| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 107/2019/0065/Э |
| Дугаар | 400 |
| Огноо | 2019-05-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 400
Л.Пд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Буяндэлгэр,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 44 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Буяндэлгэрийн бичсэн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4 дугаартай эсэргүүцлээр Л.Пд холбогдох эрүүгийн 1904000420026 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
................., 1972 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын механик мэргэжилтэй, Зам тээврийн хөгжлийн төвийн Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний төлбөр авах цэгт төлбөр авагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, 14 дүгээр байрны 38 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:...................../;
Л.П нь 2019 оны 2 дугаар сарын 25-ны шөнө 22 цагийн орчим, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 6 дугаар гудамжны 11 тоот хашаанд оршин суух Батбаатарын гэрт “хамаатан садныг хэл амаар доромжиллоо, дагз руу болон нуруу руу цохилоо” гэж Б.Эрдэнэбаатартай таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүний толгой хэсэг рүү шилний хагархайгаар 2-3 удаа цохисны улмаас хохирогч Б.Эрдэнэбаатарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Багануур дүүргийн прокурорын газраас: Л.Пгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлэхдээ “хохирогчийн өвчтэй байсан хугацааны хөдөлмөрийн хөлс /орлого/ болон хохирогчийн нүүрэнд үүссэн сорви нь ердийн явцаараа арилах эсэхийг тодруулах, хэрэв арилахгүй бол сорви арилгах эмчилгээнд хэдэн төгрөг зарцуулахыг тус тус нотлох, уг хор уршгийг яллагдагч хэдийд, ямар арга, хэлбэрээр нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхэд дүгнэлт хийлгүйгээр шүүхэд ирүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан нотолбол зохих байдлуудын “гэмт хэргийн улмаас учирсан хор
уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолно” гэсэн шаардлагыг зөрчсөн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл буюу “Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам” гэсэн зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтын “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэхийг хянана” гэж заасныг зөрчсөн. Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсгийн 3.5.4 дэх заалтад “Нүүр засаршгүй гэмтэх Үүнд: нүүрэнд үүссэн сорви ердийн явцаар бүдгэрч арилахгүй тохиолдол хамаарна” гэж заажээ. Хохирогч Эрдэнэбаатарын нүүрэнд үүссэн сорви ердийн явцаараа арилах эсэхийг тодруулах шаардлагатай. Энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн хэр хэмжээг нотлоход ач холбогдолтой гэж үзэн дээр дурдсан ажиллагаануудыг хуульд заасны дагуу явуулж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх шаардлагатай тул Харчин овгийн Лхүндэвийн Пүрэвнаранд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1904000420026 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол Л.Пд шүүхээс авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Буяндэлгэр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хохирогч Б.Эрдэнэбаатараас “нүүрэнд үүссэн сорви арилгуулах, мөн таксинд явж өдөрт 20.000 төгрөгийн орлого олдог” гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлээгүй хор уршгийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжилсэн хэдий ч уг хэргийн яллагдагч Л.П нь уг хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байна. Ингэхдээ олох байсан орлого буюу 1 өдрийн 20.000 төгрөгийг 22 өдрөөр тооцож, “440.000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр цалин буухаар төлнө, нүүрэнд үүссэн сорвийг ул мөргүй арилгуулахын тулд хувийн эмнэлгээр судалгаа хийсэн, “Зууны эмэгтэй” гэдэг эмнэлэгт 2019 оны 5 дугаар сарын 20-ны үед очиж лазерын эмчилгээ хийлгэхээр тохиролцсон” тухайгаа хэлж мэдүүлсэн ба хэргийн мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Эрдэнэбаатарын эмчилгээний зардалд 391.942 төгрөг төлсөн нь хохирогч Б.Эрдэнэбаатарын “...2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Л.П намайг дагуулж Улаанбаатар хотод хувийн эмнэлэгт тархи болон хамарны зураг авахуулсан, 90.000 төгрөгийг өгсөн. 2019 оны 3 дугаар сарын 06-наас 13-ны хооронд Улаанбаатар хотод хувийн тархи, мэдрэлийн “Дархан-Оточ” гээд эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн зардал 240.000 төгрөгийг Л.П тушаасан, бас сорвины тос авч өгсөн...” гэх /хх-23/ мэдүүлгээр нотлогддог. Дээрх байдлаас дүгнэхэд шүүгдэгч Л.П нь гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эрдэнэбаатарт учирсан хохирол, хор уршиг нь шүүхийн хэлэлцүүлэгт бүрэн тогтоогдсон. Түүнийг шүүгдэгч Л.П нь бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх хуралдааны явцад дараахи байдлыг нотолно” гэж, мөн зүйлийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г нотлохоор заасан ба мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, мөн зарим хохирол, хор уршгийг нөхөн төлсөн бөгөөд шүүх хуралдааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг “нөхөн төлөхөө” илэрхийлсэн зэрэг нотлох баримтуудад үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байтал хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
2. Шүүгчийн захирамжид “Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаар тушаалаар хамтран баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.5.4 дэх заалтад “нүүр засаршгүй гэмтэх: Үүнд, нүүрэнд үүссэн сорви ердийн явцаар бүдгэрч арилахгүй тохиолдол хамаарна” гэж заасан, хохирогч Б.Эрдэнэбаатарын нүүрэнд үүссэн сорви, ердийн явцаараа арилах эсэхийг тодруулах шаардлагатай” гэж заасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалаар дээрх журмыг хүчингүй болгосон ба уг тушаалаар шинээр батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.5.4 дахь хэсэгт “нүүр засаршгүй гэмтэж, нүүрний төрх алдагдах. Үүнд: нүүрэнд учирсан гэмтлийн улмаас үүссэн сорви нь тухайн хүний нүүрний төрхийг илтэд өөрчилсөн, нүүрний тэгш хэмийг алдагдуулсан, нүдний зовхи, аньсага, хамрын самсаа, уруулын хэлбэрийг алдагдуулсан буюу арьсны түвшингээс дээш овойж хатуурч, эсхүл доош татагдаж хонхойсон сорви үүссэн, нүүрний дүр төрхийг сэргээх мэс засал зайлшгүй хийгдэж засрах боломжтой гэмтлүүд хамаарна. Харин нүүрний дүр төрхийг алдагдуулаагүй сорвиуд хамаарахгүй” байхаар журамласан байна. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09шэ/069 дугаартай дүгнэлтийн “Хэсэг газрын үзлэгт” хэсэгт “Хамрын нурууны дунд хэсэгт 6x0.2 см мэс заслын 7 ширхэг оёдолтой шарх, зулайн зүүн дээд хэсэгт 8x0.2см мэс заслын 4 ширхэг оёдолтой шарх, баруун гарын сарвууны ар хэсэгт 5x0.2см мэс заслын 3 ширхэг оёдолтой шарх. Духны баруун дунд хэсэгт 5x0.2см, хамрын нурууны хэсэгт 4x0.2см, 3.5х0.2см, зүүн хацарт 3.5х0.2см зүсэгдсэн шархнуудтай” байдал тогтоогдсон ба энэ нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д заасан гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт /хх-35/ хамаарч байна. Дээрх нотлох баримтууд болон 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын холбогдох зүйл, хэсэгт заасан байдлуудаас дүгнэхэд Л.Пгийн гэм буруутай, санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Эрдэнэбаатарын биеийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдож тогтоогдсон байтал анхан шатны шүүхээс “илүү тодорхой, нарийвчилсан” хүчин төгөлдөр эрх зүйн актыг баримтлалгүй, хүчингүй болсон эрх зүйн актад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлгүйгээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Л.Пд холбогдох Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 44 дугаартай захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгах саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Л.Пд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “ гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолно” гэж, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д “ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэхийг хянана” гэж тус тус заасныг, Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсгийн 3.5.4 дэх заалтад заасныг тус тус тодруулах шаардлагатай гэж үзэн прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь үндэслэл муутай болжээ.
Учир нь, хохирогч Б.Эрдэнэбаатар шүүхийн хэлэлцүүлэгт “...Би 260.000 төгрөгөөр эмнэлэгт хэвтсэн, 27.000 төгрөгөөр сорвины тос авсан. Би нийтдээ 300.000 гаруй төгрөгийн хохирол авсан. Л.П өөрөө надтай хамт явж байгаад эмчилгээний төлбөр төлсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би хувиараа таксинд явж орлого олдог бөгөөд өдөрт 20.000 төгрөг олдог...” /хх-88-89/ гэж, шүүгдэгч Л.П шүүхийн хэлэлцүүлэгт “...баримттай, баримтгүй нийлээд 600.000 гаруй төгрөг төлсөн. 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 22 хоногийн орлогийн мөнгийг төлнө...” /хх-88-89/ гэж тус тус мэдүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн” байх гэсэн шаардлагыг бүрэн хангажээ.
Анхан шатны шүүх хохирогч Б.Эрдэнэбаатарт учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг дүгнэхдээ, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 18/385 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ыг үндэслэл болгосон байх боловч уг журам нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн А/216/422 дугаар тушаалаар хүчингүй болсон байх бөгөөд Б.Эрдэнэбаатарын биед учирсан “тархины доргилт, зулай, хамрын нуруу, баруун гарын сарвуу, дух, хамрын нуруу, зүүн хацарт зүсэгдсэн олон тооны шарх” гэмтлүүд нь шинээр батлагдсан 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна.
Шүүгдэгч Л.П нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргаагүй, хохирол нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баримтаа гаргаагүй байгааг харгалзан шүүгдэгч Л.Пд холбогдох эрүүгийн хэргийг шүүх ердийн журмаар эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Л.Пгийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 44 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Л.Пд холбогдох эрүүгийн хэргийг ердийн журмаар хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Л.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ