Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/979

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2022        06          27                                     2022/ШЦТ/979

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Б.Эрдэнэбаяр /томилолтоор/,

шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С.Ситэд  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 220 600 000 1905 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд 1998 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 24 настай, казах, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, хувиараа худалдаа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эцэг, эх, дүү нарын хамт, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 6-228 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял, шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, С.С /РД: БЛ98021030/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

С.С нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цэ” паб дотор бусадтай маргаан үүсгэж, тухайн маргааныг таслан зогсоох гэж байсан хохирогч С.Сын нүүрэн тус газарт нь мөргөх, хагархай шилээр зүсэх зэргээр зодсоны улмаас биед нь хамар ясны хугарал, цээжний зүүн талд, зүүн даланд зүсэгдсэн шарх, хамар, зүүн доод зовхи, хүзүүнд цус хуралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Сит мэдүүлэхдээ:  Хэргийн  талаар нэмж ярих  зүйлгүй.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Сын өгсөн:... Би 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 19:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэ пабад найз Сүйениш, Жарданбек, Ербол, Нуркулан нарын хамтаар үйлчлүүлсэн. Бид нар хүний 3 шил 0.5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво уусан. Ингээд сууж байтал Сүйениш, Ербол нар хоорондоо маргалдаж эхэлсэн. Тухайн үед би тэр хоёрыг салгах гээд дундуур нь орсон чинь Сүйэниш нь миний хамар луу нэг удаа гараараа цохиод, толгойгоороо нэг удаа мөргөөд, ууж байсан пивоны шилийг хагалаад миний зүүн хавирга тус газарт нэг удаа болон зүүн мөрний дээд хэсэгт нэг удаа пивоны хагархай шилээр хатгасан. Ингээд би гэмтлийн эмнэлэгт үзүүлж оёдол хийлгэчихээд цагдаад хандаж байна. Миний хавирга, мөр нийлээд 7-8 оёдол хийлгэсэн бөгөөд хамар хугарсан байна гэсэн. Би өөдөөс нь эсэргүүцэл үзүүлээгүй болиорой гэж хэлээд биеийг нь тэвэрсэн боловч намайг пивоны хагархай шилээр хатгасан. Мөн дундуур нь салгаж орж ирсэн хүмүүсийг бас цохиод байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрч С.С өгсөн:... 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр би өөрийн найзууд болох Сүйэниш, Турар, Нурхулан, Ербол нарын хамт 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт барйлах “Цэ” нэртэй пабад орж үйлчлүүлсэн. Тухайн пабад ороод нэг хүний 5 шил пиво аваад уусан. Тус пивонуудыг ууж байх үед манай найзууд болох Сүйэниш, Ербол хоёр хоорондоо маргаан үүсгэж маргалдсан. Тэр үед манай найз болох Турар нь тэр хоёрын дундуур орж салгах үед Сүйэниш нь Турарыг барьж аваад хамар хэсэгт нь хоёр удаа духаараа мөргөсөн. Харин би пабад үлдэж тооцоог хийгээд араас нь гарсан. Намайг гарахад Тураын мөр болон бэлхүүс хэсэгт Сүйэниш нь пивоны шилээр зүсчихсэн мөн хамар нь хугарсан байдалтай байж байсан. Тэгээд шууд гэмтлийн эмнэлэг явсан. Тус маргааны улмаас өөр бусад хүмүүс хоорондоо маргалдаж муудалцсан зүйл огт байхгүй. Мөн тухайн маргааны улмаас надад ямар нэгэн хохирол учраагүй...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.С өгсөн:... 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр би өөрийн найзууд болох Сүйэниш, Турар, Нурхулан, Жардембек нарын хамт 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цэ” нэртэй пабад орж үйлчлүүлсэн. Тухайн пабад ороод нэгхүний 5 шил пиво авч уусан... Тус пивонуудыг ууж байх үед Сүйэниш нь чи намайг зүгээр суу гэдэг хэн бэ гээд надтай маргалдаж эхэлсэн. Тэр үед Турар нь босч ирээд болиулах гэхэд Сүйэниш нь Турарыг барьж аваад хамар хэсэгт нь мөргөж зодоон эхэлсэн. Тэгээд би Сүйенишээс Турарыг салгаад гадаа авч гарсан. Тэгтэл Турар нь Сүйэниш нь намайг мөргөдөг хэн бэ би зодолдмоор байна гээд тэр хоёр дахин маргалдаж эхэлсэн... Турарын хамар хэсэг мөн зүүн далд хэсэгт Сүйэниш цохих, мөргөх зэргээр гэмтлүүдийг учруулсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 6422 дугаартай:

1.С.Сын биед хамар ясны хугарал, цээжний зүүн талд, зүүн даланд зүсэгд шарх, хамар, зүүн доод зовхи, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.3үсэгдсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч С.Эрдэнэцэцэг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 29 дэх тал/,

-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 30 дахь тал/,

-Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 31 дэх тал/,

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 32 дахь тал/,

- Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 33 дахь тал/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 34 дэх тал/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

С.С нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цэ” паб дотор бусадтай маргаан үүсгэж, тухайн маргааныг таслан зогсоох гэж байсан хохирогч С.Сын нүүрэн тус газарт нь мөргөх, хагархай шилээр зүсэх зэргээр зодсоны улмаас биед нь хамар ясны хугарал, цээжний зүүн талд, зүүн даланд зүсэгдсэн шарх, хамар, зүүн доод зовхи, хүзүүнд цус хуралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэн  хохирогч  болон гэрчүүдийн мэдүүлэг,  Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 6422 дугаартай  шинжээчийн  дүгнэлт зэргээр   нотлогдон тогтоогдсон байна.

 

 Шүүгдэгч С.Сийн гэм буруугийн  үйлдэл  нь  Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн  шинжийг агуулж байх тул  гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5  дугаар зүйлийн 1 дэх   хэсэгт: ... энэ хуулийн тусгай ангид заасан  гэмт хэргийн улмаас  хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон  үндэсний эрх  ашиг сонирол, аюулгүй байдалд  шууд учирсан үр дагаврыг  гэмт хэргийн  хохиролд тооцно,

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

        Иргэний  хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж ,

        Иргэний  хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д ... гэм хор учруулах үед хохирогч  цалин хөлс орлогогүй байсан  бол  тэрээр хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээнээс  багагүй  хэмжээний нөхөн төлбөр  шаардах эрхтэй гэж тус тус хуульчилжээ.

                                  

Хохирогч С.С нь энэ хэргийн учир өөрт учирсан гэм хорын хохиролд баримтаар 300.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч С.С нь дээрх нэхэмжлэлийн дагуу хохирогчид учирсан хохирлоос 190.000 төгрөгийг төлсөн байх тул С.С нь бусдад баримтаар 110.000 төгрөгийн төлөх төлбөртэй байна. /хх-ийн 27, 59-60-р тал/,

 

Хохирогч С.С нь энэ гэмт үйлдлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо  нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

      Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан : ...гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч С.С нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч С.Сид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч С.С нь энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн бөгөөд согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

 Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.С нь  анх  удаа шүүхээр шийтгэгдэж байгаа, гэм буруугаа  хүлээн  зөвшөөрч   ба  хувиараа хөдөлмөр  эрхлэдэг  гэх боловч  түүнийгээ  нотолсон хэрэгт авагдаагүй тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  300 /гурван  зуун/ цаг нийтэд тустай ажил  хийлгэх оногдуулах саналыг гаргав.

 

  Шүүх  хуралдаанд  шүүгдэгч  С.С  хуульд  заасан торгуулийн ял оногдуулж өгөхийг  хүсэв.

 

Шүүхээс  С.С нь анх удаа  шүүхээр шийтгэгдэж  байгаа гэм буруугаа  хүлээн зөвшөөрч  байгаа хэдий ч  гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгч С.С нь хувиар  хөдөлмөр  эрхлэдэг цалин орлоготой  гэх боловч  түүнийг  нотолсон баримтгүй ,  хувийн байдлыг харгалзан  прокурорын гарсан саналын дагуу 300 /гурван  зуун /  цаг нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Шүүгдэгч С.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч С.Сид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1,  38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. С.Сид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Салдатын Сүйенишийг 300 /гурван  зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Сид оногдуулсан 300 /гурван зуун/ нийтэд тустай ажил хийлгэх  ялыг биелүүлээгүй бол нийтэд  тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус  зааснаар  С.Сээс 110.000 / нэг зуун арван мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч С.С РД:/БЛ00210130/ олгосугай.

 

           5. Хохирогч С.С нь энэ гэмт үйлдлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Сид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.АЛТАНЦЭЦЭГ