| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2018/00373/И |
| Дугаар | 398 |
| Огноо | 2018-08-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 398
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөхзул би Сэлэнгэ Энерго орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын //РД:*******/ /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/ нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, Баянхаан 2 дугаар хэсэг, 095 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай Сартуул овогт *******ын *******д /*******/ холбогдох Дулааны төлбөр, алданги нийт 695.621 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ Энерго орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 2 дугаар хэсэг, 95 тоотод оршин суух иргэн н.******* нь хувийн орон сууцныхаа 2016-2018 оны дулааны төлбөр 479.739 төгрөгийг төлөхгүй манай байгууллагын санхүүд хүндрэл учруулж байна. Манай байгууллагын зүгээс иргэн н.*******гаас дулааны төлбөрийг барагдуулах талаар шаардахад төлнө гэсэн хариу өгдөг боловч төлөлгүй өдийг хүрлээ. Иймд... иргэн н.*******гаас дулааны төлбөр 479.739 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 215.882 төгрөг нийт 695.621 төгрөг, тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү!...гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
Сэлэнгэ Энерго орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******тай нэхэмжлэлийн шаардлагын талаар ярилсан. Үндсэн төлбөр 479.739 төгрөгийг 2018.08.20-ны дотор төлж барагдуулбал алданги 215.882 төгрөгөөс татгалзана гэсэн учир миний бие хариуцагчийг төлөөлөн үндсэн төлбөр 479.739 төгрөгийг 2018.08.20-ны дотор төлж барагдуулахаар зөвшөөрөв! ...гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:
...Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан тайлбартай танилцлаа. Алданги 215.882 төгрөгөөс татгалзаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Харин хариуцагчийн төлөөлөгч Т.Сарангэрэлтэй үндсэн төлбөр 479.739 төгрөгийг 2018.08.20-ны дотор төлүүлэхээр ярилцсан нь үнэн. Хариуцагч үндсэн төлбөр 497.739 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү! ... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ Энерго орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хариуцагч Б.Долгомаад холбогдуулан Дулааны төлбөр, алданги нийт 695.621 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад алданги 215.882 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 479.739 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 22.042 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 479.739 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 15.042 төгрөгийн тал хувь 7.521 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь 7.521 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Сэлэнгэ Энерго орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын РД: ******* /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/ нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, Баянхаан 2 дугаар хэсэг, 095 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай Б.*******д /*******/ холбогдох Дулааны төлбөр, алданги нийт 479.739 төгрөг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 22.042 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 7.521 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь 7.521 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ