Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/831

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

 

 

                                  

 

 

 

 

 2022        06          06                                     2022/ШЦТ/831

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Б.Батцэцэг,

           шүүгдэгч Ц.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Ө холбогдох эрүүгийн 220 600 000 1334 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1982 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл-4, эхнэр, 2-18 насны 2 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн 1 дүгээр гудамжны 16 тоотод байнга оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл  ухаан санаа бүрэн, Ц.Ө /РД:Э82111600/,

Холбогдсон хэргийн талаар:

 

Ц.Ө нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран” зочид буудалд архи соггууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Я.Б маргалдан улмаар хөлөөрөө нүүр хэсэгт нь өшиглөх үйлдлээр биед нь баруун дээд 1, 2-р шүдний сулрал, баруун нүдний алимны салстын цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Ө мэдүүлэхдээ: Хэргийн  талаар нэмж ярих зүйлгүй.  Хохиролд 100.000 төгрөг төлсөн гэв. 

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 6 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Я.Бийн өгсөн:...Би 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 13 цаг өнгөрч байхад гэрээсээ Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах “Наран” зочид буудалд ирсэн, 14 цагийн үед найз Багаа болон түүний найз болох Өлзий гэх залуутай бид гурав буудлын өрөө авсан бөгөөд буудалд орохдоо “Соёрхол” нэртэй 1 шил 0,75 литрийн архи хувааж уусан. Удалгүй манай эхнэр Цогзолмаа, найз Ганчимэгийн хамт буудалд орж ирсэн. Би архи уучихаад, орон дээр хэвтэж байхад Багаагийн найз Өлзий ирээд, баруун нүд рүү болон хамар луу хөл нүцгэн байхдаа хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн, би өшиглүүлж байснаа муухан санаж байгаа бөгөөд би цохиулаад миний хамраас их хэмжээний цус гарсан. Тэгээд би гэрлүүгээ эхнэрийн хамт харьсан бөгөөд эхнэр Цогзолмаа хамраас чинь цус гараад тогтохгүй байна гэж хэлээд эмнэлгийн тусламж болон цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Г өгсөн:…Тэгээд би буудалд ороод нэг орон дээр нь хэвтээд унтаад өгсөн. Унтаж байхад Цогзолмаа Өлзийг “онгорхой шүдгүй хар” гээд хэрэлдээд байхаар нь хэрүүлд ороогүй, буруу хараад хэвтээд байсан. Тэгээд хэвтэж байхад Я.Б пизда чинь хамраас цус гаргачихлаа шүү дээ гэж хэлэхээр нь босоод хартал, Я.Б орон дээр доошоо хараад хэвтэж байсан бөгөөд хамраас нь цус гарч байсан. Цогзолмаа Өлзийг чи өшиглөөд хамраас нь цус гарчихлаа гэж хэлсэн. Тэгээд Цогзолмаа цагдаа дуудаад, цагдаа ирээд Өлзийг эрүүлжүүлэх рүү авч явсан. Я.Бийн царайг харахад баруун нүд нь бага зэргийн хөхөрсөн байсан бөгөөд одоо улам их хавдсан. Хамраас нь цус гарч байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ц.Өын өгсөн:... 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдөр Батмөнх гэх найзын хамт усанд орно гээд яриад байж байтал Я.Б гаднаас орж ирээд хамт явахаар болсон. Бид гурав Наран зочид буудалд ороод 1 шил 0,75 л хэмжээтэй архи аваад хувааж уусан. Я.Бийн эхнэр гэх эмэгтэй, Ганаа гээд найзтай маань гаднаас орж ирээд архи нэмж аваад уусан. Гэтэл Я.Бийн эхнэр нь намайг “Онгорхой хар юмгээд доромжлоод нөхөр нь “Би ганц худагт орж байсан шүү” гэх зүйлс яриад байсан. Ингэхэд нь би Я.Бийн нүүр лүү нь гараараа 2 удаа цохиж биед нь халдсан. Тухайн үед Я.Бийн хамраас цус гарч байсан. Маргааш нь Я.Б уулзахад нь нүд нь хөхөрчихсөн байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Я.Б нь надаас хохиролын мөнгө гэж 100.000 төгрөг авсан бөгөөд өөр хохирол байхгүй гэж хэлсэн ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 4129 дугаартай:

1 Я.Бийн биед баруун дээд 1, 2-р шүдний сулрал, баруун нүдний алимны салстын цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой ба тухайн хэрэг болсон гэх хугацаан учирсан байх боломжтой.

 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Баяртогтох гэх дүгнэлт /хх-н 19-20 дахь тал/,

 

-Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

Шүүгдэгч Ц.Өын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 35-р тал/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 27-р тал/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.Ө нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран” зочид буудалд архи соггууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Я.Б маргалдан улмаар хөлөөрөө нүүр хэсэгт нь өшиглөх үйлдлээр биед нь баруун дээд 1, 2-р шүдний сулрал, баруун нүдний алимны салстын цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар 5 нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

 

 Шүүгдэгч Ц.Өын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан,  хохирогч нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Ц.Өод холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан:  ...шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно  гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Ц.Ө нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран” зочид буудалд архи соггууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Я.Б маргалдан улмаар хөлөөрөө нүүр хэсэгт нь өшиглөх үйлдлээр биед нь баруун дээд 1, 2-р шүдний сулрал, баруун нүдний алимны салстын цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн хохирлыг санаатай учруулсан үйл баримт нь хохирогчийн  мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 4129 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн  нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

                                                                                                

Иймд шүүгдэгч Ц.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Зодох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох бөгөөд хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэртэй байж болно.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  зааснаар шүүгдэгч Ц.Ө нь гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэнд хөнгөн хохирол учруулсан байна.

 

              Хохирогч Я.Бийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Ц.Өын гэм буруугийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5  дугаар зүйлийн 1 дэх   хэсэгт: ... энэ хуулийн тусгай ангид заасан  гэмт хэргийн улмаас  хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон  үндэсний эрх  ашиг сонирол, аюулгүй байдалд  шууд учирсан үр дагаврыг  гэмт хэргийн  хохиролд тооцно,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.

 

Хохирогч Я.Б нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй, зохих ёсны хохирол барагдуулсан гэх хүсэлтийг хэрэгт ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хавтаст хэргийн 44 дэх тал/

                                              

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ц.Ө нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Ц.Өод эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, 1.4-т заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:..  согтуурсан мансуурсан үедээ  гэмт хэрэг үйлдсэн  бол  эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй  гэж хуульчилжээ.

 Шүүгдэгч Ц.Ө нь энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн бөгөөд согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Өод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна.

 

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй гэж хуульчилжээ.

 

 Шүүгдэгч Ц.Ө нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид баримтаар төлөх төлбөргүй зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ө нь бусдад баримтаар төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Шүүгдэгч Ц.Өод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

 

1. Ц.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Ө 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Ө оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т зааснаар шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, бүрэн төлж барагдуулах үүрэгтэй болохыг Ц.Өод мэдэгдсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ц.Ө нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Өод урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ