Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 185

 

Б.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/01019

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1181 дүгээр шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч Б.М-гийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч ХААИС-ийн Агроэкологи, бизнесийн сургуульд холбогдох

          “ХААИС-ийн Агроэкологи, бизнесийн сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг 

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.М- болон түүний өмгөөлөгч Г.Энхцэцэг нараас: 

Миний бие анх ХААИС-ийн УГТСЭШХүрээлэнгийн захирлын 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар тус сургуулийн ТҮ-5 албан тушаал буюу захирлын туслах гэсэн орон тоон дээр томилогдон ажиллаж байсан. Томилогдсон өдрөөсөө хойш сахилгын ямар ч зөрчил гаргаагүй ажиллаж ирсэн. Гэтэл шинээр томилогдсон захирал З.Нэргүй нь ямар ч үндэслэл, шалтгаангүйгээр 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/46 дугаар тушаалаар арга хэмжээ түүнийг нь шүүхэд хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч гомдол гаргах хугацаа дууссан гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Дараа нь 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/58 дугаар тушаалаар ямар ч үндэслэлгүйгээр хүнд суртал гарган, иргэдийг чирэгдүүлэн, зохисгүй харилцаж бусдыг хэл амаар доромжилсон талаар иргэнээс гомдол ирсэн гэсэн огт худал зүйлээр үндсэн цалинг нэг сарын 20 хувиар бууруулах арга хэмжээ авсан тул дээрх ХААИС-ийн Агроэкологи, бизнесийн сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч ХААИС-ийн Агроэкологи, бизнесийн сургуулийн захирал З.Нэргүй,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэчимэг нараас:

Б.М-д хүлээлгэсэн ХААИС-ийн Агроэкологи, бизнесийн сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/58 тоот үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах арга хэмжээ нь тус сургуулийг төгсөгчийн ээж иргэн Н.Наранчимэгтэй 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зүй бусаар харьцаж, хэл амаар доромжилж, захирлын өрөөний үүднээс хөөн явуулсан. Нарийн бичиг Б.М- багш нь байна гэж яриад, захиралд хэллээ гээд утсаар загнаад байна гэж ярьсан иргэн Н.Наранчимэгийн 99403569 утасны 9-р сарын хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалтаар нотлогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-р зүйл, Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна, ХААИС-ийн Хөдөлмөрийн дотоод журам 8.1-р зүйл. Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ зөрчигчдөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.1-д заасны дагуу шийтгэл ногдуулна, Хөдөлмөрийн гэрээ 5.2-р зүйл Ажилтан энэхүү гэрээ болон Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журмыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэлдээ хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэлх зохих хариуцлагыг хүлээнэ гэж тус тус заасны дагуу арга хэмжээ авсан.

Б.М- нь тус сургуульд мөрдөгддөг дараах дүрэм, журам гэрээг зөрчсөн.  ХААИС-ийн Хөдөлмөрийн дотоод журам 8.2.2-р зүйл, Эрхэлж буй ажил үүргээ гүйцэтгэхдээ хүнд суртал гарган ажиллагчид, оюутнууд, иргэдийг чирэгдүүлэх, Хөдөлмөрийн гэрээний 4.2.1-р зүйл Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн хууль тогтоомж болон энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлж, ажил үүрэгтэйгээ холбогдсон бүх шаардлагыг цаг хугацаанд нь бүрэн хангаж, хариуцах: 4.2.2-р зүйл. Төрийн албан хаагчийн болон мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, 4.2.4-р зүйл. Хамт олны уур амьсгалыг хэвийн байлгах, дэг журам, ёс зүйг хангахад анхаарч, удирдах, удирдуулах ёсыг баримтлан хамтын зарчмаар ажиллах, Захирлын туслахын ажлын байрны тодорхойлолт 4.5 зүйл Ажлын байрны ёс зүйг эрхэмлэн ажиллах, Багшийн ёс зүйн дүрмийг баримталж ажиллах, Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллах, Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмыг биелүүлэх, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн болон ажлын байрны тодорхойлолтод тусгасан үүргээ биелүүлж, ажиллах, Сургуулийн ёс зүйн дүрмийн 4.4.1-р зүйл. Сургуулийн дотоод дүрэм, журмыг чанд биелүүлэх, 4.4.3-р зүйл өөрийн үйл ажиллагааг бусдаар шалгуулах, хянуулах сэтгэл зүйн бэлтгэлтэй байх ба эерэг болон сөрөг шүүмжлэлийг хүлээн авч, өөрийн алдааг засах чадвартай байх, 4.6.1-р зүйл Хамт ажиллагчидтай хүндэтгэлтэй харилцаж, ажил төрлийн холбоотой бодит шүүмжлэл, санааг хүлээн авч, аливаа маргаан зөрчлийг эв зүйгээр шийдэх, 5.1.1-р зүйл. Ёс зүйн зөрчлийн талаар хувь хүн, хамт олноос бичгээр өгсөн гомдол, өргөдөл нь нотлогдсон тул эрхэлж буй ажил үүргээ гүйцэтгэхдээ хүнд суртал гарган, иргэдийг чирэгдүүлэн, зохисгүй харилцаж бусдыг хэл амаар доромжилсон тул сахилгын шийтгэл ногдуулсан гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1181 дүгээр шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М-гийн хариуцагч ХААИС-ийн Агроэкологи, бизнесийн сургуульд холбогдуулан  ХААИС-ийн Агроэкологи, бизнесийн сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг давж заалдсан гомдолдоо:

Б.М-д сахилгын шийтгэл ногдуулах болсон гол үндэслэл нь иргэн Н.Наранчимэгээс ирүүлсэн өргөдөл юм. Н.Наранчимэгийг Б.М- чирэгдүүлээгүй, охин Дашлхамын дипломыг 9 сар хүртэл гаргаж өгөөгүй ХААИС-ийн захиргаа чирэгдүүлсэн, ХААИС-ийн захирал З.Нэргүй, В.Бямбасүрэн нар ажил дээрээ байгаагүйгээс болсон. Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. Хариуцагч талаас тухайн зөрчлийг шалгасан талаарх материалыг шүүхэд ирүүлээгүй. Б.М-гийн зүгээс Н.Наранчимэг гэж хүнтэй уулзуулаад өгөөч яагаад намайг ингэж гүтгээд байгаа юм бэ. Би энэ асуудлыг энэ хүнийг байлцуулж байгаад хурлаар оруулж шийдүүлмээр байна” гэж захирал З.Нэргүйд удаа дараа хандсан боловч энэ талаар шалгаагүй. Захирлын ажлын баг томилсон тушаал шийдвэр, захирлын ажлын багийн ажиллах дүрэм, журам шийдвэрлэх асуудал зэрэг нь тодорхойгүй.

Гэтэл ХААИС-ийн багш мэргэжлийн ёс зүйн дүрмийн 5.2 дугаар зүйлд “ёс зүйн зөрчил гаргасан багшид сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг сургалтын захирал, хөтөлбөрийн эрхлэгч, тэнхим, нэгжийн эрхлэгч нарын хэн нэг хариуцаж санал боловсруулах эрхтэй ба захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж эцсийн шийдвэр гаргана гэсэн байна. Нэхэмжлэгч талаас 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 09.30 цагаас эхэлж, 11.30 цагт дууссан ХААИС-ийн Агроэкологи, бизнесийн сургуулийн захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ хурлаар Б.М-гийн талаар хэлэлцээгүй.

Зөрчил гаргагчийн тайлбар байхгүй. Анхан шатны шүүх Н.Наранчимэгийг гэрчээр асуусан байдаг. Шүүх хуралдаанаас өмнө урьдчилсан мэдүүлэг авахдаа нэхэмжлэгч талд урьдчилан мэдэгдэж, гэрчид асуулт тавих боломжоор хангаагүй.

Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх тэгш боломжоор хангагдаагүй захирах, захирагдах харилцааны оролцогч талуудаас гаргаж буй нотлох баримтын үнэн зөв байдлыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй Б.М-д сахилын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.1-д заасныг зөрчөөгүй хэмээн дүгнэсэн нь хууль зүйн  үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулж Б.М-д сахилгын шийтгэл ногдуулсан ХААИС-ийн Агроэкологи, бизнесийн сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/58 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж байна.

          Нэхэмжлэгч  Б.М-  нь ХААИС-ийн Агроэкологи, бизнесийн  сургуульд холбогдуулан  тус сургуулийн захирлын 2017 оны  09 дүгээр сарын 19-ний өдрийн  Б\58 дугаар тушаалыг хүчингүй болгуулах  шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

          Шүүх  нэхэмжлэгч  Б.М-гийн гаргасан нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

          Ургамал газар тариалангийн сургалт эрдэм шинжилгээний хүрээлэнгийн  захирлын \хуучин нэр\ 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн  Б\47 дугаар тушаалаар  ажилтан Б.М-г  захирлын туслахын ажилд  томилж, түүнтэй  хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хөдөө аж ахуйн их сургууль Агроэкологи бизнесийн  их сургуулийн захирлын  Б\58 дугаар тушаалаар  Б.М-д  үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах  сахилгын шийтгэл  ногдуулжээ.

Сахилгын шийтгэл ногдуулахдаа  Хөдөлмөрийн тухай хуулийн  131 дүгээр зүйлийн 131.1.2 дугаар зүйл, Хөдөлмөрийн дотоод журмын  8.1, 8.2.2,  Хөдөлмөрийн гэрээний  4.2.1, 4.2.2, 4.2.4, 5.2,  мэргэжлийн ёс зүйн дүрмийн  4.4.1, 4.4.3, 4.6.1, 5.1.1, 5.1.2, 5.2, 5.3-ийг тус тус   үндэслэл болгожээ.

Ажилтан  Б.М-  иргэн  Н.Наранчимэгийг  сургуулийн захиралтай  уулзахаар  очиход нь  зүй бусаар  аашилж, загнан   энэ талаар гомдол  гаргахад нь  захиралд хэлсэн байна гэж  өөрөө  түүн рүү  утасдаж  дахин  загнасан болох нь  Н.Наранчимэгийн  байгууллагад гаргасан хоёр удаагийн өргөдөл, шүүхэд  өгсөн  гэрчийн  мэдүүлэг, гэрч  Ш.Болормаа нарын  мэдүүлгээр   тогтоогдсон  гэж үзнэ.

Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн  гэрээнд  дээрх  зөрчил  гаргасан  тохиолдолд  сахилгын шийтгэл ногдуулах  талаар  харилцан    тохиролцсон байна.

Нэгэнт ажилтан Б.М- хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон  учир түүнд  сахилгын шийтгэл  ногдуулсан  нь  Хөдөлмөрийн  тухай хуулийн  131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэгт  нийцжээ.

Анхан шатны  шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтыг  хуульд заасан журмын дагуу үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ  холбогдох хуулийг  зөв тайлбарлан хэрэглэсэн  байна.

Иймд  нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн   гаргасан  “...Хөдөлмөрийн тухай хуулийн  131 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн...,  ...нотлох баримтыг  тал бүрээс нь  үнэн зөв, эргэлзээгүй  талаас нь үнэлж  чадаагүй...,  ...нэхэмжлэгчийг  гэрчид асуулт тавих боломжоор хангаагүй..,  шийдвэрт өөрчлөлт оруулж, Б\58 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү“  гэсэн   давж заалдах гомдлыг  хангах  хуулийн  үндэслэл  тогтоогдсонгүй  гэж  дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1181 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй. 

          2.Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.АМАРСАНАА       

                                          ШҮҮГЧИД                                                 С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                            С.ЭНХЖАРГАЛ