Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/433

 

 

 

 

 

 

 

 

    2022       06           06                                       2022/ШЦТ/433

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,   

улсын яллагч А.Ариунаа,

шүүгдэгч Ж.О нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.От холбогдох эрүүгийн 2203000320122 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1978 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт ..........тоотод оршин суух бүртгэлтэй, ..........тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ж.О /РД:.............../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18 цаг 45 минутын орчим Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Айдасын давааны зам, “МТ” шатахуун түгээх станцын баруун замд “Mazda Demio” маркийн ..........улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа  хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.3-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал руу орж “Тоёота приус” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгал руу орж тоёота приус маркийн ..........улсны дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгслийн жолооч Д.Хын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай агийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч, оролцогч нарын зүгээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Ж.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
  2. 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-7, 11-14 дэх тал)
  3. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...1,82 хувь...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дахь тал)
  4. Хохирогч Д.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 21-ний орой 18 цаг өнгөрч байхад Яармагаас Өлзит хороолол орохоор өөрийн эзэмшлийн ..........улсын дугаартай приус 10 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан юм. Гэтэл Айдсын давааны тэнд байдаг МТ шатахуун түгээх станцын ойролцоо явж байхад өөдөөс машинууд зөндөө явж байсан бөгөөд яг МТ колонкын уулзварын ойролцоо нэг машин миний явж байсан эгнээ рүү орж зүүн урд хэсгээрээ миний машины зүүн урд хэсгийг мөргөсөн. Тэгээд миний машин бүтэн 2-3 удаа эргэж засмал замын хойд хэсэгт ертөнцийн зүгээр урагш харсан байрлалтай зогссон. Тэгтэл намайг мөргөсөн машины жолооч машинаасаа буугаад цаашаа алхаад явчихсан. ...тэр жолооч согтуу байсан... би тухайн үед 40 орчим километр цагийн хурдтай явж байсан. ...миний өвчүүний яс хугарсан. Зүүн гуя өвдгөнд цус хуралт гэмтэл учирсан байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал)
  5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №851 дугаартай:

            “-Д.Хын биед өвчүү ясны хугарал, зүүн гуя, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            -Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

            -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал)

  1. 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Мөрдөгчийн

            “...Мазда Демио маркийн ..........улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.О нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно.  а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан  гэж үзэх үндэслэлтэй байна.

            -Т.Приус маркийн ..........улсын дугаартай автомашины жолооч Д.Х нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэх нөхцөл тогтоогдохгүй байна” гэсэн магадлагаа (хавтаст хэргийн 98-99 дэх тал)

            7. Тоёота приус маркийн ..........улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа (хавтаст хэргийн 94 дэх тал)

            8. “Ашид билгүүн” ХХК-иас ирүүлсэн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 597 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын “...2429 УБӨ улсын дугаартай автомашины эд ангиудыг 2.973.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 67-68 дахь тал)

            9. “Мазда Демо” маркийн ..........улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа (хавтаст хэргийн 93 дахь тал)

            10. Хохирогч Д.Хаас гаргаж өгсөн хохирлын баримтууд (хавтаст хэргийн 97 дахь тал)

                

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

            Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 76 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 67-68 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дахь тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 81 дэх тал), асап сангийн лавлагаа (хавтаст хэргийн 85-92 дахь тал) зэрэг болно.

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18 цаг 45 минутын орчим Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Айдасын давааны зам, “МТ” шатахуун түгээх станцын баруун замд “Mazda Demio” маркийн ..........улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа  хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.3-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал руу орж “Тоёота приус” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгал руу орж тоёота приус маркийн ..........улсны дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгслийн жолооч Д.Хын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг зөрчсөний улмаас хохирогчийн бие махбодь буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр гэмтэл учирсан байх обьектив болон субъектив талын шинжийг хангахыг шаарддаг.

Харин уг гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Ж.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18 цаг 45 минутын орчим Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Айдасын давааны зам, “МТ” шатахуун түгээх станцын баруун замд “Mazda Demio” маркийн ..........улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “жолоочид дараах зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа  хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.3-т заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал руу орж “Тоёота приус” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн буюу автомашин жолоодож байгаа жолооч замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстойг мэдсэн хэдий ч уг ослыг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдан эсрэг урсгал руу орж тоёота приус маркийн ..........улсны дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг тээврийн хэрэгслийн жолооч Д.Хын эрүүл мэндэд өвчүү ясны хугарал, зүүн гуя, өвдөгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 851 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байх тул дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр шүүгдэгч Ж.О нь хэрэг учрал үйлдэгдэх үед 1,82 хувийн согтолттой буюу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

     Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд шүүгдэгч Ж.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь хавтаст хэрэгт хохиролтой холбоотой эмчилгээний зардалд 120.000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 97 дах тал), автомашины үнэлгээгээр тогтоогдсон хохиролд 2.973.000 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 68 дахь тал) зэргийг тус тус хэргийн материалд хавсаргуулж, журмын хашааны төлбөр буюу гэм хорын зардалтай холбоотой 780.000 төгрөгийг, нийт 3.873.000 төгрөгийг нэхэмжилжээ.

Мөн шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид 2.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогчийн “...2.000.000 төгрөгийг данс руу шилжүүлж өгсөн..” гэсэн бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байх тул үлдэх хохирол болох 1.873.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Д.Хд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлах нь зүйтэй.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж.О нь анх удаа хөнгөн гэмт хэрэг, болгоомжгүй үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн нэхэмжилсэн хохирлоос зарим хэсгийг төлж барагдуулсан, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн боловч эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогын эх үүсвэргүй, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан буюу дуудсан цагт хүрэлцэн ирдэггүй, шүүгдэгчийн хувийн байдал /...43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт ..........тоотод оршин суух бүртгэлтэй, ..........тоотод түр оршин суух хаягтай боловч уг хаягт амьдардаггүй/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ж.Оыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

            Шүүгдэгч Ж.Оын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

  1. Бусад асуудлаар:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасан. Шүүгдэгч Ж.О нь энэ хэрэгт 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 12 /арван хоёр/ хоног цагдан хоригдсон байх тул дээрх хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй.

            Шүүгдэгч Ж.От холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Монгол, Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ж.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ж.Оыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Оын эдлэх 6 /зургаа/ сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Оын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
  5. Шүүгдэгч Ж.От холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Оаас нийт 1.873.000 /нэг сая найман зуун далан гурван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Хд олгосугай.
  7. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хортой холбоотой бусад зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
  8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Ж.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.
  10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.
  11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТБОЛОР