Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/926

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2022        06          17                                     2022/ШЦТ/926

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Дариймаа,

улсын яллагч Ч.Батзориг,

хохирогч Б.П,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Улаан лам овогт Б.Б яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 220 600 973 1785  дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Баянгол суманд 1992 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-2, хамтран амьдрагчийн хамт, Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо, Батлан хамгаалах яамны гудамж, 636 байрны 56 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, одоо Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо, 7 дугаар гудамжны 3116 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,  урьд:

            -Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 446 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

            -Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 510 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Б.Б /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

            Б.Б нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 7 дугаар гудамжны 3116 тоот гэртээ 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрүүдэд хамтран амьдрагч Б.Пыг архи уулаа гэж хэлсэн шалтгааны улмаас гар, толгой, шанаа, нуруу, цээж рүү нь гараараа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Шүүх хуралдаанд хохирогч Б.П мэдүүлэхдээ: Өдөр болгон архи уугаад байсан тул битгий архи уу гэж шаардлага тавьсан. Бид хоёр 2021 оны 07 дугаар сард танилцсан. Танилцах үедээ архи уудаггүй байсан. Хамтдаа ажилладаг байсан. Сендвичний үйлдвэрт ажиллахаа больсноос хойш архи их хэрэглэдэг болсон. Ачаа бараа буулгаад олсон мөнгөөрөө архи авч уудаг. Би одоо энэ хүнтэй хамт амьдарч байгаа. Нэхэмжлэх зүйл байхгүй. Миний охин надад эм тариа авч өгсөн. Гомдолгүй гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Гомдол мэдээлэл, хүлээн авсан тухай тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Пын өгсөн:.... 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэртээ ганцаараа байж байтал Баасанбямба гаднаас согтуу орж ирээд гэнэт миний баруун зүүн 2 гар руу цохиж, нуруу руу гараараа хэд хэдэн удаа. цохиж миний биенээс гараараа базаад, толгой хэсэгт болон шанаа хэсэгт гараараа 2 удаа цохисон. Ингээд Баасанбямба хэл амаар доромжлоод байхаар нь би тэсэлгүй охин Анужингийн гэрт очсон юм. Маргааш нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 'чи дандаа архи авч ирэн уух юм” гэж хэлтэл намайг мангасдаж ор руу түлхэж унагаад баруун rap руу нэг удаа, цээж рүү хэд хэдэн удаа цохисон.. гэх мэдүүлэг /хх-ийн 12 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр П.А өгсөн:... 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр манай гэрт бие, нүүр нь тэр чигтээ хөх няц болчихсон хүнд зодуулсан байдалтай ирсэн. Юу болсон талаар асуухад “Баасанбямба гзрт архи уугаад байхаар нь тэр архийг нь би нуутал архиа хайж Баасанбямба нь миний дээр гарч гараараа цохиж, хоолой боож, гэдэс рүү өшиглөж зодсон гэж хэлсэн” Баасанбямба гэх хүн нь 2021 оноос хойш ээж Пүрэвжавтай маань Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 7 гудамжны 311 тоотод хамтран амьдарч байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 16 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Б өгсөн:...Би 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хамтран амьдрагч Пүрэвжав болон түүний талийгаач дүү Баярбаатартай хамт гурвуулаа архи хувааж уусан. Архи ууж байхдаа хоорондоо маргалдаж би Пүрэвжавын гар болон биенээс нь чанга базсан юм.Тэгэхэд Пүрэвжавын бие хөхөрсөн байсан бөгөөд Пүрэвжавын охин нь тэрийг хараад ээжийг минь зодсон гэж цагдаад мэдүүлсэн. Би Пүрэвжавын биед халдсанаа хүлээн зөвшөөрч байна. Гар болон биеийг нь гараараа базсанаас болж хөхөрсөн байна лээ. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж өгнө үү. Би хамтран амьдрагч Пүрэвжавын хохирол мөнгийг бүрэн барагдуулж өгсөн байгаа... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дэх тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын  18-ний өдрийн 3011 дугаартай:

1.Б.Пын биед баруун чамархайн хуйх, хамарт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, дух, эрүү, зүүн хацар, цээж, хэвлий, нуруу, баруун бугалга, баруун тохой, баруун шуу, баруун сарвуу, зүүн бугалга, зүүн шуу, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3.Хэрэг болсон гэх ойролцоо цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч М.Аригуунтөгс гэх дүгнэлт /хх-ийн 31-32 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

Шүүгдэгч Б.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 64 дэх тал/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 52 дахь тал/,

            -Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 446 дугаартай шийтгэх тогтоол,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 510 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 66-70 дахь тал/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

                      Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

            Баянзүрх дүүргийн Прокурорын газрын газраас Б.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид  хорих ялын дээд  хэмжээг  таван  жил, түүнээс  доош  хугацаагаар оногдуулахаар  тогтоосон, эсхүл хорих  ял оногдуулахаар  заагаагүй  гэмт хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч Б.Б үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Б.Пт нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

            Б.Б нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 7 дугаар гудамжны 3116 тоот гэртээ 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрүүдэд хамтран амьдрагч Б.Пыг архи уулаа гэж хэлсэн шалтгааны улмаас гар, толгой, шанаа, нуруу, цээж рүү нь гараараа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  үйл баримт болсон нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Б.Б гэм буруугийн  үйлдэл  нь хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай  учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Б нь гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэнд хөнгөн хохирол учруулсан байна.

 

  Хохирогч Б.Пын эрүүл мэндэд учирсан хохирол нь  Б.Б гэм буруугийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр баталсан Монгол улсын Гэр Бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дүгээр зүйлд: ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтанд байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд,

 

3.1.2.тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү,

3.2.Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна гэж тус тус хуульчилжээ.

  Шүүгдэгч Б.Б үйлдсэн гэмт хэргийн хохирогч  Б.П  нь  түүний  хамтран амьдрагч болох нь  тэдгээрийн мэдүүлэгүүдээр  тогтоогджээ.

 

 Шүүгдэгч  Б.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

        Иймд шүүгдэгч Б.Б гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  зүйлчлэн  яллах дүгнэлт  үйлдэн ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй ба гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... энэ хуулийн тусгай ангид заасан  гэмт хэргийн улмаас  хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон  үндэсний эрх  ашиг сонирол, аюулгүй байдалд  шууд учирсан үр дагаврыг  гэмт хэргийн  хохиролд тооцно гэж,

        Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

      Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.

 

Хохирогч Б.П нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээр бичгээр илэрхийлсэн байна. /хавтаст хэргийн 71 дэх тал/

 

Хохирогч Б.П нь хавтаст хэрэгт гэм хорын хохирлын талаархи нотлох баримт ирүүлээгүй тул шүүгдэгч Б.Б нь баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч Б.П нь энэ гэмт үйлдлийн улмаас гарсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан ...  гэм буруугийн зарчмын дагуу шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ... Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  болон  Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:..  согтуурсан мансуурсан үедээ  гэмт хэрэг үйлдсэн  бол  эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй  гэж хуульчилжээ.

 Шүүгдэгч Б.Б нь энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн бөгөөд согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 290 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна.

  

Шүүхээс гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгч Б.Б хувийн байдал зэргийг харгалзан түүнд 290 /хоёр зуун ерэн/ цаг нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулах  нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1,  38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б 290 /хоёр зуун ерэн/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Б.Бд  оногдуулсан 290 /хоёр зуун ерэн/  цаг  нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх  биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

            4. Хохирогч Б.П нь энэ гэмт үйлдлийн улмаас гарсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

            5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

             6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ