Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2024/0320

 

М.Бын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д

Нэхэмжлэгч: М.Б

Хариуцагч: НУБГ

Гуравдагч этгээд: М.Бат, Б.Г

Нэхэмжлэлийн шаардлага: “НУБГ-ын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б.Г, М.Бат нарын нэр дээр бүртгэгдсэн Ү-2205004697 дугаарт бүртгэгдсэн №000573150 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0223 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 128/2024/0127/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Б нь НУБГт холбогдуулан “НУБГ-ын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б.Г, М.Бат нарын нэр дээр бүртгэгдсэн Ү-2205004697 дугаарт бүртгэгдсэн №000573150 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0223 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.2, 6.3 дахь хэсгийг баримтлан “НУБГ-ын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б.Г, М.Бат нарын нэр дээр бүртгэгдсэн Ү-2205004697 дугаарт бүртгэгдсэн №000573150 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэгч М.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Нэхэмжлэгч М.Бын НУБГт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0223 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч М.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д би дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

3.1. Захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрсөн тухайд: Нэхэмжлэгч М.Б нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “НУБГ-ын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б.Г, М.Бат нарын нэр дээр бүртгэгдсэн Ү-2205004697-д бүртгэгдсэн №000573150 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлага гаргасан. Анхан шатны шүүх шийдвэрийн дүгнэлтийн “шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар” гэсэн хэсэгт 2.1-2.15 хэмээн дугаарлан тоочсон нотлох баримтуудыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үнэлэгдсэнийг дурдсаныг буруутгахыг хүсээгүй ч тэдгээр нотлох баримтыг нэгэнт үндэслэж байгаа тул маргаан бүхий үйл баримтыг, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох нөхцөл байдлыг нотолсон байсаар атал хуульд заасан журмын дагуу хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй бүхэлд нь дүгнэлт хийлгүй орхисонд гомдолтой байна. Тухайлбал: “Манал оточ” ЗБНөхөрлөлийн эрх зүйн байдал нь Иргэний хууль болон Нөхөрлөлийн тухай хуулиар тодорхойлсон төдийгүй бусдад ямар хөрөнгөө хэрхэн шилжүүлсэн, шилжүүлсэн хөрөнгө нь ялангуяа маргааны зүйл болох Нийслэлийн БГДүүргийн 6-р хороо, 3-р хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 67/2 тоотод байршилтай 270.1 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлсэн нотлох баримтаар нотлогдоогүй. Нөхөрлөлийн тухай хуулиар үнэт цаасны нэг төрөл “хувьцаа” гаргах эсэх, гаргасныг нь шилжүүлэн авсан этгээд холбогдох хуульд зааснаар бүртгэл хийлгэсэн эсэх..., түүнчлэн тухай нөхөрлөлөөс шилжүүлэн авсан гэх хөрөнгийн талаарх нотлох баримтад дээрх үл хөдлөх хөрөнгийн тухай мэдээлэл огт тусгаж, тэмдэглэгдээгүй. Зөвхөн “Манал оточ” ЗБНөхөрлөлийн хөрөнгө болох тухайн үеийн үнэлгээгээр 53,500 төгрөгийн дүрмийн санг бүрдүүлсэн эмнэлгийн нэр бүхий хөдлөх хөрөнгийг эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн /гэмтэл, мэдрэлийн өвчний оношилгоо, эмчилгээ/ хамт шилжүүлэн авсан байдаг ба ийнхүү “Манал оточ” ЗБН нэрээр эрхийг хүлээн авснаар эмнэлгийн үйл ажиллагаагаа бусдын байранд түрээслэн явуулсаар байдаг. Хэрэв үл хөдлөх хөрөнгийг хамт шилжүүлэн авсан бол түрээсийн зардал гаргах шаардлагагүй. Одоо ч “Манал оточ” гэсэн нэрээр нэхэмжлэгч М.Бын зэргэлдээх байранд үйл ажиллагаа нь үргэлжилж байна.

3.2. Төрийн өмчийн хорооны 1998 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №342 тогтоолын дагуу Төрийн өмчийн хороо, өмч хувьчлалын газрын дарга нарын гарын үсэг бүхий 1998 оны 05 дугаар сарын 13-ны өдөр олгосон өмчлөгчийн эрхийн 00180 тоот, 1998 оны 05 дугаар сарын 18-ны 2205004697 дугаарт бүртгэгдсэн №7074 тоот Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээнүүд хүчин төгөлдөр байхад MANAL HOSPITAL эмнэлэгийн ерөнхий эмч А.Амгаланбаатар нь дээрх үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэх хүсэлтийг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хүсэлт гаргаж байсан нь уг хөрөнгийг түүнд шилжүүлээгүй байсныг давхар нотолжээ. Нийслэлийн БГДүүргийн 6-р хороо, 3-р хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 67/2 тоотод байршилтай 270.1 мкв талбай бүхий үл хөрөнгийг MANAL HOSPITAL эмнэлэгийн ерөнхий эмч А.Амгаланбаатарт шилжүүлээгүй нь тогтоогдсон, нотлогдсон байхад "Манал оточ" ЗБН-ийг үүсгэн байгуулагч асан А.Маналжавын нөхөрлөлийн үйл ажиллагаанд, хөрөнгийн эрхэд ямар ч хамааралгүй түүний төрсөн охин М.Батчимэгт А.Амгаланбаатар нь 1998 оны 05 дугаар сарын 18-ны 2205004697 дугаарт бүртгэгдсэн №7074 тоот Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг “... лавлагаа авах, бусдад шилжүүлэх, бэлэглэх гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрхийг олгож байна” гэсэн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэл өгсөн нь өөрт огт олгогдоогүй, хэрэгжүүлэх хууль зүйн боломжгүй “эрх”-ийг бусдад 1 сарын хугацаатай өгснөөр уг үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрх бүхий бусад өмчлөгчдийн эрх ноцтой зөрчигдөж эхэлсэн. Ийнхүү нэхэмжлэгч М.Бын төрсөн эгч М.Батчимэг нь дээрх итгэмжлэлийн дагуу 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээгээр “...2205004697 дугаарт бүртгэгдсэн №7074 тоот гэрчилгээтэй 270.1 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө”-ийг Батчимэг өөрийн охин Б.Г, төрсөн дүү Маналжавын Батхүдэр нарын өмчлөлд шилжүүлж, Б.Г өөрийн нөхөр Г.Санжмятавт 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн итгэмжлэлээр “... үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавих, барьцаалбарт төлөөлөх, төлөөлөн гарын үсэг зурах эрхийг олгож байна” хэмээн итгэмжлэл олгож, улмаар уг үл хөдлөх хөрөнгө Итали улсын иргэн Кортиновис Вентуринотой байгуулсан барьцаат зээлийн гэрээний бүртгэлд орсон нь нэгэнт тогтоогджээ.

3.3. Дээр дурдсан нөхцөл байдал бодитой бий болсон, түүнтэй хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтууд нь тодорхой байдаг, эрх бүхий байгууллагад ч холбогдох нотлох баримтууд хадгалагдаж, түүнийгээ хуулбарлаж хэргийн баримтад хавсарган, иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэсэн шийдвэр, нотлох баримтуудыг нь ч мөн захиргааны хэргийн анхан шатны шүүх нь үнэлж дүгнэсэн нь тухайн шийдвэрээс харагдах ч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй, эргэлзээтэй болжээ. Тодруулбал: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар илт хууль бус болох бодит нөхцөл байдал байсаар байхад нэхэмжлэгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжийг харгалзан үзээгүй шийдвэрлэснийг үл зөвшөөрдөг. Нэхэмжлэгч М.Бын хувьд анхнаасаа нөхөрлөлийнхөө үйл ажиллагаанд биечлэн оролцож, аав А.Маналжавынхаа хамт ажиллаж, амьдралынхаа бүхий л цаг хугацаанд эцэг, эхийнхээ амьдарч байсан гал голомтод хувь нэмрээ, хөрөнгөө оруулан өдий 60 гаруй насалтлаа амьдарсан ч ийнхүү эдийн болон эдийн бус амин эрхээ төрсөн эгч, дүү, ах дүүсийнхээ хуульд үл нийцэх үйлдлээр зөрчүүлэн, орох орон ч үгүй гудамд гарч байгаа бодит үнэн юм. Ийнхүү нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдсөн нөхцөл байдал, түүнийг илт хууль бус захиргааны актаар баталгаажсан өнөөгийн нөхцөлд нэхэмжлэгчийн хувьд НУБГ-ын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б.Г, М.Бат нарын нэр дээр бүртгэгдсэн Ү-2205004697-д бүртгэгдсэн №000573150 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг илт хууль бус тогтоолгох урьдчилсан нөхцөл болох онцгой ашиг сонирхол бий болсон юм.

3.4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар: Нэхэмжлэгч М.Быг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхгүй этгээд хэмээн тэд мэтгэлцжээ. Тухайлбал,

-Хэргийн хариуцагч НУБГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэргийн шүүхэд харьяалагдахгүй гэж,

-Гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгч М.Быг нэхэмжлэх эрхгүй гэж тайлбар, татгалзалаа гаргажээ.

-шүүхийн шийдвэрийн дүгнэлтэд ч нэхэмжлэгчийн "эрх дуусгавар" болсон хэмээн дурджээ.

Нэхэмжлэгч М.Б нь дор дурдснаар шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлж, захиргааны хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3. "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг, хуулийн 17 дугаарзүйлийн 17.3-т "Энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ." гэснийг дагуу шүүх захиргааны хэрэг үүсгэн ажиллагаа явуулсан ба захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн тухайд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хамааралгүй бөгөөд хууль ёсны эрх нь зөрчигдсөн этгээд шүүхэд мэдүүлэх эрхтэй байна.

3.5. Хариуцагч НУБГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс илт хууль бус акт гаргахад итгэмжлэлийн асуудалтай шууд холбогдсон тул тэрээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д зааснаар 114 дугаартай нотариатчийг хэрэг хянан шийдвэрлэхэд оролцуулахыг хүссэн боловч орхигдуулсан. Энэ нь анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т "Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.", хуулийн 32.2-т "Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй" гэсэн журмыг зөрчсөн ажиллагаа байна. Нэхэмжлэгч М.Б нь эрүүл мэндийн шалтгаанаар биеийн байдал нь эрс дордож, анхан шатны шүүх хуралдааны өмнө итгэмжлэл өгч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оруулахаар ярилцаж тохирсон ч утсаа аваагүй, эрх олгогдоогүй би ч эрхийг хэрэгжүүлж чадаагүй. Гэтэл шүүхээс энэ нөхцөл байдлыг тодруулалгүй төдийгөөс өдийг хүртэлх хугацаанд хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөж яваа нэхэмжлэгч М. Батбаярыг зөвхөн "утсаа аваагүй" гэх шалтгаанаар хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйгээр хэргийг хэлэлцэж, хуульд заасан эрхийг хэрэгжүүлэх боломж олгоогүйг хүлцэн зөвшөөрч, зөвтгөх боломжгүй юм. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т "Нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагатай, эсхүл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй нь шүүх хуралдаанаас өмнө тогтоогдсон тохиолдолд уг нөхцөлийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр товлосон хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно" гэсэн журмаар нэхэмжлэгч М.Бын хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөл байдал бий болсон эсэхийг тодруулах боломжтой байсан. Учир нь гуравдагч этгээд Маналжавын Батхүдэр төрсөн дүү, нэг байранд амьдардаг, төрсөн эгч Маналжавын Батчимэг гуравдагч этгээдийн төлөөлөгч гэх мэт тэдний ойрын хүмүүс тул тэд бүгдийг мэддэг. Тэд ч ийнхүү М.Быг эмнэлэгт хүргэгдсэн, хэвтсэн нөхцөл байдлыг маш сайн мэдэж байсан учраас шүүх хуралд өөрсдөө ирээгүй. Маргааны явц тэдний хооронд тийм ч хялбар биш.

3.6. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.3-т "Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш долоо хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгох ба түүнд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна." гэсэн журамтай ч итгэмжлэгдсэн төлөөлөгч би 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр очиж хэргийн материалтай танилцахад хуулийн шаардлага хангасан тэмдэглэл хэргийн материалд хавсаргагдаагүй байсныг, танилцах боломжгүй байлаа.

Иймд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 12-ны өдрийн 223 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Бын нэхэмжлэлтэй НУБГт холбогдох "НУБГ-ын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б.Г, М.Бат нарын нэр дээр бүртгэгдсэн Ү-2205004697-д бүртгэгдсэн №000573150 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг илт хууль бус тогтоолгох тухай" нэхэмжлэлтэй хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч, гуравдагч этгээд нараас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.     

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн үйл баримттай харьцуулан, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт зөв дүгнэлт өгч, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.2. Нэхэмжлэгч М.Бааас “НУБГ-ын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б.Г, М.Бат нарын нэр дээр бүртгэгдсэн Ү-2205004697 дугаарт бүртгэгдсэн №000573150 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг НУБГт холбогдуулан гаргажээ.

2. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. “Манал оточ” ЗБН нь 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлийн 2256703 дугаарт бүртгүүлж, мөн оны 05 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн 26/248 дугаартай гэрчилгээ авчээ.

Үүний дараагаар Төрийн өмчийн хорооноос зарласан дуудлага худалдаанд оролцон ялагч болсноор Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 270.1 м.кв талбай бүхий, үйлчилгээний зориулалттай, 55,920,000 төгрөгийн үнэтэй, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү-22050004697 дугаарт бүртгүүлсэн байна.

Нэхэмжлэгч М.Б нь “Манал оточ” ЗБН-ийн үүсгэн байгуулагч, нэг гишүүн нь байсан бөгөөд уг нөхөрлөлийн хувьцааны 30 хувийг эзэмшдэг. Харин хувьцааны 70 хувийг түүний эцэг болох А.Маналжав эзэмшдэг байсан. 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ, мөн өдрийн Бэлэглэлийн гэрээгээр А.Маналжав 70 хувийн хувьцаагаа А.Амгаланбаатарт, М.Б 30 хувийн хувьцаагаа А.Болдбаатарт тус тус шилжүүлснээр нэхэмжлэгч М.Бын хувьд нөхөрлөлийн хувьцаа эзэмшигч биш болсон гэж үзэх бөгөөд нөхөрлөлийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгийн эрх дуусгавар болсон байна.

2.2. А.Амгаланбаатар нь А.Маналжав, М.Б нараас “Манал оточ” ЗБН-ийн хувьцааг 100 хувь шилжүүлж авсны дараа А.Маналжавын охин М.Батчимэгт 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороололд байрлалтай, 270.1 м.кв талбайтай, гэрчилгээ 7074, улсын бүртгэлийн 2205004697 дугаарт бүртгэлтэй эмнэлэг, үйлчилгээний зориулалттай, хоёр давхар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа авах, үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэх, бэлэглэх гэрээнд гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг итгэмжлэлээр олгосон. М.Батчимэг олгосон итгэмжлэлийн дагуу 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г Маналжавын Батхүдэр, өөрийн төрсөн охин Батчимэгийн Гандарь нартай байгуулж, маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд М.Бат, Б.Г нарын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байна.

2.3. Гуравдагч этгээд Б.Гандариас 2024 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан “Манал оточ” ЗБН-ийн улсын бүртгэлийн 2205004697 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн зориулалтыг амины орон сууц болон өөрчлөгдсөн тул гэрчилгээг шинэчилж өгөх” гэсэн агуулгатай мэдүүлэг гаргасны дагуу Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас М.Бат, Б.Г нарыг Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 67/2 тоот хаягт байрлах 270.1 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү-2205004697 дугаарт бүртгэж, 000573150 дугаартай гэрчилгээ олгожээ.

2.4. Нэхэмжлэгч М.Баас А.Маналжав, М.Бат, Б.Г нарт холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Дилав хутагт, Жамсранжавын гудамж, АОС байр, 2 тоот, 270.7 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн 30 хувийн өмчлөгчөөр тогтоолгож, 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай” нэхэмжлэл гаргасныг шүүх хянаад 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/00282 дугаар шийдвэрээр М.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үл хөдлөх хөрөнгийг М.Бын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн.

2.5. Уг шийдвэрийг эс зөвшөөрч М.Баас гаргасан давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авч хянаад, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/00583 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 001/ШХТ2023/00496 дугаар тогтоолоор М.Бын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр М.Бын нэхэмжлэлээр үүссэн иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн байна.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж тус тус заасан.

3.1. Нэхэмжлэгч М.Б нь уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш болох нь тогтоогдсон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа энэ тохиолдолд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 4.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно”, 6.3-д “Энэ хуулийн 6.2-т заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна” гэж тус тус заасны дагуу М.Бат, Б.Г нарыг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү-2205004697 дугаарт бүртгэж, 000573150 дугаартай гэрчилгээ олгосон хариуцагчийг буруутгах үндэслэлгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

3.2. Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг илт хууль болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан энэ тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2205004697 дугаартай бүртгэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан шинжийг агуулсан байхыг шаардана.

3.3. Гэтэл гуравдагч этгээд нарыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл нь илт хууль бус захиргааны актын шинжийг агуулаагүй байна. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлтэй.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д зааснаар 114 дугаартай нотариатчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахыг хүссэн боловч орхигдуулсан ... энэ нь мөн хуулийн 32 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн ажиллагаа байна, 2. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг оролцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, захиргааны гэрээний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг гуравдагч этгээд гэнэ” гэж заасан.

Маргаан бүхий Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 270.1 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, 2 давхар барилгыг улсын бүртгэлийн Ү-22050004697 дугаарт бүртгэсэн бүртгэлийн улмаас А.Амгаланбаатараас М.Батчимэгт олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй. Энэ шалтгаанаар анхан шатны шүүхийг нотлох баримт дутуу бүрдүүлсэн гэж буруутгах үндэслэл болохгүй.

4.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Шүүгч захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 63 дугаар зүйлд заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай бусад тохиолдолд шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар товлож, долоо, түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж, хэргийн оролцогч, бусад оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ”, 71.2-т “Хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 12.00 цагт товлож, мөн өдөр хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх ба нэхэмжлэгч М.Б шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт ирүүлээгүй байна.

Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй гэж шүүхийг буруутгах үндэслэлгүй.

6. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2024/0223 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ