Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 45

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалан тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Хүрэлцогтод холбогдох эрүүгийн 201601070035 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                   Д.Оргил

Улсын яллагч                                   Х.Эрдэнэтуяа

Шүүгдэгч                                           Э.Хүрэлцогт

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Л.Ганганбарс

Хохирогч                                           У.Отгонболд

Хохирогчийн өмгөөлөгч                М.Алтанцэцэг

Шинжээч эмч                                   М.Энхбаяр нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Зуунмод хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бульдозерчин мэргэжилтэй, “Багануур ХК”-д бульдозерчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, дүү нарын хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр байрны 25 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овгийн Энхтайваны Хүрэлцогт /РД:УГ83111611/

           Шүүгдэгч Э.Хүрэлцогт нь 2016 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Аяс баарны гадна “жирэмсэн эхнэрийг маань түлхлээ” гэх шалтгаанаар иргэн У.Отгонболдын баруун нүд рүү гараараа нэг удаа цохиж, баруун нүдний алимны доргилт, баруун нүдний харааны мэдрэлийн хэсэгчилсэн хатангаршил, баруун нүдний хараа бууралт 0.05, баруун нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Э.Хүрэлцогтын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Намайг тамхи татах гээд гадаа гартал манай найз Алтангэрэлтэй нэг жижигхэн залуу маргалдаад зогсож байсан, тэгээд намайг тамхи асаачихаад эргээд хартал нөгөө хоёр барилцаад зогсож байхаар нь салгах гэж очоод тэр хоёроос бариад автал араас хэн нэг нь өшиглөөд намайг татаад унагаачихсан, би босч ирээд намайг түлхэж унагасан залууг түлхэж унагаад холдуулчихаад Алтангэрэлийг татаж аваад эргээд хартал эхнэрийг маань түлхээд унагачихсан байхаар нь эхнэрээ босгож хашааны гадна гаргачихаад эргэж хашаанд орж, нэг өндөр залууг эхнэрийг маань түлхэж унагасанд уурлаад алгаараа нүүр рүү нь түлхэж унагасан, тэгээд Ууганаа намайг татаж аваад гэр рүүгээ харьцгаасан. ...Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна, би Отгонболдыг манай эхнэрийг түлхэж унагалаа гэж бодоод цохьсон, тэгтэл манай эхнэрийг цохьсон хүн биш, харин би хүн андуураад цохьсон байна лээ. ...Тухайн өдөр хийсэн өөрийнхөө үйлдэлд маш их харамсаж байна. Дахин ийм алдаа гаргахгүй гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-80 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 Хохирогч У.Отгонболдын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2016 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө Баясгалан, Батмягмар нарын хамт Аяс баарны караокед шөнийн 00 цаг 15 минутад орж, 0.75 граммын 1 шил Улаанбаатар архи авч уугаад дуулж 45 минут болсон. Найз маань тэндээс гараад 10 орчим минут болсны дараа би араас нь гараад бие засах өрөө рүү очтол тэнд байхгүй байсан, тэгэхээр нь би тамхилж байгаа юм байлгүй гээд гадаа гартал биеийн тамирын багш хийдэг Үүрдсайхан гэдэг залуу намайг боогоод авсан. Тэгтэл миний хажуу талаас Хүрлээ гэдэг залуу гүйж ирээд баруун талын нүд рүү гараа зангидаж цохьсон. Тэгээд би хашлага налаад газар сууж байгаад нүдээ нээх гэхэд нээгдэхгүй байсан. Тэгээд би хоёр найзыгаа бааранд байна уу гээд ороод хартал Батмягмарын нүүр, хувцас нь цус болчихсон байж байсан, энэ үед цагдаа нар ирээд цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Цагдаагийн хэлтэс дээр ирэхэд хоёр залуу нь ирчихсэн байсан. Намайг хүн андуураад цохьчихсон юм шиг байна лээ. ...Тухайн үед миний нүд хавдсан учраас юм харахгүй байна гэж бодсон, гэтэл хавдар нь буусан хойноо ч юм харахгүй байсан болохоор Цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргасан. Нүд юм харахгүй хэцүү байна, гомдолтой байна. Унааны зардал болон өмгөөлөгчийн хөлс хагалгааны мөнгөө нэхэмжилнэ, мөн цаашид гарах зардлаа нэхэмжилнэ. ...Одоо нийт 2.144.000 төгрөг нэхэмжилж байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Н.Гэрэлцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хүрэлцогтыг хүний нүд рүү цохьсон гэж сонссон. Эхнэрийг нь түлхэж унагахаар нь Хүрэлцогт уурлаад хүний нүд рүү цохьсон гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

Гэрч Б.Золжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө өөрийн нөхөр Хүрэлцогт түүний найз Алтангэрэл болон түүний эхнэр Ганчулуун, манай нөхрийн найз Үүрдсайхан, Ууганбат бид нар Аяс бааранд шөнийн 23 цагийн үед ороод 2 цаг хэртэй дуулж байгаад тэндээс гарахад нэг жижиг биетэй залуу нь Алтангэрэлийг бие засах өрөө рүү орох гэхэд үүдэнд нь мөрлөөд “намайг таних уу, би энэ тоосгон байрны атаман байна, муусайн дамжуулахын бацаан нар аа” гэсэн. Тэгтэл Алтангэрэл “чи зүгээр бай, чамайг танихгүй юм байна, зүгээр одоо яв” гэж хэлээд гараад явсан, нөгөө намхан залуу нь бие засах өрөө рүү орсон. Хүрэлцогт, Ганчулуун бид гурав тооцоогоо хийчихээд Алтангэрэлийн араас гартал баарны үүдэнд Алтангэрэлтэй нөгөө жижиг биетэй залуу маргалдаад зогсож байсан. Тэгээд Үүрдсайхан салгах гээд тэр хоёр дээр очсон чинь хаалган дээр муудалцаад зогсож байсан. Баясгалан гээд онцгой байдлын хувцас өмссөн залуу тамхи татаад хажуу талд зогсож байхаар нь би “наад хэдийгээ аваад яваач” гэж хэлсэн. Баясгалан манай нөхрийг баарны үүдэнд зогсож байхад араас нь татаад нүүр рүү нь цохих шиг болсон. Баясгалан болон бас нэг жижиг биетэй залуу тэр хоёр хүмүүсийг хоргоогоод явуулахгүй байсан. Тэгэхээр нь би Баясгаланг “чи болиоч, хамгаалагч нь юм байж хүн цохиод байхдаа яадаг юм” гэж хэлтэл намайг түлхээд унагачихсан. Би 6 сартай жирэмсэн байсан болохоор манай нөхөр намайг унасан байхыг хараад намайг босгож холдуулчихаад эргэж очоод “чи жирэмсэн хүнийг унагаад байхдаа яадаг юм бэ” гээд Отгонболдыг баруун гараараа цохиод авсан. Тэгээд салгах гэж байхад цагдаа ирсэн. Хүрэлцогт нэг л удаа Отгонболдын нүүр рүү цохьсон. Отгонболдыг Баясгалан гэдэг залуутай андуурч цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Гэрч Б.Алтангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Аяс баарны гадаа зодоон болоод бужигнаад байж байтал баарнаас Отгонболдыг гарч ирж байсан чинь Хүрэлцогт эхнэрээ түлхэж унагасан залуутай андуураад нүүр рүү нь гараа зангидаж байгаад цохьсон, нөгөө залуу ёо ёо гээд суусан, бид нар цагдаа гээд салаад явцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Гэрч Д.Баясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө 23 цагт бааранд орсон, баарнаас Отгонболд бид хоёрыг гарах гэхэд Отгонболдыг Хүрлээ гэх залуу цохьсон. Оогийгийн нүд нь жоохон улайчихсан байсан. Отгонболд миний нүд бүрэлзээд байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,

Гэрч Г.Ууганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Золоо эгч Хүрэлцогт, Батмягмар хоёрын зууралдсан дээр нэмээд зууралдчихсан зогсож байсан Баясгаланг салгах гээд очиход Баясгалан гараа хүчтэй татахад Золоо эгч газар уначихсан, тэгээд байж байтал дотроос Отгонболд гарч ирж таараад Хүрэлцогт ах гүйж очоод Отгонболдын нүдийг гараараа цохиод авсан. Тэгээд салгаад байж байхад цагдаа нар ирсэн. Хүрэлцогт Отгонболдыг Баясгалантай андуурч цохьсон байх, түүнээс биш Отгонболд зодоонд ер оролцоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Гэрч Б.Үүрдсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Аяс караокед Хүрэлцогт, түүний эхнэр Золжаргал, Ууганбат, Алтангэрэл, түүний эхнэр Ганчулуун нарын хамт орсон. Бид хэд тэндээ нэлээд удаан дуулж сууж байгаад Алтангэрэл, Хүрэлцогт бид хэд ариун цэврийн өрөө ороод бие засчихаад гарч явахад нэг намхан залуу мөрлөөд зам хөндөлсөөд байсан. Тэгэхээр нь бид “яаж байна аа” гэцгээхэд Алтангэрэл түүнд “зүгээр яваач” гэж хэлээд өрөө рүүгээ яваад орсон. Биднийг хувцсаа өмсөөд гарахад Алтангэрэл түрүүлээд гараад явсан. Хүрэлцогт, Золжаргал бид хэд цуваад гарцгаасан ба би сүүлд хоцорсхийгээд гарсан. Үлдэгдэл тооцоогоо хийгээд гарахад нэг намхан залуутай Алтангэрэл хэрэлдээд байж байсан, бусад нь хараад зогсож байсан. Тэгэхээр нь би тэр намхан залууг татаад хашааны хажуу тал руу болгоод “та хэд болио, одоо явцгаа” гээд байж байхад Аяс караокений хажуу талд нэг цэрэг хувцастай залуу Алтангэрэлийн эхнэр болон Хүрэлцогтын эхнэртэй юм яриад зогсож байсан. Тэгээд “цагдаа нар ирэх гэж байна, явцгаая” гээд явцгаасан. ...Би тухайн үед ямар ч хүн зодож цохьсон асуудал байхгүй, тэнд байсан жижиг залууг би холдуулаад “ингэж болохгүй” гээд хашаа руу болгоод байж байсан. Тухайн зодоон болох үед бид нартай Үүрцайх гэж хүн хамт яваагүй, харин би л явсан. Намайг Үүрдсайхан гэдэг, зарим хүмүүс Үүрцайх гэж дуудаад байдаг. Хохирогч У.Отгонболдтой хамт Үүрцайх гэж байгаагүй, бид гурвуулаа л явж байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37, 184 дүгээр хуудас/,  

Шүүх эмнэлгийн шинжээчийн 161 тоот “...У.Отгонболдын биед тухайн үед баруун нүдний ухархайн доод ханын хугарал, баруун нүдний алимны доргилт, баруун нүдний хараа бууралт 0.08, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 61 дүгээр хуудас/,

Бүрэлдэхүүнтэй шинжээч эмч нарын “...ШШҮХүрээлэнгийн ШЭШХ-ийн шинжээч эмч нарын гаргасан дүгнэлттэй санал нэг байна. ШШҮХүрээлэнгийн ШЭШХ-ийн шинжээч эмч нарын гаргасан 409 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэл муутай байна. Отгонболдын биед баруун нүдний алимны доргилт, баруун нүдний харааны мэдрэлийн хэсэгчилсэн хатангаршил, баруун нүдний хараа бууралт 0.05, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.1-д зааснаар цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг 30 хувиар тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна…” гэсэн 602 тоот дүгнэлт /хх-ийн 173-175 дугаар хуудас/,

Шинжээч эмч М.Энхбаярын “...Хамгийн анх шинжээч эмч Шаарийбуу үзлэг хийсэн байсан. Дараа нь давтан шинжилгээнд хамрагдаад, одоо танилцуулж байгаа дүгнэлт бол 4 дэх удаагийн комиссын дүгнэлт юм. ...Нүдний гэмтлийн үед харааны бууралтаар гэмтлийн зэргийг тогтоодог. У.Отгонболдын нүдний алимны доргилт, гэмтлийн улмаас харааны хатангаршил 0.05 болж буурсан байсан бөгөөд харааны бууралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.1-д зааснаар цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг 30 хувиар тогтонги алдагдуулсан тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Нүдний хатангаршил нь 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр буюу зодуулсан өдрөөс хойш үүссэн байх боломжтой. Цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Энэ гэмтэл нь нэг удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 182-183 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах “...Э.Хүрэлцогтыг ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд ял шийтгэл бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон…” хуудас /хх-ийн 88 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

            Шүүгдэгч Э.Хүрэлцогт нь 2016 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 01-02 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Аяс баарны гадна “жирэмсэн эхнэрийг маань түлхлээ” гэх шалтгаанаар уурлаж, У.Отгонболдын баруун нүд рүү гараараа нэг удаа цохиж, баруун нүдний алимны доргилт, баруун нүдний харааны мэдрэлийн хэсэгчилсэн хатангаршил, баруун нүдний хараа бууралт 0.05, баруун нүдний дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдож байна. 

Дээрх гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 161, 602 тоот дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч эмч нар гаргасан байх тул уг дүгнэлт, мэдүүлгүүд нь үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч Э.Хүрэлцогт нь өөрийн үйлдэлдээ санаатай хандсан болох нь түүний “…би Отгонболдыг манай эхнэрийг түлхэж унагалаа гэж бодоод Баясгалантай андуураад цохьчихсон…” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд Э.Хүрэлцогтыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчээс эмчилгээний зардал 1.471.200 төгрөгийг хохирогчид хүлээлгэн өгсөн нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр батлагдаж байна

Хохирогч Отгонболд нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс 2.144.000 төгрөг нэхэмжилж байгаагаас эмчилгээнд явсан зардал, эмчилгээ үзлэг, харааны шил хийлгэсэн зэрэгт 144.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 гаргуулахаар нэхэмжилжээ.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлд байцаан шийтгэх ажиллагааны зардлыг, 100 дугаар зүйлд байцаан шийтгэх ажиллагааны зардлыг нөхөн төлүүлэх талаар тус тус хуульчилсан бөгөөд хохирогчийн өмгөөлөгчид төлсөн зардал нь байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул өмгөөлөгчид өгсөн 2 сая төгрөгийг шүүх шүүгдэгчээс гаргуулах боломжгүй.

Хохирогчоос гаргаж өгсөн эмчилгээнд явсан зардал, эмчилгээ үзлэг, харааны шил хийлгэсэн зэрэг баримтанд үндэслэн 134.400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хохирогч Отгонболд нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

Шүүгдэгч Э.Хүрэлцогтод Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

Иймд шүүгдэгчийн хувийн байдал болон дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан ялаас албадан ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.Хүрэлцогтод холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигин овгийн Энхтайваны Хүрэлцогтыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Боржигин овгийн Энхтайваны Хүрэлцогтыг дөрвөн зуун дөчин /440/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг Э.Хүрэлцогтод мэдэгдсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Э.Хүрэлцогт нь эмчилгээний зардалд 1.471.200 төгрөг хохирогчид төлснийг дурдаж, Э.Хүрэлцогтоос 134.400 төгрөгийг гаргуулж, хохирогч У.Отгонболдод олгосугай.
  5. Хохирогч У.Отгонболд нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шүүгдэгч Э.Хүрэлцогт нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг мэдэгдсүгэй.
  7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Э.Хүрэлцогтод урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Э.Хүрэлцогтод холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
  10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Хүрэлцогтод авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           А.БЯМБАЖАВ