Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 544

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, “Э” ХК /гүйцэтгэх захирал М.Т/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын Х цэцэрлэг /эрхлэгч М.С/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Э” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөр 10178571 төгрөг, алданги 5089286 төгрөг, нийт 15267857 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч “Э” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь дулааны эрчим хүч үйлдвэрлэж хэрэглэгчдэд түгээдэг. Ө сумын 2 дугаар цэцэрлэг нь манай компанитай гэрээ байгуулж дулааны эрчим хүч авч ашигладаг боловч дулааны үнийг цаг хугацаанд төлөхгүй манай компанийг хохироож байна. Тухайлбал 2017 оны жилийн эцсийн байдлаар халаалтын хөлснөөс 10178571 төгрөг төлөөгүй байна. Үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах талаар 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг Э/88 дугаар албан бичгээр мэдэгдсэн боловч төлбөр барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Компани, хэрэглэгч хоёрын хооронд байгуулсан дулааны эрчим хүчээр хангах, эрчим хүчнийг хэрэглэх тухай гэрээний 6.2-т хоног тутам төлөөгүй мөнгөн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор заасан ба төлөөгүй хөлс 10.178.571 төгрөгийн алданги гэхэд 2018 оны 06 дугаар сарын 07-ны байдлаар /158 хоног х 0,5%= 79 %, 10178571 х 79%= 8041071 төгрөг/ 8041071 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэснийг баримтлан нийт гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувь болох 5089286 /таван сая наян есөн мянга хоёр зуун наян зургаан/ төгрөгийн алданги нэхэж байна. Иймд хэрэглэсэн дулааны эрчим хүчний үнэ төлөөгүй Ө сумын 2 дугаар цэцэрлэгээс хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөр 10178571 /арван сая нэг зуун далан найман мянга таван зуун далан нэгэн/ төгрөг, алданги 5089286 /таван сая наян есөн мянга хоёр зуун наян зургаан/ төгрөг, бүгд 15267857 /арван таван сая хоёр зуун жаран долоон мянга найман зуун тавин долоон/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Э” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Э ХХК нь аймгийн хэмжээнд дулаан эрчим хүч үйлдвэрлэж, аж ахуйн нэгжүүдэд гэрээний үндсэн дээр нийлүүлдэг. Ө сумын Х цэцэрлэг нь 2017 оны жилийн эцсээр 10178571 төгрөгийн төлбөртэй гарсан. 2016 оны үлдэгдэл 7717404 төгрөг, 2017 оны жилийн эцсийн байдлаар 2461167 төгрөг, нийтдээ 10178571 төгрөг төлөгдөөгүй байгаа. Энэ төлбөрийг төлж гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа утсаар мэдэгдэж байсан ба албан ёсоор 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Э/88 тоот албан бичгээр мэдэгдсэн боловч төлбөрөө төлөөгүй учраас төлбөр барагдуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.2-д төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги тооцохоор заасан байдаг. Тэгээд бид нар 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс мөн оны 06 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар алданги тооцсон ба нийт дүн 8041071 төгрөг болж байгаа. Гэхдээ Иргэний хуулийн 232.4-д заасны дагуу 5089286 төгрөгийг алдангид нэхэмжилж байгаа юм. Хариуцагч байгууллага гэрээний үндсэн төлөх үлдэгдэл төлбөр 10178571 төгрөг, алданги 5089286 төгрөг нийтдээ 15267857 төгрөгийг Ө сумын 2 дугаар цэцэрлэгээс гаргаж өгөхийг хүсэж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Э" ХК нь Б аймгийн Ө сумын Х цэцэрлэгээс хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөр 10178571 төгрөг, алданги 5089286 төгрөг, бүгд 15267857 төгрөгийг гаргуулахыг хүсжээ.

Хариуцагч Б аймгийн Ө сумын Х цэцэрлэгийн эрхлэгч М.Сд 2018 оны 06 дугаар сарын 20-ний өдөр нэхэмжлэлийн нэг хувийг гардуулж, хуулинд заасан эрх, үүргийн танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа үндэслэлээ өөрөө нотолж, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргийг хүлээсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т дугаар зүйлд зааснаар хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нэг талаас “Э" ХК төлөөлж ня-бо Т.Б, нөгөө талаас Ө сумын 2 дугаар цэцэрлэгийг төлөөлж ня-бо Т.М нарын хооронд №28 дугаартай “Байгууллага, аж ахуйн нэгжийг дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ”-г 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эхлэн 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаагаар байгуулан, хоёр тал харилцан тохиролцож, хоёр тал тус тус гарын үсэг зурж, мөн гэрээг “Э" ХК-ийн гүйцэтгэх захирал М.Т, Б аймгийн Ө сумын Х цэцэрлэгийн эрхлэгч М.С нар нь тус тус гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан байна.

Уг гэрээнд хэрэглэгчийн төлбөр тооцооны хүснэгтээр гаргаж “халаалт авах эзлэхүүн 4504,6, 1м3,1430 м3, нэг сард төлөх 664578, нэг жилд төлөх үнэ 4509146” гэсэн бичилт хийгдсэн байх ба хариуцагч Б аймгийн Ө сумын Х цэцэрлэгийн халаалтын төлбөрийн талаар тусгасан байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд “... Ө сумын Х цэцэрлэг нь 2017 оны жилийн эцсээр 10178571 төгрөгийн төлбөртэй гарсан. 2016 оны үлдэгдэл 7717404 төгрөг, 2017 оны жилийн эцсийн байдлаар 2461167 төгрөг, нийтдээ 10178571 төгрөг төлөгдөөгүй байгаа” гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй байна.  

Нэхэмжлэгч “Э" ХК нь хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийн үнэ 10178571 төгрөг, алданги 5089286 төгрөгийг хариуцагч Б аймгийн Ө сумын Х цэцэрлэг нь хугацаандаа төлөөгүйн улмаас гэрээний 6.2-т заасны дагуу хугацаандаа төлөөгүй төлбөрийн төлөгдөөгүй үлдэгдэл хоног тутам 0,5% алданги төлнө гэж гэрээгээр хоёр тал харилцан тохиролцсон байх тул зохих алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гүйцэтгэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 % хувиас хэтрэхгүй байна гэсний дагуу алданги 5089286 төгрөгийг тооцож, Б аймгийн Ө сумын Х цэцэрлэгээс нэхэмжилсэн нь дээрх хуулийн заалтад нийцэж байна гэж үзлээ. 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заажээ.

Талууд гэрээндээ алданги тооцохоор хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан тохиролцож 2017  оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 28 дугаартай “Байгууллага, аж ахуйн нэгжийг дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ”-г байгуулсан байна.

Нэхэмжлэгч “Э" ХК нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзлээ.

Хариуцагч Б аймгийн Ө сумын Х цэцэрлэг нь дулааны эрчим хүчээр хангах, эрчим хүчийг хэрэглэх тухай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хэрэглэсэн дулааны эрчим хүчний үнийг хугацаандаа төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байх тул хариуцагч Б аймгийн Ө сумын Х цэцэрлэгээс хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөр 10178571 төгрөг, алданги 5089286 төгрөг, нийт 15267857 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э" ХК-нд олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Э" ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234390 төгрөгөөс 243289 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 101 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгчид буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлэхээр заасны дагуу хариуцагч Б аймгийн Ө сумын Х цэцэрлэгийн санхүүгээс 243289 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э" ХК-нд олгох нь зүйтэй байна. 

Хариуцагч Б аймгийн Ө сумын Х цэцэрлэгийн эрхлэгч М.Сд шүүх хуралдааны товыг /баримт №3/ мэдэгдэхэд хариуцагчаас “... шүүх хуралдааны товыг мэдлээ” гэсэн хариу өгсөн боловч 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10:30 минутад болсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй учир нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан саналыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-д зааснаар Б аймгийн Ө сумын Х цэцэрлэгээс хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөр 10178571 төгрөг, алданги 5089286 төгрөг бүгд 15267857 /арван таван сая хоёр зуун жаран долоон мянга найман зуун тавин долоон/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э" ХК-нд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234390 төгрөгөөс 234289 төгрөгийг улсын орлого болгож, илүү төлсөн 101 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Б аймгийн Ө сумын Х цэцэрлэгийн санхүүгээс 234289 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э" ХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.БҮЛДИРГЕН