Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2022/0049/З |
Дугаар | 221/МА2024/0301 |
Огноо | 2024-05-09 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2024/0301
Ч.Ж, “М” ХХК, “Г” ХХК, “М М” ХХК
нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Б
Нэхэмжлэгч: Ч.Ж, “М” ХХК, “Г” ХХК, “М М” ХХК
Хариуцагч: УБЕГ
Гуравдагч этгээд: Э.З, Д.Н, Д.Ч, П.М
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гудамж, 14 дүгээр байрны мансардын давхарт тоот хаягт байрших 358.6 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Чийн өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэлийн Ү-22003032261 дүгээр бүртгэлийг үндэслэн олгосон 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 0045465600 дугаартай гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох, Б тоот хаягт байршилтай 200 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Манлайбаатарын өмчлөлд бүргэсэн Ү-2203038810 дугаар бүртгэлийг үндэслэн олгосон 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 0000643931 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах, А тоот хаягт байршилтай 158.6 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Э.Згийн өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэлийн Ү-2203033264 дугаар бүртгэлийг үндэслэн олгосон 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 0000850900 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0153 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б, түүний өмгөөлөгч Т.М, П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө, Н.А, гуравдагч этгээд Г.М, Д.Ч нарын өмгөөлөгч Э.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр
Хэргийн индекс: 123/2022/0049/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Ж, “М” ХХК, “Г” ХХК, “М М” ХХК нар нь УБЕГт холбогдуулан маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0153 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК, “Г” ХХК, “М М” ХХК нарын гаргасан “Д.Чийн өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэлийн Ү-22003032261 дүгээр бүртгэлийг үндэслэн олгосон 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 0045465600 дугаартай гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Жын гаргасан “Д.Чийн өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэлийн Ү-22003032261 дүгээр бүртгэлийг үндэслэн олгосон 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 0045465600 дугаартай гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох, Б тоот хаягт байршилтай 200 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Манлайбаатарын өмчлөлд бүргэсэн Ү-2203038810 дугаар бүртгэлийг үндэслэн олгосон 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 0000643931 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах, А тоот хаягт байршилтай 158.6 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Э.Згийн өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэлийн Ү-2203033264 дугаар бүртгэлийг үндэслэн олгосон 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 0000850900 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарыг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үндэслэлгүй дүгнэсэн талаар:
2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд үүнээс хойш нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодруулаагүй. Үүнтэй холбогдуулан тухайн өдрийн шүүх хуралдаан дээр гуравдагч этгээд Г.Мын өмгөөлөгч Э.М нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.8-д заасны хүлээн авахаас татгалзаж өгнө үү" гэсэн хүсэлтийг гаргаж байсан байдаг. Харин тухайн өдрийн шүүх хуралдаанаас гарсан 0711 дүгээр захирамжаар шүүгч дүгнэхдээ "... Мөн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул тодруулсан шаардлагын хувийг хэргийн оролцогчдод гардуулан тайлбар авах шаардлагатай ..." хэмээн дүгнэж гуравдагч этгээд Г.М өмгөөлөгч Э.М хүсэлтийг хүлээж аваагүй юм.
Гэтэл шүүгч 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр маргааныг шийдвэрлэж шүүхийн шийдвэр гаргахдаа нэхэмжлэгч нарыг шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн хэмээн, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дүгнэлтээ үгүйсгэсэн шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш нэхэмжлэгч нарыг шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхэд хүргэх нотлох баримтууд шинээр нэмэгдээгүй юм.
Нэхэмжлэгч нарын тухайд гуравдагч этгээд нар мансардын давхарт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан талаар мэдээгүй, мөн улсын бүртгэлийн байгууллагаас хэнд, хэзээ өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон талаарх мэдээллийг өгөх боломжгүй гэж хариуг өгч байсан. Харин ч шүүх захиргааны хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэхдээ УБЕГ, Сүхбаатар дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэс рүү 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр албан бичиг явуулсны үндсэн дээр гуравдагч этгээд Э.Згийн нэр дээр гарсан өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарыг авч 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0493 захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байдаг.
Ийнхүү захиргааны хэрэг үүсгэснээс хойш цугларсан нотлох баримтуудын хүрээнд мансардын давхарт ганцхан Э.Згийн нэр дээр бус, нэхэмжлэлд гарын үсэг зурсан П.М нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарчихсан байсныг мэдсэн. П.М өмнө нь нэхэмжлэгч нартай хамт нэхэмжлэл гарган явж байсан бөгөөд энэ үнэн нь илчлэгдсэний дараа тэрээр нэхэмжлэлээсээ татгалзсан байдаг. Мөн хамгийн анх Д.Ч мансардын давхарт өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж, дараа нь мансардын давхрыг хоёр хувааж Э.З, П.М нар руу шилжүүлсэн байсныг захиргааны хэрэг үүсгэж, нотлох баримт цугларсны дараа мэдсэн.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нарыг 2016 онд мансардын давхар барьж байгаатай холбогдуулан маргаж байгаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Барилга барих үйл явц, процессыг “захиргааны акт”-тай адилтган дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна.
3.2. Д.Ч мансардын давхрын өмчлөгчөөр бүртгүүлэхэд зөвшөөрөл өгсөн гэх хүмүүс нь тухайн орон сууцны өмчлөгч биш байсан талаар:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.5-д “Түүнчлэн Д.Ч нь 2016 онд мансардын давхрын 358.6 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэх мэдүүлэгт тухайн орон сууцны оршин суугч Д.У, Г.С, Ц.Д, С.Х, Ц.Б, Б.Ц, Ч.А нарын гарын үсэг бүхий зөвшөөрлийг хавсаргаж өгсөн байдаг” гэж дүгнэжээ.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д "... орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон 1 дүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө" нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө хамаарахаар зохицуулсан.
"Дээврийн хонгил"-ыг Мансард, Тагтны байр, Налуу дээвэр, Адрын хөндий, Дээврийн хөндий, Дээврийн хонгилын өрөө гэх зэргээр өөр өөрөөр нэрлэдэг. 3 Энэ нь ЗТБХБСайдын Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ ТӨЛӨВЛӨЛТ"-д Адрын (мансардын) давхрын, дээврийн (мансард) давхрын, Мансардын давхрын гэх зэргээр нэрлэж, "Мансардын давхар Барилгын адрын давхар буюу оройн хэсэг. Налуу дээврийн доорх ашигладаг давхар"-ыг ойлгоно гэж зааснаас харагдаж байна.
Эндээс үзвэл нэхэмжлэгч нарын оршин сууж байгаа 14-р байрны Мансардын давхар нь хэн нэгний өмчлөлийнх байх боломжгүй, орон сууц өмчлөгчдийн дундын эд хөрөнгө байхаар байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.5.1-д зааснаар "тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг"-ийг хавсаргана гэж заасан ба Д.Ч нь маргааны зүйл болж буй Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гудамж 14 байрны мансардын давхрын өмчлөгчөөр бүртгүүлэхдээ бусад орон сууц өмчлөгчдөөс зөвшөөрөл авсан хэмээн Д.У, Г.С, Н.Д, С.Х, Ц.Б, Б.Ц, Н.А зэрэг 7 иргэний гарын үсэгтэй, огноогүй өргөдлийг өгсөн нь хавтас хэрэгт авагдсан байдаг.
Орон сууны тухай хуулийн 3.1.1-д "орон сууц" гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг" гэж, 3.1.4-т "орон сууц өмчлөгч" гэж тухайн орон сууцыг захиран зарцуулах эрх бүхий иргэн, хуулийн этгээд, төрийн эрх бүхий байгууллагыг" гэж заасан. Тэгвэл 7 иргэн тус 14 дүгээр байрны орон сууц өмчлөгч мөн байсан эсэхийг тулгаж үзэхэд:
-Д.Уянгын орон сууц өмчлөгч биш бөгөөд тэрээр Д.Ч мэдүүлэг гаргахаас өмнө буюу 2013.09.13-нд орон сууцаа Ж.Мөнхбат руу шилжүүлсэн байсан;
-Г.С өмчлөгч байгаагүй, орон сууцаа гуравдагч этгээд П.М руу шилжүүлсэн байсан.
-Ц.Даваасүрэнгийн тухайд 2012.03.23-ны өдөр Ү-2203015859 дугаартай 132м.кв талбайтай Зоорины давхрын өмчлөгч болсон тул түүнийг орон сууц өмчлөгч гэж үзэхгүй;
-С.Хын тухайд 14-р байрны орон сууцны өмчлөгч биш бөгөөд орон сууцаа 2012.11.29-ний өдөр Т.Оюунгэрэлд шилжүүлсэн, Т.Оюунгэрэл нь дараа нь 2014 он “М” ХХК-д шилжүүлсэн байсан.
-Ц.Бийн орон сууцны өмчлөгч биш байсан.
-Б. Цэрэнбалтав орон сууцны өмчлөгч байсан.
-Ч.Алтанзулын орон сууцны өмчлөгч байгаагүй, Д.Ч мэдүүлэг гаргаснаас хойш 2017.03.20-ны өдөр 14-р байрны 3 тоот орон сууцны өмчлөгч болсон.
Дээрх үйл баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогдож байхад анхан шатны шүүх уr 7 иргэний тухайн орон сууцны оршин суугч, зөвшөөрөл өгсөн гэж дүгнэж байгаа нь илэрхий үндэслэлгүй дүгнэлт болсон байна
3.3. Д.Чийн мэдүүлэгтээ хавсаргаж өгсөн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь түүний нэр дээр байгаагүй, түүнчлэн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан байсан талаар:
Газрын тухай хуулийн 34.10-т "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно" гэж заасан. Үүнтэй холбогдуулан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.5 4-т зааснаар "газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар"-ыг мэдүүлэгтээ хавсаргахаар заажээ.
Гэтэл Д.Ч нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 161 дүгээр захирамжаар "Рашаанв инвест" ХХК-д 2 жилийн хугацаатай 2003 оны 02 дугаар сарын 08-ны олгогдсон, хугацаа нь дууссан газар эзэмших эрхийн гэрчилгээг хавсаргаж өгсөн байхад хариуцагч нь үүнийг нягтлан шалгаагүй, мэдүүлгийг хүлээн авч бүртгэсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалт гэж заасныг зөрчсөн. Харин анхан шатны шүүх энэ талаар эр зүйн дүгнэлт огт өгсөнгүй.
3.4. 14 дүгээр байрны дээр хүн ажиллаж, амьдрах зориулалт бүхий мансардын давхар нэмж давхарлах барих боломжгүй талаар:
Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д "Орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглоно" гэж заасан. Уг хэсгийг 2011.02 09-ний өдрийн хуулиар ийнхүү өөрчлөн найруулсан байдаг. Хуулийн анхны эхийг үзвэл 15.1 дэх хэсэгт дараах утгатай байсан.
"15.1. Сууц өмчлөгч нь эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрөл олгосноос бусад тохиолдолд орон сууцны зориулалт, төлөвлөлт, барилгын үндсэн бүтээц, хийц болон инженерийн шугам сүлжээг орон сууцны барилгыг анхны зураг төслөөс өөчлөхийг хориглоно."
Дээрхээс үзэхэд 2011.02.09-ны өдрийн хуулиар Орон сууцны тухай хуулийн 15.1 дэх хэсгийг өөрчлөн найруулахдаа ямар ч болзол, нөхцөл заалгүйгээр орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хоригложээ. Эндээс тус 14 дүгээр байран дээр хүн ажиллаж, амьдрах зориулалт бүхий мансардын давхар нэмж давхарлан барих хууль зүйн боломж байхгүй байна.
Түүнчлэн Барилгын тухай хууль /2008 оны/-ийн 20.2-т "Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулах, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчлөх, тухайн барилга байгууламж дотор байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэж заасан.
Д.Чийн захиалгаар барилгын ажлыг явуулж байх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 126 дугаар тушаалаар хоёрдугаар хавсралтаар баталсан Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллын хувьд уг орон сууцны барилга нь барилга байгууламжийн төвөгшлийн хувьд 2-р ангилалд хамаарч байна. Уг тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Барилга, байгууламжийн зураг төсөлд магадлал хийх үйл ажиллагааг зохицуулах журам"-ын 2.4-т "Барилга байгууламжийн зураг төслийн магадлалыг БХБ-ын сайдын 2015 оны 126 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтад заасан барилга байгууламжийн ангиллаар хүснэгт 1-д заасны дагуу хийнэ." гэж заасан байх зааснаар 2-5 ангиллын барилгын тухайд нэгдүгээр үе шатанд "Чиглэлийн мэргэжлийн экспертүүдээр өргөтгөсөн мэргэжлийн зөвлөлийн хурлаар эх загвар зургийн төслийг хэлэлцэж шийдвэрлэнэ", хоёрдугаар үе шатанд "Ажлын зургийг эх загвар зургийн дагуу боловсруулсныг хянаж, ажлын зурагт магадлал хийсэн чиглэлийн мэргэжлийн экспертүүдийн дүгнэлтийг үндэслэн магадлалын ерөнхий дүгнэлтийг нэгжийн орон тооны мэргэжилтнүүд бичнэ" гэж заажээ.
Түүнчлэн Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан " "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм"-ийн 2.3-т "Барилга байгууламжийн зориулалт, ач холбогдол, үйлчлэх хүрээ, хийц бүтээцийн онцлогоос хамааруулан энэхүү дүрмийн 3 дугаар хавсралтад заасан ангиллын дагуу барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг холбогдох байгууллага нь 3 хоногийн хугацаанд олгоно" гэж заасан ба 3 дугаар хавсралтын хүрээнд уг орон сууцны барилга нь 2-р ангиллын барилгад хамаарч байгаа тул "барилга байгууламжийн ангиллаар барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах байгууллага болон комиссын бүрэлдэхүүн" ажиллахаар байна.
Эндээс үзвэл Д.Ч нь мансардын давхрыг бариулахдаа зураг төсөлд магадлал хийлгүүлж, холбогдох зөвшөөрлүүдийг авч бариулсны үндсэн дээр улмаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулж дүгнэлт гаргуулах ёстой байсан ба хариуцагч захиргааны байгууллага нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-д зааснаар Д.Чээс тухайн мансардын барилгын байнгын ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтийг шаардан авах, уг баримт байхгүй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан байна.
Түүнчлэн Д.Чийн мансардын давхар бариулах ажил гүйцэтгүүлсэн этгээд нь барилгын ажил эрхлэх зөвшөөрөлтэй байх боломжгүй М.Э гэх хувь хүн байгаа нь Барилгын тухай хуулийн /2008 оны/ 16.6-д “Барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эхлэх, үргэлжлүүлэхийг хориглоно” гэж заасантай нийцэхгүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 0153 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч, гуравдагч этгээд нараас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ч.Ж, “М” ХХК, “Г” ХХК, “М М” ХХК нараас УБЕГт холбогдуулан “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гудамж, 14 дүгээр байрны мансардын давхарт байрших 358.6 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Чийн өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэлийн Ү-22003032261 дүгээр бүртгэлийг үндэслэн олгосон 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 0045465600 дугаартай гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох, Б тоот хаягт байршилтай 200 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.М өмчлөлд бүргэсэн Ү-2203038810 дугаар бүртгэлийг үндэслэн олгосон 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 0000643931 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах, А тоот хаягт байршилтай 158.6 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Э.Згийн өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэлийн Ү-2203033264 дугаар бүртгэлийг үндэслэн олгосон 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 0000850900 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
3. Хэргийн үйл баримтаас үзэхэд анх гуравдагч этгээд Д.Ч нь 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гудамж, 14 дүгээр байрны мансардын давхарт 358 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргажээ.
3.1. Уг мэдүүлэгтээ контор орон сууцны барилгын өргөтгөл мансардын төлөв байдалд шалгалт хийсэн талаарх Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 02-07-84/1306 дугаар дүгнэлт, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас барилгад дугаар олгосон албан бичиг, 2014 оны 9/14 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээ, орон сууц, барилга хамтран барих гэрээ болон бусад холбогдох баримтыг хавсаргасан байна.
3.2. Улсын бүртгэлийн байгууллагаас 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр маргаан бүхий 358.6 м.кв талбайг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033264 дугаарт бүртгэж, 000465600 дугаартай гэрчилгээг нэхэмжлэгч Д.Чт олгожээ.
3.3. Улмаар Д.Ч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн 200 м.кв талбай бүхий “Б” тоотыг П.Мт 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу шилжүүлж, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-2203038810 дугаарт бүртгэгдэж, 000643931 дугаартай гэрчилгээ гуравдагч П.Мт, үлдэх 158.6 м.кв талбай бүхий “А” тоотыг Э.Зд 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу шилжүүлж, 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-2203033264 дугаарт бүртгэгдэж, 000850900 дугаартай гэрчилгээ тус тус олгогдсон байна.
3.4. Нэхэмжлэгч “Г” ХХК нь иргэн Ц.Бийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-2203015855 дугаарт,
нэхэмжлэгч “М М” ХХК нь иргэн Ц.Бийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 2010 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-2203010934 дугаарт,
нэхэмжлэгч “М” ХХК нь иргэн С.Хын өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-22203015861 дугаарт,
нэхэмжлэгч Ч.Ж нь иргэн Б.Цийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч, 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн Ү-2203015857 дугаарт тус тус бүртгэгдсэн байна.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч.Жийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэл бүхий болжээ.
4.1. Тодруулбал, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлүүд болох Д.Чийг өмчлөгчөөр бүртгэсэн Ү-2203033264 дугаартай бүртгэл 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хийгдсэн нь нэхэмжлэгч Ч.Жийг Б.Цаас орон сууц өмчлөх эрх 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлэн авахаас даруй хоёр жилийн өмнө болсон үйл явдал байна.
4.2. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ч.Ж тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэх үед маргаан бүхий мансардын давхар баригдсан, гуравдагч этгээд Д.Ч өмчлөгчөөр бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон байсан нь сүүлд өмчлөх эрх олж авсан этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
5. Нэхэмжлэгч “М” ХХК, “Г” ХХК, “М М” ХХК нараас УБЕГт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гудамж, 14 дүгээр байрны мансардын давхарт тоот хаягт байрших 358.6 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Чийн өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэлийн Ү-22003032261 дүгээр бүртгэлийг үндэслэн олгосон 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 0045465600 дугаартай гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцсэн байна.
5.1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж тус тус заасан.
5.2. Нэхэмжлэгч нараас маргаан бүхий захиргааны актыг илт хууль болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан энэ тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2203033264 дугаартай бүртгэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан шинжийг агуулсан байхыг шаардана.
5.3. Гэтэл гуравдагч этгээд Д.Ч нь 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг холбогдох баримтын хамт гаргасан болох нь тогтоогдож байх ба улсын бүртгэлийн байгууллагаас хуульд заасны дагуу Д.Чийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байна. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар үндэслэлтэй.
6. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч.Ж, “М” ХХК, “Г” ХХК, “М М” ХХК нараас УБЕГт холбогдуулан гаргасан “Б тоот хаягт байршилтай 200 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Манлайбаатарын өмчлөлд бүргэсэн Ү-2203038810 дугаар бүртгэлийг үндэслэн олгосон 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 0000643931 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах, А тоот хаягт байршилтай 158.6 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Э.Згийн өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэлийн Ү-2203033264 дугаар бүртгэлийг үндэслэн олгосон 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 0000850900 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.
6.1. Хэрэгт авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Хүсэлт хэрэгсэхгүй болгох тухай” 711 дүгээр захирамжид гуравдагч этгээд Г.М өмгөөлөгч Э.М “... одоо нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд хүчингүй болгуулъя гэж байгаа энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан хөөн хэлэлцэх хугацааг илэрхий зөрчсөн болох нь хэргийн материалд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх “Мөн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул” гэж дүгнэн, нэхэмжлэлийн тодруулсан шаардлагыг хүлээн авсан байна.
6.2. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий актуудыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хөөн хэлэлцэх хугацааны талаар нэгэнт дүгнэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах талаар гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн аваагүй хэр нь хэргийг шийдвэрлэхдээ мөн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
6.3. Энэ талаарх нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй хэдий ч шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй.
6.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана”, 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж тус тус заасан.
6.5. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдсон байхыг шаардах бөгөөд хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
6.6. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгэх”, 11.9-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд өөрчлөлт орсноор шинэ өмчлөгчийн өмчлөх эрх үүснэ” гэж зааснаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гудамж, 14 дүгээр байрны мансардын давхарт 358 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.Чийг бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203033264 дугаартай бүртгэл хүчин төгөлдөр байх тохиолдолд уг бүртгэлийг үндэслэж бүртгэсэн гуравдагч этгээд П.М, Э.З нарын өмчлөх эрхийн бүртгэлийг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй.
7. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдолдоо “1. Д.Ч мансардын давхрын өмчлөгчөөр бүртгүүлэхэд зөвшөөрөл өгсөн гэх 7 иргэн нь тухайн орон сууцны өмчлөгч биш байсан болох нь баримтаар тогтоогдож байна, 2. Д.Чийн мэдүүлэгтээ хавсаргаж өгсөн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь түүний нэр дээр байгаагүй, хугацаа нь дууссан байсан, 3. Мансардын давхар нь орон сууц өмчлөгчдийн дундын эд хөрөнгө байхаар байна” гэжээ.
7.1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл гуравдагч этгээд Д.Ч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэгтээ тухайн орон сууцны оршин суугч Д.У, Г.С, Ц.Д, С.Х, Ц.Б, Б.Ц, Ч.А нарын гарын үсэг бүхий зөвшөөрлийг хавсаргаж өгчээ.
Тухайн үед Д.У, Г.С, С.Х, Ц.Б, Ч.А нар нь орон сууцны өмчлөгч биш байсан хэдий ч жинхэнэ өмчлөгч нараас мансардын давхар баригдаж байгаатай холбоотойгоор маргаж байгаагүй, мөн бүртгүүлэхэд бусад өмчлөгч нараас зөвшөөрөл авах талаар тусгаагүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.
7.2. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 13.5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, 13.5.1-д “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг”, 13.5.2-т “газар өмчлөх эрхийг бүртгүүлэхэд тухайн газрын кадастрын зураг болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 18.2-т заасны дагуу өмчилж авсан газрын үнийг сум, дүүргийн төсөвт төлсөн тухай баримт”, 13.5.3-д “тухайн газрыг уг этгээдэд өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр болон түүнээс олгосон гэрчилгээ”, 13.5.4-т “газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар”, 13.5.5-д “барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг”, 13.5.6-д “улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлсөн баримт”, 13.5.7-д “өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, өмчлөгч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар”, 13.5.8-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдөл” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, Д.Чийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхэд бусад өмчлөгч нарын зөвшөөрлийг мэдүүлэгтээ хавсаргах, тухайн Чгазрын өмчлөгч байхыг хариуцагч улсын бүртгэлийн байгууллагаас шаардах хууль зүйн үндэслэл байхгүй байна.
Түүнчлэн маргаан бүхий мансардын давхрыг 2014 оны 9/14 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээ, орон сууц, барилга хамтран барих гэрээний үндсэн дээр Д.Ч захиалан бариулсан байхад “бусад өмчлөгч хамт хамтран өмчлөх ёстой, дундын хөрөнгө байх ёстой” гэх тайлбар үндэслэлгүй.
7.3. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө”, 14.1.1-д “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол”, 14.1.2-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрх эрхийн улсын бүртгэлийн тухайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын харьяалах нутаг дэвсгэрт хамаарахгүй байгаа бол”, 14.1.3-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан бусад эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан бол”, 14.1.4-т “мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй бол”, 14.1.5-д “бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол”, 14.1.6-д “энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол”, 14.1.7-д “энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлөөгүй бол”, 14.1.8-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн хэлцэлтэй агуулгаараа илт зөрөөтэй бол”, 14.1.9-д “мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол”, 14.2-т “Энэ хуулийн 14.1-д зааснаар бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэж тус тус заасныг үзвэл хариуцагч захиргааны байгууллага гуравдагч этгээд Д.Чийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолдоо дурдсанаар улсын бүртгэлийг илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
8. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0153 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” “Г” ХХК, “М М” ХХК нараас УБЕГт холбогдуулан гаргасан “Д.Чийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гудамж 14 дүгээр байрны мансардын давхрын 358.6 м.кв, Ү-2203032261 дугаар бүртгэлийг үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 0045465600 дугаар гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох”, нэхэмжлэгч Ч.Ж, “М” “Г” ХХК, “М М” ХХК нараас УБЕГт холбогдуулан гаргасан “... Мансардын давхрын Б хаягт байршилтай 200 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг П.Мын өмчлөлд бүртгэсэн Ү-2203038810 дугаар бүртгэлийг үндэслэн олгосон 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн 000643931 дугаар гэрчилгээ, мансардын давхрын А тоот хаягт байршилтай, 158.6 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг Э.Згийн өмчлөлд бүртгэсэн Ү-2203033264 дугаар бүртгэлийг үндэслэн олгосон 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 000850900 дугаар гэрчилгээг хүчингүй” нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Жийн гаргасан “Д.Чийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гудамж 14 дүгээр байрны мансардын давхрын 358.6 м.кв, Ү-2203032261 дугаар бүртгэлийг үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 0045465600 дугаар гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ