Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2018/ШЦТ/217

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Шүүгдэгч С.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Нд холбогдох эрүүгийн 1825002160237 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн

Прокуророос, шүүгдэгч С.Нг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг Шинэ тосгоны 8-р гудамжинд Д.Мыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн өглөөний 8 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн 8-р гудамжинд С.Н нь явж байхдаа хажуугаар нь машинтай явж байгаа Д.Мы машин руу модоор цохиж улмаар маргалдан С.Н нь Д.Мы автомашины 24-ийн түлхүүрийг авч толгой тус газарт нь цохиж биед нь хуйханд язарсан шарх, нүүрэнд нь цохиж зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна. Дээрхи үйл баримт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: -хохирогч Д.Мы мөрдөн байцаалтад өгсөн...Миний бие өнөө өглөө охиноо 18-р сургуульд хүргэж өгөөд буцаад гэрлүүгээ харих гээд Шинэ тосгоны эцсээс өгсөөд Шинэ тосгоны 8-р гудамжны орчмоор өөрийнхөө Хонда пит машинтай явж байхад хажууд явж байсан эхнэр нөхөр хоёрын эхнэр нь барьж явсан модоороо миний машиныг цохисон юм. Тэгээд цонхоороо яаж байна гэсэн чинь нөхөр нь чи яахаараа хүүхэд зоддог юм бэ? гээд миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон юм. Машинаасаа буугаад ирсэн чинь эхнэр нь нөгөө модоороо миний толгой руу цохисон. Тэгэхэд нь нөгөө мод нь хугарсан, би Нг өөрөөсөө түлхээд холдуулахад Санжаажамц нь газарт байсан модоор миний нуруу хэсэг рүү цохисон юм.Би машинаасаа 24-ийн түлхүүр гаргаж ирээд Санжаажамц Н хоёрыг хөөгөөд Санжаажамцыг барьж аваад гараараа цохисон, тэр үед Санжаажамц миний гартаа барьж байсан 24-ийн түлхүүрийг булаацалдаж байгаад газар унагаахад эхнэр Н нь аваад толгой руу цохиж толгой хагалсан. Тэгээд би толгойгоо бариад үлдсэн. Тэр хоёр яваад өгсөн” гэх мэдүүлэг, -гэрч Ц.Санжаажамцын өгсөн...” машин зогсохоор нь би очоод яаж байна гэхэд жолооч залуу хөгшин хүүр минь машинд дайруулж үхэх гээд байгаа юм уу миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон. Би тэр залууг хамар хэсэг рүү нь гараараа цохисон. Тэр залуу машинаасаа гарч ирээд надтай зодолдсон, би газарт унаад тэр залуугийн цээж хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөсөн, эхнэр ирээд салгасан. Эхнэрийн барьж явсан модыг хугалаад давхарлаж байгаад намайг цохисон. Мөн машиныхаа ар талаас төмөр түлхүүр гаргаж ирээд намайг цохих гээд гээд хөөхөөр нь би зугатаахад эхнэрийг бас цохих гээд байсан. Би тэр залуугаас түлхүүрийг нь аваад эхнэрдээ өгөхөд тэр залуу эхнэрээс түлхүүр булаах гээд ноцолдож байгаад толгойруугаа цохиулсан юм. Би бол тэр залуугийн хамар руу нь цохисон. Харин толгой хэсэг рүү нь цохиж зодсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг, “Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 246 дугаартай: ” ... Д.Мы биед хуйханд язарсан шарх, нүүрэнд зөөлөн эдэд олон тооны цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хуйханд язарсан шарх нь ГЗЗ-ийн 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт, “Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 249 дугаартай :Ц.Санжаажамцын биед зүүн доод зовхи, доод уруулд зөөлөн эдэд цус хуралт ,баруун шагайн үений урд талд зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 3 удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэргийн заврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.” гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 249 дугаартай :“С.Нгийн биед зүүн гарын чигчий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал зулгаралт үүсчээ. Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар байна. Уг гэмтлүүд нь тус бүрдээ ГЗЗ-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй” гэх дүгнэлт, -шүүгдэгч С.Нгийн яллагдагчаар өгсөн...Би газар уначихсан байсан төмөр түлхүүрийг аваад Мы толгой тус газарт цохисон. Тэр үед Мы толгойноос цус гарчихсан. Тэгээд бид нар салаад явсан.” гэх мэдүүлэг, зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Н “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би толгойг нь хагалсан нь үнэн” гэж мэдүүлжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч С.Нн Д.Мтай гудамжинд маргалдаж улмаар толгойн тус газарт нь автомашины 24-ийн түлхүүрээр цохиж хуйханд язарсан шарх, нүүрэнд зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан энэ үйлдлийг Прокуророос Эрүүгийн хуульд заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл гэж дүгнэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна Шүүгдэгчийн энэ үйлдлийн улмаас Д.Мы биед гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан “хүний биед хөнгөн гэмтэл учруулах” гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэх үндэслэл болж байна. С.Н Эрүүгийн хуульд заасан үйлдлийг санаатай үйлджээ. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Нг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 34-37-р хуудас/ зэргийг шинжлэн судлаж, гэм буруугаа хүлээсэн байдал, нийгмийн хор аюулын шинж байдал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэв. Хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй, нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно. Энэ хэрэгт хураагдсан зүйлгүй хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч С овгийн Сийн Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар С.Нд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд, сард 112,500 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ