрээ байгуулж, хоёр тал гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулжээ. Уг гэрээний 1.8-д “ажил үүргийг гүйцэтгэж эхлэх хугацаа 2018.01.02” гэж бичигдсэн, хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар хугацаатай буюу хугацаагүй байгуулсан эсэх нь тодорхойгүй байна.

Мөн нэхэмжлэгч З.Аыг Б аймгийн Ө сумын “Э” цогцолбор сургуулийн нягтлан бодогчоор томилон хөдөлмөрийн гэрээ байгуулсан байхад З.А нь ажлаа хүлээж аваагүй, нягтлан бодогчоор нэг ч өдөр ажиллаагүй болох нь нэхэмжлэгч З.Аы шүүх хуралдааны шатанд өгсөн хариу тайлбараар болон хариуцагч Б аймгийн Ө сумын “Э” цогцолбор сургуулийн сургуулийн шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нэхэмжлэгч З.Аыг ажилд томилсон тушаал хэлбэр төдий гарсан тушаал болох нь нотлогдож байна.

Ажил олгогч ажилтан М.Тг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг үндэслэл болгосон байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байх ёстой байтал нэхэмжлэгч М.Т нь ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл эс үйлдэхүй гаргасан гэсэн нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч Б аймгийн Ө сумын “Э” цогцолбор сургуулийн захирал нь байгууллагын дотоод журмыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгч М.Т нь байгууллагын дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.8, 17 дугаар зүйлийг зөрчсөн эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна.

Мөн ажил олгогчийн нэхэмжлэгч М.Тг ажлаас чөлөөлсөн тушаалд нягтлан бодогч М.Т нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйл, 42 дугаар зүйлийн 42.3.1, 42.3.2, хөдөлмөрийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй ба төсвийн тухай хуулийг зөрчин төсвийн шууд захирагчийн эрхэд халдаж, төсвийг дур мэдэн зарцуулсан гэдэг үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Б аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Х.Еын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 5-03/338 дугаартай “Таны ирүүлсэн албан тооттой танилцлаа. Тус сургуулийн ня-бо М.Тг ямар үндэслэлээр халсан талаарх мэдээлэл, тайлбарыг холбогдох баримт материалаар баталгаажуулж бидэнд ирүүлэх үүрэгтэй ба томилох хүнийг Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.3 дахь заалтад заасны дагуу томилохоос өмнө аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст зөвшилцөх саналаа ирүүлж, шийдвэрлүүлэх ёстой”,  гэх албан бичгийг, мөн Б аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Х.Еын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 5-03/364 дугаартай “... уг ирүүлсэн материал нь дутуу дулимаг, мэргэжлийн дипломын хавсралтгүй, нотариатаар батлуулаагүй, төрийн албан хаагчийн анкетыг дутуу бөглөсөн, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбаргүй, Цагдаагийн байгууллагын ял шийтгэл хүлээж байсан тухай тодорхойлолтгүй ба З.Аыг ажилд томилсон шийдвэрийг хүчингүй болгосон тушаалыг ирүүлээгүй байна. Иймд З.Аыг томилох тухай саналыг дэмжих боломжгүй тул ажлаас нь чөлөөлж урьд ажиллаж байсан М.Тг нягтлан бодогчоор эгүүлэн томилохыг мэдэгдье” гэсэн албан бичгүүдийг Б аймгийн Ө сумын “Э” цогцолбор сургуулийн захиралд хүргүүлж байсан байна.

Нэхэмжлэгч М.Тг Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж, үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул түүний оронд нэхэмжлэгч З.Аыг тус сургуулийн нягтлан бодогчоор томилсон Б аймгийн Ө сумын “Э” цогцолбор сургуулийн захирлын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаартай “ З.Аыг ажилд томилох тухай” тушаал болон 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ нь тус тус бодит байдалд нийцээгүй байна гэж үзлээ.

Иймд дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч М.Тг үндэслэлгүй ажлаас нь чөлөөлсөн байх тул Б аймаг Ө сумын “Э” цогцолбор сургуулийн захирлын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 11 дугаартай “М.Тг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Тг Б аймгийн Ө сумын “Э” цогцолбор сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч З.Аы Б аймгийн Ө сумын “Э” цогцолбор сургуулийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаартай “З.Аыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.А, М.Т нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч М.Тгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б аймгийн Ө сумын “Э” цогцолбор сургуулийн санхүүгээс 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б аймаг Ө сумын “Э” цогцолбор сургуулийн захирлын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 11 дугаартай  “М.Тг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Тг Б аймаг Ө сумын “Э” цогцолбор сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч З.Аы Б аймаг Ө сумын “Э” цогцолбор сургуулийн захирлын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаартай “З.Аыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нарын энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б аймаг Ө сумын “Э” цогцолбор сургуулийн санхүүгээс 70200 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.БҮЛДИРГЕН