Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/216

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Аэд холбогдох эрүүгийн 1725004260107 дугаартай хэргийг шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,

Прокуророос, шүүгдэгч Д.Аийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 34-11 тоотод оршин суух О.Бын байшингийн цонхыг хагалж, галын хор, сүх, модон идээний таваг, хивс зэргийг гудамжинд гаргаж хаясан, байшингийн лампиран тааз, нам даралтын зуухны хоолойг хууль бусаар эвдлэн 405,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: Д.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 34-11 тоот О.Бын эзэмшлийн байшингийн цонхыг хагалан нэвтэрч галын хор, сүх, модон идээний таваг хивс зэргийг гудамжинд гаргаж хаяж, байшингийн лампиран тааз, нам даралтын зуухны хоолой зэргийг эвдэж 405 000 төгрөгийн хохирол учруулсан байна. Дээрхи үйл баримт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, -Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 8-12-р хуудас/, -Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 13-14-р хуудас/, -хохирогч О.Бын мөрдөн байцаалтад өгсөн... “2017 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 03 цагийн үед ажлаа тараад гэртээ ирэхэд байшингийн гал тогооны цонх хагарчихсан байхаар нь байшин руугаа ороод үзэхэд коридорын тааз уначихсан, гал тогооны тавиур дээр байсан идээний цар, зочины өрөөний хананд байсан 2*3 харьцаатай “Чингис” хивс гал тогооны өрөөнд байсан галын хор, сүх байхгүй, нам даралтын зуухны хоолойг эвдчихсэн байшингийн хаалгыг дотор талаас нь сүхээр цөм цохичихсон байсан. Зуухныхаа хоолойг сүүлд нь хашааны булангаас олсон... гэх мэдүүлэг, -”Бан Хас” ХХК-ний 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 348 дугаартай: ” Нийт алдагдсан эд зүйлийн үнэлгээ 390 000 төгрөг” гэсэн дүгнэлт, - -”Бан Хас” ХХК-ний 2018 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн 0187 дугаартай: ” ...Нам даралтын зуухны хоолойны үнэлгээ 15000 төгрөг” гэсэн дүгнэлт -шүүгдэгч Д.Аийн яллагдагчаар өгсөн...”2017 оны 11 сарын 29- ний өдөр найз Анхаа Ганбаяр нарын хамт Анхаагийнд архи ууж байгаад найз Б руу утсаар яриад өчигдөр чамайг архи ууя гэхээр чинь чамтай цуг архи уучихсан чинь эхнэр хүүхэд уурлаад явчихсан байна гэсэн чинь Б “авгайтай чинь уулзанаа” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би архи ууж дуусаад орой болж байхад Бын гэрт очиход хүн байхгүй байхаар нь гал тогооны өрөөний вакум цонхыг нь хашаанд нь байсан бүдүүн модоор цохиж хагалаад цонхоор нь гэр рүү нь ороод дунд өрөөнд өлгөөтэй байсан хуучин жижиг Чингис хивсийг нь цонхоор нь гаргаж шидээд, гал тогооны өрөөнд байсан галын хор, модон шар өнгөтэй боовны цар, төмөр иштэй сүх, зуухны төмөр зэргийг цонхоор нь шидээд байшингаас гараад гэрээс нь авсан эд зүйлүүдийг хашаанаас чирж авч гараад 100 метр орчим явж байгаад гудамжинд үзүүрт хаячихаад гэр рүүгээ явсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээж байна”.Б миний найз байгаа юм. Гэрт нь хамт архи ууж байгаад харьсан чинь эхнэр хүүхэд маань байхгүй байхаар нь би утасдаад “чамтай хэрэггүй архи уулаа”гэж хэлсэн чниь “би эхнэртэй чинь уулзнаа” гэхээр нь миний уур хүрээд гэрт нь очоод байхгүй байхаар нь цонхоор нь орж эд зүйлийг нь эвдэж гаргаж хаясан. Миний буруу тул уучлал гуйсан. Зарим эд зүйлийг нь янзалж өгсөн. 390,000 төгрөг өгсөн байгаа. Архи ууснаас л боллоо” гэжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Эдгээр нотлох баримтуудаар Д.А нь 2017 оны 11 сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 34-11 тоотод оршин суух О.Бын байшингийн цонхыг хагалж ороод галын хор, сүх, модон идээний таваг, хивс зэргийг гудамжинд гарган хаяж, байшингийн лампиран тааз, нам даралтын зуухны хоолой, хаалга зэргийг эвдлэн 405,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон, хуульд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд шалгагдаж тогтоогдсон байна. Шүүгдэгч Д.Аийн энэ үйлдлийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн үйлдэл гэж үзсэн Прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Д.А Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадварын талаар эргэлзээтэй баримт авагдаагүй, тэрээр Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 34-38-р хуудас/ зэргийг шинжлэн судлаж, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын хэмжээ хохирлыг нөхөн төлсөн байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэв. Хохирол төлбөрийн тухайд: хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч шинжээчийн дүгнэлтээр хохирогчид 405,000 төгрөгний хохирол учирснаас 390,000 төгрөг төлөгдсөн байх тул 15,000 төгрөгний хохирлыг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзнэ. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч О овгийн Дийн Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан,гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Д.Аэд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сард 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Аээс 15,000 төгрөг гаргуулан хохирогч О.Бд/ / олгосугай.

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ