Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/465

 

 

 

 

 

 

 

 

    2022        06            16                                    2022/ШЦТ/465

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,   

улсын яллагч Ц.Отгонсүрэн,

шүүгдэгч А.Ч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Чт холбогдох эрүүгийн 2210011210648 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1999 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлага мэргэжилтэй, төрийн тусгай хамгаалалтын газарт шалган нэвтрүүлэгч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ......................тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, А.Ч /РД:.............../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Ч нь 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөдөө аж ахуйн их сургуулийн хажууд байрлах сагсны талбайд сагс тоглож байгаад Б.Бтэй маргалдаж нүүр хэсэгт нь мөргөж биед уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язрал, цус хуралт, дээд үүдэн хоёр шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч А.Чийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
  2. Хохирогч Б.Б-нмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11-р хороо ХААИС-ийн сагсны талбай дээр ангийн найз Чой болон Бэлгүтэй нарын хамтаар сагс тоглож байсан чинь эсрэг талын багт тоглож байсан А.Ч гэх залуугийн найзтай нь бөмбөг хэний талаас гарсан талаар мэтгэлцэж байсан чинь А.Ч нь найзыгаа өмөөрөөд над руу дайраад байхаар нь би хоёр гарыг нь бариад хойшоо алхаад би найзтай чинь зүгээр ярьж байна шүү дээ гээд хэлсэн чинь А.Ч миний нүр лүү шууд мөргөсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал)
  3. Гэрч А.Чойжамцийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр би найз Бат-Эрдэнэ, Бэлгүтэй нарын хамтаар ХААИС-ын хажуугийн сагсан бөмбөгийн талбайд 3 танихгүй хүүхэдтэй сагс тоглож байтал Бат-Эрдэнэ нэг хүүхэдтэй нь бөмбөг аль талаас нь гарсан талаар ярьж байтал А.Ч гэх залуу нь Б.Б-г шууд мөргөсөн. Б.Б-н ам хамраас нь их хэмжээний цус гарсан. Тэгсэн чинь Бэлгүтэй рүү дайрсан. Тэгээд Бат-Эрдэнэ болиоч гээд хэлсэн чинь нөгөө хүүхэд нь мөнгийг чинь өгөөд зодно шүү гэж хэлсэн. найзын маань шүд амнаас нэлээн их цус гарсан. ...Б.Б-г А.Ч гэх залуу мөргөж гэмтээснийг би хажууд нь байсан болохоор харсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал
  4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №5865 дугаартай:

“-Б.Б-нбиед уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язрал, цус хуралт, дээд үүдэн хоёр шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтэл учруулсан хүчийг нарийвчлан тогтоох боломжгүй.

-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал)

5. Шүүгдэгч А.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ХААИС-ын сагсан бөмбөгийн талбай дээр хоёр дүү Мөнхбаатар, Хангарьд нарын хамт 3 үл таних залуутай сагс тоглож байсан юм. Тэгсэн чинь Хангарьдтай надад зодуулсан залуу сагс тоглож байгаад нэг нэгэндээ алдаа хийгээд хоёулаа хэрэлдээд муудалцсан. Тэгээд би салгах гээд очсон чинь Бат-Эрдэнэ гэх залуу нь намайг бариад авсан. Тэгээд хоёр найз нь намайг ирээд бариад авахааар нь би Б.Б-г нүүр лүү нь мөргөсөн. Тэгээд л ерөнхийдөө салаад Бат-Эрдэнээс уучлалт гуйсан..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал)

 

            Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 45 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 42 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал), үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал), асап сангийн лавлагаа (хавтаст хэргийн 46-47 дахь тал) зэрэг болно.

 

 

 

  1. Гэм буруугийн талаар:

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ч нь 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөдөө аж ахуйн их сургуулийн хажууд байрлах сагсны талбайд сагс тоглож байгаад Б.Бтэй маргалдаж нүүр хэсэгт нь мөргөж биед уруулын зөөлөн эдийн няцрал, дотор салстын язрал, цус хуралт, дээд үүдэн хоёр шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.  

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбодь буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулсан байх гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.

Харин гэмт хэргийн санаатай гэх субъектив талыг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч А.Ч нь бусдын биед халдаж болохгүй гэдгийг мэдсээр байж хохирогчтой үл ялих зүйлээс болж маргалдан улмаар хохирогчийн нүүр хэсэгт гараараа цохиж гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг мөн шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчид гэмтэл учруулах санаа зорилгыг хэрэгжүүлэхийн тулд нүүрэн тус газарт нь цохих идэвхитэй үйлдэл хийсэн бөгөөд уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд зүүн нүдний зовхи, дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан, дээрх гэмтэл нь хэрэг учрал үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6534 дугаартай дүгнэлтээр тогтоогдлоо.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэнд тооцно.

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд шүүгдэгч А.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх” хуулийн зохицуулалттай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-нэрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбоотой баримт гаргаж өгөөгүй байх ба хохирогчийн “...шүүх хуралдаанд оролцохгүй, эмчилгээний төлбөрийг А.Ч төлж барагдуулахаар гэрээ байгуулсан тул жич нэхэмжилнэ” гэсэн бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 48 дахь тал) авагдсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэсэн болно.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч А.Ч нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал /...22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлага мэргэжилтэй, төрийн тусгай хамгаалалтын газарт шалган нэвтрүүлэгч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.../, эрхэлсэн тодорхой ажилтай буюу тогтмол орлоготой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Чийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

Харин шүүгдэгч А.Чийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

  1. Бусад асуудлаар:

 

Шүүгдэгч А.Чт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч А.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Чийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Чт оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

            4. Шүүгдэгч А.Чт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            5. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хортой холбоотой бусад баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг танилцуулсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг А.Чт сануулсугай.       

            7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг танилцуулсугай.

            9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТБОЛОР