Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/218

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-т холбогдох эрүүгийн 1825002740232 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн

Прокуророос, шүүгдэгч Х.Б-ыг 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр *************************** гэртээ эхнэр Э.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ********************************* тоот гэртээ Х.Б нь эхнэр Э.Аг “аав ээжийг маань хүндэлсэнгүй” гэж маргалдан улмаар зодож Э.Агийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, баруун мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна. Дээрхи үйл баримт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: -хохирогч Э.Агийн мөрдөн байцаалтад өгсөн...Тэгээд намайг дээшээ хараад хэвтэж байхад миний нүүр рүү алгадаад авсан. Тэгээд миний үснээс зулгааж аваад миний баруун мөрнөөс хазаад намайг чи ерөөсөө босоод ир гээд намайг үсдэж босгоод хоёр хацар руу алгадаж зодсон бөгөөд сүүлийн удаа алгадаж авахад миний зүүн чих рүү цохиж миний чих дүнгэнэж юм сонсохоо больж зүүн чихнээс бүлээн юм урсах шиг болоод ухаан балартаад байсан. Тэгсэн Б надаас юм асуугаад байх шиг байсан. ...Маргааш нь ээждээ хэлээд эмнэлэг ороод чихээ үзүүлсэн чинь хэнгэрэг цоорсон байсан...” гэх мэдүүлэг, -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 333 дугаартай: ...Э.Агийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, баруун мөрөнд цус хуралт үүсчээ. Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгджээ. Зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт нь ГЗЗ-ийн 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун мөрөнд цус хуралт нь ГЗЗ-ын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Шинэ гэмтлүүд байна.Энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт, -шүүгдэгч Х.Бын яллагдагчаар өгсөн....” Тэгэхээр нь миний уур хүрээд нүүр рүү нь нэг удаа алгадаад авсан. Тэгсэн эхнэр чи яаж байгаа юм гээд уурлаад босоод ирсэн. Тэгэхээр нь би “чи миний эцэг эхтэй хүртэл муухай харьцдаг биз дээ гэж хэлээд үснээс нь хальт зулгаагаад зүүн хацар руу нь алгадсан чинь уйлаад миний чих эвгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хэсэг байж байгаад би эхнэрээс уучлалт гуйсан чинь эхнэр дуугай байгаад байсан. Маргааш нь хүүхдээ цэцэрлэг хүргэж өгчихөөд эхнэр чих болохгүй байна гэхээр нь эмнэлэг оръё гэж хэлээд Медипас ороод үзүүлсэн чинь эхнэрийн зүүн чих цоорсон байна гэж хэлсэн..гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу.Эхнэрээ зодож гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймгийн БаянӨндөр сумын Цагаанчулуут багийн 7-9 тоот гэртээ эхнэр Э.Аг аав ээжийг маань хүндэлсэнгүй гэж маргалдан зодож Э.Агийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, баруун мөрөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан энэ үйлдлийг Прокуророос Эрүүгийн хуульд заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл гэж дүгнэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн энэ үйлдлийн улмаас хохирогч Э.Агийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан “хүний биед хөнгөн гэмтэл учруулах” гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэх үндэслэл болж байна. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 21-33-р хуудас/ зэргийг шинжлэн судлаж, гэм буруугаа хүлээсэн байдал, нийгмийн хор аюулын шинж байдал, хохирогчид учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирно гэж дүгнэв. Хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй, нэхэмжлэл гаргаагүй байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно. Энэ хэрэгт хураагдсан эд зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсан болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч О овгийн Хын Быг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Х.Бт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сард 150 000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бт урьд авсан хувийнбаталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

 6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ