| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2022/0864/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/977 |
| Огноо | 2022-06-24 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/977
2022 06 24 2022/ШЦТ/977
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга С.Энх-Амар,
улсын яллагч Х.Эрдэнэтуяа /томилолтоор/,
шүүгдэгч О.Б,
шүүгдэгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Д, С.Д нарт холбогдох эрүүгийн 220 600 000 1597 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, цэргийн хөгжимчин мэргэжилтэй, хувиараа барилгын засал хийдэг, ам бүл-5, эцэг, эх, дүү нарын хамт, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 3 байшингийн 9 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, С.Д /РД: /
Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1997 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй,халх бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын засал хийдэг, ам бүл-2, эхийн хамт, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Овоотын 10 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, С.Д /РД: / нар,
Холбогдсон хэргийн талаар
С.Д нь О.Бтой нар бүлэглэн, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 04 цаг 20 минутын орчимд, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах, автобусны буудал дээр байрлах ТҮЦ-ний ард хэсэгт, шалтгаангүйгээр иргэн С.Дтэй маргалдан улмаар, нүүр лүү нь гараараа цохиж газар унагаан, удаа дараа бие рүү нь гараараа цохиж, өшиглөн, биед нь бүсэлхийн 1-р нугалмын зүүн хөндлөн сэртэн, 2,3-р нугалмын баруун, зүүн хөндлөн сэртэн, 4-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, духанд цус хуралт, зулгаралт, сээр, бүсэлхийн цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэв .
Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Д мэдүүлэхдээ: Хийсэн үйлдэлдээ үнэхээр их гэмшиж байна . дахин ийм үйлдэл гаргахгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Дийн өгсөн:... Би 2022 оны 04 дүгээр сарын 11-ний шөнийн 02 цагийн үед ганцаараа Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах, автобусны буудлын урд талд такси барих гээд зогсож байтал 2 залуу хажуугаар зөрж явснаа эргэж хөөе гэж дуудаад гал байна уу гэхээр нь байна гэсэн. Тэр 2 залуу гал аваад нэг залуу нь тамхи асаагаад намхандуу савхи юм шиг өмссөн залуу малгайтай цамцны малгайнаас татаад ТҮЦ-ний ар луу чирж ороод нөгөө залуу нь нүүр лүү цохиод, унагаагаад өшиглөсөн. Тухайн өдөр намхан сүүлд надтай ирж уулзахдаа өөрийгөө Дөлгөөн гэж нэрлэсэн намхан залуу нь миний малгайтай цамцны малгайнаас татаад ТҮЦ-ний хажуугаар чирж орсон. Нөгөө өндөр Бааска гээд байсан залуу нүүр лүү 2-3 удаа гараараа цохиод татаад газарт унагаасан. Намайг газарт унасны дараа тэр хоёр залуу хоёулаа хоёр талаас олон удаа гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн. Би тэр хоёрт хандаж одоо больчих гэж хэлэхэд хүртэл үргэлжлүүлээд зодоод байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар О.Бийн өгсөн:... Би 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 хорооны нутагт байрлах “Чингис” нэртэй караокед Дөлгөөний хамт 21 цагийн үед ороод 3 ширхэг том пиво уугаад нилээд согтсон. Тэгээд 02 цагийн үед гараад тамхи татаж байгаа хүнтэй маргалдсан. Тэгээд цаашаа 16 дугаар хорооллыЛ талын автобусны буудлын тэнд явж байхад замын цаанаас гарч ирж байсан. 1г тэнд нэг эрэгтэй хүн алхаж явж байгаад намайг боль гээд тэгэхээр нь би тэр ТҮЦ-ний тийшээ дагуулж ороод машины зогсоолын тэнд цохиж, зодсон ;/ хөлөөрөө өшиглөж, гараараа цохисон, тухайн үед архи, согтууруулах ундааны их хэрэглэсэн их согтуу байсан болохоор тухайн үйл явдлыг яг сайн санахгүй. Би тэр эрэгтэйн нуруу руу хөлөөрөө өшиглөсөн, гараараа бие рүү цохисон...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар С.Дий өгсөн:... Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн эрэгтэйг зодсон зүйл байхгүй. Би 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах “Чингис” нэртэй караокед Баасандоржийн хамт 21 цагийн үед ороод 3 ширхэг том пиво аваад хоёрыг Баасандорж болон хамт ажиллаж байсан хүмүүстэй нийлээд уусан. Тэгээд байж байгаад текэн дээр очоод зөөгчтэй нь яриад зогсож байсан чинь Баасандорж байхгүй болохоор араас нь гадагшаа гарсан чинь замын урд талд хүнтэй маргалдаж байсан, тэгээд би араас нь очиход цаанаас эрэгтэй хүн ирж байсан чинт Баасандорж тэр хүнтэй маргалдаад байхаар нь Баасандорж та явчих аа гэсэн чинь тэр хүн боль гээд зууралдаад байсан. Тэгээд Баасандорж, нөгөө ах 2 цаашаа зууралдаад газар унаад Баасандорж босож ирээд өшиглөөд, гараараа бие рүү нь цохисон. Би очоод салгах гээд боль гэсэн чинь чи
цаашаа байж бай битгий гар хүр гээд түлхсэн. Тэгээд болиулаад байж байсан чинь
тэр ах аллаа гээд машинаас хүмүүс гарч ирээд бид хоёр луу дайраад бид хоёрыг зодсон.Тэгээд салцгаасан. Би тэр эрэгтэйг зодож цохисон асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 5592 дугаартай шинжээчийн:
1.С.Дийн биед бүсэлхийн 1-р нугалмын зүүн хөндлөн сэртэн, 2, 3-р нугалмын баруун, зүүн хөндлөн сэртэн, 4-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, духанд цус хуралт, зулгаралт, сээр, бүсэлхийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч О.Болороо гэх дүгнэлт /хх-ийн 23-24-р хуудас/,
Шүүгдэгч С.Дий хувийн байдалтай холбоотой баримт:
-Шүүгдэгч С.Дий иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 57 дахь тал/,
-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 54 дэх тал/,
-Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 55 дахь тал/,
- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 56 дахь тал/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дахь тал/,
Шүүгдэгч О.Бийн хувийн байдалтай холбоотой баримт:
-Шүүгдэгч О.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 51 дэх тал/,
-Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 52 дахь тал/,
- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 53 дахь тал/,
-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 54 дэх тал/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 49 дэх тал/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
С.Д нь О.Бтой нар бүлэглэн, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 04 цаг 20 минутын орчимд, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах, автобусны буудал дээр байрлах ТҮЦ-ний ард хэсэгт, шалтгаангүйгээр иргэн С.Дтэй маргалдан улмаар, нүүр лүү нь гараараа цохиж газар унагаан, удаа дараа бие рүү нь гараараа цохиж, өшиглөн, биед нь бүсэлхийн 1-р нугалмын зүүн хөндлөн сэртэн, 2,3-р нугалмын баруун, зүүн хөндлөн сэртэн, 4-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, духанд цус хуралт, зулгаралт, сээр, бүсэлхийн цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 5592 дугаартай дүгнэлт, зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хохирогч С.Дийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь С.Д, О.Б нарын гэм буруугийн үйлдэлтэй, хохирогч С.Дийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь С.Д, О.Б нарын гэм буруугийн үйлдэлтэй тус тус шалтгаант холбоотой байна.
Гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь бие биенээ үл хүндэтгэсэн, ёс зүйгүй байдлаас үйлдэгдсэн гэж үзэх үндэстэй байна.
Иймд шүүгдэгч С.Д, О.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний эрх ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж ,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д ... гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч С.Д нь энэ хэргийн улмаас баримтаар 870.800 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн байх ба хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч С.Д, О.Б нарыг баримтаар төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-н 93-р тал/
Гэвч хохирогч С.Д эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тул энэ гэмт үйлдлийн улмаас гарсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан:...гэм буруугийн зарчмын дагуу шүүгдэгч С.Д, О.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч С.Д, О.Б нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Д, О.Б нар гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна.
Шүүхээс гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгч С.Д, О.Б нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдыг бүлэглэн зодсон, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирогчид учирсан хохирол төлсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг байдал зэргийг харгалзан прокурорын салын хүрээнд Б С.Д, О.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1/ нэг/ жилийн хугацаагаар зорчих хязгаарлах ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, баримтаар төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:...шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.
Мөн хуулийн 2 дахь хэсэгт:...баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож ялаас хасна гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч С.Д, О.Б нар нь тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1745 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хоригдсон нийт 14 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаас тус тус хасаж тооцох үндэстэй байна. /хх-н 85-р тал/,
Шүүгдэгч С.Д, О.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. С.Д, С.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Содномдаржаагийн Дөлгөөн, Отгонцэцэгийн Баасандорж нарт тус тус 1/ нэг/ жилийн хугацаагаар зорчих хязгаарлах ялаар шийтгэсүгэй. .
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Д нарыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс өөр газар явахыг хориглох, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар С.Д нарт ял оногдуулсан хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Д нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
6 . Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба С.Д, О.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар С.Д, О.Б нарын цагдан хоригдсон 14 хоногийг зорчих эрх хасах ялаас хасаж тооцсугай.
8. Хохирогч С.Д нь энэ гэмт үйлдлийн улмаас гарсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба С.Д, О.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.Д, О.Б нар нь баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Д, О.Б нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ