Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2024/0181

 

        

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Г*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч: Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******

Хэргийн оролцогчид:

Гомдол гаргагч “Г*******” ХХК

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Н*******

Гомдлын шаардлага: Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн Х.Н*******гийн 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0044374 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******

Хариуцагч Х.Н*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 159/2023/0063/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч “Г*******” ХХК-иас Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдуулан “Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0044374 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2.Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр: 

Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан гомдол гаргагч “Г*******” ХХК-ийн “Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Н*******гийн 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 00444374 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Манай компанийн хувьд зөрчлийн холбогдогчийг буруу тодорхойлсон гэж гомдлын үндэслэлдээ тайлбарласан ба анхан шатны шүүхээс зөрчлийн холбогдогчийг ямар үндэслэлээр хуулийн этгээд гэж үзэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 "Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ" гэж заасан ба Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-т заасан зөрчлийн тухайд хувь хүн болон хуулийн этгээд үйлдэж болохоор байна.

Компанийн хувьд онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдах зорилго, санаа байгаагүй, худалдаагүй, энэ талаар чиглэл өгөөгүй. Тухайн өдөр ажиллаж байсан менежер Ч.С******* мэдүүлэгтээ "...Хүн бэлэглэсэн, маргааш манай найзын төрсөн өдөр болохоор би хэрэглэх гэж гэрээсээ авчраад текэн дээр гаргаж тавьсан..." гэсэн байдаг.

Иймд компанийн удирдлагын хувьд мэдээгүй, ажилтны хийсэн үйлдлийг компанид халдааж, хариуцуулж байгаа нь үндэслэлгүй байна.

3.2.Компанийн хувьд согтууруулах ундаа худалдах зөвшөөрөл бүхий нийлүүлэгчээс байнга онцгой албан татварын тэмдэгтэй бараа худалдан авч нийлүүлдэг тухай санхүүгийн баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн цагдаагийн алба хаагч Н.Т******* гэрчийн мэдүүлэгтээ "…онцгой албан татварын тэмдэггүй архи байгаа эсэх талаар шалгахад нэмж онцгой албан татварын тэмдэггүй архи байгаагүй..." гэж мэдүүлсэн байдаг.

3.3.Шүүхийн шийдвэрт "... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлсэн, зөрчилд холбогдогч нь эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирээгүй" гэж дүгнэжээ.

Хэрэв зөрчлийн хэргийн холбогдогчийг "Г*******" ХХК гэж тодорхойлсон бол компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс холбогдох тайлбар, мэдүүлгийг авч тухайн компанид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т заасан "ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах" гэх мэт эрхийг нь эдлүүлэх шаардлагатай байсан. Компанийн албан ёсны тайлбар хэргийн материалд байхгүй, зөвхөн Ч.С*******ээс мэдүүлэг авсан байдаг.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу арга хэмжээ хэрэгжүүлсэн гэж байгаа ч уг хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-т "1.Эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”, 1.2-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг" гэж заасны дагуу төлөөлөгчийг тогтоох ажиллагаа хийгдээгүй.

Мөн хуулийн 4.16 дугаар зүйлийн 2-т "Холбогдогчийг дуудах хуудсаар, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан дуудаж болно", 5 дахь хэсэгт "Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн холбогдогч дуудсан цагт ирээгүй бол түүнийг албадан ирүүлнэ" гэж тус тус заасны дагуу холбогдогч руу утсаар залгахаас гадна дуудах хуудсаар дуудах, бүр цаашлаад албадан ирүүлэх ч боломж байдаг. Гэтэл хуульд заасан ажиллагааг бүрэн хийгээгүй, компанийн албан ёсны тайлбарыг аваагүй, зөвхөн Ч.С*******ийн тайлбараар зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн байна.

Улсын байцаагч нь зөвхөн Ч.С*******ийг дуудах хуудсаар дуудсан байдаг ба компани руу болон компанийн гүйцэтгэх захирлын хаягаар дуудах хуудас хүргүүлээгүй. Гүйцэтгэх захирал руу утсаар залгасан ч холбогдох боломжгүй байсан гэсэн тэмдэглэл үйлдсэн байх боловч тус тэмдэглэлд 2023 оны 10 дугаар сарын 9-ний өдөр залгасан гэж 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдөр тэмдэглэл үйлдсэн нь өдрийн хувьд зөрүүтэй байна.

3.4. Анхан шатны шүүхийн шийдвэрт зөрчлийн шинжийг хэрхэн хангаж буюу ямар үндэслэлээр "худалдсан, борлуулсан" гэж үзэж байгаа талаар дүгнэлт хийсэнгүй.

Манай компанийн хувьд зөрчлийн шинжгүй буюу худалдаж, борлуулсан аливаа үйлдэл хийгээгүй гэж анхан шатны шүүх хуралдаанд маргасан. Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-т заасан "онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа борлуулсан, худалдсан" гэсэн зөрчлийн шинжид "худалдсан, борлуулсан" үйлдэл байх ёстой. Худалдах гэдэг нь худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагчийн зүгээс үнийг төлөх харилцаа байдаг. Гэтэл борлуулсан, худалдсан, борлуулж, худалдахыг завдсан аливаа үйлдэл хийгдээгүй.

Мөн менежер Ч.С*******ийн мэдүүлэгт "би акцгүй архи зарж болохгүй гэдгээ мэднэ" гэснээс үзэхэд зарах талаар аливаа үйлдэл хийх зорилгогүй байсан гэдэг нь харагдаж байна.

Иймд зөрчлийн холбогдогчийг буруу тодорхойлсноос гадна компанийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дуудан ирүүлж, тайлбар аваагүй, хуульд заасан эрхийг эдлүүлээгүй, компанийн ажилтан дур мэдэж хийсэн үйлдлийн төлөө компанийг 10.000.000 төгрөгөөр торгосон нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно" гэж заасан хууль ёсны зарчим, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна" гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэнгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байгаа тул гомдлыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангав.

1.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй буюу “Г*******” ХХК-ийг зөрчил гаргасан гэж үзэж шийтгэл ногдуулсан атлаа холбогдогчийг зөв тодорхойлоогүй, өөрөөр хэлбэл тус компанийн менежер Ч.С*******ийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзэхгүй.

2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт байрлах Коллектив нэртэй бааранд онцгой албан татварын тэмдэггүй Корсэнкорва, Корн нэртэй 2 ширхэг онцгой албан татварын тэмдэггүй архийг хураан авсан үйл баримттай талууд маргадаггүй.

Гэвч энэхүү зөрчилд хүнд биш хуулийн этгээдэд холбогдуулж хэрэг үүсгэн шалгахдаа холбогдогчийг зөв тодорхойлох нь хуулийн шаардлага болно.

Тухайлбал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ”, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно: 1.2.“хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг”, мөн зүйлийн 5-д “Хуулийн этгээд …заасан хугацаанд хууль ёсны төлөөлөгчөө томилоогүй бол эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүхээс хууль ёсны төлөөлөгчийг томилж болно” гэж заасан байхад “Г*******” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу хууль ёсны төлөөлөгч болох гүйцэтгэх захирлыг, эсхүл түүний итгэмжлэлээр томилогдсон этгээдийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй байна.

2.Хэдийгээр хариуцагчаас “…холбогдогч “Гүнж Аялгуу” ХХК-д мэдэгдэхээр Ч.С*******ийн 99997490 утас руу 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 15:56, 15:59, 3-ны өдрийн 11:52, 17-ны өдрийн 09:47 цагт тус тус холбогдон мэдэгдэх гэсэн боловч утсаа аваагүй, компаний захирлын 99455555 дугаар луу 9-ний өдөр залгасан боловч холбогдох боломжгүй, нягтлангийн 99064756 дугаар луу 10-ны өдрийн 11:34 цагт 2 минутын яриа, 17-ны өдрийн 09:42 цагт 4 минут ярьж холбогдогчоор компанийг төлөөлж хэн оролцох болон зөрчлийн хэргийн хугацаа дуусч байгаа талаар мэдэгдсэн, захирал хөдөө байгаа тул энэ асуудлыг Ч.С******* мэднэ гэсэн хариулт өгсөн…” гэх боловч энэ нь түүнийг “Гүнж Аялгуу” ХХК-д холбогдуулж үүсгэсэн зөрчлийн хэрэгт холбогдогчийг төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэл болохгүй, түүнчлэн дээрх хуульд заасны дагуу Ч.С*******ийг холбогдогчоор томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэр гаргаагүйг зөвтгөх боломжгүй.

Мөн зөрчлийн хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нээснээс хойш удирдах албан тушаалтны мөн оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор “…хэргийн хугацаа дууссан, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаагүй байх бөгөөд цаашид нотлох баримтуудыг шинжлэн судалж, холбогдогчийг дуудаж хэрэг бүртгэлийн ажиллагаа хийх шаардлагатай…” гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлт явуулах хугацааг 14 хоногоор сунгасан байгаагаас үзэхэд ийнхүү сунгаснаас хойш холбогдогчийг дуудахаар 10 дугаар сарын 17-ны өдөр “Гүнж Аялгуу” ХХК-ийн нягтлан бодогчтой холбогдсоноос өөр ажиллагаа хийгдсэнгүй.

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаа Н.Т******* 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Коллектив баарнаас согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдэггүй 2 шил архи хурааж, мөн өдөрт нь “Гүнж Аялгуу” ХХК-ийн менежер Ч.С*******ээс мэдүүлэг авсан, гэтэл захирал Л.Г*******ын 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1/14 дүгээр тушаалаар түүнийг тус компанийн менежерээр томилсон байх тул  итгэмжлэлгүйгээр буюу зөрчлийн хэрэгт холбогдогчийг хууль ёсны дагуу төлөөлөх эрх бүхий этгээд гэж үзэхгүй.

3.Шүүхэд гэрч Ч.С*******ийн “…онцгой албан татварын тэмдэггүй гэх 2 шил архийг орой найзуудтайгаа хэрэглэх зорилгоор би гэрээсээ авчирсан, Коллектив бааранд худалдаалах архийг гэрээт газраас худалдан авдаг, хувь хүнээс авдаггүй... тухайн өдөр цагдаа нар барааны агуулахыг хүртэл шалгасан…” гэх, хэрэгт нотлох баримтаар авагдсан 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс хойшх хугацааны “Гүнж Аялгуу” ХХК-ийн Коллектив бааранд худалдан авсан согтууруулах ундааны зарлагын падаанууд, мөн гэрч цагдаагийн байцаагч Н.Т*******ийн “…2 шил архинаас өөр онцгой албан татварын тэмдэггүй архи байгаа эсэхийг шалгахад илрээгүй…” гэсэн мэдүүлгийг хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой талаас нь бүрэн гүйцэт үнэлээгүй байна.

Иймд хариуцагчаас Ч.С*******ийг бус харин хуулийн этгээдийг зөрчил гаргасан гэж буруутгахдаа холбогдогчийг зөв тодорхойлолгүйгээр 10.0 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1“Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 3.1 дүгээр зүйлийн 1-т “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино”, 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэж заасантай нийцсэнгүй.

Өөрөөр хэлбэл согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдэггүй 2 шил архийг Ч.С******* минийх гэж мэдүүлсээр байхад “Гүнж Аялгуу” ХХК-д хариуцлага хүлээлгэсэн нь, ийнхүү хүлээлгэхдээ холбогдогчийг зөв тодорхойлоогүй нь буруу, мөн гаргасан зөрчилд ногдуулсан шийтгэл нь тухайн зөрчил үйлдэгдсэн нөхцөл, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсонгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин хариуцагчаас холбогдогчийг зөв тодорхойлж, хариуцлага хүлээлгэхэд энэхүү магадлал саад болохгүйг тэмдэглэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг үндэслэл болгон,

ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0044374 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, “Гүнж Аялгуу” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******гийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                ШҮҮГЧ                                                                    Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                     Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                     Э.ЛХАГВАСҮРЭН