Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 546

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, “Р” ХХК / захирал Н.Б/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух, Т овогт Сы Хт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, хариуцагч С.Х, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 1440800 төгрөг, алданги 2540250 төгрөг, нийт 3981050 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч “Р” ХХК-ийн захирал Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч С.Х нь манай компанитай 2015 оны 10-р сарын 02-ны өдөр 1 сар 8 хоногийн хугацаатай нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдан авах тухай товч гэрээ байгуулж, уг гэрээний дагуу мөн өдөр нөөцийн агуулахаас ДТ маркийн 3196000 /1880 литр х 1700 төг/ төгрөгийн, 2016 оны 03-р сарын 27-ны өдөр 11 хоногийн хугацаатай нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдан авах тухай товч гэрээ байгуулж, уг гэрээний дагуу мөн өдөр нөөцийн агуулахаас ДТ маркийн 2638000 /1954,05 литр х 1350 төг/ төгрөгийн нийт 5834000 үнэ бүхий түлшийг тус тус хүлээж авсан. Гэрээнд заасан хугацаа дуусаж манай компанийн зүгээс зээлдэгч С.Хаас зээлээр худалдаж авсан түлшний үнийг төлөхийг удаа дараа шаардахад 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 357000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1496000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 2540200 төгрөгийг тус тус төлж үлдсэн төлбөл болох 1440800 төгрөгийг төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Ингэснээр тус компани нь багагүй хэмжээний алдагдал хүлээж байна. Тийм учраас алданги нэхэмжилнэ. Гэрээнд зааснаар зээлдэгч /худалдан авагч/ нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон. Алдангийг тооцоолоход:

1. 3196000 төгрөгийг 2015 оны 11-р сарын 10-ны өдрөөс 2015 оны 12-р сарын 11-ний өдөр хүртэл 31 хоног хэтрүүлсний алдангыг тооцоход /3196000 төгрөг х 0,5% = 15980 х 31 хоног/ = 495380 төгрөг;

2. 2839000 /3196000 - 357000/ төгрөгийг 2015 оны 11-р сарын 10-ны өдрөөс 2015 оны 12-р сарын 25-ны  өдөр  хүртэл 46  хоног хэтрүүлсний  алдангыг тооцоход /2839000 төгрөг х 0,5%= 14,195 х 46 хоног/ = 652970 тегрөг;

3. 1343000 /3196000 - 357000 - 1496000/ төгрөгийг 2015 оны 11-р сарын 10-ны өдрөөс 2016 оны 04-р сарын 01-ний өдөр хүртэл 144 хоног хэтрүүлсний алдангыг тооцоход /1343000 төгрөг х 0,5%= 6715 х 144 хоног) = 966960 төгрөг;

4. 1440800 /2638000 -1197200/ төгрөгийг 2016 оны 4-р сарын 07-ны өдрөөс 2018 оны 06-р сарын 04-ний өдөр хүртэл 788 хоног хэтрүүлсний алдангыг тооцоход /1440800 төгрөг х 0 5%= 7204 х 788 хоног) = 5676752 төгрөг болж байна.

3 ба 4 дүгээр хэсэгт тооцоолсон алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гуйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-иар тооцоход алданги нь 671500 ба 720400 төгрөг болж байна. Иймд СХаас үндсэн зээлийн үлдэгдэл 1440800 төгрөг, алданги 2540250 /495380 + 652970 + 671500 + 720400/ төгрөг нийт 3981050 /гурван сая есөн зуун наян нэгэн мянга тавь/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Хариуцагч С.Х нь “Р” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1 сар 08 хоногийн хугацаатай “Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу манай компаниас 3196000 төгрөгийн мөн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 11 хоногийн хугацаатай гэрээ байгуулж 2638000 төгрөг, нийтдээ 5834000 төгрөгийн үнэ бүхий шатахууныг тус тус худалдаж авсан. Гэрээний хугацаа дуусаж, “Р” ХХК-ийн зүгээс хариуцагч С.Хаас зээлээр авсан түлшний үнийг төлөхийг удаа дараа шаардахад, хариуцагч С.Х нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 357000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1496000 төгрөг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 2540200 төгрөгийг тус тус төлж өгсөн ба үлдсэн төлбөр болох 1440800 төгрөгийг өнөөдөр хүртэл төлөөгүй, гэрээг зөрчиж байгаа учраас алданги нэхэмжилж байгаа. Гэрээнд зааснаар төлбөрийг төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд 0,5 алданги төлөхөөр тохирсон байсан. Алдангийг тооцоход 3196000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 31 хоног хэтрүүлсэн бөгөөд энэ нь 495,380 төгрөг болж байна. Хоёрдугаарт, үлдэгдэл төлбөрөөс 357000 төгрөгийг хасахад 2839000 төгрөг болж байгаа ба үүний алдангийг тооцоход 46 хоног хэтрүүлсэн алдангид 652970 төгрөг гарсан байна. Гуравдугаарт, 3196000 төгрөгөөс төлж өгсөн 357000 төгрөг болон 1496000 төгрөгийг хасахад 1343000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан ба үүргийн гүйцэтгэл нь 144 хоног хэтэрсэн ба алданги нь 964960 төгрөг болж байна. Дөрөвдүгээрт, 1440800 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр болох 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл тооцоход 788 хоногт хэтрүүлсэн байдаг ба үүнд ноогдох алданги 5676752 төгрөг болж байгаа. Алдангийн хэмжээ нь үндсэн зээлийн 50 хувиас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцоход алданги 671500 ба 720400 төгрөг болж байна. Иймд С.Хаас шатахууны үндсэн зээлийн үлдэгдэл 1440800 төгрөг, алданги 2540250 төгрөг, нийт 3981050 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б аймгийн Б сумын 3-р багт оршин суух С.Х миний бие “Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Зээлээр худалдан авсан 3981050 төгрөгийн төлбөр гаргуулах тухай” нэхэмжлэлтэй танилцаж үзээд дараах тайлбарыг гаргаж байна. С.Х би “Р” ХХК-иас зээлээр шатахуун худалдан авч, бололцооны дагуу төлбөрийг хэсэгчлэн төлж барагдуулж байсан юм. Цааш нь “Р” ХХК-тай дахин тооцоо нийлж, нягтлан магадлаж, төлбөрийг бодит байдлаар гаргуулах хүсэлттэй байна. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу төлбөрийн нийт дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул харилцан тооцоо хийж, нотлох баримтыг бүрдүүлж өгөх хүртэл шүүх хуралдаан зарлахгүй байхыг хүсье гэжээ.

Хариуцагч С.Х шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний өгөх ёстой мөнгө бол 1340000 төгрөг байгаа. Нэхэмжлэгч тал 1440800 төгрөг нэхэмжилж байгаа ба үүнд 96000 төгрөгийг нэмсэн байна. Миний хувьд өөрийн өгөх ёстой 1340000 төгрөг дээр 200000-300000 төгрөг нэмж өгч болох юм. Надад түүнээс илүү мөнгө төлөх чадваргүй байгаа гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Р” ХХК нь хариуцагч С.Хаас үндсэн зээлийн үлдэгдэл 1440800 төгрөг, алданги 2540250 төгрөг/ 495380+652970+671500+720400/ нийт 3981050 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Хариуцагч С.Х нь “... зээл авсан үнэн бөгөөд харин тооцоог буруу бичжээ, тийм учраас зээл авсан бөгөөд төлсөн тухай тооцоог шүүх хуралдаанаас өмнө дахин тодруулах шаардлагатай, миний тооцоогоор үндсэн төлбөр болох 1340000 гэж бодож байна. Би сүүлийн зээл дизель түлш авахад үнийн зөрүү болгож Р ХХК-ийн захирал Н.Бтай тохиролцож 96000 мянган төгрөг хасаж өгөхөөр болсон билээ. Уг мөнийг нэмж тооцсон байна, алданги маш их тооцогдож гарсан тул төлөх боломжгүй байна” гэж маргасан болно.

Хариуцагч С.Хт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдан авах тухай товч гэрээ”-г Б аймгийн Б сумын 4-р багийн иргэн С овогтой Х би  “Р” ХХК-ийн №6 ШТС-аас захирал ажилтай Н.Бы зөвшөөрлөөр ДТ маркийн нефтийн бүтээгдэхүүний нэг бүрийн үнийг 1350 төгрөгөөр 1954,05 литр бүгд 2638000 төгрөгийн зээл авч, 2016 оны 04 сарын 07 өдөр хүртэл төлөхөөр болж, мөн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдан авах тухай” товч гэрээгээр С.Х нь “... нэг бүрийн үнийг 1700 төгрөгөөр 1880 литр бүгд 3196000 төгрөгийн зээл авч, 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл төлөхөөр болж тус тус хоёр тал харилцан тохиролцож, энэхүү гэрээгээр төлбөр тооцоог заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд, үлдэгдэл үнийн дүнгийн 1,0%-тай тэнцэх алданги төлнө гэж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Хариуцагч С.Х нь зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний үнээс 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 357000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1496000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 2540200 төгрөгийг тус тус төлж, бүгд 4393200 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын  тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч “Р” ХХК нь зээлээр авсан шатахууны үлдэгдэл үнийг хариуцагч С.Х нь төлбөр тооцоог заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд, үлдэгдэл үнийн дүнгийн 1.0 % -тай тэнцэх алданги төлнө гэж гэрээгээр хоёр тал харилцан тохиролцсон байх тул зохих алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гүйцэтгэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 % хувиас хэтрэхгүй байна гэсний дагуу нэхэмжлэгч “Р” ХХК нь  С.Хаас алданги 2540250 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй болсон байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж зааснаар алдангийн хэмжээг хариуцагч С.Хын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 1440800 төгрөгийн 50 хувь болох 720400 төгрөгөөр тооцох нь дээрх хуулийн заалтад нийцэж байна.

Талууд гэрээндээ алданги тооцохоор хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан тохиролцож 2016 оны 03 дугаар сарын 27, 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд тус тус “Нефтийн бүтээгдэхүүн зээлээр худалдан авах тухай товч гэрээ”-г байгуулсан байна.

Нэхэмжлэгч “Р” ХХК нь хариуцагч С.Хын зээлээр авсан нефтийн бүтээгдэхүүний гүйцэтгээгүй үүргийн үнээс алдангийг тооцоолоход 1. 3196000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 31 хоног хэтрүүлсний алдангийг тооцоход 495380 төгрөг  /3196000 төгрөг х 0.5% - 15980 х 31 хоног /, 2. 2839000 /3196000-357000/ төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 46 хоног хэтрүүлсний алдангийг тооцоход /2839000 төгрөг х 0.5% -14195 х 46 хоног /-652970 төгрөг , 3. 134300 /3196000-357000-1496000/ төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 144 хоног хэтрүүлсний алдангийг тооцоход /1343000 төгрөг х 0.5%-6715 х 144 хоног /966960 төгрөг, 4. 1440800 /2638000 - 1197200/ төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 788 хоног хэтрүүлсний алдангийг тооцоход /1440800 төгрөг х 0.5% - 7204 х 788 хоног/ 5676752 төгрөг буюу нийт 2540250 төгрөгийн алданги С.Х нь төлөх үүрэгтэй гэх боловч энэ нь хуулинд нийцэхгүй байна гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд алданги яаж тооцсон талаар тодруулахад нэхэмжлэлд дурдсан байдлаар тайлбарласан ба 3 ба 4 дүгээр хэсэгт тооцоолсон алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50%-иар тооцоход алданги нь 671500 ба 720400 төгрөг болж байна гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.

Хариуцагч С.Х нь гэрээний дагуу үлдэгдэл үнийн дүнгийн 1,0 %-тай тэнцэх алданги төлнө гэж тохиролцсоны буюу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрч болохгүй” гэж заасан байх тул нэхэмжлэгч “Р” ХХК-ийн алданги тооцсон байдал нь иргэний эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж үзэж хариуцагч С.Х нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн үлдэгдэл 1440800 төгрөгийг төлөх буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч “Р” ХХК нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзлээ.

Иймд С.Хаас үндсэн зээлийн үлдэгдэл 1440800 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 720200 төгрөгийг тус тус гаргуулан “Р” ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1819850 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Р” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78647 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэж заасны дагуу хариуцагч С.Хаас 49529 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Р” ХХК-нд олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг тус тус баримтлан С.Хаас үндсэн зээлийн үлдэгдэл 1440800 төгрөг, алданги 720400 төгрөг, нийт 2161200 /хоёр сая нэг зуун жаран нэгэн мянга хоёр зуун/ төгрөгийг тус тус гаргуулан “Р” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1819850 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Р” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78647 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Хаас 49529 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Р” ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.БҮЛДИРГЕН