Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 44

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалан, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолоор баталж ирүүлсэн Ү.Даваасүрэнд холбогдох эрүүгийн 201601070140 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                    Л.Отгончимэг

 Улсын яллагч                                                     Х.Эрдэнэтуяа      

 Шүүгдэгч                                                        Ү.Даваасүрэн нар оролцов.

            Монгол улсын иргэн, 1991 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хот Баянгол дүүрэгт төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, дүү нарын хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн  4 дүгээр хороо, Арцат 13 дугаар гудамжны 498б тоотод оршин суух хаягтай, хэрэгт холбогдох үедээ Хорих 427 дугаар ангид ял эдэлж байсан, 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 368 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлсэн, УШ91022516 дугаарын регистертэй, Олгон овгийн Үржинсүрэнгийн Даваасүрэн.

         Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/:

          Яллагдагч Ү.Даваасүрэн нь 2016 оны 5 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед Багануур дүүргийн Хорих 427 дугаар ангийн ялтан амрах 6 дугаартай өрөөнд ялтан Төмөрсүхтэй маргалдан нүүр рүү нь цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:    

Шүүгдэгч Ү.Даваасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 5 сарын 17-ны орой 22 цагийн орчим Багануур дахь Хорих 427 дугаар ангийн ялтан амрах 06 дугаарын өрөөнд Х.Төмөрсүхийн орон дээр нойтон хувцасаа тавьсан байсан бөгөөд өрөөний цэвэрлэгээний асуудлаас болж хоорондоо маргалдаж, Төмөрсүх нь намайг хараалын үгээр доромжилсон юм. Маргааш нь буюу 2016 оны 5 сарын 18-ны орой 21 цаг 30 минутын үед Төмөрсүх нь ажлаасаа 06 дугаартай өрөөнд орж ирэхээр нь өчигдрийн хэлсэн үгэнд нь уурлаж, гомдож байгаад орон дээрээ суух үед нь очиж гараараа түүний баруун нүдэнд нь нэг удаа цохьсон. Биднийг Бат-Очир, Түвшинтөгс нар салгасан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хэрэг бүртгэлтэд хохирогч Х.Төмөрсүхийн өгсөн “Даваасүрэн бид хоёр урд өдөр нь өрөөний цэвэрлэгээнээс болж маргалдсан байсан юм. Би өрөөнд орж ирээд өрөөнийхөө орон дээр хэвтээд доошоо хараад захиа бичиж байтал гэнэт нүүр рүү хэн нэгэн цохьсон. Нүүрээ дараад босоод хартал Даваасүрэн зогсож байсан ба Даваасүрэнг Бат-Очир татаад өрөөнөөс гаргасан. Одоо миний биед өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр эвлэрсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/.

Хэрэг бүртгэлтэд гэрч Г.Бат-Очирын өгсөн “Ариун цэврийн өрөө ороод өрөөндөө орж ирэхэд Даваасүрэн Төмөрсүхийг цохиж байхад нь таарсан. Тэгээд би Даваасүрэнг барьж аваад хажуу талын өрөө рүү дагуулаад орсон. Урд өдөр нь Даваасүрэн, Төмөрсүх нар нь цэвэрлэгээ үйлчилгээний асуудлаас болж маргалдсан байсан юм” гэсэн мэдүүлэг /хх-н 21/

Хэрэг бүртгэлтэд гэрч Б.Түвшинтөгсийн өгсөн “Тухайн орой өөрийнхөө өрөөнөөс гарч  06 дугаарын өрөөнд орж Бат-Очирт гитар тоглохыг зааж өгөөд байж байтал миний хажууд Даваасүрэн сууж байснаа босоод “пиздаа” гээд чангаар орилохоор нь гайхаад хартал орон дээрээ суугаад захиа бичиж байсан Төмөрсүхийг цохьчихсон байхаар нь Бат-Очир гарнаас нь татаад гадагшаа аваад гарсан” гэсэн мэдүүлэг /хх-н 20/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 5 сарын 26-ны өдрийн 09 шэ/231 тоот актын “Х.Төмөрсүхийн биед нүүрний хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралтын үлдэц нөсөөжилт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Т.Сэлэнгэ” гэсэн дүгнэлт /хх-н 23/

 

Ү.Даваасүрэнгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 37, 41-50/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан  болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/231 дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

  Шүүгдэгч Ү.Даваасүрэн нь 2016 оны 5 дугаар сарын 18-ны орой 22 цагийн үед Багануур дүүргийн Хорих 427 дугаар ангийн 6 дугаартай ялтан амрах өрөөнд хамт хоригдож байсан Х.Төмөрсүхтэй өрөөний цэвэрлэгээний асуудлаас болж маргалдан, улмаар түүний баруун нүдэнд нь нэг удаа гараараа цохиж биед нь нүүрний хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралтын үлдэц нөсөөжилт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ү.Даваасүрэнгийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Төмөрсүхийн хэлсэн хараалын үгэнд нь уурлаж, түүний нүд рүү нэг удаа цохьсон” гэсэн мэдүүлэг болон хэрэг бүртгэлтэд хохирогч Х.Төмөрсүхийн “өрөөндөө доошоо хараад захиа бичиж байтал Даваасүрэн нь гэнэт нүүр рүү цохьсон” гэсэн мэдүүлэг, тухайн цаг хугацаанд шүүгдэгч, хохирогч нартай хамт байсан гэрч Г.Бат-Очир, Б.Түвшинтөгс нарын мэдүүлгүүд /хх-н 20-21/, хохирогчийн биед үзлэг хийж учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 2016 оны 5 сарын 26-ны өдрийн 09 шэ/231 тоот актын “Х.Төмөрсүхийн биед нүүрний хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралтын үлдэц нөсөөжилт гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Ү.Даваасүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Ү.Даваасүрэн нь үйлдэлдээ хувийн сэдэлттэй, шууд санаатай хандсан болох нь хамт нэг өрөөнд хоригдон, ял эдэлж байсан хохирогч Х.Төмөрсүхтэй өрөөний цэвэрлэгээний асуудлаас болж хоорондоо хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээр нь тогтоогдов.

Хэрэг бүртгэлтэд хохирогч Х.Төмөрсүх нь "гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй" гэж /хх-н 18-19/ мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ү.Даваасүрэнг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Ү.Даваасүрэн нь ял эдэлж байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12 дахь хэсэгт заасан ял  хүндрүүлэх нөхцөлд тооцож, сонгох ялуудаас баривчлах ялыг хэрэглэж, хохирогчийн “гомдол саналгүй” гэсэн хүсэлт болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хуульд заасан баривчлах ялын доод хэмжээг баримталсан бөгөөд энэ ял дээр өмнөх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний ял эдлэх дэглэмийг чанга дэглэмд эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Багануур дахь Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, хурандаа Д.Тулга нь  ялтны ялын тооцоог 2016 оны 6 сарын 14-ний өдрөөр тасалбар болгож,             “Ү.Даваасүрэн нь Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 368 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж, биеэр 6 жил, 6 сар, 23 хоног, шагналын 7 хоног, бүгд эдэлсэн 6 жил, 6 сар, 30 хоног, нийт 4 жил 1 сарын хорих ял эдлээгүй үлдсэн байна” гэж тодорхойлж ирүүлжээ. /хх-н 114/

Шүүгдэгч Ү.Даваасүрэн нь энэ хэрэгтээ 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн яллагдагчаар 20 хоног цагдан хоригдсон байна.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн                        290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Олгон овгийн Үржинсүрэнгийн Даваасүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Олгон овгийн Үржинсүрэнгийн Даваасүрэнд 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5 дахь хэсгүүдэд заасныг журамлан Ү.Даваасүрэнд энэ тогтоолоор оногдуулсан        1 /нэг/ сарын баривчлах ял дээр өмнөх тогтоолоор /Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 368 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 /арван/ жил 8 /найман/ сарын хорих ял/ оногдуулснаас эдлээгүй үлдсэн 4 /дөрвөн/ жил, 1 /нэг/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт ялыг  4  /дөрвөн/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ү.Даваасүрэнгийн эдлэх ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсгүүдэд зааснаар Ү.Даваасүрэнгийн цагдан хоригдсон 20 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
  6. Хохирогч Х.Төмөрсүх нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
  7. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол Ү.Даваасүрэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  8. Ү.Даваасүрэнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тогтоож ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан болон хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
  10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ү.Даваасүрэнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.БАЙГАЛМАА