| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2018/00354/И |
| Дугаар | 391 |
| Огноо | 2018-08-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 391
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын //РД:*******/ /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/ нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, Цэнхэрийн 18-32 тоотод оршин суух Боржигон овогт *******ын *******ад /*******/ холбогдох Дулааны төлбөр, алданги нийт 1,006,648 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Сүхбаатар сумын 2 дугаар баг Цэнхэрийн 18 дугаар байрны 32 тоотын иргэн Э.******* хувийн орон сууцныхаа 2016-2018 оны дулааны төлбөр 629,155 төгрөгийг төлөхгүй манай байгууллагын санхүүд хүндрэл учруулж байна. Манай байгууллагын зүгээс иргэн Э.*******аас дулааны төлбөрийг барагдуулах талаар шаардахад төлнө гэсэн хариу өгдөг боловч төлөлгүй өдийг хүрлээ. Иймд... иргэн Э.*******аас дулааны төлбөр 629,155 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 377,493 төгрөг, нийт 1,006,648 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие ******* овогтой ******* нь 2016-2018 оныхоо дулааны төлбөрөө 2018.07.20-2018.10.01-ний өдрийг хүртэл 3 удаа хуваан төлөх хүсэлтэй байна. Нийт төлбөр 629,155 төгрөг...2018.07.17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Дулааны станцын 2 дугаар багийн хариуцсан дулааны байцаагч *******тай уулзаж алданги 377,493 төгрөг гаргуулахгүйгээр сум дундын шүүхэд хүсэлт гаргаж өгөхөөр болсон...гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
...Хариуцагч Э.*******ын гаргасан тайлбартай танилцлаа. Алданги 377,493 төгрөгийг гаргуулахгүй, үндсэн төлбөр 629,155 төгрөгийг төлүүлэхээр ярилцсан нь үнэн. Хариуцагчтай төлбөрийн үнийн дүн дээр маргаангүй. Хариуцагч үндсэн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэх
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хариуцагч Э.*******ад холбогдуулан Дулааны төлбөр, алданги нийт 1,006,648 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь үндсэн төлбөр 629,155 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь алданги 377,493 төгрөгнөөс татгалзаж, харилцан тохиролцсон болох нь зохигчдын шүүхэд гаргасан Тайлбар-уудаар нотлогдож байна.
Зохигчдын дээрх тайлбар нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 28,701 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 629,155 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 19,525 төгрөгийн тал хувь 9,762.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь 9,762.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын РД: ******* /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/ нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, Цэнхэрийн 18-32 тоотод оршин суух Э.*******ад /*******/ холбогдох Дулааны төлбөр, алданги нийт 1,006,648 төгрөг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийн зохигчид 629,155 төгрөгөнд эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 28,701 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 9,762.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь 9,762.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА