Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 187

 

Б.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00952

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа  даргалж, шүүгч  С.Энхжаргал, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1101 дүгээр шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч Б.Д-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч И.Д-, Хас банкны Дархан салбарт тус тус холбогдох

Б.Чинбатыг эрх зүйн бүрэн чадамжгүйд тооцуулах, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн барьцаат зээлийн 1600000738-01 дугаартай ипотекийн гэрээнд оруулах өөрчлөлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 3-р хэсэг, 22 дугаар бракны 01 тоот 108 м2 талбайтай брак байр, Y-2003006118 улсын дугаарт бүртгэгдсэн Г-2003002233 улсын дугаарт бүртгэгдсэн 760 м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрын хамт Б.Чинбатын эзэмшилд буцаан олгохыг” хүссэн иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн   илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Д-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг, Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Амгалан, Х.Батдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Д-гээс:

           Миний хүү Б.Чинбат нь 2004 оноос эхлэн сэтгэл, мэдрэлийн өвчин тусч өөрийгөө хянах, хийж буй үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгохгүй, бусдын асаргаанд байдаг хүн юм. Түүний нэр дээр Дархан сумын 15-р баг Мангирт 3-р хэсэг 22 тоот 108 м2 талбайтай брак байр бүхий хашаа байдаг ба 000130976 дугаартай, Ү-2003006118, газрын Ү-2003002233 улсын бүртгэлтэй байдаг юм. Хүү Б.Чинбатын эхнэр И.Д- нь ээж, ах, дүү нарт нь мэдэгдэлгүйгээр Б.Чинбатын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг банкинд барьцаалж зээлийн гэрээ байгуулсан байна. Б.Чинбат нь өвчтэй, өөрийн хийж буй үйлдлийнхээ учир холбогдлыг мэдэхгүйгээс И.Д-ыг дагаж банк орж, гарын үсэг зурсан байна.

Иймд  Б.Чинбат нь 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1070015040 дугаартай зээлийн гэрээ болон 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Барьцаат зээлийн 1600000738-01 дугаартай ипотекийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулахдаа эрх зүйн чадамжгүй байсныг тогтоолгох, өөрөөр хэлбэл сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй гэж албан ёсоор тооцогдоогүй байхдаа  дээрх гэрээнүүдийг байгуулсан гэж үзэж байгаа юм.  Б.Чинбат нь эрх зүйн бүрэн чадамжгүй байсныг тогтоосноор Б.Чинбатын Хас банктай байгуулсан дээрх гэрээнүүдиг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах, дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулснаар Б.Чинбатын өөрийн эзэмшлийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 3 дугаар хэсэг 22 дугаар барк байрны 01 тоот 108 мкв талбай орон сууц, 760 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын хамт үл хөдлөх хөрөнгийг Б.Чинбатын өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна гэжээ.

Хариуцагч И.Д-аас:

Би нөхөр Б.Чинбаттай 1996 онд нэг гэрт орсон. Тэр үед эрүүл саруул байсан. 2000 оноос нойргүйдэж өвдөж эхэлсэн. Эмнэлгээр маш их явсан. Хавар, намар өвчин нь хөдөлдөг, улирлын чанартай сэтгэцийн өвчтэй нь үнэн юм. Би Хас банкны байнгын харилцагч. Бид хоёр Дархан сумын 15-р баг Мангирт 3-р хэсэг 22 тоот 108 м2 талбайтай брак байрыг өрхийн хэрэглээнд Хас банкинд 20 сая төгрөгийн барьцаанд тавьсан нь үнэн. Дээрхи үл хөдлөх эд хөрөнгө нь манай нөхөр Б.Чинбатын нэр дээр байдаг нь үнэн. Би дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нөхөр Б.Чинбатын ээж, ах, дүү нарт нь хэлэхгүйгээр банкны барьцаанд тавьсан нь үнэн. Манай хадам ээжийн бичиж өгсөн нэхэмжлэлд дурдсан зүйлүүд үнэн. Хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би ганцаараа энэ мөнгийг төлөхгүй, гэр бүлээрээ л хөдлөж байж төлнө байх гэж бодож байна. Бид Хас банкны зээлийг төлөх нь үнэн. Банк зээлээ төлөөгүй үндэслэлээр барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гарсан. Үл хөдлөх эд хөрөнгө банкны өмчлөлд шилжсэн. Тухайн үед Б.Чинбат өвчтэй байсан тул зээлийн гэрээ болон ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг зөвшөөрч байна гэжээ.

Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Амгалан, Х.Батдэлгэр нараас:

Хас банкны нэхэмжлэлтэй И.Д-, Б.Чинбат нарт холбогдох зээлийн төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 742 дугаартай шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн. 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр албадан биелүүлэх захирамж гарсан. Бид төлбөрөө төлөхийг хугацаа олгож 2 сар хүлээсэн. Тэгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Дуудлага худалдаа явагдахад зарагдаагүй тул хуулийн дагуу Хас банкны өмчлөлд шилжсэн. Үүнийг төлбөр төлөгч тал зөвшөөрсөн. Б.Чинбат өвчтэй байсан талаар одоо мэдэж байна. Эдгээр хүмүүс нэг дор амьдардаг. Бид банкыг хохиролгүй болгож хөрөнгөө ав гэдэг юм. Одоо банкны өмчлөлд хөрөнгө шилжээд 8 сар болж байна. И.Д-, Б.Чинбат нар нь манай банкнаас 8 удаа дээрх хөрөнгийг барьцаалж зээл авч байсан манай байнгын харилцагч мөн. Сүүлд 2014 онд авсан зээлээ төлж чадаагүй нь үнэн. Тухайн үед бид өмчтэй эсэх талаар мэдэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1101  дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6, 56.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д-гийн гаргасан Б.Чинбатыг эрх зүйн чадамжгүйд тооцуулах, Хас банк И.Д-,Б.Чинбат нарын хооронд байгуулагдсан 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, 2014 оны 5 дугаар сарын 8-ний өдрийн барьцаат зээлийн 1600000738-01 дугаартай ипотекийн гэрээнд оруулах өөрчлөлтийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Дархан сумын 15-р баг, Мангиртын 3-р хэсэг, 22 дугаар бракны 01 тоот 108 м2 талбайтай брак байр, Ү-2003006118 улсын дугаарт бүртгэгдсэн, Г-2003002233 улсын дугаарт бүртгэгдсэн 760 м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрын хамт Б.Чинбатын өмчлөлд буцаан олгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгөөс 47,350 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Д-д олгож, 210,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Д- давж заалдсан гомдолдоо:

          Б.Чинбат нь 2004 оноос эхлэн олдмол сэтгэл мэдрэлийн өвчтэй болсон ба тэр үеэс эхлэн эмчлүүлж байсан сүүлд нь буюу 2015 оны 12 дугаар сарын 11-нд сэтгэл зүйн оношлогооны дүгнэлт гаргуулсан. Ер нь өвчний улмаас группид гарахад 6 сараас дээш хугацаагаар эмчийн хяналтанд байж дараа нь  групп  тогтоолгодог. Б.Чинбат нь сэтгэл мэдрэлийн өвчтэй байх үедэ Хас банктай гэрээ байгуулсан гэж үзэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6-д зааснаар эрх зүйн чадамжгүйд тооцуулахаар шүүхэд хандсан.  Б.Чинбатыг өвчтэй байгаа гэдгийг  эхнэр И.Д-, найз нөхөд, эмч Оюунчимэг, Цогтбаатар зэрэг гэрчүүд гэрчилдэг. Иймд дээрх шүүхийн шийдвэрийг хянаж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Б.Д- нь хүү Б.Чинбат болон түүний эхнэр И.Д- нарын Хас банктай байгуулсан зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, хүүгийнхээ эзэмшлийн хувийн сууц болон газрыг  түүний өмчлөлд буцаан олгуулах  тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

          Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хүү Б.Чинбат нь сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй байх үедээ банктай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан хэмээн тайлбарлаж уг байдлаа нотлохоор шүүхэд Б.Чинбатын сэтгэцийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан өвчтөний түүхүүд болон сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэл зүйн оношилгоо, Б.Чинбатыг иргэний эрх зүйн чадамжгүйд тооцсон шүүхийн шийдвэр, түүнд  харгалзан дэмжигч тогтоосон Дархан-уул аймгийн Дархан сумын Засаг даргын захирамж, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь  хугацаа тогтоосон акт зэрэг баримтуудыг  ирүүлсэн байна.

Анхан шатны шүүх дээрх баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад, нотлох баримтаар үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

          Хэрэгт авагдсан баримтаас үзвэл  Б.Чинбат, И.Д- нар нь 2014 оны 5  дугаар сарын 11-ний өдөр барьцаат зээлийн гэрээгээр 20 000 000 төгрөгийг бизнесийн зориулалтаар зээлж авсан бөгөөд зээлийн эргэн төлөлтийг хугацаандаа хийх зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс банк гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар   Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  2015 оны 7  дугаар сарын 23-ны өдөр 742 тоот шийдвэр гаргаж  зээлийг төлүүлэх, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж уг шийдвэрийг биелүүлэх ажиллагааг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба  гүйцэтгэж барьцааны зүйлийн хууль ёсны өмчлөгч нь Хас банк болсон  бөгөөд энэ тухай баримт хэрэгт авагдсан байна.

          Нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай гэрээний талаар шүүхийн шийдвэр гарч, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж гүйцэтгэгдсэн байна.  Уг хүчин төгөлдөр шийдвэрээр зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзээд гэрээний дагуу зээлдүүлэгч банкны шаардах эрхийг хангаж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байхад талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний  хүчин төгөлдөр эсэх талаар шүүх шийдвэр гаргах  хууль зүйн үндэслэл байхгүй байна.

          Талуудын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндэслэл болон баримт нь  шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй  буюу мэдэгдэх боломжгүй байсан тохиолдолд шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулж болохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зохицуулсан байна

Дээрх  байдал нь  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох  үндэслэл болох тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталж нэхэмжлэгчийн хэрэгт цугларсан баримтуудыг анхан шатны шүүх тал бүрээс нь үнэлж хэргийг шийдвэрлээгүй талаарх  гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1101 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.   

          2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.АМАРСАНАА      

                                       ШҮҮГЧИД                                                С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                        О.НАРАНГЭРЭЛ