Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1003

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2022        06          29                                     2022/ШЦТ/1003

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Дариймаа,

улсын яллагч  Б.Өлзийжаргал,

хохирогчийн өмгөөлөгч Л.Азжаргал /ҮД: 01-13/,

шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Д яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 220 600 000 1399 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Орхон аймагт 1991 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ эрхэлсэн ажилгүй байсан , ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18 дугаар байрны 2 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,  урьд:

 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1339 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,

 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 239 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Д.Д /РД:ФБ91/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Д.Д нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 18 дугаар байрны 02 тоотод хамтран амьдрагч Д.Дг үл ялих зүйлээр шалтаглан биед нь тархи доргилт, духанд цус хуралт, дээд уруул, баруун тохойд зулгаралт, баруун мөр, бугалга, шуу, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ: 2022 оны  02 дугаар сард анх шүүх хуралдаан болсны дараа би хохирогчид хоёулаа салъя, хоёулаа бие биеэ алах юм байна гэдгийг хэлсэн. Тухайн үед хохирогч элдүүрээр миний толгойг хагалсан боловч эмэгтэй хүнийг шүүх цагдаагаар явуулаад яах вэ гэж бодоод би бүх хэргийг үүрсэн. Бат-Оюун 03 дугаар сарын 18-ны өдөр гэртээ ирэхэд нь утас руу нь хүн залгаад байсан. Би утсыг нь аваад ярихад эрэгтэй хүн гэртээ орсон уу гэж ярьсан. Бид хоёр 02 дугаар сараас хойш ямар ч харилцаагүй салахаар болсон байсан. Би 03 дугаар сарын 18-ны өдөр чи яв гэхэд Бат-Оюун   чи манайд 2 жил амьдарсан. Тиймээс би танайд 2 жил амьдарна” гэж хэлсэн. Тухайн үед би бүх өрөө төлсөн байсан гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар:

 

       Гомдол мэдээлэл, хүлээн авсан тухай тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 2 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Д өгсөн:... 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр манай хамтран амьдрагч Дэлгэрмөнх овогтой Д.Д нь намайг цалингийн зээл аваад өр ширийг нь дараад өгөөч гэсэн. Тэгэхээр нь үгүй өмнөх 130-140 сая төгрөгийг ээж чинь дарсан байхад яагаад, өмнөх өр чинь дуусахгүй байгаа юм гэж хэлсэн.Тэгсэн тэр өдрөөс хойш Д.Д нь ууртай байсан, яагаад уурлаад байсан, талаар бол мөрийтэй тоглоод өрөнд ороод өрөө дарахын тулд хүмүүсээс мөнгө зээпсэн.Тэгээд мөнгө зээлсэн хүмүүс нь мөнгөө нэхээд гэрт ирдэг, утсаар ярьдаг болохоор тэр уураа надад гаргаад байдаг. Тэгээд шөнө 01 цаг 30 минутын орчимд Д.Д үгний зөрүү байхгүй миний хөлөөс татаад шалан дээгүүр чирээд зайл гээд гэрийн хаалгаар гаргах гээд байсан. Тэгэхээр би хамаг хувцсаа тайлсан байсан болохоор, би гарахгүй гээд тэмцэлдээд байсан. Тэгээд хаалга онгойлгох хооронд би босоод зогсоход Д.Д эргэж хараад намайг хойш нь түлхэхэд би үүдний шкафыг мөргөөд газар унасан.Тэгээд хоорондоо хэрэлдсэн. Тэгээд би явъя гэж хувцсаа өмсөх гээд фудволкоо өмссөн чинь, ууж байсан халуун цайгаа миний цээж рүү цацсан, би ямар ч үг дуугарахгүй байж байгаад хувцас өмсөх зуураа ээж рүүгээ хашааны хаалга онгорхой байгаа юу би очиж байна гэж хэлсэн. Тэгээд гадуур хувцсаа өмсөөд цүнхээ үүрсэн байхад намайг хаашаа явах гээд байгаа юм харанхуй шөнө болсон байхад гээд явуулахгүй байсан, би бол өөрөө айгаад явах гээд байсан. Тэгээд миний хувцсыг тайлах гээд ноцолдож байх хугацаанд миний толгой руу болон бие рүү цохиод байсан.Тэгээд пальто, ороолт, цүнхнээс татахад миний хоолой боогдоод газар унахадаа буйдан мөргөөд унасан. Тэгээд газар унахад нуруу, толгой руу цохиод байсан. Тэгээд би уйлаад явахаа больё гэж хэлээд унтлагын өрөөнд газар зассан орон дээр сууж байхдаа ээж рүүгээ цагдаа дуудаа гээд гэрийн хаягаа бичсэн. Тэгээд хурдан гэсэн мессеж бичсэн.Тэгсэн Д.Д өрөөнд орж ирээд хөлөө жийгээд сууж байхад чи надаа туслахгүй байна, хүмүүс надаас мөнгө нэхээд байхад гэж хэлээд байхад юу ч дугараагүй. Тэгсэн хүрч ирээд зүүн хөлний гуян дээр хөлөөрөө дэвсээд дахиад зодоод эхлэхээр нь би нүүрээ хамгаалаад доошоо хараад хэвтсэн. Тэгэхэд нурууны гол хэсэгт тохойлдоод үсдээд толгой руу цохиод байсан. Тэгээд болиод том өрөөнд ороод гар утсаараа бичлэг үзээд байж байгаад бүх гэрэл, зурагтаа унтраагаад, бүх өрөөний хөшгөө хаахаар цагдаа ирж байгаа юм байна гэж бодоод би өөрийнхөө байсан өрөөний хөшгийг татаж аваад байж байсан чинь орж ирээд өрөөний хаалга хаагаад намайг хэвт гээд ор луу түлхэж унагаагаад дахиад зодоод эхлэхээр нь би орилоод хана цохиод байсан чинь чимээгүй бай гээд хөнжлөөр толгой дээгүүр бүтээгээд толгой нүүр лүү цохиж байх үед хөнжил хүзүүнд зүүсэн ороолт хоёроор хоолой боогдоод амьсгалж чадахаа байгаад би одоо дахиж орилж хашгирахгүй гэж хэлсэн. Тэгээд би хамараас гарсан цусаа нойл орж угаамаар байна гэж хэлсэн. Тэгэхэд Д.Д болиод толгой ороосон хөнжлийг авахад би босоод явах гэсэн чинь толгой эргээд газар унаад буцаж босоод нойл руу явж байгаа юм шиг удаан явж байгаад гэрийн хаалгаа онгойлгоод хөл нүцгэн гараад зугтсан чинь араас Д.Д гарч ирэхэд байрны орцонд цагдаа орж ирсэн байсан.  Миний хамар хугарсан, тархины хаван, тархины зөөлөн эдийн гэмтэл, мөр, тохой, шуу, зүүн өвдөг, зүүн гуя  хэсэгт хөхөрсөн байсан. Тэгээд би Албирин нэртэй хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 7-11 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Д.Дгийн өгсөн:...Би 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр эхнэртэйгээ гэртээ маргалдаад уурласан уурандаа гараараа түлэхэд манай эхнэр шкаф мөргөж унасан. Тэгээд манай эхнэр гэрээсээ гарлаа гээд хашгираад байхаар нь би гарнаас нь татаж, чангааж түлхсэн асуудал байгаа. Тэрнээс биш гараараа зодож цохисон асуудал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 58-р тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын  24-ний өдрийн 4598 дугаартай:

1. Д.Д биед тархи доргилт, духанд цус хуралт, дээд уруул, баруун тохойд зулгаралт, баруун мөр, бугалга, шуу, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Тухайн цаг хугацаанд үүсэн байх боломжтой. Шинжээч эмч О.Болороо гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дэх тал/,

 

-Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 33-р тал/,

- Хохирогчийн  фото  зургууд /хх-н 114-118-р тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

Шүүгдэгч Д.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 81 дэх тал/,

-Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 82 дахь тал/,

-Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 83 дахь тал/,

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх-ийн 84 дэх тал/,

-Жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 85 дахь тал/,

-Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 86 дахь тал/,

-Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 87 дахь тал/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 40 дэх тал/,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 44-45 дахь тал/,

-Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-ийн 46 дахь тал/,

 

2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 744 дүгээртэй шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 48-51 дэх тал/,

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Б.Цэдэнбаблжирын 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хавтаст хэргийн 54 дэх тал/, зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

                      Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

            Баянзүрх дүүргийн Прокурорын газрын газраас Д.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид  хорих ялын дээд  хэмжээг  таван  жил, түүнээс  доош  хугацаагаар оногдуулахаар  тогтоосон , эсхүл хорих  ял оногдуулахаар  заагаагүй  гэмт хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан байна.

Д.Д нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 18 дугаар байрны 02 тоотод хамтран амьдрагч Д.Дг үл ялих зүйлээр шалтаглан биед нь тархи доргилт, духанд цус хуралт, дээд уруул, баруун тохойд зулгаралт, баруун мөр, бугалга, шуу, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч болон яллагдагчийн мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээ, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогджээ. 

 

          Шүүгдэгч Д.Дгийн гэм буруугийн  үйлдэл  нь хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай  учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.Д нь гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэнд хөнгөн хохирол учруулсан байна.

 

  Хохирогч Д.Д эрүүл мэндэд учирсан хохирол нь  Д.Дгийн гэм буруугийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр баталсан Монгол улсын Гэр Бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дүгээр зүйлд: ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтанд байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна гэж  хуульчилжээ.

 

  Шүүгдэгч Д.Дгийн үйлдсэн гэмт хэргийн хохирогч  Д.Д  нь  түүний  хамтран амьдрагч  болох нь  тэдгээрийн мэдүүлэгүүдээр  тогтоогджээ.

 

 Шүүгдэгч  Д.Дг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

        Иймд шүүгдэгч Д.Дгийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  зүйлчлэн  яллах дүгнэлт  үйлдэн ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй  ба хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.5  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... энэ хуулийн тусгай ангид заасан  гэмт хэргийн улмаас  хүний амь нас,  эрүүл мэнд,  эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон  үндэсний эрх  ашиг сонирол, аюулгүй байдалд  шууд учирсан үр дагаврыг  гэмт хэргийн  хохиролд тооцно гэж,

        Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

      Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.

 

 Хавтаст хэрэг  хохирогч Д.Д нь хохиролд 5.994.900 төгрөгийг нэхэмжилжээ.

  Шүүх  дараах   баримтаар нэхэмжилсэн  хохирлыг  гаргуулах  үндэстэй байна гэж үзлээ.

  1. Дамно ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн БЗ1-22-747 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар нийт 32 ширхэг эд зүйлийн үнэлгээг 1.826.100 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-ийн 63-68-р тал/,
  2. MED TRAUMA  эмнэлэгийн 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Толгой тархины ерөнхий бүтэц, гавлын яс, дайвар хөндий хамар-ны дүрс оношлогоо 130.000 төгрөгийн баримт /хх-ийн 37-р тал/,
  3. АЛЛЕРГИ МЕД эмнэлэгийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хэсэгчилсэн бариа, шээсний шинжилгээний 176.000 төгрөгийн баримт /хх-ийн 37-р тал/,
  4. АЛЛЕРГИ МЕД эмнэлэгийн 2022 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн Шинжилгээнүүд 161.000 төгрөгийн баримт /хх-ийн 37-р тал/,
  5. АЛЛЕРГИ МЕД эмнэлэгийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн бусад гэх нэршилтэй 440.400 төгрөгийн баримт /хх-ийн 39-р тал/,
  6.  Шүүх эмнэлэгт  хандаж  шинжээчийн дүгнэлт  гаргуулахад  гарсан зардал  8000 төгрөг,
  7. Хохирогч  Д.Д нь  хөдөлмөрийн  чадвараа түр  алдсанаас    авах  байсан  цалин орлого  5 хоног х нэг өдрийн цалин  хөлс  59.000=  295.000 төгрөг, /хх-н 36, 91-р тал/,
  8. Өмгөөлөгчийн зардал  300.000 төгрөг нийт   3.336.500 төгрөгийг шүүгдэгч Д.Дгаас гаргуулан хохирогчид  олгох  үндэстэй  байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2дугаар зүйлийн  1 дэх  хэсгийн 1. 1-д зааснаар хохирогч өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа  авах эрхтэй  байна.

 Хохирогч    Д.Д   нь эрх зүйн туслалцаа авч ,  өмгөөлөгийн хөлс болох 1.000.000 төгрөгийн баримтыг ирүүлсэн байна. /хх-ийн 29 дүгээр талд/

 Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4  дүгээр  зүйлийн  1 дэх  хэсгийн 1. 1-д: ... хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч , гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн,  орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардлыг  хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалд тооцохоор,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт:... шүүгдэгч  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  шүүх тогтоовол  түүнээс  хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардлыг холбогдох баримтыг  үндэслэн гаргуулна  гэж тус тус  хуульчилжээ.

 Иймд  хохирогч Д.Даас  өмгөөлөгч  Л. Азжаргалд төлсөн  300.000 төгрөгийг  гаргуулж шийдвэрлэв. /хх-н 35-ртал/

Мөн хохирогч Д.Д нь энэ гэмт үйлдлийн улмаас гарсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан ...  гэм буруугийн зарчмын дагуу шүүгдэгч  Д.Д нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт:... Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Д.Дд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Дд урьд нь  энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан , эрхэлсэн  ажилтай гэх боловч  түүнийгээ нотолсон баримт хэрэг  авагдаагүй тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240  /хоёр зуун дөчин цаг/ нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулах  санлыг гаргаж байна.

 

 Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч  эрүүгийн хариуцлага дээр тусгайлан гаргах саналгүй  гэв.

 

   Шүүхээс  гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгч Д.Д  урьд   нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн  байх боловч  хийсэн хэрэгтэй дүгнэлт  хийдэггүй,  дахин эмэгтэй  хүний эрх чөлөөнд  халдаж  эрүүл мэндэд нь хохирол учруулсан,  хувийн байдал зэргийг харгалзан Д.Дд 720 /долоон зуун хорин/ цаг  нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Д.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1,  38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Д.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т  зааснаар Дэлгэрмөнхийн Д.Дг  720 / долоон зуун хорин/  цаг нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Д.Дд  оногдуулсан 720 /долоон зуун хорин/ цаг  нийтэд  тустай ажил  ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  шүүх  биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1,   510  дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус  зааснаар  Д.Дгаас /РД: /  3.336.500 /гурван  сая гурван  зуун гучин мянга  таван   зуун/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Д /РД: / олгосугай.

 

             5. Хохирогч Д.Д нь энэ гэмт үйлдлийн улмаас гарсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

               6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.АЛТАНЦЭЦЭГ