Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж, шүүгч С.Өлзий-Отгон, шүүгч Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Х.М-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Д-д холбогдох

Гэм хор учруулснаас тэжээн тэтгэхтэй холбоотой төлбөр гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Д.Цэцэг-Өлзий, нэхэмжлэгч Х.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхбат, хариуцагч Н.Д, нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Х.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Н.Д нь 2015 оны 02 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автомашин жолоодож яваад замын хөдөлгөөний дүрэм зөрчиж тухайн үед явган зорчиж явсан З.Ганбаатарыг дайрч амь насыг нь хохироосон. Н.Дгийн гэм бурууг Дүүргийн эрүүгийн хэргийн 2 дугаар шүүхийн 577 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоосон. Ингэхдээ хохирогчийн өв залгамжлагч нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр гэм хорын хохирол зэргийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан. Эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэж байх үед Н.Д нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байсан З.Гантуяатай харилцан тохиролцож охин Ану-Үжинг тэжээн тэтгэх тухай хэлцэл хийсэн боловч үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд хариуцагчаас хэлцлийн дагуу сар бүр 250,000 төгрөгийг гаргуулж хохирогч З.Ганбаатарын охин Ану-Үжинд олгуулна уу. Нэхэмжлэгч Х.М би хохирогч З.Ганбаатартай нас барах хүртэл хамтран амьдарч байсан. Охин Ану-Үжингийн ээж юм. Хариуцагч Н.Дтэй холбоо барьж хохирлоо барагдуулах тухай мэдэгдсэн боловч “наад хүүхэд чинь хохирогчийн хүүхэд нь мөн эсэхийг та нар яаж мэдэж байгаа юм бэ, та нар үхсэн хүн босгож ирээд шинжилгээ хийлгэдэг болоо юу, би мөнгө төгрөг өгнө гэж амлаагүй шүү, би өөрөө хилс хэрэгт шийтгэгдсэн хүн” гэх мэтээр доромжилж төлбөр төлөхөөс татгалздаг. 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Ану-Үжингийн хамт амьдардаг. Бага насны хүүхдээ ганцаараа асарч өсгөж байна. Нэхэмжлэлийн шаардлагын төрлөөс хамааран уг нэхэмжлэлд холбогдох маргааныг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Миний нэхэмжлэлийг хүлээн авч нааштайгаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Н.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Х.Мн нэхэмжлэлтэй Н.Дд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Н.Д би 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдрөө 02 дугаар сарын 21-нд шилжих шөнө иргэн З.Ганбаатарыг болгоомжгүй үйлдлээсээ болж дайрч амь насыг нь хохироож Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн нь үнэн. Би тухайн үед ар гэрт нь 11 сая орчим төгрөгийн хохирлыг өгч байсан. Энэ үед нь нэхэмжлэгч Х.М нь хохирогч З.Ганбаатартай гэрлэлтийн баталгаагүй хохирогчоор тогтоогдоогүй, хүүхэд нь 8 сартай хохирогчийн хүүхэд гэдэг нь тогтоогдохгүй ээжээрээ овоглодог байсан. З.Ганбаатар нь өөрийн гэсэн хүүхэдгүй байсан бөгөөд Х.Мн хүүхдийг би асрах үүрэггүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Н.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч нарын нэхэмжлэл болон тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбар, З.Ганбаатарын нас барсан тодорхойлолт, 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр олгосон нас барсныг бүртгэсэн гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 76 дугаартай шийдвэрийн хуулбар, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 522 дугаартай магадлалын хуулбар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 577 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, хохирогчийн төлөөлөгч З.Гантуяа, холбогдогч Н.Д нарын хийсэн хэлцэл, Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шүүхийн тогтоол, Г.Ану-Үжингийн №0000972910 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Улаат дундад хошууны И Ли ашигт малтмал ХХК-ийн тодорхойлолт, хариуцагч Н.Дгийн шүүхэд гаргасан хариу тайлбар, Өмнөговь аймаг дахь Монгол банкны хэлтсийн юанийн ханшийн мэдээлэл, Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх статистикийн хэлтсийн албан бичиг, Г.Ану-Үжингийн халамжийн тэтгэврийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Х.М нь тус шүүхэд гэм хор учруулснаас тэжээн тэтгэхтэй холбоотой хэлцлийн дагуу тохиролцсон 250,000 төгрөгийн төлбөрийг хохирогч З.Ганбаатар /талийгаач/-ын охин Г.Ану-Үжинд 18 нас хүртэл нь хариуцагч Н.Дгээс сар бүр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч Н.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэсэн нь гэм хорын хариуцлага хүлээлгэх эрх зүйн гол үндэслэл юм. Гэм хор учруулагч гэм буруутай байж түүнд хариуцлага хүлээлгэх үндэслэл болно. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 577 дугаар шийтгэх тогтоолоор “Боржигон овгийн Нэргүйн Дг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодод хүнд гэмтэл учруулсан, бусдын амь насыг хохироосон гэм буруутайд тооцсугай. ” гэжээ. /хх-ийн 12-16 дугаар хуудас/ Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 522 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ /хх-ийн 8-11 дүгээр хуудас/, талийгаач З.Ганбаатар нь дээрх зам тээврийн ослоор нас барсан болохыг Нас барсан тухай тодорхойлолт /хх-ийн 3 дугаар хуудас/, Нас барсныг бүртгэсэн гэрчилгээ /хх-ийн 4 дүгээр хуудас/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 577 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 11-16 дугаар хуудас/ зэрэг баримтаар нотолж байна.

Иймд Н.Дгийн гэм буруутай үйлдлийн улмаас талийгаач З.Ганбаатарын амь нас хохирсон нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 508, 509 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагч нь гэм хор учруулсны төлбөрийг талийгаачийн хууль ёсны өв залгамжлагчид төлөх үүрэгтэй байна. Иргэний хуулийн 520 дугаар зүйлд хууль ёсны өвлөгчид хэн багтах талаар зохицуулсан байх ба 520.1.1 дэх хэсэгт “Нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх”-ийг өв залгамжлагчид тооцохоор заажээ. 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн Ганбаатар овогтой Ану-Үжин нь гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхийн дундаас төрсөн боловч талийгаач З.Ганбаатарын төрсөн охин, нас барах хүртэл нь түүний асрамжид байсан нь Г.Ану-Үжингийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 20 дугаар хуудас/, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 76 дугаартай шүүхийн шийдвэр /хх-ийн 5 дугаар хуудас/-ээр тус тус нотлогдож байна. Иймд Г.Ану-Үжинг талийгаач З.Ганбаатарын хууль ёсны өв залгамжлагчид тооцох нь зүйтэй.

Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх заасан 7 хүртэлх насны эрх зүйн чадамжгүй иргэнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт тус тус зааснаар хууль ёсны төлөөлөгч буюу эцэг, эх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөх эрхтэй байхаар заасан тул Г.Ану-Үжинг түүний эх Х.М төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ шүүх хуралдаан дээр “...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэж тайлбарлаж байх боловч өөрийн тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Х.М нь хэлцлийн дагуу харилцан тохиролцсон 250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн боловч зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл хэргийн материалд авагдаагүй, хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан З.Гантуяа, Н.Д нарын хооронд байгуулсан хэлцлийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл хийгдсэн гэж үзэх боломжгүй байна.

З.Ганбаатар /талийгаач/ нь Улаат дундад хошууны И Ли ашигт малтмал ХХК-нд жолоочоор ажиллаж байсан гэх боловч тухайн компанитай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан болон нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаар нотлогдохгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.4.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн гэм хор учруулснаас тэжээн тэтгэхтэй холбоотой төлбөрийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04 тоот тогтоолоор батлагдсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240,000 төгрөгөөс тэжээгчээ алдсаны тэтгэвэр 155,000 төгрөгийг хасаж тооцон, тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүнд 85,000 төгрөгийг хохирогч З.Ганбаатар /талийгаач/-ын охин Г.Ану-Үжин /РД:КН14283101/-нд 16 нас хүртэл, /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ нь хариуцагч Н.Дгээс сар бүр гаргуулж олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Х.М нь Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдэх үед зөрүү төгрөгийг нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.4.1 дэх хэсэг, мөн тус хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Н.Дгээс гэм хорын хохиролд сар бүр 85,000 /наян таван мянга/-н төгрөг гаргуулж 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн Ганбаатар овогтой Ану-Үжин /РД:КН14283101/-д 16 нас хүртэл, /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ нь олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

                                     

 

  

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.БАТТУЛГА

 

                           ШҮҮГЧИД                                        С.ӨЛЗИЙ-ОТГОН

                                                                                   

                                                                      Ц.УРАНГУА