Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/924

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2022        06          17                                     2022/ШЦТ/924

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Дариймаа,

улсын яллагч Б.Мөнхтулга,

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.От яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 220 601 391 1583 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1991 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ блокны үйлдвэрт ажилладаг байсан, ам бүл-5, эхнэр, 06-11 насны 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Жавхлант хайрхан 14-52 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,  урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Б.О /РД:/,

 

                        Холбогдсон хэргийн талаар:

 

Б.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 26 дугаар гудамжны 684 тоотод эхнэр Б.О “архи уугаад шөнө болтол гэртээ ирсэнгүй” гэж маргалдан толгойн тус газар нь заазуураар цохиж, улмаар хохирогчийн биед духанд няцарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:                    

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: Манай эхнэр ажлынхантайгаа явж байгаад оройтож ирсэн. Би эхнэртээ “шөнө хүүхдүүдээ хаячихаад хаагуур явж байгаад ирж байгаа юм” гэж хэлээд уурласан. Бид хоорондоо маргалдсан. Манай эхнэр эхлээд намайг хутгаар хатгасан. Би уурлаад заазуурын ар талын хэсгээр эхнэрийнхээ дух руу нь цохисон. Манай эхнэр цагдаа дуудсан. Миний  буруу  гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Гомдол мэдээлэл, хүлээн авсан тухай тэмдэглэлд: 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо гэртээ иртэл манай нөхөр Б.О миний дух руу заазуураар цохиж зүссэн гэх гомдлыг 88848240 дугаарын утаснаас өгчээ. /хх-ийн 3 дахь тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.О өгсөн:.. 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ажлын газрынхантайгаа гадуур явж архи согтууруулах ундаа хэрэглэсэн юм. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 03 цагийн үед гэртээ орж ирсэн чинь хар шөнөөр хүүхдүүдээ орхичхоод хаашаа яваад ирж байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь чамд ямар хамаатай юм, ажлын газрын хүний төрсөн өдөр болоод тэмдэглэчихээд хүрч ирлээ гэсэн чинь хэрэлдээд, бид хоёр хэрэлдэж байгаад би эхлээд нүүр лүү нь алгадсан чинь зөрүүлээд Отгонбаатар  гэрт байсан заазуурын ар хэсгээр нэг удаа духан дундуур цохисон. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Тэр өдрөөс хойш эмнэлгийн байгууллагаар яваагүй. Түргэн тусламжийн эмч ирээд 2 ширхэг оёдол тавиад яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 12-17 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Оын өгсөн:...Би өөрийн үйлдэлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би эхнэр Цэнд-Аюушаас уучлалт гуйж эмчилгээнд гаргасан мөнгийг нь төлж барагдуулсан байгаа... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын  02-ны өдрийн 3497 дугаартай:

1.Б.О биед духан няцарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, хацарт цус хуралт гэмтэл.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Галиндэв гэх дүгнэлт /хх-ийн 21-22 дахь тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

Шүүгдэгч Б.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 33 дахь тал/,

-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 34 дэх тал/,

- Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 35 дахь тал/,

- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 36 дахь тал/,

-Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 37 дахь тал/,

-Цагдаагийн байгууллагын АСАП сангийн лавлагаа /хавтаст хэргийн 41-43 дахь тал/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 44 дэх тал/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

                  Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 26 дугаар гудамжны 684 тоотод эхнэр Б.О “архи уугаад шөнө болтол гэртээ ирсэнгүй” гэж маргалдан толгойн тус газар нь заазуураар цохиж, улмаар хохирогчийн биед духанд няцарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хэрэгт авагдсан гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Б.Оын гэм буруугийн  үйлдэл  нь хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай  учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.О нь гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэнд хөнгөн хохирол учруулсан байна.

 

Хохирогч Б.О эрүүл мэндэд учирсан хохирол нь  Б.О гэм буруугийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр баталсан Монгол улсын Гэр Бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дүгээр зүйлд: ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтанд байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...нэгэн адил хамаарна гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.Оын үйлдсэн гэмт хэргийн хохирогч Б.О  нь  түүний  хамтран амьдрагч болох нь  тэдгээрийн мэдүүлэгүүдээр тогтоогджээ.

 

 Шүүгдэгч Б.Оыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.Оын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  зүйлчлэн  яллах дүгнэлт  үйлдэн ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй  ба хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... энэ хуулийн тусгай ангид заасан  гэмт хэргийн улмаас  хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон  үндэсний эрх  ашиг сонирол, аюулгүй байдалд  шууд учирсан үр дагаврыг  гэмт хэргийн  хохиролд тооцно гэж,

        Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

      Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.

 

Хохирогч Б.О нь хавтаст хэрэгт гэм хорын хохирлын талаархи нотлох баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгч Б.Оыг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин хохирогч Б.О нь цаашид энэ гэмт үйлдлийн улмаас гарсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан ...  гэм буруугийн зарчмын дагуу шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ... Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Б.От эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх гэмт хэрэг үйлдснийг, 1.4-т заасан хохирогчийн хууль бус зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  заасан онц харгис хэрцгий аргаар гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна

 

Шүүхээс гэмт хэрэг гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн, анх удаа шүүхээр  шийтгэгдэж байгаа, хийсэн хэрэгтээ гэмшиж  гэм буруугаа хүлээн  зөвшөөрч байгаа,  шүүгдэгч Б.Оын ажил хөдөлмөр эрхлэдэг байдал, бага насны 2 хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан  прокурорын гаргасан саналын хүрээнд түүнд 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах  нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй, ажлын хэсэг нь 17 см, бариул нь 12 см төмөр заазуурыг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1,  38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б.Оыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.О  700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3 . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.От оногдуулсан 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-т зааснаар шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй болохыг Б.От мэдэгдсүгэй.

 

            5. Хохирогч Б.О нь энэ гэмт үйлдлийн улмаас гарсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн хар өнгийн иштэй, ажлын хэсэг нь 17 см, бариул нь 12 см төмөр заазуурыг   шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

            7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

              8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ