Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2018/ШЦТ/74

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж

Нарийн бичгийн дарга*******

Улсын яллагч*******

Хохирогч*******

Шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч******* нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******д холбогдох эрүүгийн 1822001400071 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1961 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Луус суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Луус сумын 3 дугаар баг “Хөв гашуун” гэх газар оршин суух, ял шийтгэлтгүй гэх******* овогт******* /регистрийн дугаар/

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч******* 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр тус аймгийн Луус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөв гашуун” гэх газарт иргэн*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөөгүй болно.

Шүүгдэгч*******ы мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр*******тай худаг усан дээрээс болж маргалдсан. Тухайн үед******* намайг хэл амаар доромжлоод байхаар нь уур хүрээд шилбүүрийн модоор нэг удаа толгойн хэсэгт цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/

Хохирогч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2018 оны 4 дүгээр сарын 14-ний өглөө хонио услах гээд худаг дээр ирэхэд худгийн шланк хөлдсөн байсан. Шланкийг гэрт очиж гэсгээчихээд буцаж худаг дээр ирэхэд манай хонь*******ы хоньтой нийлсэн, мөн үхэр ирээд бага мал гишгэчих гээд байхаар нь эхнэр авчирсан. Тэгээд хонио услаад байж байтал******* ирэхээр нь би “чи ойрхон байж малаа эмх замбараатай явуулахгүй яасан юм, цөөхөн малаа малын завсар чөлөөгөөр услаад гаргаж болдоггүй юм уу” гэхэд “ялгахын хооронд юун сүртэй юм, хэн чамайг малын бэлчээр дээр ус гарга гэсэн юм” гэж хэлсэн. Би “худгийг би гаргаагүй, урд нь байсан юм” гэхэд “гөлөг минь чамайг ална шүү” гээд мотоциклиосоо буугаад том чулуу барьсан. Би чулуугаар цохино гэж бодоогүй байтал толгойруу цохисон. “Чи ийм том чулуугаар хүн цохидог нь яаж байгаа юм” гээд би чулууг бариад автал хүү нь хорьсон. Тэгэхээр нь би чулууг аваад*******д хандаж “би үүнийг чинь асуудал болгоно, эд мөрийн баримт болгоно, зүгээр өнгөрөөхгүй шүү” гэхэд “чи хөлөө хүрэх газар явж, хэлээ хүрэх газар хэлээрэй” гэж хэлчихээд давхиад явсан. Түүнээс хойш надтай огт уулзаагүй. Орой нь аймаг явах гээд гаражаас машин гаргатал нүд харанхуйлаад байхаар нь хэсэг сууж байгаад гэрлүү утсаар ярихад эхнэр хүрээд ирсэн. Эхнэр*******руу утсаар яриад “С.Баатарын бие өвдөөд байна, түргэн дуудаад өг” гэхэд “өөрсдөө түргэн дууд, надад хамаагүй, би яахаараа түргэн дуудаж өгдөг юм” гэж хэлсэн байсан. Мөн намайг шилбүүрээр цохисон. Эмчилгээний болон шатахууны зардалд баримтаар 1809470 төгрөг нэхэмжилж байна гэв.

Гэрч “...2018 оны 4 сарын эхээр манай тэнд их цасан шуурга тавьсан. Маргааш нь бүх мал усан дээр цугласан байхаар нь манай нөхөр услахаар усруу явсан. Усны моторын шланк устай хөлдсөн байсныг салгаж авчраад гэрт очиж гэсгээгээд буцаад усруу явсан. Төд удалгүй “манай хонь*******ы хоньтой нийлсэн байна, чи очиж үхэр хорьж бай” гэж хэлээд, ирэхээр нь цуг усан дээр очсон. Тэгээд малаа услаад зогсож байхад******* ирсэн.**************д хандаж “чи малаа завсар чөлөөгөөр услаад гаргачихгүй бөөн малан дээр” гэж хэлэхэд******* мотоциклиосоо буугаад чулуу аваад “чи яасан их хүн даралдаг юм чамайг ална шүү” гээд чулуугаа шидэхэд*******ын зүүн чамархай хэсэгт оносон.******* нөгөө шидсэн чулууг авах гээд тонгойтол хүү Б.Занданбазар нь*******ыг бариад худгийн хананд наагаад хоёр гарыг нь бариад хорьсон. Тэгтэл хорьж байсан хүүгийнхээ дээгүүр шилбүүрийн модоор 2-3 удаа толгой хэсэгт нь цохисон. Би*******д “чи хүний үг даахгүй яасан хаашаа юм бэ” гэхэд “битгий хуц чи” гээд шилбүүр далайсан.******* “нүд эрээлжлээд ойчих гээд байна” гэхээр нь би аваад гэрлүүгээ харьсан...*******т гэрт очиж хэвтэж байгаад аймгаас өвс татахаар гаражаас машин гаргах гэж байгаад толгой нь эргээд ойчсон... Би эмнэлэг дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/

Гэрч “...2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр******* хүнд зодууллаа гэсэн дуудлагад очиход толгой өвдөнө дотор муухайрна гэсэн зовиур хэлж байсан. Биеийг үзэхэд толгойн зүүн чамархай хэсэгт 5х5 харьцаатай газар хавдсан гематом үүссэн байсан. Нүүр хавьд ямар нэгэн ил харагдах шарх сорви байхгүй байсан...Би өвчин намдаах эмч өгч толгой дээрээ хүйтэн жин тавихыг зөвлөсөн, нэгдсэн эмнэлэгт очиж толгойн зураг авахуулах шаардлагатай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 180200147 дугаартай дүгнэлтэд “1.*******ын биед зүүн нүдний алимны доргилт, зүүн чамархайд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэжээ /ххийн 13-14/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 15-16/

- Хохирогч*******ын амбулаторийн картын хуулбар /хх-ийн 18-20/ - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23-24/

- Хохирлын баримтууд /хх-ийн 25-33/ - Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 21, 52-53, 55-59, 62-63/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байх ба шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв. Шүүгдэгч******* 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр тус аймгийн Луус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөв гашуун” гэх газарт иргэн*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар нотлогдож байна. Иймд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг: Хохирогч******* гэм хорын төлбөрт 1809470 төгрөг нэхэмжилж баримт гаргаж өгснийг шалгаж үзээд иргэний нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд: Давхардаж ирүүлсэн “Дуб” ХХКийн 290000 төгрөгийн баримт /хх-ийн 29/, “Монсуль” ХХК-ийн 53000 төгрөгийн шатахууны баримт /хх-ийн 32/, “МТ Хан-Уул” ХХК-ийн 53400 төгрөгийн шатахууны баримт /хх-ийн 33/ хамаарч байна. Харин хохирогч*******ын шүүхийн шинжилгээний албанд тушаасан 8000 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх 1045800 төгрөг, МРАЙ шинжилгээний төлбөр 290000 төгрөг, эмчийн үзлэг болон эм тарианы төлбөр 69270 төгрөг, нийт 1413070 төгрөгийг шүүгдэгч*******аас гаргуулж хохирогч*******т олгох нь зүйтэй байна. Прокуророос уг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүхээр тус шүүхэд ирүүлсэн боловч шүүгдэгч******* хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлээгүй, хохирогчтой эвлэрээгүй тул хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч******* хохирогчийн “Эмби Жи Мэд” гэх эмнэлэгт хэвтэн эмчлүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргадаг. Хэргийн 26 дугаар талд авагдсан 1045800 төгрөгийн зардал бүхий хохирогчийн “Эмби Жи Мэд” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн баримт болох хүлээн авсан гэх санхүүгийн тэмдэг дарагдсан, НӨАТ-ийн тэмдэг тэмдэглэгээ бүхий нотлох баримтыг шүүх нотлох баримтын шаардлага хангасан байна гэж үнэлсэн болно. Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ял сонсгосныг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байх тул гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч*******ы хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж чанар, прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан чулуу нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт шилжүүлж, шилбүүрийг шүүгдэгч*******д буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч*******д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 3 /гурван/ сарын хугацаанд буюу тухайн сарын 25-ны өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч*******д шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарласугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******аас 1413070 /нэг сая дөрвөн зуун арван гурван мянга дал/ төгрөгийг гаргуулж хохирогч*******т олгож, нотлох баримтын шаардлага хангаагүй 396400 /гурван зуун ерэн зургаан мянга дөрвөн зуун/ төгрөгтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 килограмм жинтэй чулууг устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт шилжүүлж, 90 сантиметр урттай, мяндсан хувьтай шилбүүрийг шүүгдэгч*******д буцаан олгосугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ